Зураг
Зураг
Индэр    
2020 оны 2 сарын 1
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 49: Харви Уэйнштэйний хүчингийн хэргүүдийг илрүүлсэн ЭРЭЛХЭГ ТҮҮХ...

Зураг

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 онд АНУ-ын нэрт продюсер Харви Уэйнштэйний хүчирхийллийн гэмт хэргүүд ил болж, дэлхий даяар дуулиан шуугиан тарьсан билээ.

Энэ хэргээс үүдэлтэйгээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах #MeToo хөдөлгөөн цахим орчинд өрнөсөн нь олон улсыг хамарсан юм.

80 гаруй эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдсон Харви Уэйнштэйний шүүх хурал эцэслэгдээгүй байгаа бөгөөд одоо ч олны анхаарлын төвд байсаар байна. 

Тэгвэл Уэйнштэйний энэ хэргийг анх эрэн сурвалжилж, нийтэд дэлгэсэн сэтгүүлч Ронан Фэрроу хэргийг илрүүлэх явцад өөрт нь тохиолдсон бодит түүхийг ном болгон 2019 оны сүүлээр хэвлүүлжээ. Тэрбээр эл хэргийн талаарх нийтлэлээрээ чөлөөт сэтгүүл зүйн дээд шагнал “Пулитцер”-ийг хүртэж байв.

Ингээд Unlock подкастынхаа бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаарт бид сэтгүүлч Ронан Фэрроугийн бичсэн "Catch and Kill" буюу “Бариад устга” цоо шинэ номыг танилцуулж байна.

НОМЫН ТУХАЙ #UNLOCK ПОДКАСТЫГ ШУУД СОНСОХ:

Энэхүү ном нь гуравхан сарын өмнө уншигчдын хүртээл болсон ч борлуулалтаараа бэстсэллерийн томоохон жагсаалтуудад зүй ёсоор бичигдээд буй юм.

Зохиолч хэргийг илрүүлэх үеэр хөшигний ард ямар их дарамт шахалттай нүүр тулж байсан тухайгаа номдоо нэгд нэггүй өгүүлсэн бөгөөд хохирогчдын яриаг тэр чигт нь буулгаснаараа уншигчдын сонирхлыг татахуйц болж чаджээ.

Зохиолчийн тухай товчхон:

Сэтгүүлч Ронан Фэрроуг NBC телевизийн "Today" нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. "Тоday" нэвтрүүлэгт Ронан эрэн сурвалжилгын өөрийн буланг хөтөлдөг байсан юм.

Тэрбээр 1987 оны араванхоёрдугаар сард нэрт жүжигчин эмэгтэй Миа Фэрроу болон кино найруулагч Вуди Аллен нарын хүү болон мэндэлжээ.

11 насандаа их сургуульд элсэн орж, 15 настайдаа философийн ухаанаар бакалаврын зэрэг хамгаалсан байна. Мөн их сургуулиа төгсөөд хоёр жилийн дараа хуулийн мэргэжлээр суралцаж, 20 нас ч хүрээгүй байхдаа хуульчийн үнэмлэхээ гардан авч байсан гэдэг.

Түүний эцэг, найруулагч Вуди Аллен хэрэг төвөгт орооцолддог нэгэн байсан бөгөөд өргөмөл охиноо долоон настай байхад нь хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж байжээ.

Энэ үед Ронан Фэрроу балчир байсан учраас чухам юу болсныг ойлгодоггүй байв.

Хожим тэр хүчирхийлүүлсэн эгчээсээ тухайн үед юу мэдэрч байсныг нь яриулж, уг ярилцлагаа сонинд нийтэлсэн нь нийгмийн дунд нууц оршин байдаг хууль бус зүйлсийг эрэн сурвалжлах ажлынх нь эхлэл болсон гэж болно.

Бүлэг1. Хэргийг мөрдөж эхэлсэн түүх ба гэрчийн мэдүүлэг

Ранон Фэрроу NBC телевизэд гэрээт ажилтнаар ажилладаг байсан бөгөөд нэгэн өдөр Холливүүдэд байдаг гэх бэлгийн хүчирхийллийн талаарх цуурхлыг сурвалжлах даалгавар редакцаас нь иржээ.

