Индэр    
2020 оны 1 сарын 15
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

1.1 их наяд төгрөгийн төлөөс ба эдийн засгаа хорлох ПОПУЛИСТуудын марафон

Зураг
mpa.mn

Манай популист улстөрчдийн сюрприз үргэлжилсээр.

Шинэ оны босгон дээр амхадуудын зээлийг тэглэх тухай Ерөнхийлөгчийн мэндчилгээнээс улбаатай талцал маргаан дуусаж амжаагүй байтал УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын ШИНЭ нам Монголбанкны зээлийн мэдээллийн хар жагсаалт дахь иргэдийг нэг удаа өршөөх бас нэгэн поп санаачилга гаргав

Угтаа энэ нь өршөөх биш эдийн засгаа дахин “хутгалж” буй хэрэг гэдгийг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч сонгууль нэгэнт хаяанд иржээ. “Ард түмний төлөө” хэмээн хэн чанга дуурсан нь хождог манай нийгэмд ҮАБЗ-ийн шийдвэр тэдэнд харин ч нэг өгөөш болсныг энэхүү мэдэгдэл нь илтгэв.  

Тэгвэл “ард түмэн”-ийн нэрийг барьж популизм хийдэг улстөрчдийн энэ марафоны төлөөсийг хэн төлөх вэ? Татвараар, үнийн өсөлтөөр дамжаад иргэн бүр халааснаасаа төлөх болно.  

Зөвхөн 2019 оны сүүлийн хоёр сарын популизмын зардал 1.1 их наяд төгрөгт хүрснийг эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ ярилцлагадаа онцолсон. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн зээлийг тэглэх улстөрчдийн амлалт 756 тэрбум төгрөгөөр хэрэгжинэ. Дээр нь тэтгэвэргүй иргэддээ нэг сая төгрөгийн эрхийн бичиг тараахаар хууль баталсан. Үүнээс өмнөхөн УИХ ирэх оны төсвийг батлахдаа хөрөнгө оруулалтын зардлыг 200 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь ийм тооцоо гаргахад хүргэжээ. 

Тэгвэл тэтгэврийн зээлийг тэглэхэд бонд гаргах гээд буй Салхитын мөнгөний ордыг ашиглалтад оруулах, зээл төлөх хэлцэл гэрээ гээд 1 их наяд төгрөг шаардлагатайг эдийн засагч Б.Отгонтөгс хэлсэн. Ингээд тооцвол 2019 оны сүүлчин популизмын шоу 1.2 их наят төгрөгийн өртөгтэй “босжээ”.

Харин 800 орчим тэрбум төгрөгийн бонд босгох гээд буй Салхитын мөнгөний орд нь 7 жил ашиглаж байж 250 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олох хэмжээний жижиг орд гэдгийг ТЭЗҮ-ээр нь батлаад байгаа. 

Нөгөө талд, тэтгэврийн зээлгүй ахмад уйлж, жагсаж, дор хаяж тус бүр гурван сая төгрөг Цагаан сарын өмнө бэлнээр авахыг шаардаж буй. Талцал маргаан үргэлжилж байх зуур ШИНЭ нам дээр дурдсанчлан попрох сэдвээ барьж авлаа. 

Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн үүрэг ач холбогдол бол санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын зээлийн эрсдэл буюу хуримтлагдсан чанаргүй зээл, өр, авлагын хэмжээг бууруулах, мөн зээлдэгчийн санхүүгийн сахилга батыг сайжруулах замаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилготой. Тус санд арилжааны банкууд, Хөгжлийн банк, хадгаламж зээлийн хоршоод, лизинг, гар утасны оператор компаниуд гэгчлэн 540 гаруй байгууллага мэдээлэл нийлүүлдэг. Санхүүгийн хариуцлагатай муутай, зээлээ төлөөгүй, эсвэл хугацаа хэтэрсэн зээлтэй зэрэг мэдээлэл бүртгэгддэг бөгөөд зургаан жилийн хугацаанд хадгалагддаг. 

Харин ШИНЭ намынхны хэлсэнчлэн зээлийн мэдээллийн жагсаалт дахь иргэдийг өршөөвөл энэ улсад санхүүгийн сахилга бат, хариуцлага үгүй болох эхлэл болох буюу санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учирна. 

