Индэр    
2020 оны 1 сарын 5
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 45: Таны алхам бүр хянагдаж байдаг...

Зураг

Unlock подкастын бичмэл хөрвүүлгийнхээ шинэ оны эхний дугаартаа бид АНУ-ын Засгийн газрын дургүйцлийг хүргэсэн Эдвард Сноудений бичсэн “Permanent record” буюу “Байнгын бичлэг” номыг сонгон уншигчдадаа хүргэхээр шийдлээ.

Энэхүү ном нь хэвлэлтэд гараад гуравхан сар болж буй хэдий ч бестселлэр болж чадсан гайхалтай бүтээл билээ.

Эдвард Сноуден өмнө нь АНУ-ын Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын газарт гэрээгээр ажиллаж байсан нэгэн. Түүний хувьд нууцлалын гэрээгээ үгүйсгэн АНУ-ын Засгийн газартай холбоотой тагнуулын мэдээллийг нээлттэй дэлгэсэн хүн. АНУ-ын Засгийн газрын араанд зуугдсан эл шалтгаан нь түүнийг зарим хүний хувьд улсаасаа урвасан урвагч, зарим хүний хувьд ард түмний баатар болгосон. Энэ тухай сонирхолтой, бодит түүхийг та “Permanent record” номоос унших боломжтой.

Тус ном худалдаанд гарсан өдөр АНУ-ын Засгийн газраас Эдвард Сноуден болон номыг хэвлэн гаргасан компанийг Америкийн төв шүүхэд өгчээ. Үндэслэл нь энэ номыг гаргахаас өмнө АНУ-ын Засгийн газраар хянуулах ёстой байсан гэж тайлбарласан аж. 

"Permanent Record" номыг сонсох: 

Уг ном нь гурван хэсгээс бүрддэг бөгөөд гол санааг тоймлон хүргэж байна. 

Нэг.  Эдвард Сноуден гэж хэн бэ?
 

Тэр АНУ-ын иргэн хэдий ч өнөөдөр улсынхаа хилээр алхах эрхгүй болсон нэгэн. Түүнийг зарим хүн эх орноосоо урвасан гэж харж байхад зарим нь 320 сая Америк иргэнийхээ төлөө Засгийн газрын шударга бус явдлыг гаргаж ирсэн, ард түмний баатар хэмээн үзэх нь бий.

Тэрбээр АНУ-ын тагнуулын төв байгууллагад ажилладаг байсан бөгөөд өөрийн хийхийг хүссэн зүйлдээ бүхнээ зориулдаг нэгэн байжээ. Мэдээж тагнуулын байгууллагад ажиллахдаа тангараг өргөх нь гарцаагүй. Гэвч тангаргаа зөрчин байж ард түмэндээ Засгийн газрынхаа хийж буй буруутай үйл ажиллагааг илчилж чадсан нь гайхалтай. 

Эдвард Сноудений хэлснээр “Би тангаргаа Америкийн Засгийн газар, аль нэг агентлагт нь өргөөгүй. Харин Америкийн нийт ард иргэд болон эх орондоо өргөсөн учраас энэ мэдээллийг ил гаргасан” гэж хэлсэн нь сонирхол татам. Түүний хувьд АНУ-ын жирийн нэгэн гэр бүлд төрж өссөн. Нэг эгчтэй. Аав, ээж нь төрд ажилладаг, өвөө нь харин адмирал хүн байж. Эдвард Сноуден өдгөө 36 настай. Түүнийг хүүхэд байхад нь аав нь нэг компьютер худалдан авч, гал тогооны ширээн дээрээ тавьсан цагаас хойш сонирхол нь тэр чигээрээ өөрчлөгдөж, бүх цагаа компьютер дээр өнгөрөөдөг болсон аж.

Улмаар компьютер хэрхэн ажилладгийг судалж, интернэтээр аялж, өөрийн гэсэн цахим орчныг бүрдүүлж, олж болох ямар л мэдээлэл байна бүгдийг нь олж чаддаг болж, хакерын хэмжээний чадварыг гарамгай эзэмшжээ. 

Хачирхалтай нь тэр хичээлдээ дуртай биш, огт юм ярьдаггүй хүүхэд байсан болохоор багш нь хүртэл гайхдаг байв. 

 

Улмаар тэр сургуулиа төгсөлгүй хаяж, хотынхоо жижигхэн коллежид элсэн оржээ. Цаг хугацаа өнгөрч, амьдралдаа том шийдвэр гаргахад хүчтэй нөлөөлсөн нэгэн үйл явдал болсон нь Америкийн ихэр цамхаг террорист халдлагад өртөж, олон хүн үхсэн хэрэг байв. 

