Зураг
Зураг
Индэр    
2020 оны 1 сарын 17
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Шатахууны 30 орчим хоногийн нөөцийг 90 болгож чадвал шатахууны үнийн хэлбэлзэлд нөлөөлөх боломжтой"

Шатахууны үнийг тогтворжуулах, эрсдлийн хуримтлал бий болгох хэджинг гэрээ байгуулах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хүлээсэн билээ.

 

Иймд шатахууны үнийн асуудал болон Монгол Улс хэджинг хийхэд бэлэн эсэх талаарх судалгааг хийлцсэн ХААИС-ийн багш, эдийн засагч Ж.Баттулгатай ярилцсанаа хүргэе.

- Шатахууны үнийг төрөөс зохицуулах шаардлага байгаа эсэх талаар хоёулаа яриагаа эхэлье? 

- Зайлшгүй шаардлагатай. Гэхдээ зах зээлийн механизм, арга хэрэгслийг ашиглаж, Монгол Улсын төсөвт дарамт багатайгаар зохицуулалт хийх хэрэгтэй. Учир нь шатахууны үнэ өсөх нь дараах шалтгаантай байдаг. 

  • Америк долларын гадагшлах урсгалд голлох нөлөөтэй. Жилд ойролцоогоор 1.25 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авахад сүүлийн таван жил тутамд дунджаар нэг тэрбум орчим ам.долларыг зарцуулаад байна. Энэ нь нийт импортын 25-35 хувийг эзэлдэг.    
  • Өрхийн хэрэглээний болон төрийн үйлчилгээний зардалд 15-18 орчим хувийг эзэлдэг тул өрхийн бодит орлогыг бууруулж, төрийн үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэхэд голлох нөлөөтэй. 
  • Шатахууны үнийн өсөлт нь хэрэглээний сагсанд багтдаг 329 нэр төрлийн бараа үйлчилгээний 97%-д нь нөлөөтэй буюу 319 нэр төрлийн бараа үйлчилгээний үнийг нэмэгдүүлэх суурь шалтгаан болдог. 
  • Уул уурхай, газар тариалан, тээврийн салбарын үндсэн орц болж, улмаар эдийн засгийн бусад салбарын үйлдвэрлэлд ч чухал нөлөөтэйг эдийн засагчид тооцож гаргасан байдаг. (Тухайлбал, шатахууны үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэгдэхэд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 50-100 төгрөгөөр нэмэгддэг гэсэн тооцоо байдаг)
  • Шатахууны үнэ өсөх нь эдийн засгийн болон улс төрийн үйл явцыг тогтворгүй болгодог.

- Мэдээж ирээдүйн талаар ярихын тулд өнөөдөр Монгол Улсын шатахууны зах зээлийн бүтэц, нөхцөл байдал ямар байгааг тайлбарлахгүй юу? 

Монгол Улс шатахууны нийт 330 сая тоннын нөөцтэйгөөс баталгаажсан нөөц нь 43 сая тонн. Одоогоор ашиглалтын гурван талбайтай. Манай улс жилдээ 1-1.2 сая тонн түүхий тос олборлон экспортолж, дунджаар 390 орчим сая долларын орлого олдог.

 Гэсэн хэдий ч бид дотооддоо газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэргүйгээс 100% гаднаас худалдан авч байгаа. 

2018 оны байдлаар түлш, шатахууны зах зээлийг авч үзвэл нийт газрын тосны бүтээгдэхүүнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас, 2%-ыг БНСУ-аас, 1%-ийг БНХАУ-аас, үлдэж буй 2%-ийг бусад улс орноос импортоор авч байна. 

Зураг 1. Газрын тосны бүтээгдэхүүний импорт, улсаар

 

Эх сурвалж: УУХҮЯ

Мөн Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өсөж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, барилга, ХАА, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж буй нь шатахууны хэрэглээний бүтцийг өөрчилж байна.

Тодруулбал, өмнө нь АИ-80, АИ-92 төрлийн, тэр дундаа АИ-80 шатахууныг өргөн хэрэглэдэг байсан бол дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр АИ-92, дизель түлшний хэрэглээ огцом өсөж, АИ-80 төрлийн шатахууны хэрэглээ маш бага болсон.

