Индэр    
2019 оны 12 сарын 26
Зураг
iKon.mn сэтгүүлч

Мөнгөн дэвсгэртийн насжилт ба монголчуудын мөнгөний соёл

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Мөнгөн дэвсгэрт бол тухайн улсын тусгаар тогтнолын нэгэн илэрхийлэл.

Бидний одоогийн гүйлгээнд ашиглаж буй мөнгөн тэмдэгтийн дүрс, өнгө, хэлбэр хэмжээг хамгийн сүүлд 1993 онд бүтээжээ.

Тодруулбал, 1993 оноос 500, 1,000, 5,000, 10,000-тын дэвсгэртэд Их эзэн Чингис хааны хөрөг, 10-аас 100-тын дэвсгэртэд жанжин Д.Сүхбаатарын хөрөг болон түүхэн болон байгалийн зураг, төрийн туг, соёмбо, үндэсний хээ угалзаар чимэглэсэн бол 20 мянгатын дэвсгэртийг 1995 онд гүйлгээнд нэвтрүүлсэн түүхтэй.

Мөнгөн дэвсгэрт нь өөрөөсөө дор хаяж хоёр дахин өндөр үнээр бүтээгддэг гэдгийг та мэдэх үү?

Мөнгөн дэвсгэртүүдээ манай улс насжилтын хугацаанаас хамааран гаднын улсад захиалгаар хэвлүүлдэг. Ингэхдээ зүгээр ч нэг хэвлээд авчрах биш захиалга, тээвэрлэлтээс эхлээд үе шат бүрт зарим дэвсгэрт нь өөрөөсөө дор хаяж хоёр дахин өндөр зардал гардаг аж.

Захиалга өгөх давтамж нь мөнгөн дэвсгэртүүдийн эдэлгээ, насжилтаас хамаарч харилцан адилгүй гэдгийг онцлох хэрэгтэй.

Гэвч мөнгөн дэвсгэрийн насжилт өмнө нь 3.5-4 жил байсан мөнгөн дэвсгэртийн эдэлгээ даах чанар нь сүүлийн жилүүдэд 2 гаруй жилийн хугацаатай болчихоод байгаа тухай Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Ариун хэлсэн юм.

Мөн тэрбээр “Улс, орнуудын мөнгөн дэвсэртийн насжилтын хугацаа нь ашиглаж буй материал болон цаг уурын нөхцөлөөс хамаарч өөр өөр байдаг. Гэсэн ч эдэлгээ даах дан ганц материалаар дүгнэх нь хэт нэг талыг барьсан ойлголт бөгөөд мөнгөн тэмдэгтийн насжилт богиносоход тухайн улсын иргэдийнх нь соёл, эдэлгээ нөлөөлдөг” гэв.

Хөгжиж буй орны мөнгөн тэмдэгтийн насжилтын хугацаа дунджаар 2-3 жил байдаг бол хөгжсөн улс орных 5-10 жил байдаг гэх судалгаа бий.

Өндөр хөгжилтэй орнуудын хувьд ихэвчлэн полимер, пластик материал ашиглан хийсэн байдаг тул бага бохирддогоос гадна эдэлгээ даах чадвар нь сайн аж.

Монголбанкнаас гаргасан мөнгөний насжилтын судалгаанаас үзэхэд 2.6 жил гүйлгээнд эргэлддэг 1,000 төгрөгийн дэвсгэрт хамгийн богино насжилттайд тооцогддог. Харин 10,000-т, 20,000 төгрөгийн том дэвсгэртүүд хамгийн урт насжилттай гэж үздэг байна.

Бага мөнгөн дэвсгэрт шашны зан үйлд зориулагдаж байна

Монголбанк бол гүйлгээнд хэрэглэх боломжгүй болсон, чанар нь муудсан дэвсгэртийг устгадаг хуулиар олгогдсон эрхтэй цор ганц байгууллага.

Харин устгагдаж буй дэвсгэртийн

  • 75 хувийг хиртэж бохирдсон,
  • 15 хувийг нугаларч тасарсан,
  • 10 хувийг урагдсан дэвсгэртүүд эзэлдэг аж. 

"Устгалд орж буй мөнгөн дэвсгэртүүдийг ажиглахад янз бүрийн байдлаар элэгдэж, асар их хиртсэн, сэмэрч урагдсан дэвсгэрт ирдгээс харахад хүмүүс зориулалтын бус газар мөнгөө хийж явдаг нь харагдаж байна.