Тэрбээр энэ талаар судлах явцдаа Холливүүд дэх бэлгийн хүчирхийлэл бодит бөгөөд гол буруутан нь Харви Уэйнштэйн болохыг олж мэдсэн аж.

Түүнийг сурвалжилж эхлэхээс өмнө Харви Уэйнштэйний хүчирхийлэгч гэдэг нь нийгэмд цуурхал хэлбэрээр л оршиж байсан гэдгийг сануулах нь зүйтэй. Энэ тухай өмнө нь сурвалжлахыг оролдож байсан сэтгүүлч олон байсан ч баримт нотолгоог хангалттай цуглуулж байсан удаагүй.

Анхны гэрч Роуз МакГоуан байв.

 

Харвигийн халдлагад өртсөн байж болзошгүй хүмүүсийг судалж байгаа тэр Роуз МакГоуаны жиргээг олж харжээ.

Тэрбээр жиргээндээ “Хэрвээ би кинонд тоглож байх үедээ ямар нэг байдлаар эротик хэсгийн дүр бүтээсэн бол бодит амьдрал дээрээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэдэгт минь хэн ч итгэхгүй, бас хүчирхийллийн эсрэг би дуугарч чадахгүй гэдгээ ойлголоо” гэх утгатай зүйл бичсэн байдаг.

Ронан түүнтэй уулзаад юу болсон талаар тодруулахад өөрийг нь хүчирхийлсэн хүн Харви Уэйнштейн байсан гэдгийг нотолжээ.

Роуз МакГоуан энэ тухай Ронан Фэрроуд хэлэхдээ “Би тухайн үед маш их сэтгэлийн дарамтад орсон. Харви Уэйнштейнийг шүүхэд өгөхийг хүссэн ч намайг өмгөөлж байсан хүмүүс хүртэл надад чимээгүй байхыг зөвлөсөн. Тэд "Чи өмнө нь эротик киноны зураг авалтад орж байсан бол Харви Уэйнштейний эсрэг чи юу ч хийж чадахгүй" гэсэн. Түүнээс болоод би түүнтэй мөнгөөр тохиролцон нууцлалын гэрээ байгуулсан” хэмээн ярьжээ.

Мөн “Олон жил түүний эсрэг би юу ч хийж чадахгүй байсан учраас тэсэлгүй цахим орчинд бухимдлаа илэрхийлсэн” гэдгээ нуугаагүй аж.

Роуз МакГоуаныг тухайн үед бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар нь кинонд хамт тоглож байсан найз нь мэдчихээд Харви ийм зүйл хийсээр л байгаа хэрэг үү гэсэн өнгө аястай зүйл ярьсан нь түүнд өөрөөс нь өөр хохирогч байгаа гэх сэтгэгдэл үлдээжээ.

Харви Уэйнштейн хохирогчдыг хэргийн талаар бусдад ярих вий гэсэндээ мөрдүүлж байсан тухай ч Ронан Фэрроу номдоо бичсэн байна. Түүнийг 2016 оноос хүчирхийллийн эсрэг дуугарч эхлэхэд найзын дүрд тоглох жүжигчин хүртэл явуулж байсан гэдэг.

Дараагийн гэрч: Италийн загвар өмсөгч Амбра Баттилана Гутеррез Харви Уэйнштэйний халдагад өртсөнөө илэрхийлжээ.

 

Тэр Харвигийн халдлагад өртсөн гэдгээ цагдаад мэдэгдсэн төдийгүй баримт авч үлдсэн цорын ганц эмэгтэй байв.

Түүний халдлагад өртсөн түүхээс дурдвал, нэгэн арга хэмжээний үеэр тэр Харвитай тааралдахад ажил хэргийн уулзалт хэмээн нэгэн буудалд дуудаж хүчирхийлэхийг оролджээ. Энэ талаар шууд цагдаад мэдэгдэхэд баталгаа хэрэгтэй гэсэн байна. 