Шатахуун, дизель түлшний хэрэглээг төрлөөр нь авч үзвэл:

  • Дизель түлш дунджаар 62-63%
  • АИ-92 дунджаар 32-33%
  • Үлдсэн хувийг бусад төрлийн (АИ-95, ТС, АИ-80) шатахуун эзэлж байна.

Зураг  2. Шатахууны импорт, төрлөөр /2018 оны байдлаар/

 

Дизелийн онцлог нь хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын сэргэлттэй үеүдэд хэрэглээ, түүнийг дагасан импорт өсдөг. АИ-92 шатахууны хувьд авто машины импортын өсөлтөөс хамааралтай. Гэвч сүүлийн үед технологийн хөгжил дэвшлээс үүдэлтэйгээр шатахуун бага зарцуулдаг авто машины үйлдвэрлэл дэлхий даяар хөгжиж байна. Тухайлбал, Гебрид машин, бүрэн цахилгаанаар ажилладаг машины импорт нэмэгдэж байгаа нь АИ-92 шатахууны хэрэглээг тодорхой хэмжээгээр хязгаарлах нөлөөтэй юм. 

- Тэгвэл зах зээлийн бүтцэд их өөрчлөлт оржээ. Тэгвэл цаашдын шатахуун, дизель түлшний үнийг та бүхэн хэрхэн харж байна. Цаашид ямар хандлагатай байх вэ?

- Шатахуун, дизель түлшний үнэ 2018 оны арваннэгдүгээр сарын өсөлтөөс хойш аажмаар буурч, тогтворжсон. 

Зураг 3. АИ92 Шатахууны жижиглэнгийн үнэ 

 

Эх үүсвэр: УУХҮЯ

Гэвч энэ нь сэтгэл амрах зүйл биш. Учир нь дэлхийн нефтийн гол тоглогч орнуудын харилцаа таатай биш байна.

Тухайлбал, 2019 оны есдүгээр сард Саудын Арабын газрын тос боловсруулах хамгийн том үйлдвэр халдлагад өртсөн. Ингэснээр газрын түүхий тосны үнэ 11.73 ам.доллараар нэмэгдсэн. Сая хэдхэн хоногийн өмнө Иран болон АНУ-ын харилцан довтолсон мөргөлдөөн болсон. Энэ мэт нефть импортлогч орнуудын таагүй харилцаа нь дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлтэд сөргөөр нөлөөлж, дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнийг нэмэгдүүлэх шалтгаан болдог.  

Манай улсын шатахууны зах зээл нь дэлхийн газрын тосны үнээс шууд хамааралтай юм. Бид ОХУ-аас шатахуунаа худалдаж авдаг ч Сингапурын биржийн 28 хоногийн дундаж үнээр тооцож, ам.доллароор худалдан авдаг. Иймд дэлхийн зах зээл дээрх шокуудын нөлөө шууд тусдаг гэж ойлгож болно. 

Нөгөө талаар, манай улс шатахууныхаа үнийг дотооддоо онцгой албан татвараар дамжуулан зохицуулдаг. Тэгвэл энэ төрлийн татвар дизель түлш дээр үнэ тонн тутамдаа 280,000 төгрөг байна.

Бидний судалгаагаар шатахууны хил үнэ тонн тутамдаа 1 нэгж хувиар нэмэгдэхэд дотоодын жижиглэнгийн үнэ 0.18 нэгж хувиар нэмэгддэг. Харин ам.долларын ханшийн нэг нэгж хувийн өсөлт нь жижиглэнгийн үнийг 0.10 нэгж хувиар, дэлхийн зах зээл дээрх газрын тосны нэг нэгж хувиар өсөхөд шатахууны жижиглэнгийн үнэ 0.03 нэгж хувиар тус тус нэмэгдүүлдэг байна.

Одоогийн байдлаар АИ-92 шатахуун дээр тэглэсэн байгаа. Энэ нь бидний үнийг зохицуулдаг ганц арга хэрэгсэлд маань бодлогын орон зай үлдээгүй болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлд үнэ нэмэгдэх тохиолдолд үнийг тогтворжуулах боломжгүй болсон. Гэхдээ ийм муу зүйл тохиолдохгүй байх гэж найдаж байна.  

Монгол Улсын шатахууны үнэд дэлхийн зах зээлийн үнийн хөдөлгөөнөөс гадна ам.долларын ханш голлон нөлөөлдөг.

Долларын ханш нэмэгдэх нь мөн л эрсдлийг бий болгодог гэсэн үг. 

