Индэр    
2020 оны 1 сарын 10
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

МАН 2020 оны УИХ-ын сонгуульд ЯЛАХ ХҮСЭЛГҮЙ БАЙНА

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үе үеийн эрх баригчид сонгуулийн жилд иргэдэд төрөл бүрийн халамж, бэлэн мөнгөний амлалт өгөх нь бодлогын буруу шийдвэр юм гэж үзэж, УИХ-ын сонгуулиар намуудыг бэлэн мөнгөний амлалт өгөхийг хориглосон байдаг.

Гэтэл үүнийг МАН дараагийн түвшинд гаргаж, тэтгэврийн зээлийг тэглэх хувилбараар өөрчлөн, өмнөх эрх баригчдын шийдвэрийг үргэлжлүүллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр өнөөдөр нэгэн мэдэгдлийг твиттерт хийсэн нь содон, сонин үйл явдал байв.

Юугаараа содон сонин бэ гэхээр Монголын өмнөх ба одоо ч эрх барьж буй удирдагчид хэзээ ч бодлогын алдаагаа хүлээн зөвшөөрч байсангүй.

Харин С.Баяр эрх мэдэлтэй байх үедээ ард түмэндээ хандан амлаж, хэрэгжүүлж байсан бэлэн мөнгө тараалтаа АЛДАА байсныг анх удаа өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн нэгэн болж байна.

Монголын эрх мэдэлтнүүд асны хамгийн том дутагдал бол алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрдөггүй учир хойч үе нь алдааг нь давтсаар байдаг.  Харамсалтай нь МАН-ынхан С.Баярын хожуудсан мэдэгдлийг ч үл тоон тэтгэврийн зээлийг тэглэх хуулиа баталлаа.

Хэдийгээр зээл авсан ахмадуудад зээл нь тэглэгдэх үнэхээр сайхан хэрэг ч өрөндөө баригдсан, хүний хөгжлийн олон асуудал орхигдсон Монгол шиг улсад иргэдийн тэтгэврийг тэглэж, өр нэмж байгаа нь зөв шийдвэр мөн үү гэдэг зарчмын асуудал тавигдсаар буй.

С.Баярын хэлсэнчлэн бэлэн мөнгө амласан, тараасан нь үргэлж ялагддаг юм гэх онол 2020 онд хэрхэх бол?

Хамгийн сүүлийн буюу 2016 оны УИХ-ын сонгуулийн сонгогчдын насны бүлгийг аваад үзье.

Үнэн хэрэгтээ ахмад настнууд сонгуульд идэвхтэй оролцдог учир тэдэнд зориулсан халамжийн бодлогыг эрх баригчид хэрэгжүүлэх гэж байна гэдэг логик худлаа болж таарч байна. 60-аас дээш насныхны сонгуулийн идэвх 18-25 насныхныг бодвол 47 орчим хувиар илүү. 60-аас дээш насныхны 97 хувь нь сонгуульд саналаа өгдөг. 18-25 насныхны ердөө 50 хувь нь сонгуульд саналаа өгдөг. Сонгогчдын насны хамгийн том бүлэг буюу 30-45 насныхны 77 хувь сонгуульд саналаа өгч оролцдог. Өөрөөр хэлбэл, залуусын идэвх ахмадуудаас маш бага.

ГЭХДЭЭ тооны хувьд 45 наснаас доош насныхны сонгуульд саналаа өгсөн хувь нийт сонгогчдын дунд 63.4 хувь байна.

График 1, УИХ-ын 2016 оны сонгуульд саналаа өгсөн сонгогчдын тоог 18-45, 45-с дээш насны ангиллаар ялгаж харвал 

График 2, УИХ-ын 2016 оны сонгуульд саналаа өгсөн сонгогчдын насны бүлгээр эзлэх хувь, 

Тэгэхээр "сонгуульд настангууд л саналаа өгдөг шүү дээ" гэх ойлголт буруу байх нь.

Настангууд үнэхээр идэвхтэй саналаа өгдөг ч сонгуулийн насны иргэдийн дунд эзлэх хувь бага. Тиймээс ч 2016 оны сонгуульд насны бүлэгт ногдох сонгогчдын идэвхээрээ залуусын хувьд бага ч нийт сонгогчдод эзлэх байдлаараа олонх байгаа 45-аас доош насныхан 2020 онд ямар сонголт хийх бол гэсэн сонирхолтой асуулт гарч ирж байна. Цаашлаад 18-25 насныхны 50 хувь байгаа идэвх сайжирвал байдал хаашаа эргэх бол.

Халамжийн бодлогыг үргэлжлүүлсэн МАН-ыг сонгогчдын олонх буюу 45-аас доош насныхан дахин сонгох уу?

МАН-ын зүгээс залууст таалагдах мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийг нэр дэвшүүлж чадах уу?

ЖДҮ-чин гишүүдээ яах бол, халамжийн бодлогоо юу гэж тайлбарлах бол? Монголын өнөөдрийн болоод ирээдүйд нөлөөлөхүйц гол гол асуудлыг шийдэх бодлого санал болгож чадах болов уу?Сүүлийн жил гаруйн хугацааг ажиглавал МАН ЖДҮ-чин гишүүдээ лав шийтгэж чадсангүй.

Бүр залуусын байгууллагынхаа тэргүүнээр нэгийг нь сонгочихсон. Бас өөр нэг сангаас зээлдэгчээ генсекийн албан тушаалд нь байлгасаар байна. Ийнхүү зөвхөн хүний нөөцийн тал дээрх МАН-ын шийдвэрийг харвал тэд 2020 онд ЯЛАХ ХҮСЭЛГҮЙ байгааг ИЛТГЭЖ байна.