Амбра Гутеррез баталгаа олж авахын тулд Харвитай уулзсанаа утсан дээрээ бичиж чаджээ.

Нотлох баримт олсон даруйд хэрэгтнээс мэдүүлэг авахаар цагдаагийнхан хөдөлж эхэлсэн ч амжилт олоогүй бөгөөд энэ хэрэг богино хугацааны дараа замхарсан аж.

Учир нь энэ хэрэгтэй зэрэгцэн шар сонинууд загвар өмсөгчийн тухай хар мэдээ цацаж эхлэх нь тэр. Энэ бүхэн Харви зарим шар хэвлэлийн боссуудтай холбоотой байсныг илтгэнэ. 

Амбра ч түүнийг ялж чадахгүй гэдгээ ойлгож, энэ хэргээс болж олон жилийн хөдөлмөрөөр олж авсан моделийн карьераа унагаахыг хүсээгүй учраас мөн л нууцлалын гэрээ байгуулсан байна.

Нууцлалын гэрээнд зааснаар модель бүсгүй бичиж авсан нотлох баримтаа устгах ёстой байсан ч хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж үзээд гэрээний хуулбартай хамт нууцаар авч үлдэж чаджээ.

Түүний хураасан дууны бичлэг дээр загвар өмсөгч Харвигаас яагаад өөрийнх нь биед зөвшөөрөлгүй хүрсэн тухай асуухад “Би байнга ингэдэг. Битгий санаа зов” хэмээн хэлсэн нь тодоор буусан аж.

Энэ нь сэтгүүлч Ронанд хамгийн том нотлох баримт болсон гэж зохиолч тэмдэглэн үлдээжээ.

Эрэн сурвалжилгын баримт цуглуулах явцдаа Ронан Фэрроу Харви Уэйнштэйний дор ажилладаг байсан эмэгтэйчүүдтэй уулзалт хийж, гэрчийн мэдүүлгээ зузаатгасаар байсан юм.

Бүлэг 2. Хэрэгтэн Ронан Фэрроугийн ажилд хүртэл нөлөөлж эхэлжээ
 

2017 оны дөрөв дүгээр сар.

Харви Уэйнштэйн хувийн мөрдөгчийг маш өргөн хүрээнд хөлсөлдөг байв. Түүний ингэж хөлсөлдөг шалтгаан нь мэдээж хохирогчидтой холбоотой.

Хүчингийн хэргийн хохирогчид олон учир тэд хэн нэгэнд мэдэгдэхээс сэргийлэх, дарамт үзүүлэх чиглэлээр мөрдөгчдөө ажиллуулдаг байсан аж.

Ялангуяа Ронан Фэрроугийн мэдээлэлд тулгуурлаж, ямар хохирогч нь хаана юу хийж байгаа талаар судалж байжээ.

Энэ талаар тэрбээр өмнө нь яг эл хэргийг сурвалжлахаар бэлдэж байсан нэгэн сэтгүүлчтэй уулзахдаа олж мэдсэн аж.

Тэр сэтгүүлч Ронанд хэлэхдээ “Олон хүнд итгэх хэрэггүй. Бүгд л цаанаа хэн нэгний төлөө ажиллаад үнэнээ хэлдэггүй. Намайг энэ талаар сурвалжилж байх үед хүмүүс намайг дагаж байсан. Тиймээс болгоомжтой байх хэрэгтэй" хэмээн сануулжээ.

Энэ үед л тэр өөрийг нь мөрдөгчид дагаж байгааг анзаарч эхэлсэн хэмээн номдоо өгүүлсэн байна.

Харвигийн дор ажилладаг эмэгтэй туслагчдын нэг Ранон Фэрроуд “Эхний 15 минут тэр гурвуулаа сууж байгаад нэгийгээ гаргаад дуудсан эмэгтэйгээ үлдээж хүчирхийлдэг байсан” гэж ярьжээ.

Энэ байдлаар маш олон туслахынх нь мэдүүлгийг Ронан Фэрроу цуглуулсан байна. 

