Зураг
Зураг
Индэр    
2020 оны 2 сарын 9
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 50: 23,000 хүнд задлан шинжилгээ хийсэн Ричард Шепердийн түүх

Зураг

Ричард Шеперд бол Английн задлан шинжилгээний шилдэг эмчийн нэг.

Түүний тодорхойлсноор задлан шинжилгээгээр хүний үхлийн шалтгаан, тухайн үед юу болсныг тогтоох боломжтой. Үүнээс гадна гэмт хэрэгт өртөж, амиа алдагдсын шархыг оёж, хэвийн мэт болгох ажлыг гүйцэтгэдэг байна. Замналынхаа туршид 23,000 хүнд задлан шинжилгээ хийсэн тэрбээр 2018 онд "Unnatural causes" буюу "Зуурдын шалтгаанууд" номоо бичсэн нь анагаахын салбарт өндрөөр үнэлэгджээ.

Ричард Шеперд эмч Лондонд болсон гурван галт тэрэг мөргөлдсөн осол, 2001 оны есдүгээр сарын 11-ны террорист халдлага, Диана гүнжийн осол зэрэг дэлхийн нийтийн анхаарлыг татсан хэргүүд дээр ажиллаж байв.

“Unnatural causes” номыг сонсох:

Задлан шинжилгээний эмч болсон түүх

Ричард Шеперд 13 настайдаа найзындаа тоглож байгаад нэгэн сонирхолтой ном олж үзжээ.

Тэр нь задлан шинжилгээний эмчийн бичсэн ном байсан бөгөөд хүн амины аллага, ослоор нас барсан хүмүүсийн үхлийн шалтгааны тэмдэглэл, гэрэл зургууд байв.

Задлан шинжилгээний эмчийн дүгнэлт цагдаа нарт үнэнийг тодруулахад тусалдаг нь онцгой мэдрэмж төрүүлж, мөрдөгчийн ажлыг анагаахын шинжлэх ухаантай хослуулсан нь хамгаас онцгой санагдаж, энэ мэргэжлийг эзэмшихээр шийджээ.

Зорилгодоо хүрэхийн тулд анагаахын чиглэлээр их сургууль төгссөнөөс хойш дахин арван жил шүүхийн задлан шинжээч болохоор суралцав. Анагаах ухааны салбарт хөл тавьсанаас хойш 16 жилийн дараа шүүхийн задлан шинжилгээний эмч болох шалгалтаа давснаар Англидаа шилдэгт тооцогддог эмнэлэгт ажилд оржээ.

Алдах эрхгүй мэргэжил

 

Задлан шинжилгээний эмч нь хэргийн газарт очиж, тэмдэглэл хөтөлсний дараагаар задлан шинжилгээ хийж, эцэст нь шүүх хуралд мэргэжлийн гэрчээр оролцдог. Шинжилгээний явцад бүх хүний биед хүндэтгэлтэй хандаж, сэтгэл хөдлөлөө сайтар хянахыг чухалдаг байна. Энэ бол ямар ч алдаа гаргаж болдоггүй мэргэжил гэж Ричард Шеперд эмч тодорхойлжээ. 

Учир нь түүний дүгнэлтээс хамаарч тухайн сэжигтэн гэмт хэрэгтэн болох эсэх нь шийдэгдэнэ. Нийгэм, шүүхийн систем, шударга ёстой холбоотой тул хариу нь 100 хувь батлагдах ёстой буюу зөв байх ёстой юм.

Шеперд эмчийн ажилласан зарим хэрэг

Настайвтар нэгэн эмэгтэй нүцгэн, нас барсан байдалтай олджээ. Цонх нь онгорхой, гэр нь эмх замбараагүй болсон байв. Цагдаа нар хүн хөнөөсөн байх магадлалтай гэж үзсэн ч ул мөр олоогүй тул учир битүүлэг энэ хэргийг тайлуулахын тулд Шеперд эмчийг дууджээ. Эмчийн дүгнэлтэд нь даарснаас болж эмэгтэйг нас барсан хэмээсэн байв. Цагдаа нарыг гайхан асуухад Шеперд эмч дараах тайлбарыг хэлжээ. 

Ганцаараа амьдардаг настай хүмүүс халаалтынхаа мөнгийг төлж дийлдэггүй эсвэл халаалтаа асаахаа мартдаг учир даарснаар нас барах тохиолдол их байдаг. Хувцсаа тайлсан байгаа нь "hide and die syndrome"-н нөлөө ба заримдаа хэт даарахаар хүнд халууцаж буй мэт мэдрэмж төрж, хувцсаа тайлдаг байна.

Харин гэр орон ундуй сундуй болсон нуугдах сэдлээс үүсэлтэй аж. Шүүгээндээ орж нуугдахын тулд эд зүйлсээ гаргажээ хэмээн тайлбарлав. 

Эмэгтэйн үхлийн шалтгааныг сонсох шүүх хурал дээр гэр бүлээс нь ямар ч хүн оролцоогүй аж. Тухайн үеийн мэдрэмжээ Шеперд эмч номдоо тэмдэглэхдээ нас барагсдын гэр бүлтэй уулзах хэцүү байдаг боловч хэн ч ирэхгүй байх нь хамгийн гунигтай санагдсан гэжээ.

