Зураг
Зураг
Индэр    
2020 оны 2 сарын 3
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

"Төр бол би"

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

350 жилийн өмнө Францын хаан Людовик XIV ингэж хэлжээ. Гэхдээ эдүгээ төр бол нэг хүнээс биш, гурван үндсэн байгууллаас бүрддэг. Үүнд төр өөрөө, хуулийн засаглал, ардчилсан хариуцлагын тогтолцоо ордог ажээ (Ф.Фукуяама. “Улс төрийн тогтолцооны эх сурвалж”). Төр нь эрх мэдлийг бий болгож, хэрэглэдэг бол хуулийн засаглал, хариуцлагын тогтолцоо тэр эрх мэдлийг нь хянаж, тэнцвэржүүлдэг. Энэ гурван байгуулал зэрэг ажиллаж байж л орчин үеийн ардчилсан төр үүргээ гүйцэтгэж чадна. 

Харин монголын төрд эдүгээ авлига нүүрлэж, улсын хөгжлийн хамгийн том саад тотгор болоод байна. Олон улсын 2019 оны авлигын индексээр манай улс 35 оноо авч 180 орноос 106-д жагсав. Дэлхий даяар ч авлига буурахгүй байна. Гол шалтгаан нь улс төрд мөнгөний нөлөө их, авлига ужгирсантай холбоотой гэж тус индексийг эрхлэн гаргадаг Транспаранси Интэрнэшнл байгууллага дүгнэжээ. Намуудын санхүүжилт авлигыг төрүүлж, төрд итгэх иргэдийн итгэл алдарч, дэлхий даяар шударга ёсыг тогтоохыг шаардах боллоо. Авлига бага буюу 70-аас дээш оноотой улс орнуудад сонгуулийн санхүүжилтийн хууль эрх зүй тодорхой, системтэй хэрэгждэг бол 35-аас бага оноотой буюу их авлигатай орнуудад тийм зохицуулалт сул, эсвэл байхгүй ажээ.

 

Эх сурвалж: https://www.transparency.org/

Авлигатай улс оронд хууль биш, нам нэртэй, цөөн этгээдийн, эсвэл ганц хүний ашиг сонирхол засагладаг. Монголд төрийн эрхийг ээлжлэн болон эвсэн барьж ирсэн МАН ба АН хоёр “төр бол манай нам” гэж үзээд олон жил боллоо.

Хуулийн засаглал

Нэг хүний эрх мэдлийг хязгаарласан Магнакарта гэдэг баримт бичиг 1215 онд Англид төрж, Жон хаанаар гарын үсгийг нь зуруулж байжээ. Хууль гэгч бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн баримт бичгийг хүн бүр дагах болсноор хүн төрөлхтөн асар түргэн хөгжсөнийг түүх батална.

Хуулийн засаглал нь хамгийн энгийнээр тодорхойлоход хүн бүр, ямар ч том эрх мэдэл, хөрөнгөтэй байсан хуульд захирагдаж амьдарна гэсэн үг. Нийгмийн амьдралын дүрэм нь цаасан дээр буулгасан хууль юм. Бүх хуулийн дээр Үндсэн хуулийн цэц биш Үндсэн хууль нь өөрөө байдаг. Монголд тэр хуулийн засаглал нь бүрэлдэхгүй, авлигадаа живээд буйн гол шалтгаан бол хууль боловсруулах, батлах, хэрэгжүүлэхтэй холбоотой.  

Монголд, хууль боловсруулах явцдаа улс төр, нийгэм ба бизнесийн төлөөлөлтэй хангалттай зөвшилцөхгүй байна. Бас хууль судалгааны үндсэн дээр гардаггүй. Үр дүнд нь хуулиа үргэлж өөрчилдөг болчихсон. АНУ-ын жишгээр хуулийг санаачилсан гишүүний нэрээр давхар нэрлэж болох юм.

Хуулийг батлах явцад гишүүн бүрийн санал орсон гэхэд эргэлзээтэй. Өөрийн гишүүнчлэлтэй байнгын хороогоор нь ороогүй хуулиуд дээр гишүүд оролцох нь сул байна. Гэхдээ энэ бас зарим гишүүдийн мэдлэг чадвар, боловсролын түвшинтэй ч холбоотой. Уг нь ямар хуулийг батлахад хэн яаж оролцсон, дэмжсэн, эсэргүүцсэн тухай мэдээлэл архивт, иргэд харах боломжтой байх ёстой.

Хамгийн их асуудалтай нь хуулийг хэрэгжүүлэх хэсэг. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “хууль ямар хамаатай юм бэ” гэж хүртэл хэлж байлаа. Энэ тухай дэлгэрэнгүй “Бид ардчиллаас ухарч байна” нийтлэлийг харж болно оо. Улс орнууд ардчиллаас ухрахдаа ихэвчлэн, хамгийн түрүүнд хуулийн засаглалыг үгүй хийдэг.

