Зураг
Зураг
Индэр    
2020 оны 2 сарын 3
Зураг
Freelance journalist

Boo Jungfen: Өөрийгөө хэт их сул тавиад байдаггүй, тэгвэл жинхэнэ амьдралаас холдоно

Зураг

Сингапурын шинэ давлагааны хамгийн чухал төлөөлөгч Boo Jungfen (1983) “Элсэн цайз” (2010), “Дагалдан (2016) хэмээх хоёр бүрэн хэмжээний кино найруулснаас гадна түүний хэд хэдэн богино хэмжээний кино нь олон улсын шагнал хүртэж байв. “Apprentice” бүтээл нь 2016 оны Каннын кино наадмын Un Certain Regard хэсэгт өрсөлдсөн ба дэлхий дахины 80 гаруй кино наадамд сонгогдсон байна.

Boo Jungfen найруулагч түрүү жилийн “Алтан Хальс” кино наадмын үеэр “Apprentice” киногоо Монголын үзэгчдэд үзүүлсэн. Сингапурын цааазаар авах ялын тухай гүйцэтгэгчийн өнцгөөс харуулсан, асуудлыг ширээн  дээр гаргаж тавьсан сэтгэл хөдлөм бүтээл байв. Мөн тэрээр Монголын кино уран бүтээлчдэд богино хэмжээний кинонуудаа үзүүлж мастер классын хичээл орсон юм. Түүнтэй хэсэгхэн хором ярилцахад нүд нээгдэх шиг болж билээ.



- Таны богино хэмжээний кинонуудыг үзээд надад маш гүн сэтгэгдэл төрлөө. Та хэрхэн, хэзээ олон нийтэд “кам аут” буюу өөрийн бэлгийн чиг баримжааныхаа тухай нээлттэй болж эхэлсэн тухайгаа ярихгүй юу, таны эцэг эх хэрхэн хүлээж авсан бэ?

- Эхэндээ ерөөсөө ч амархан байгаагүй. Үнэндээ би эхний киногоо эцэг эхдээ үзүүлэхэд миний ээж чамд надад хэлэх зүйл байгаа юу гэж асуусан. Тэр үед би цаашид худал хэлж чадахгүйгээ ойлгоод үнэнээ хэлсэн үеэс л миний нийгэмд “кам аут” хийх үйл явц эхэлсэн. Эхлээд тэд хүлээж авч чадахгүй байсан. Гэхдээ жилийн дараа асуудал дээрдэж эхэлсэн. Харин одоо бол би өөрөө өөрөөрөө байхад ямар нэг асуудалгүй. Миний хувьд “кам аут” хийх ганц хэрэгтэй хүмүүс нь миний ээж аав байсан. Бусад хүмүүсийн хувьд энэ талаараа ярьж эхлэхэд асуудал гараагүй. Эцэг эх маань л намайг хүлээн зөвшөөрөх нь миний хувьд намайг итгэлтэй болгосон хамгийн чухал зүйл. Яагаад гэвэл бусад хүмүүс миний бэлгийн чиг баримжааны талаар юу гэж бодох нь надад хамаагүй, харин миний эцэг эхийн хувьд намайг хүлээн зөвшөөрсөн нь миний амьдралыг гүн өөрчилж, бүх зүйлийг хялбар болгож би өөрөөрөө амьдрах боломжтой болсон. 

- Таны ихэнх богино хэмжээний кинонуудад хүний эрх, тэр тусмаа гей хүмүүсийн эрхийг асуудлыг маш зоригтойгоор хөндсөн байсан Сингапур улсад ямар нөхцөл байдалтай байна?

- Сингапурт ижил хүйстэй хүмүүс хоорондоо гэрлэх асуудлыг гэмт хэрэг хэмээн үздэг хууль үйлчилсээр байгаа. Бид ЛГБТИК хүмүүсийг илүү сайн төлөөлдөг болох мөн илүү тэгш эрхтэй болох асуудлын хувьд тэмцсээр л байна. Би 12 настайдаа өөрийгөө ойлгож мэдсэн боловч 22 нас хүрч байж л ээж аавдаа “кам аут” хийсэн.

- 10 жил! Энэ хугацаанд ямар байсан бэ?

- Магадгүй миний хамгийн хүнд сорил бол миний бэлгийн чиг баримжаа байсан байх.  Залуу хүнд ялангуяа их хэцүү гэж бодож байна. Өөрийн хамгийн хайртай хүмүүстээ хэлвэл тэр хүмүүс таныг урьдах шигээ хайрлахгүй байх болов уу гэсэн айдас эсвэл үүний тухай ярилцах хүнгүй байна гэдэг үнэхээр хэцүү. Би ээж аавдаа “кам аут” хийхэд, тэд намайг ойлгож хүлээж авсан учраас миний сэтгэл тайвширан амар амгалан болж бүх зүйл өөрчлөгдсөн. ЛГБТИК хүмүүст буюу бидэнд нийгмээс тулгарч буй асуудлуудыг өөрийн бүтээлдээ тусгахад илүү их итгэл төрсөн. Намайг залуу байхад зурагтаар гарч буй гей дүрүүд бүгд нэг бол гаж донтой эсвэл мэдрэл муутай гэж үзүүлдэг байсан учраас надад ямар нэг үлгэр жишээ авах хэн нэгэн байгаагүй.

- Учир утгатай кино бүтээхийн тулд амьдралаа хажуугаар нь залгуулах хэрэгтэй болдог уу? 