Улсын зах зээл дээрх шатахууны үнийн сарын индексийг судалж үзэхэд нэгдүгээр сараас хоёрдугаар сард, зургаагаас долдугаар сард бага зэрэг өсдөг ба бусад сард буурах хандлагатай байгаа нь харагдсан. 

Зураг 4. Дизелийн түлш, АИ92 төрлийн шатахууны сарын индекс (2011-2018)

 

Эх сурвалж: Судлаачийн тооцоо 

 - Төрөөс өнөөдөр онцгой албан татварыг өөрчлөх замаар шатахууны үнэд зохицуулалт хийж ирсэн нь одоо боломжгүй гэлээ. Тэгвэл зах зээлийн механизмыг ашиглаж үнээ тогтвортой байлгах өөр ямар боломж байна вэ? 

- Шатахууны үнийг тогтворжуулах нь зүй ёсны юм гэж дээр дурдсан. Шатахуун мэдрэмж султай бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл, шатахууны үнэ өссөн ч хэрэглээ байж байдаг тул суурь бараа үйлчилгээнд үнээ шингээдэг. Энэ нь цаашлаад инфляцад нөлөөлнө. Тиймээс үүнийг тогтворжуулахын тулд төрийн оролцоо тодорхой түвшинд байх хэрэгтэй. Гэхдээ зөвхөн онцгой албан татвараар хийх нь хязгаарлагдмал арга бөгөөд төсөвт ачаалал ихтэй.

Иймд санхүүгийн арга хэрэгслүүдийг ашиглах замаар хедж хийж, үнийг тогтвортой түвшинд байлгах боломжтой юм. Энэ аргыг маш олон улсад, олон жил ашиглаж байна. 

- Энэхүү хеджинг хийх аргыг илүү тодруулахгүй юу?

- Хедж хийх гэдэг нь бараа бүтээгдэхүүний үнийн эрсдлээс бизнесээ хамгаалах зорилгоор хийж байгаа арилжааг хэлнэ.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр нэг баррель нефтийн үнэ 60 ам.доллар гэж үзье. Тэгвэл ирээдүйд буюу хагас жилээр, эсвэл жилээр ч юм уу нэг баррель газрын тосны үнэ хэд байхаас үл хамааран 60 ам.доллароор худалдан авах хэлцэл нь хедж юм. Тиймээс ирээдүйд газрын тос нэг баррель нь 80 ам.доллар хүрсэн ч 60 ам.доллароор худалдан авах боломжийг гэрээлж байна гэсэн үг.

Иймд баррель тутамд үнийн өсөлтийг 20 ам.доллараар бууруулж байна гэж үзэж болно. Магадгүй ирээдүйд нэг баррель нефть 40 ам.доллар болчихвол яах вэ гэсэн асуулт гарах байх. Энэ үед 60 ам.доллароор авах гэрээг хэрэгжүүлэхгүй байх стратегийн арга хэрэгсэл байдаг. Үүнийг "колл опцион" гэж нэрлэдэг.

Хэрэв бидний дээрх жишээгээр 60 ам.доллароор гэрээ хийсэн гэж үзэхэд 80 ам.доллар болж, баррель тутамдаа газрын тосны үнэ өсөхөд импортлогч компаниудад ашгаасаа татаас олгож, үнийг тогтвортой барьж чадах бол алдагдал хүлээсэн нөхцөлд импортлогч компаниудаас татвар авах байдлаар үнийг тогтвортой барьж, улмаар алдагдал хүлээхгүй давах боломжтой.  

Үүний тулд төрөөс тодорхой сан үүсгэх шаардлагатай. Иймд энэ бол ирээдүйд учрах үнийн эрсдлээс хамгаалж чадах хэрэгсэл юм.

Энэ зах зээлийг "дериватив зах зээл" буюу "үүсмэл зах зээл" гэж нэрлэдэг. 1600 онд Япон, Голланд зэрэг улсад хэрэглэж байсан гэдэг. Өдгөө энэхүү үүсмэл зах зээл дээр арилжаалагдаж байгаа гэрээний тоо 35 тэрбум ширхгийг даваад байна. Арилжаа нь гэрээн дээр явагдана. Деривативын олон төрлийн гэрээ байдаг. Хамгийн өргөн ашигладаг нь фьючерс болон опцион гэрээнүүд юм. 