Энэ үйл явдал түүнийг эх орныхоо төлөө сурсан мэдсэн зүйлээ ашиглаад ямар нэгэн юм хийх ёстой болохыг ойлгуулсан гэдгийг тэрбээр уг номдоо бичжээ.

Ингээд зорилгоо биелүүлэхээр Америкийн цэргийн албанд орсон ч гэмтэл авсны улмаас дуусгаж чадалгүй эргэж ирсэн гэдэг. Албаа дуусгаагүй ч компьютерын мэдлэгээ ашиглаад эх орондоо тустай ажил хийхээр шийдэж, улмаар Америкийн төрийн нууцлалтай холбоотой хамгийн том нууц мэдээлэлтэй ажиллах эрхийг авч чадав.

Бүх шалгуурыг давж, тагнуулын газартай хамтран ажилладаг компанид орж ажиллах боломжтой болсон Эдвард Сноуден тухайн үедээ дөнгөж 22 настай байв.

ХОЁР.  Зорилгынхоо төлөө тэмцэгч
 

Түүний ажлын гараа тийм ч дардан байсангүй. ҮАБЗ-ийн нэг төсөл дээр харуул хийхээр болж, баригдаж буй барилгын явцыг хянадаг ажил хийх болов. Эхэндээ үүнийг том ажлынх нь эхлэл гэж бодсон ч өөрийнх нь очих газар биш гэдгийг мэдээд шийдвэр гарган ажлаа сольсон аж. 

Дараа нь Тагнуулын ерөнхий газрын Вашигтон дахь төвд системийн инженерээр орж ажиллажээ. Ороод харсан өөртэй нь адилхан 20 дөнгөж гарсан залуучууд системийн инженер хийж, томоохон байгууллагуудын нууцлалын мэдээлэлтэй харьцдаг чухал албан тушаал хашиж байв. Харин тус газар олон жил ажилласан гэх, насаар ахмад хүмүүс нь компьютерын мэдлэг дутмагаасаа болоод утасны оператор хийж байгааг харсан түүний хувьд олон зүйлийг бодсон гэдгээ номдоо өгүүлжээ.

Хэсэг хугацааны дараа мөн л энэ байдал өөрийнх нь хүсэл биш гэдгийг мэдээд Тагнуулын ерөнхий газрынхаа гадаад дахь салбарыг зорихоор зүтгэдэг. Түүний хүсэл бол дайн болж байгаа газар очиж, суралцах сонирхолтой байлаа. Гэвч Женев хотод томилогдон очсон түүнийг олон улсын байгууллагуудын системд нэвтрэн тагнах, Тагнуулын ерөнхий газрын ажилчдад мэдээлэл цуглуулахад нь туслах үндсэн үүрэгт ажил угтав.

2009 онд мөн л тэр ажлаасаа гарч, Үндэсний аюулгүй байдлын алба буюу NSA-ын IT-ийн мэргэжилтнээр ажиллахаар өргөдлөө өгч тэнцэн, Япон дахь Ази, Номхон далайн төвд нь очиж ажиллалаа. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын газрын төв атлаа мэргэжилтэн дутмаг, мэдээллээ хадгалж байгаа байдал, мэдээллийн аюулгүй байдал зэрэг бүх зүйл нь хангалтгүй байсныг олж харжээ.

Иймээс өөрөө асуудлуудыг шийдэх санаа гарган ажиллаж эхлээд Хонг Конгод нэгэн хуралд илтгэл тавихаар болдог. Тэр илтгэл нь Хятадууд Америкийн оюуны өмч рүү хэрхэн халдаж байгаа тухай байж. Ийнхүү илтгэл тавих болсон тул сэдвээ судлах болов. Харин судалгаа хийх явцдаа тэрбээр Хятадын төр засаг иргэн болгоныхоо үйлдлийг хянадаг гэдгийг олж мэдэх нь тэр. Энэ үед түүнд манай улс /АНУ/ бас ингэж хянадаг юм биш биз гэсэн бодол төржээ.

Америк улс иргэдээ төдийгүй дэлхийн интернэтийн хөдөлгөөний 90 хувийг үйлчилгээгээрээ дамжуулдгийн хувьд дэлхийн бүх хүнийг хууль бусаар тагнаж байгаа юм биш биз гэсэн хардлага ийнхүү төрсөн тул сайн дураараа судалж гарчээ.

Хайлтын үр дүнд өндөр зэрэглэлтэй тайлангийн хуулбар гарч ирэхэд олон нийтэд ил болсон мэдээллээс огт өөр агуулга байх нь тэр.

Уг тайланд 2001 оноос эхлэн АНУ-ын төр засаг иргэн болгоныхоо гар утас, компьютертой холбоотой бүх мэдээллийг цуглуулан хадгалж байдаг программ байгаа тухай бичсэн аж.