Хэрвээ бид мөнгөн дэвсгэрттэй зүй бусаар харьцсанаас болж насжилтын хугацааг бууруулах тохиолдолд үр ашиггүй зардлыг л эдийн засгаасаа гаргаж байна гэсэн үг" гэдгийг албаныхан хэлж байна.

Түүнчлэн бага дүнтэй буюу 100, 50, 20, 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд зарим тохиолдолд уул, овооны ойролцоо харагдах нь элбэг.

Энэ тухай Д.Ариун хэлэхдээ "Бага мөнгөн дэвсгэрт хэрэглэгдэхгүй байгаагийн гол шалтгаан нь бүтээгдэхүүний өртгийн үнэ бага дүнтэй мөнгөн дэвсгэртээр хэмжигдэхгүй байгаатай холбоотой.

Тийм учраас бага мөнгөн дэвсгэртийг шашны зан үйлд иргэд их зориулж байна.

Тухайлбал, уул, хад овоонд өргөх, багц багцаар нь шинэ орон сууцын шав тавих ёслолд зориулж газарт булах тохиолдлууд сүүлийн үед гарах болсон нь харамсалтай.

Гэвч мөнгөн тэмдэгт нь зөвхөн гүйлгээнд хэрэглэгдэх л зориулалттай. Үүнээс өөрөөр ашиглахыг хориглосон хуулийн зохицуулалт ч бий" хэмээн онцлов.

Иймд аль болох мөнгөн дэвсгэртийг зориулалтын газар буюу түрийвчид эсвэл цахим гүйлгээний хэрэглээ эрс нэмэгдсэн энэ үед картдаа хадгалах хэрэгтэй болов уу.

Бэлэн бус төлбөр тооцооны систем нь бэлэн мөнгийг орлож, улмаар дэвсгэртийн дундаж насжилтад эергээр нөлөөлдөг аж.

Сүүлийн үед бэлнээр гүйлгээ хийх байдал нь харьцангуй багассан. Энэ нь нэг талдаа бэлэн мөнгөний насжилтад нөлөөлөх сайн үзүүлэлт гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг.

Харин төлбөрийн картын хэрэглээний тоо хүн амынхаа тооноос давсан өндөр үзүүлэлттэй байгаа. Ялангуяа пос машинаар хийсэн гүйлгээ эрс нэмэгджээ.

Тухайлбал, Монголбанкны улирал бүр гаргадаг төлбөрийн системийн тайлангаас үзэхэд, 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 3.6 сая карт хэрэглэгдэж байгаагаас 1.5 сая нь идэвхтэй хэрэглэгдэж байна. 

График 1, Хэрэглэгчдийн идэвхтэй ашиглаж буй төлбөрийн картын тоо, 2016-2019 оны II улирал

Эдгээр картын 2.3 сая нь Улаанбаатар хотод ашиглаж байгаа бол үлдсэн нь аймаг орон нутагт ашиглаж байгааг Монголбанкны тайлангаас харж болно.

Төлбөрийн хэрэгслээр илгээсэн гүйлгээний тоогоор ч картаар хийсэн төлбөр давамгайлах болжээ.

2019 оны II улирлын байдлаар 3.5 сая удаа бэлэн мөнгөөр гүйлгээ хийсэн бол 30.3 сая удаа интернэт банкаар, 23.9 сая удаа мобайлаар, 106.2 сая удаа төлбөрийн картаар гүйлгээ хийжээ.

График 2, 2019 оны II улирлын байдлаар төлбөрийн хэрэгслээр илгээсэн гүйлгээний тоо (мянган ширхгээр)

Тухайлбал, өдөрт л гэхэд төлбөрийн хэрэгслээр илгээсэн гүйлгээний 50-аас илүүг төлбөрийн картаар хийсэн гүйлгээ эзэлж байна.

График 3, 2019 оны II улирлын өдөрт төлбөрийн хэрэгслээр илгээсэн гүйлгээний тоо (мянган ширхгээр)

Иргэд цахим гүйлгээг түлхүү хэрэглэж хэвшсэн ч мөнгөн дэвсгэртийн насжилт богиноссон нь манай улсад мөнгөний хэрэглээний соёл төлөвших болоогүйг дээрх тайлангийн статистик харуулж байгаа юм.

Гэтэл мөнгөн дэвсгэртийн соёлгүй хэрэглээ нь эргээд улс орны эдийн засгаас үр ашиггүй зардал гарч, хохирол учрахад хүргэж байдаг байна.