Фьючерс гэрээ нь ямар нэг активыг тогтсон хугацааны дараа, урьдчилж тохирсон үнээр худалдан авагч тал нь худалдан авах, эсвэл худалдагч тал нь худалдан авах үүргийг хүлээлгэдэг санхүүгийн хэлцэл буюу гэрээ. 

Опцион гэрээ буюу хэлцэл нь опцион бичигч талаас опцион худалдан авагч талд худалдах санхүүгийн дериватив хэрэгсэл юм.  

Зураг 5. Дэлхийд арилжаалагдаж буй гэрээний тоо хэмжээ

 

Эх сурвалж: 2018 оны Деривативын Тайлан, Дэлхийн Биржүүдийн Холбоо, 2019.

- Хеджийг заавал олон улсын зах зээл дээр хийх ёстой юу.  Монголд хийх боломж тэгвэл бий юу?

- Монголд хэджинг хийх боломж өнөөдөртөө байхгүй. Учир нь энэ зах зээлийн талаар институтийн хувьд маш учир дутагдалтай зүйлс бий.

Тодруулбал,

  • Хөрөнгийн биржийн хөгжил сул
  • Санхүүгийн деривативын зах зээл хөгжөөгүй
  • Татвар хууль эрх зүйн орчин бүрдээгүй
  • Бондын зах зээлийн хөгжил сул
  • Бүртгэл тайлагнал, стандартууд орчуулагдсанаас өөр өөр хэрэглээгүй
  • Таваарын биржийн өнөөгийн байдал маш ядмаг байна.

Таваарын захыг гэхэд 2013 онд байгуулсан ч 7 жилийн хугацаанд ганц л удаагийн форвард  арилжааг ноолуураар хийсэн байдаг. Ийнхүү дотоодын зах зээлийн таваарын арилжааг өнөөдөр явуулах боломж бололцоогүй байгаа тул олон улсын зах зээл дээр хийх нь зүйн хэрэг юм.

Бид олон улсын зах зээл дээрх дериватив зах зээлийн арилжаанд орсон ч энэ арилжааг хариуцаж явах мэргэжлийн баг ямар нэг төрийн байгууллагын дэргэд байгуулагдах ёстой. Бидний үзэж байгаагаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэд, олон улсын хөрөнгийн биржийн арилжаанд оролцож байсан туршлагатай, дэлхийн санхүүгийн зах зээлийн мэдээлэлд дүн шинжилгээ, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай, мэргэшсэн багийг бүрүүлж ажиллах нь хэрэгтэй гэж бодож байгаа. 

Ингэхдээ төр хувийн хэвшил хамтарсан байдлаар ч энэ арилжаанд оролцож болно. Манай судлаачид энэ чиглэлээр санхүүгийн хувийн хэвшлийн байгууллага болон шатахуун импортлогч компаниудаас санал авахад хедж хийх замаар эрсдлээ бууруулахыг дэмжиж буй хэдий ч энэ чиглэлийн туршлага нэн ховор тул бие дааж явуулахаас зайлсхийж, төрөөс зохион байгуулалтыг дэмжиж, эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн тохиолдолд дээрх арга хэрэгслийг хэрэглэх боломжтойгоо илэрхийлсэн байдаг. 

- Гадаадын улс орнууд шатахууны үнийг хэрхэн зохицуулдаг бол. Хедж хийсэн туршлага амжилт олсон тохиолдол олон байдаг уу. Эсвэл алдагдалд орсон жишээ нь их байдаг уу?

 - Дэлхийн улс орнуудын хувьд янз бүр. Ерөнхийдөө орлого өндөр, амьжиргаа сайтай улс орнууд зах зээл дээр төрөөс төдийлөн зохицуулалт хийгээд байдаггүй. Тэдгээр улс оронд татвар ч өндөр байдаг. Шатахууны эрэлтийг бууруулах тал дээр өндөр хөгжилтэй улс орнууд анхаардаг. Тухайлбал, хосолсон хөдөлгүүртэй, бага шатахуун зарцуулалттай, цахилгааны машины хэрэглээг дэмжиж байна. Харин хөгжиж болон буурай хөгжилтэй улс орнууд шатахууны үнийн зохицуулалтыг хийх нь элбэг байдаг. Мөн дээрх санхүүгийн арга хэрэгслүүдийг ч ашиглаж байгаа. Тухайлбал,