Монголд хуулийн засаглалыг өмнөхөөс нь дордуулах үйлдэл эрх баригчдын зүгээс гарсаар байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) гэх субъектээр дамжуулж хууль тогтоох, шүүх засаглал руу халдах боллоо. Саяхан батлагдсан тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийг үндсэндээ ҮАБЗ дээр шийдсэн. Дараа нь УИХ-ыг шууд шийдвэр гарга гэж шахсан нь нууц биш. Ингээд парламент маань хууль тогтоох эрх мэдлээ алдчихлаа. Энэ тухай НҮБ-ын Онцгой эрхт төлөөлөгч Мишэл Форст, Гарсиа Саяан нар гүйцэтгэх засаглал нь шүүх засаглалын үйл ажиллагаанд орох үед бие даасан шүүх үгүй болдог, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгч, прокуроруудыг чөлөөлсөн нь үүний нэг илрэл гэв. Монголын ҮАБЗ нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх гүйцэтгэх засаглалд хамаарах хоёр субъект, УИХ-ын дарга гэх хууль тогтоох засаглалд хамаарах этгээдүүдээс бүрддэг.

Хуулийн засаглалыг хэмжих нь

Авлигын индексийг гаргахад оролцдог 10-аад байгууллагын нэг бол Дэлхийн шударга ёсны төсөл юм. Энэ бол ашгийн бус, хараат бус байгууллага бөгөөд улс орнуудын хуулийн засаглалын индексийг жил бүр гаргадаг. 2019 оны тайлангаар Монгол улс 55 оноо авч 126 орноос 53-т жагсаж, 2016 оноос 2 оноогоор буурчээ.

Хуулийн засаглалыг тухайн орны хууль ба байгууллууд нь дараах дөрвөн зарчмыг ямар түвшинд тусгаж хэрэгжүүлж байгаагаар хэмждэг. Үүнд:

эгэх хариуцлага (accountability) буюу төр засаг, хувь хүн, хуулийн этгээд нь хуулийн дагуу хариуцлага хүлээдэг эсэх
шударга хууль буюу хууль нь ойлгомжтой, хэвлэгдсэн, тогтвортой ба ижил тэгш үйлчилдэг эсэх, хүний суурь эрхийг юуны өмнө аюулгүй байдал, гэрээний ба хөрөнгийн эрхийг хамгаалсан эсэх
нээлттэй засаглал буюу хуулийг хэрэгжүүлж, удирдан захирах, албадах процесс нь шударга, өгөөжтэй, хүртээмжтэй эсэх
маргааныг дөхөм, хараат бусаар шийдвэрлэх байдал буюу шударга ёсыг цагт нь чадвартай, ёс зүйтэй, хараат бус төлөөллөөр тогтоож чадаж буй эсэх зэрэг ордог.

 

Эх сурвалж: Хуулийн засаглалын үзүүлэлт

Дээрх графикаас харахад монголд нийгмийн дэг журам, аюулгүй байдлын үзүүлэлт хамгийн өндөр гарсан бол авлигыг хянах, хуулийг хэрэгжүүлэх хоёр үзүүлэлт нь бусдаасаа сул байна.

Хуулийн засаглалыг тогтоох нь 

Хуулийн засаглал өөрөө бий болдоггүй, урт хугацааны нарийн, саад даваа ихтэй процесс. Англид л гэхэд бичигдээгүй заншлын хуулиас бичигдсэн, нийтийн хууль руу шилжихэд хаад, ноёдын хоорондын олон жилийн тэмцэл, зөвшилцөл гол үүрэг гүйцэтгэжээ. Мөн шашны нөлөө ч их оржээ. Шашны ямар ч өндөр мяндагтан Библээс дээгүүр биш гэх зарчим үйлчилдэг байж. Энэ нь цаасан дээр бичигдсэн хуулинд эрх мэдэлтнүүд бас захирагдах ёстой гэдэг соёлын хөрсийг бий болгожээ.

Монгол шиг хөгжиж буй оронд хуулийн засаглалыг бий болгохын тулд “төрийн албыг хөгжүүлж, бэхжүүлэх шаардлагатай” (Ф.Фукуяама. “Deep state”). Төрийн алба хөгжих тусам иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл илүү сайн ажиллахыг шаарддаг. Эцэст нь,  хуулийн засаглал гэдэг нь зөвхөн хуулийнхны биш, бүх хүнд хамааралтай асуудал. Хуулийн засаглал үр дүнтэй хэрэгжиж байгаа оронд авлига бага, улмаар ядуурал, ажилгүйдэл харьцангуй буурч, шударга ёс жинхэнэ утгаараа хэрэгждэг. Хуулийн засаглал байхгүй бол төр засаг нь авлигад идэгдэж, иргэдийн эрх чөлөө хумигдаж, эрдэм мэдлэг хүчгүйдэж, харанхуй нийгэм рүү гулсдаг.