Ингээд эхний ээлжид бэлэн болсон материалаа NBC телевизийн эфирээр цацах болоход дарга нар нь "Хэрэггүй байх" гэх мэтээр хойшлуулсаар байсан аж.

Цаг хугацаа алдах нь өөрийг нь улам эрсдэлд оруулж байсан учраас Ронан Фэрроу чухал гэсэн бүх баримтаа цуглуулаад банкны үнэт зүйлийн хадгаламжид хадгалуулж байсан аж.

Тэр хадгалуулахдаа “Хэрвээ надад ямар нэг зүйл тохиолдвол та нар энэ баримтуудыг онгойлгоод олон нийтэд заавал хүргээрэй” гэх бичгийг хүртэл үлдээсэн нь ямар их айдастай, мөн эрсдэлтэй зүйл хийж байсныг нь илтгэнэ.

Энэ асуудал даамжирсаар телевизийн түвшинд биш, телевиз эзэмшигч компанийн түвшинд яригдаж, удирдлага нь аль хэдийн сэтгүүлчийнхээ эсрэг байр сууринд очсоныг, ийм шалтгаанаар нэвтрүүлэг нь хойшилсон гэдгийг тэрбээр хожим олж мэджээ.

NBC-д сурвалжилгаа нэвтрүүлж чадахгүй бол өөр хэвлэлээр гаргахаар төлөвлөж, эрэн сурвалжлах ажлаа нууцаар үргэлжлүүлсээр байв. 

Энэ үе хамгийн эгзэгтэй мөч байсан гэж Ронан номдоо дурдсан байна.

Бүлэг 3. Тагнуулчдын арми ба сурвалжилгыг зогсоох төлөвлөгөө
 

Энэ удаа Ронан Харвиг зарим шар мэдээний сайт, сэтгүүлийн удирдлагыг атгадаг учраас өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгсөн хүмүүсийн хувийн амьдралыг хар бараанаар шар сэтгүүлд бичүүлэх аргаар дарамталдаг байсныг олж мэддэг.

Нэгэнт л тэр сурвалжилгаа NBC-гийн нэрээр цацаж чадахгүй байсан учраас өөр хэвлэл хайх шаардлагатай болов.

Ингэж явсаар энэ тухай сурвалжилж байгаад орхисон "New Yorker" сэтгүүлд дээр очиж, учраа тайлбарлахад түүнийг "Ийм их баримт цуглуулчхаад байхад NBC нийтлэхгүй гэсэн гэж үү" хэмээн гайхширсан тухай тэрбээр тодоор дүрслэн бичжээ.

Удалгүй энэ хэргийг NBC бүр мөсөн хааж, Ронантой гэрээгээ цуцлав.

Тийм том телевизэд нөлөөлж Ронан Фэрроугийн сурвалжилгыг зогсоож чадсандаа Харви Уэйнштэйн бардаж байсан нь мэдээж.

Тэр мөрдөгчдөөрөө дамжуулан Ронангийн гэр бүлээс эхлээд байрных нь манаачийг хүртэл судалсан тухай сэтгүүлч сүүлд мэдсэн байна.

2017 оны есдүгээр сард “New Yorker” сэтгүүл дээр сурвалжилга гарах хугацаа дөхөхөд Харви хувийн зүгээс Ронанг шүүхэд өгөхөө мэдэгдсэн бөгөөд түүнийг утасны цаанаас маш их харааж, сүрдүүлж байсан гэдэг.

Харви Уэйнштэйн Ронангийн энэ нийтлэлийг гаргуулахгүйн тулд аав руу нь хүртэл ярьсан байна.

Бүлэг 4. Үнэн ялж, Харвигийн хуульч ажлаа өгөв

Ронан нийтлэлийнхээ хамгийн сүүлийн хувилбараа Харви Уэйнштэйн рүү явуулаад өөрөөс нь сэтгэгдлийг нь сонсоход өөр рүү нь биш, эмэгтэй хуульч руугаа явуулахыг хүссэн тухай Ронан номдоо тэмдэглэжээ.