  • Чили улс шатахууны үнийг тогтворжуулах сан байгуулж, ашиглаж ирсэн. 
  • Перу улс 2004 онд шатахууны үнэ тогтворжуулах сан байгуулж байсан. Төсвөөс санд мөнгө хийдэг байсан нь зардлыг маш их болгосон. 
  • Панам улс мөн “Үнэ тогтворжуулах сан” 2009 онд байгуулсан байдаг. Сангийн тогтоосон дээд жишиг үнээс жижиглэнгийн үнэ давсан тохиолдолд сангаас олгох татаасыг санхүүжүүлэх зорилгоор 2009 онд “Шатахууны эрсдлийг хедж хийх Үндэсний стратеги”-ийг боловсруулж мөрдөж эхэлсэн байдаг.
  • Ямайка улс 2015.06 сард, дараа 2015.07 сард тус тус 6 ба 2 сая баррель газрын тосны хеджийг 66.53 ам.доллараар колл опцион гэрээ хийж, опционы урамшуулалд 30 орчим сая долларыг төлсөн. Мөн хеджийн хороо байгуулсан. Гэвч 2016 оны нэгдүгээр сарын байдлаар шатахууны үнэ баррель тутамдаа 30 ам.долларт хүрсэн. Энэ нь татварын мөнгийг үр ашиггүй зарцуулсан гэсэн шүүмжлэл хүртсэн байдаг. 
  • Уругвай улсын Засгийн газар нь 2016 оноос Дэлхийн банкны хамтарсан хөтөлбөрийн хүрээнд хедж хийсэн байдаг. 

Хүснэгт 1.  Газрын тосны худалдан авалтын хеджинг, импортлогч улсуудын жишээ

Улс

Хамрах хугацаа

Хэрэгсэл

Деривативын хугацаа

Хеджинг хийсэн хэмжээ

Опционы урамшуулал

Хэрэгжүүлэх үнэ

Панам

2009

Колл опцион

12 сар

3 сая баррель

$5.29/bbl

$50/bbl

Ямайка

2015.6 - 2016.12

Колл опцион

15 сарын хугацаатай гэрээнүүд

8 сая баррель

$3.34/bbl

$66.53/bbl

Уругвай

2016.6 - 2017.6

Колл опцион

12 сарын  хугацаатай

6 сая баррель

$2.62/bbl

$55/bbl

Гана

2010.3 - 2011.12

Колл опцион

1 сарын хугацаатай гэрээнүүд

17 сая баррель

Тодорхойгүй

$82.5/bbl -$115/bbl

Шри-Ланка

2007

Коллар

12 сар

14.1 сая баррель

0 зардалт стратеги

тааз $130/bbl, шал $100/bbl

Морокко

2013

Колл опцион

Тодорхойгүй

Тодорхойгүй

Тодорхойгүй

Тодорхойгүй

 
Эдгээр улсуудаас манай улстай адил газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг 100% импортоор хангадаг нь Панам, Ямайка, Уругвай улсууд юм. 

- Монгол Улс шатахууны нөөцийг хэрхэн бүрдүүлдэг вэ. Энэ нөөцийн үүрэг нь ямар байдаг вэ? 

- Маш зөв асуулт байна. Бид нөөц бүрдүүлдэг. Өнөөдөр дунджаар шатахууны нөөц төрөл тус бүр дээр 30 орчим хоногийн нөөцтэй байдаг. Энэ нөөцийг хувийн хэвшил дангаараа бүрдүүлж байгаа. Хэрэв бид 90 орчим хоногийн нөөцтэй байж чадвал үнийн хэлбэлзэлд ч хариу үйлдэл үзүүлэх хугацаа гарч ирж байгаа юм. 2008 оноос хойш уг нөөцийг бүрдүүлдэг болсон. Энэ нөөц бол шатахууныг тасалдалгүй, нийлүүлэлтийг хэвийн байлгах зорилготой.

Улс нөөц бүрдүүлэх бол нэмж 60 хоногийн нөөцийг бүрдүүлэх савтай болгох хэрэгтэй. Шатахууны нөөцийн сав барих нь мөн өртөг зардал их байхаас гадна 5-6 жил шаарддаг тооцоо байдаг. Иймд гадаадын зарим улсаас нөөцийн сав түрээслэх хувилбар байж болно. 

Хүснэгт 2. Шатахууны нөөцийн савны зарим төрлүүд

 

- Ярилцсанд баярлалаа.