Гар утас, компьютер хэрэглэдэг л бол хаана байгааг чинь, хэнтэй, юу ярьсныг чинь, утсаараа юу хайж байсныг нь хүртэл мэддэг. Энэ бүхнийг мэдсэн түүний хувьд хувийн орон зайгүй болсон мэт мэдрэмж төрж, цочирдож, улмаар гүн хямралд орж, татдаг өвчтэй хүртэл болов.

 ГУРАВ: НУУЦЫН МЭДЭЭЛЛЭЭ ОЛОН НИЙТЭД ЗАРЛАСАН НЬ
 

Хэсэг хугацааны эмчилгээний дараа ажилдаа эргэн орохдоо Эдвард Сноуден АНУ-ын Хавай мужид ажлаа эхлүүлдэг. Энэ газар ажиллах үеэрээ өөрийг нь хямралд оруулсан нууцын мэдээллийг дахин нягталж үзэхээр судалгаанууд хийв.

Гэтэл АНУ-ын Үндсэн хуулийн дөрөв дэх нэмэлт өөрчлөлтөд заасны дагуу хувь хүний мэдээлэл болон гэр бүлийн талаар зөвшөөрөлгүйгээр мэдээлэл цуглуулахыг хориглосон байдгийг АНУ-ын Засгийн газар зөрчиж байгааг олж мэдсэн байна.

Энэ тухай шүгэл үлээх хүсэл төрж, яаж үр дүнтэй шүгэл үлээх вэ гэдгээ сайтар бодох шаардлага тулгарчээ. Эцэст нь "хоточ нохой" гэгддэг хэвлэл мэдээллийнхнээс зөвийг нь сонгох шаардлагатайг ойлгож, Засгийн газрыг тагнадаг сэтгүүлчтэй холбоо барьж, мэдээллээ өгөхөөр шийдсэн байна. 

Ингээд хоёр сэтгүүлч рүү холбоо барихаар шийдэж, урт хугацаанд бэлтгэлээ базаан, баримт цуглуулах ажилдаа оров. Гэхдээ түүний алхам бүр нь хянагдаж байгааг мэдэж байсан тул болгоомжтойгоор мэдээллүүдээ цуглуулсан аж. Тэр бүх мэдээллээ цуглуулж дууссан тухайгаа номондоо бичихдээ хүн бүрийг тагнаж чагнаж, хараандаа байлгадаг энэ зүйл нь зөгнөлт зохиолтой хамгийн ойр зүйл байсан хэмээн зүйрлэжээ.  

Ингээд 2013 оны зургаадугаар сарын 2-нд цуглуулсан бүх мэдээллээ аваад өөрийнхөө хаашаа явж байгааг найз бүсгүй, аав, ээждээ ч хэлэлгүйгээр гарч, өнөөх хоёр сэтгүүлчтэйгээ Хонг Конгод уулзалдав. 

Ийнхүү шүгэл үлээсэн анхны мэдээлэл нь 2013 оны зургаадугаар сарын 5-нд сонинд нийтлэгдэж, араас нь цуглуулсан баримтуудаа цаг хугацааны дараалалтайгаар ил болгосноор Эдвард Сноуден АНУ-ын хамгийн том хэрэгтэн болов.

Түүний хувьд олон газар руу дүрвэх хүсэлт гаргасан боловч хүлээж авах газар, улс байсангүй. Хамгийн анх хүлээж авсан газар нь Экватор улс байсан бөгөөд НҮБ-аар дамжуулан зөвхөн агаараар дамжих эрхтэй түр зуурын паспорт өгч явуулжээ. Улмаар Экваторт хүрэхээр Москва, Хавоно, Каракас гэсэн гурван хотоор дамжих хэрэгтэй болов. Ингээд Оросод газардах үед нь түүнд ОХУ хамтарч ажиллах санал тавьсан түүхтэй аж.

Гэтэл тэр "Би бүх мэдээллээ устгачихсан, би хэний ч төлөө ажиллахгүй. Энэ бүгдийг би бүх хүн мэдээсэй гэж хүссэндээ л ил болгосон" гэдгээ хэлжээ. Яг энэ үетэй давхцан АНУ Эдвард Сноудены паспортыг хүчингүй болгож, хаашаа ч нисэх эрхгүй болгосон ажээ. 

Тиймээс тэр онгоцны буудал дээр 40-өөд хоног саатсаны эцэст ОХУ-ын Засгийн газраас түр орогнох бичиг авсан аж. Түүнээс хойш зургаан жилийн турш тэрбээр Москва хотод амьдарч байна. Түүний найз бүсгүй гурван жилийн өмнө Москвад очиж, тэд хоёр жилийн өмнө гэрлэсэн гэдэг.  

Эдвард Сноуден​ эх орноосоо урвагч уу, эсвэл ард түмний баатар уу?