Харин түүний хуульч нийтлэлийг үзээд бүтэн өдөр чимээгүй байсны эцэст Ронантой холбоо барьж, "Ийм зүйл бэлдэж байснаа надад эртхэн хэлэх хэрэгтэй байсан" гэж хэлээд өөрийн твиттер хуудсаар дамжуулан "Дахиж би Харви Уэйнштэйнийг өмгөөлж чадахгүй" гэдгээ мэдэгдэв.

Тэр энэ бүхний эцэст 2017 оны аравдугаар сарын 10-нд энэхүү нийтлэлээ "New Yorker"-т нийтэлж чаджээ.

Нийтлэл гарсны дараа маш олон хүнээс "Би бас яг ийм бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан" гэх олон мэдээлэл Ронан Фэрроуд ирж эхлэв.

Түүний энэ дуулиантай нийтлэл анхаарлын төвд шууд орсон бөгөөд олон хэвлэл түүнээс ярилцлага авдаг. Мэдээж Ронан NBC телевиз яаж худалдагдсаныг хэлдэггүй.

Гэтэл нэг өдөр NBC-гийн дарга нь Ронан Фэрроу руу залгаад ярилцлагад орох санал тавьжээ.

Тэр үед Ронан "Надаас яагаад телевизэд нэвтрүүлэг эсвэл нийтлэлээ гаргаж чадаагүй тухай асуувал би худлаа хэлж чадахгүй. Харин асуухгүй бол хэлэхгүй байж болно" гэж тохиролцсон байна.

Гэтэл шууд ярилцлагын үеэр нэвтрүүлгийн хөтлөгч түүнээс энэ тухай асуусан нь түүнд маш хүндээр туссан нь ойлгомжтой.

Ронан Фэрроу худлаа хэлэхгүй гэж өөртөө амласан байсан учраас "NBC-ийн удирдлагууд нийтлэх боломжтой материалыг гаргахаас татгалзсан" гэдгийг хэлсэн байдаг.

Түүнчлэн энэхүү номд хувийн тагнуулын байгууллага хэрхэн ажилладаг талаар болон шар хэвлэлүүд хэрхэн эрх мэдэлтнүүдийн харцаар хөдөлдөг тухай нарийвчлан бичсэн байна.

Тэр дундаа одоогийн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэрхэн шар хэвлэлүүдийн амыг хааж байсан тухай баримтыг ч тэмдэглэн үлдээжээ.

Бүлэг 5.  Хүчирхийллийг айдасгүйгээр илэрхийлдэг байх нь эерэг нөлөөтэй
 

Харви Уэйнштэйний гэмт хэргийн тухай нийтлэл “New Yorker” сэтгүүлд 10 гаруй гэрчийн мэдүүлэгтэйгээр нийтлэгдэж байсан.

Энэхүү нийтлэл гарснаас хойш цахим орчинд #MeToo хөдөлгөөн өрнөж, өмнө нь Харви Уэйнштэйний халдлагад өртөж байсан хүмүүс хэвлэлд ямар ч айдасгүйгээр түүхээ ярьж эхэлсэн юм.

Энэ дотор Оскарын шагналт алдартай жүжигчид байсан гэдгийг тэрбээр номдоо өгүүлсэн байна.

Нэрт жүжигчин Анжелина Жоли хүртэл өөрт нь яг юу тохиолдсон талаар яриагүй ч "Харви Уэйнштэйн маш муухай сэтгэгдэл үлдээсэн учраас би түүнтэй яаж ч байсан ажиллахгүй гэж шийдсэн" хэмээн хэвлэлд ярьж байв.

Хамгийн хачирхалтай нь түүний хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн тоо 80 гаруй болтлоо нэмэгдсэний эцэст хууль, хяналтын байгууллагынхан баривчлах тушаалаа  гаргажээ.

Гэвч тэрбээр нэг сая ам.долларын батлан даалтаар суллагдан, цагдаагийн хяналтад байсаар байна.

Одоо ч түүний шүүх хурал үргэлжилж байгаа бөгөөд халдлагад өртөж байсан эмэгтэйчүүд тэмцлээ зогсоогоогүй байгаа билээ.

Видео: