Зураг
Зураг
Индэр    
2020 оны 1 сарын 27
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 48: Худал хуурмагаар амжилтад хүрсэн нь...

Зураг

Unlock подкастын бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаараар John Carreyrou-гийн бичсэн “Муу цус” буюу “Bad blood” номыг сонгон хүргэх гэж байгаадаа баяртай байна. 

Өнгөрсөн жил хэвлэгдсэн цагаасаа эхлэн дуулиан тарьж, Financial Times болон McKinsey-гийн оны шилдэг номоор шалгараад буй энэхүү бүтээлд хэдхэн жилийн өмнө анагаахын салбарт тэсрэлт хийж буй Startup хэмээн яригдаж байсан “Theranos” компанийн талаар болон түүний залуухан үүсгэн байгуулагч Элизабет Холмсын талаарх сонирхолтой түүхийг өгүүлдэг.

Нэгэн цагт Forbes, Fortune сэтгүүлийн нүүрэнд бичигдэж, Америкийн хамгийн залуу эмэгтэй тэрбумтан, дараагийн Стив Жобс хэмээгдэн алдаршиж байсан Элизабет Холмс гэгч чухам хэн байв. Мөн гарааны бизнес нэг буруугаар эргэвэл хүн чанар, ёс зүйг хэрхэн уландаа гишгэж болдгийг та энэхүү номоос унших боломжтой юм.

Подкастыг сонсох: 43 дугаар дугаар 

“Theranos” компани нь цусны шинжилгээний багажийг үйлдвэрлэх зорилготойгоор 2003 онд Цахиурын хөндийд байгуулагдсан түүхтэй. Харин үүсгэн байгуулагчийнх нь хувьд Стэнфордын их сургуульд суралцаж байгаад нэгдүгээр курстээ сургуулиа хаясан 19 настай Элизабет Холмс гэх бүсгүй юм. Цахиурын хөндийд хүчтэй технологитой компанийг амжилттай удирдана гэдэг тийм ч амар зүйл биш бөгөөд ийм түүх ховор. Тэр утгаараа уг ном нь олны анхаарлыг ихээр татаж байжээ.

Эрүүл мэндийн салбарт том шинэчлэлт оруулахыг зорьсон эмэгтэйн компани амжилттай ажиллаж, 9 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр 700 сая ам.долларын хөрөнгийг босгож чадсан гэдэг. Харамсалтай нь тус компани 2015 онд нуран унажээ.

Элизабетын бага нас болон компаниа үүсгэсэн түүх

 

Элизабет Холмс багаасаа л амьдралаа зорилго, мөрөөдөлтэй өнгөрөөх ёстой гэдгийг мэддэг байсан төдийгүй 10 насандаа хэний ч зохион бүтээж байгаагүй зүйлийг бүтээгээд тэрбумтан болно гэж боддог байсан нь уншигч танд ямар хүүхэд байсан нь төсөөлөгдөх биз ээ.

Багын л онц сурдаг, манлайлагч хүүхэд байсан түүний хувьд ахлах ангидаа Стэнфордын их сургуульд ерөнхийлөгчийн тэтгэлгээр орж, суралцжээ. Нэгдүгээр дамжаанд байхдаа Сингапурт дадлага хийх завшаан тохиосон. Гэтэл яг тэр үед нь SARS гэх халдварт өвчин гарч, өвчний голомт дээр нь ажиллах болж, хүмүүсээс цусны шинжилгээ авч байжээ.

Энэ үед цусны шинжилгээ авахдаа хүмүүсийн судас руу нь зүү хатгаж, цусыг нь хуруу шилэнд хийж байгааг хараад гайхах сэтгэл төржээ.

Дадлагаа дуусгаад буцаж ирэхдээ тэрбээр хурууны өндөгнөөс ганц дусал цус авч шингэлээд цусны шинжилгээ авч болох санаагаа патентлан их сургуулийнхаа багшид танилцуулахад багш нь компани байгуулахыг зөвлөсөн аж. Элизабет Холмс багшийнхаа зөвлөгөөний дагуу компани байгуулж, компанидаа цусны шинжилгээ авах жижиг багаж байрлуулаад цусны шинжилгээ өгөх хэрэгтэй өвчтөнүүдээс шинжилгээ авч, хариуг нь эмчид нь явуулна гэх зэргээр бүгдийг нарийн нягт тооцолжээ.

Мөн томоохон эмийн компаниудтай хамтарч чадвал өөрийнх нь бизнест илүү ашигтай санагдаж, баячуудад компаниа танилцуулан их хэмжээний хөрөнгө оруулалтыг татаж чадсан байдаг. Учир нь Элизабет хөрөнгө оруулагчдыг яриа, үйлдлээрээ их татдаг байсан тул бүх зүйл хурдан хугацаанд өрнөсөн гэдэг. Харамсалтай нь хөрөнгөө босгосныхоо дараа Элизабет Холмс багажуудаа ажиллахгүй байгааг мэдээд, хөрөнгө оруулагч нараа алдахгүйн тулд амжилттай ажиллаж буй мэтээр жүжиглэж эхэлжээ. Ямар ч найдваргүй болсон өвчтөнүүд дээр туршилт хийж, юуг ч хийхээс буцахгүй байдалд орсон аж.