Түүнчлэн тэрбээр номдоо задлан шинжилгээ хийхдээ эмч нар шаардлагагүй зүсэлт хийдэггүй, нас барагсдын биед хүндэтгэлтэй ханддагийг онцлоод, хийсэн зүсэлтээ цэвэрхэн оёход их хугацаа зарцуулдаг гэж бичжээ. 

Эцэг, эхийн буруутай үйлдлээс болж хүүхэд нас барвал дараагийн хүүхэд нь төрөхөд тусгаарладаг

6 сартай хүүхэд гал тогооны өрөөний ширээн дээрээс унаж, нас барсан байв. Ээж нь хоол хийх зуураа, хүүхдээ машины суудал дээр суулган ширээн дээр үлдээхдээ бүсийг нь бүслээгүйгээс энэ золгүй хэрэг гарчээ.

Уг хэрэг дээр Шеперд эмч ажиллан хүүхэд унасны улмаас нас бараагүй нь тогтоосон байна. Бяцхан хүүхдийн үхлийн шалтгаан нь уйлахад нь аргадах гэж эцэг, эх нь хэт их сэгсэрдэг байснаас тархинд нь гэмтэл учруулж, үхэлд хүргэсэн хэмээн дүгнэлтдээ бичжээ.

Сэгсэрнээс болж хүүхдээ алдсан эцэг, эхийг шүүхийн шийдвэрээр буруутгалгүйгээр зүгээр өнгөрөөснөөр дахин хүүхэдтэй болохдоо дээрх байдлаа давтах магадлал их байдаг аж. Тиймээс эцэг, эхийн буруугаас болж хүүхэд нас барсан бол дараагийн хүүхэд нь төрөхөд түр хугацаанд тэднээс тусгаарлах хуулийг Англид хэрэгжүүлдэг аж.

Диана гүнж авто ослоос болж хорвоог орхисон уу?

1997 онд Диана гүнж Францад авто осолд орж амиа алдсан билээ.

Уг хэрэгт Английг төлөөлөн Шеперд эмч ажиллажээ. Гүнжийн цогцсыг тэр даруйд Англи руу явуулж, өөр хүнээр задлан шинжлүүлж, өөрөө жолоочийнх нь шинжилгээний явцыг хянажээ. 2006 онд 900 хуудастай тайлан гаргаж, эцсийн дүгнэлтийг хийж, авто осол байсан хэмээн тайлбарласан ч үүнд эргэлзэж, осол бус аллага байсан гэх хүмүүс байсаар байжээ. 

Ном бичсэн нь сэтгэл санааны хямралаас гарах эмчилгээ болов

Ажилдаа хэт анхаарснаас гэр бүлдээ тавих халамж багасаж, хөндийрсөн хэмээн эхнэрээсээ ихээхэн шүүмжлэл хүртсэн тэрбээр ажлаасаа түр завсарлажээ.

Хоёр жилийн хугацаанд эхнэртэйгээ амар тайван арал дээр очиж амьдарсан ч ажилдаа орох хүсэл нь давамгайлж эргэн ирэв.

Гэвч хоёр жилийн хугацаанд ихээхэн зүйл өөрчлөгдсөн байсныг тэрбээр номдоо өгүүлжээ. Тухайлбал, нас барагсдын биеийн жин нэмэгдсэн, залуус өөрийгөө гэмтээх нь ихэссэн, задлан шинжилгээний тайланг гурван хуудас бичдэг байсан бол дор хаяж 10 хуудас бичих ёстой, ДНК-ийн шинжилгээг хэрэгт илрүүлэлтэд түлхүү ашигладаг болсон тул хэргийн газарт амны хаалт зүүн бээлий, халаад өмсөж байж нэвтрэх гэх мэтчилэн олон зүйл өөрчлөгдсөн байжээ.

Ажилдаа эргэн ирж ажиллаж байх үедээ Ричард Шеперд 60 нас хүрсэн байв. Тухайн үед хариуцаж байсан нэгэн хэрэг дээр нь алдаа гарсан байх магадлалтай хэмээн Анагаахын ерөнхий шүүхээс үзэн шалгалт оруулахаар болжээ. Хэрэв Ричард Шеперд алдаа гаргасан бол эмчийн эрхээ хасуулж, насан туршдаа бүтээж босгосон бүх зүйл нь нуран унаж, эцэст нь хэрэгтэн болох эрсдэлтэй байсан. Хэдийгээр шалгалтыг хэрэгсэхгүй болгосон ч энэ нь түүнд хүндээр тусаж, 2016 онд сэтгэл зүйн дарамтаас үүдэлтэй өвчин туссан байна. 

Бага багаар сайжирсаар эргэн ажилдаа орох боломжтой болохдоо яг л анх удаа шинжилгээ хийх гэж байгаа мэт санагдаж байснаа тэрбээр номдоо дурджээ. 

Сэтгэл зүйн өвчин яагаад туссан талаар дурсахдаа Ричард Шеперд эмч "Өдөр бүр нас барагсадтай ажиллаж байсан нь өвчин туссантай минь ямар ч холбоогүй. Харин хүн хүндээ хүнлэг байгаагүй, маш олон аллага гарч байгаа нь намайг хамгийн их гуниглуулдаг байсан" хэмээжээ. Харин энэхүү номыг бичсэнээр сэтгэл санааны хямралаас гарах эмчилгээ болсон хэмээсэн байна.