Хэрэв та бүхэн мартаагүй бол өмнө нь мөн л сонгууль угтан попорсон улстөрчдийн тарьсан өр төлөөсийг дөнгөж хоёрхон жилийн өмнө төлж дууссан билээ. Тодруулбал,

Хүний хөгжил сангаар 21,000 төгрөг иргэн бүрт өгөх улстөрчдийн амлалтыг биелүүлэхийн тул сард ойролцоогоор 63 тэрбум, жилд 756 тэрбум зардал гарсан бөгөөд "Чалко"-той байгуулсан гэрээнээс болж 434 тэрбум төгрөгийн орлогоо алдсан гэсэн тооцоог эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ мөн гаргажээ. Популистуудын энэ төлөөсөнд ийнхүү Монголын бүх эмч, багш нарын бүтэн 1 жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө буюу, эмч, багш нарын цалинг жилийн турш 2 сая төгрөг болгон олгох боломжоо алдсан. Өрийг нь “Эрдэнэс Тавантолгой” компани 2017 оны гуравдугаар сард төлж дууссан билээ. 

Энэ бүхэн эцэстээ Монгол Улсын өрийг л улам зузаатгана. “Тэтгэврийг тэглэх тухай популист амлалт нь ДНБ-нд эзлэх өрийн хэмжээг 2%-аар нэмэгдүүлээд зогсохгүй инфляц болон дотоодын төгрөгийн ханшид дарамт учруулна” хэмээн ОУВС-гийн Монголыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлиб Ройтерст илгээсэн мэдэгдэлдээ байр сууриа илэрхийлсэн

Гэтэл энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Олон улсын валютын сантай гэрээ байгуулсан Ч.Хүрэлбаатар л хариуцлагаа хүлээнэ биз. Ерөнхийлөгч Олон улсын валютын сантай гэрээ хийгээгүй” хэмээн Твиттер хуудастаа жиргэсэн.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг яах нь сонин биш ажээ.

Популистуудын амлалт шийдвэр эдийн засагт удаан хугацаандаа ийм хор уршигтай ажээ. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталснаас хойш төгрөгийн ханш ам.доллар болон юанийн эсрэг хэрхэн суларсныг графикаар харуулъя. 

График. Төгрөгийн ханш ам.доллар, юанийн эсрэг

Тогтвортой байсан юанийн ханш ийнхүү төгрөгийн эсрэг чангарч, түүхэн дээд хэмжээндээ хүрээд буй нь энэ.

Харин Монгол Улс 2020-2024 онд 14 тэрбум ам.долларын өр төлөхөөр хүлээгдэж байгаа. Манай улсын нийт өр 2019 оны гуравдугаар улирлын байдлаар 29.93 буюу 30 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс 7.4 тэрбум ам.доллар нь Засгийн газар, 2 орчим тэрбум нь Монголбанкны өр. 

Ийнхүү манай улсын өр аюултай хэмжээнд хүрчихээд байгааг дэлхийн тэргүүлэгч санхүүгийн байгууллагуудаас бүрдэх Вашингтонд төвтэй IIF институт тайландаа онцолсон байна. Дэлхий нийтийн өрийн хэмжээ жилийн өмнөхөөс бараг 10 триллион доллараас 252.6 их наяд доллараар өссөн буюу улс орнуудын өрийн хэмжээ анхаарал татахуйц нэмэгдэж байгааг тус тайланд дурдаад үүний дотор Монгол Улсын Засгийн газрын өр огцом нэмэгдэж байгааг анхааруулжээ.

График. Монгол Улсын өр ба Засгийн газрын өр

Сонгууль ойртох тутас популистууд ам уралдан дуртайгаа ярьж, ам гарна. Ялангуяа, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг улам доройтуулах амлалтууд гарах төлөвтэй байгааг Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат Блүүмбергт ярьжээ. Харин монголчууд хэдий болтол тэдний поп амлалтад итгэж, улсынхаа өрийг нэмж, халаасаа сэгсрүүлсээр байх вэ?