Өөрөөр хэлбэл, хүмүүс аль хэдийн итгээд, асар өндөр бооцоо тавиад эхэлчихсэн байхад технологи нь сайн ажиллаж өгөхгүй байсан нь Элизабетыг цаашид худлаа ярьж, бусдыг хуурсаар байх нөхцөлд хөтөлсөн хэрэг.

Ажлын хорт арга барил

Энэ нууцаа Элизабет өөрөө л мэдэж байхыг хүсээд ажилчдадаа зөвхөн өөрт нь ажлуудаа тайлагнаж байхаар зохицуулсан. Доор нь ажилладаг байсан хүмүүс багаж нь болохгүй байгааг мэдээд түүний урдаас эсэргүүцлээ илэрхийлэхэд Элизабет Холмс шууд л халдаг байж.  

Энэ бүлэгт өгүүлэгдэж буй нэг сонирхол татам зүйл бол Элизабет тухайн үедээ 40 гаруй насны буюу өөрөөсөө хориод насаар ах Сани гэх энэтхэг залуутай үерхдэг байсан явдал. Түүнийгээ компанидаа салбар хариуцсан захирлаар ажилд оруулсан боловч компанийнхан төдийгүй Удирдах зөвлөл, ажилчдаас нь нэг ч хүн мэдээгүй байсан нь сонин. Найз залуу нь Элизабетыг өөхшүүлж байсан нэгэн.

Элизабет Холмс бусдыг татах төрөлхийн авьяас, дуу хоолой, өнгө төрх, хөдөлмөрч чанараараа асар олон хүний дэмжлэгийг авч чадсан. Компаниа асар өндөр нууцлалд, хахир хатуу менежментийн дор ажиллуулж, технологийн асуудлын талаар компанийнхаа бүх ажилтнаас нууж байжээ. Тэр өөрийгөө технологийн компани удирдаж байна, шинэ технологи бүтээнэ гэж бодож байсан ч үнэндээ хүний эрүүл мэндэд асар их хохирол учруулж болох аймшигт зүйлийг хийж байсан юм.

Худал хуурмаг хэзээ нэгэн цагт илчлэгддэг…

Сүүлдээ тэр хоёр өвчтөнүүд дээр багажаа туршиж байсан нь олон ажилчдынх нь дургүйцлийг хүргэжээ. Элизабетад зөвлөгөө өгдөг байсан, олон жилийн туршлагатай лабораторийн мэргэжилтэн нь хүртэл эсэргүүцээд, ажлаасаа гарчээ. Ажлаасаа гарсан хүмүүс нь буруу зүйл хийж байгааг нь илчилмээр байсан ч нууцлалын гэрээ байгуулсан тул өөрсдөө эрсдэлд орохыг хүсээгүй….

Сүүлдээ өрсөлдөгч нарынхаа цусны шинжилгээний багажийг дуурайлган хийж, хүн чанараа алдсаар байв. Гэсэн ч Элизабет бууж өгөөгүй. Тэр дайны талбарт шархадсан цэргүүдэд цусны багажаа туршиж үзэх санааг олж, цэргийн томоохон командлагчийг амжилттай мунхруулсан боловч тус санаагаа ашиглаж чадаагүй байна. Буруу замаар ч болтугай амжилтад хүрэх гэсэн бодол хүнийг хүн биш болгодог гэдгийг Элизабетын хийж байсан зүйлээс харах боломжтой юм.

Сая л нэг юм Удирдах зөвлөл нь ухаан орж, Элизабетыг захирлын суудлаас нь буулгав. Хүн мөнгөний төлөө, алдар нэрийн төлөө хүн чанараа уландаа гишгиж, өөрөөсөө бусад хүнийг шударга бусаар золиосолж амьдрах нь бизнест ямар аймшигтай зүйл болохыг энэхүү номоос олж харах болно.

Сэтгүүлч илрүүлсэн нь…

Элизабетыг АНУ-ын бүхий л томоохон хэвлэл гайхалтай чадварлаг бизнесмен эмэгтэй мэтээр гаргаж, хүсээд байсан алдар нэр нь түүнд ирсэн үе бий. Гэхдээ Элизабетыг амжилтад хүрч, олны танил болж байх хооронд цусны шинжилгээний аппарат нь ажилладаггүй гэдгийг ажилчдынх нь дундаас нэг нь бусдад хэлэх зориг гаргаж, алдартай сэтгүүлчид хандан бүх үнэнийг илчилсэн юм.

Элизабетын хувьд олон аргаар өөрийн нэр төрөө хамгаалахыг хүссэн боловч амжилт нь үүгээр эцэс болов.

Төгсгөлд нь хэлэхэд, та хэн нэгнийг даган дуурайгч байх хэрэггүй. Бусад хүн мундаг гэж магтаж байсан ч өөртөө бага ч болов эргэлзэх орон зайг үлдээж, баталгаажуулж байгаарай гэдгийг хэлмээр байна. Хэрвээ илүү нарийн зүйлийг уншихыг хүсвэл “Муу цус” ном танд нээлттэй …