- Мэргэжлийн хувьд кино хийх гэдэг бол тэсвэр тэвчээр шаардсан ажил, жишээ нь нэг кино хийхэд хоёр жил болно гэж тооцоолно. Киноныхоо санхүүжилтийг олох ёстой учраас кино хийх явцдаа хоёр сарын завсарлага аваад телевизийн реклам эсвэл богино хэмжээний арилжааны кино хийх хэрэгтэй болно. Надад чухал биш “тэнэг” юм хиймээргүй бна, зүгээр л бүтээлээ туурвимаар байна гэж бодогдох үе бий. Гэхдээ эцэст нь амьдрал өөрөө өгөө аваатай гэдгийг нь сайн ойлгож эхэлсэн. Заримдаа киноноосоо завсарлага аваад буцаад ажиллаж эхлэхэд өөр өнцгөөс харах боломж олгодогоороо тийм ч муу зүйл биш. Mиний бүтээлүүд ямар нэг амжилтанд хүрч, орлого олохгүй байж ч болох шүү дээ. Тэгэхээр хамгийн чухал зүйл бол тэнцвэрээ зөв олох ёстой. Хүссэн бүтээлээ туурвих хэрэгтэй, мөн амьжиргаагаа ч залгуулах хэрэгтэй.

- Кино ертөнцөд ажиллахад анхаарах чухал зүйлсүүд юу байна?

- Кино ертөнц бол хүмүүс хамтдаа ажиллах. Нетворк маш чухал, тэр хүмүүс чамд итгээд тусалдаг. Таны төслийг амь оруулж, боломжтой болгож, дэмждэг хүмүүстэй нийлж хамтрал нэгдэл үүсгэдэг. Миний хийсэн киноны агуулгаас гадна продюсерийн харилцаа холбоо чухал, миний урьд юу хийснийг харж үзээд надад боломж олгосон. Энэ бол урт удаан хугацааны шат шатаар ахиж явсан процесс. Би хайртай дуртай зүйлээ хийж, кино уран бүтээлчийнхээ хувьд өөрийн дуу хоолойгоо сонсуулахыг хүсдэг. 

 

Кино бүтээх явцад олон тийшээ хүн сарниж болно. Их мөнгө, алдар нэр, гял цал бүхэнтэй өөрийгөө хамаатуулж боддог хүмүүс бий. Зарим кино уран бүтээлчид энэ бүх хэрэггүй чимээн дунд өөрийн дотоод чин хүслээ сонсож чаддаггүй. Ялангуяа залуу хүмүүс. Ямар нэг шагнал, магтаал хүлээж байсан хүнд алдар нэр ирэхэд энэ бүхэнд хурдан уусч өөрийгөө алдаж болно. Эцсийн эцэст чи хүнийхээ хувьд хэн бэ, ажлаа үргэлжлүүлээд явах ёстой, юу чамд чухал, юуны төлөө ажиллаж байгаагаа л бодох хэрэгтэй. Боломжийг алдахгүй өөрийгөө сайжруулах ёстой. Миний хувьд, би юунд сэтгэл зовдог, юуг анхаардаг, ямар асуудлууд надад чухал вэ гэдэгтэй би өөрийгөө уядаг. Тэгэхгүй юм бол амьдарлын утга учир юу гэж. Ингэж их цаг зав, хүнд хөдөлмөрийг утга учиртай зүйлд л зориулах хэрэгтэй гэж боддог. 

- Кино бүтээгчид нийгэмд ямар өөрчлөлт хийж чадах вэ?

- Боловсрол олгож, бие биенээ ойлгох, хүн хоорондын хүнлэг энэрэнгүй мэдрэмжийг бий болгож болно. Заримдаа бодит түүх хүмүүсийн үзэл бодлыг өөрчилдөг. Энэ миний анхаарлаа хандуулдаг зүйл. Асуудлыг арай өргөн хүрээнд авч үзээсэй, өөр өнцгөөс хараасай гэж би уран бүтээлүүдээ хийдэг. Бодит түүхээр дамжуулан сурах, сонсох боломжийг олгож болно. Зарим хүмүүсийн үзэл бодол үнэхээр өөрчлөгдсөн бол энэ л миний нийгэмд оруулж чадах  хувь нэмэр. 

- Ихэнх хүмүүс амжилтын амтыг жоохон мэдрээд л өөрчлөгддөг. Амжилтанд бэлэн биш, хөөрсөн хүмүүс гэлтэй. Та яаж ийм даруу төлөв байхад суралцсан бэ?

- Хялбар хариулт бол би өөрөөрөө байдагт л байх. Хайр гэдэг зүйл үнэхээр намайг барьдаг зангуу гэх юм уу даа. Би өөрийн хайртай хүмүүс тэдний мэдрэмжээр өөрийгөө хүрээлүүлж түүнээс уяатай байдаг. Мэдээж би хааяа өөрийгөө чөлөөтэй зугаатай байлгадаг. Гэхдээ хэт их өөрийгөө сул тавиад байдаггүй, тэгвэл жинхэнэ  амьдралаас холдоно гэсэн үг. Миний хувьд хүн хоорондын нандин холбоо маш чухал. Гурван жилийн өмнө би киногоо хийж дуусаад эхний жил нь киногоо сурталчилахаар их аялсан. Тэгээд ерөнхийдөө аяллаа зогсоосон учир нь киноныхоо талаар ярилцаад бахархаад байх гоё ч гэсэн цаашаа хийх ёстой ажлаа хийх хэрэгтэй. Харин Монголын хувьд би энд ирэхийг үнэхээр их хүсч байсан. Соёлын хувьд гүн гүнзгий мэдрэмж аваад буцлаа.