Индэр    
2019 оны 12 сарын 21
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 43: "ҮЛ ҮЗЭГДЭГЧ" эмэгтэйчүүд

Зураг

Эмэгтэйчүүд бол асар өндөр мэдрэмжтэй хүмүүс бөгөөд аливаа асуудлыг олон талаас нь хардаг байна. Орчин үед эмэгтэйчүүдийн тэгш эрхийн талаар олон улс, орнууд хөндөх болсон.

Гэтэл бидний огт анзаараагүй үйлдлүүд, чухал шийдвэрүүд зарим тохиолдолд эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байдаг аж.

Ингээд Unlock подкастын бичмэл хөрвүүлгийн ээлжит дугаараараа бид 2019 оны гуравдугаар сард хэвлэгдэн гарсан зохиолч Кэролайн Криадо Пересийн “Invisible women” буюу “Үл үзэгдэгч эмэгтэй” цоо шинэ номыг хүргэж байна.

НОМЫН ТУХАЙ #UNLOCK ПОДКАСТЫГ ШУУД СОНСОХ:

Энэхүү ном нь өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүд хүйсийн тэгш бус байдалд хэрхэн өртөж буй тухай тал бүрийн өнцгөөс, олон баримттайгаар бичигдсэн учраас дан ганц эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдийн нүдийг ч нээсэн ном болсон хэмээн мэргэжлийнхэнд үнэлэгдээд байгаа юм.

"Эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралд тохиолддог энгийн зүйлс ч тэгш бус"
 

Ихэнх улс оронд цас орох бүрт хамгийн түрүүнд автомашины замын цасыг цэвэрлэдэг. Гэвч тэрхүү арга барил нь хүйсийн эрх тэгш байдлыг хангаагүй гэдгийг анх Шведийн нэгэн хотод хийсэн туршилтаар дүгнэжээ.

Тодруулбал, цас орсон үед эрэгтэйчүүд л ажилдаа түрүүлж очоод байсан нь анзаарагдсан байна.

Франц улсад нийтийн тээврээр зорчигчдын 3/2 нь эмэгтэй хүмүүс байдаг бол АНУ-ын Чикаго хотын хувьд нийтийн тээврээр зорчигчдын 64 хувь нь эмэгтэй хүмүүс байдаг аж.

Бусад олон хотуудын судалгаанаас харахад ч нийтийн тээврээр эмэгтэй хүмүүс зорчих магадлал өндөртэй бөгөөд дугуй унадаг гэж тодорхойлжээ.

Харин эмэгтэйчүүд ажилдаа явахын хажуугаар хүүхдээ сургуульд нь хүргэх, авах, настай хүмүүсийг асрах гэх мэт ажил амжуулдаг бол эрчүүд нийтийн тээврээр үйлчлүүлэх нь бага бөгөөд тэд зөвхөн гэр, ажил гэсэн маршрутаар өдөр бүр явдаг аж.

Тиймээс цас орсон үед автомашиныхаа замыг түрүүлж цэвэрлэх нь эрэгтэйчүүдэд илүү ашигтай гэж судлаачид үзэж, их ажил амжуулдаг эмэгтэйчүүдийн явдаг явган хүний зам, нийтийн тээврийн зорчих замыг түрүүлж цэвэрлэдэг болгосон байна.

Замын цасыг түрүүлж цэвэрлэх нь энгийн нүдээр харахад хүйсээр ялгаварлан гадуурхаж буй зүйл огтхон ч биш. Харин энэ нь цаагуураа, далд хэлбэрээр ялгаварлан гадуурхсан, хүйсийн эрх тэгш байдлыг хангаж чадаагүй зүйл гэдгийг үүгээр илэрхийлжээ.

Үүний учрыг зохиолч замын цас цэвэрлэх, нийтийн тээврийн хэрэгслийн байгууллагууд ихэвчлэн эрэгтэй хүмүүсээр удирдуулсан байдаг хэмээн тайлбарласан байна.

Эмэгтэйчүүдэд ариун цэврийн өрөө хүрэлцдэггүй
 

Европын орнуудад хүйсээр ялгасан ариун цэврийн өрөөг бус бүгд хэрэглэх боломжтойг нь илүүд үзэх болжээ. Энэ нь ЛГБТ хүмүүсийн тэгш эрхийг хангахын тулд гэнэ.

Нөгөө талаар хүйсээр ялгасан ариун цэврийн өрөө нь эмэгтэйчүүдэд хүрэлцдэггүйтэй холбоотой аж.

Тодруулбал, Үзвэр, үйлчилгээний газрын эмэгтэйчүүдийн бие засах газар үргэлж урт дараалалтай байдаг. Үүнтэй ч эмэгтэйчүүд эвлэрсэн бөгөөд ариун цэврийн өрөө орохдоо хүлээх бэлтгэлтэйгээр цагаа товлодог нь нууц биш юм.

Үйлчилгээний байгууллагууд ариун цэврийн өрөөний талбайг ажил хэмжээтэйгээр хуваарилсан байдаг.

Харин эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд хоёр төрлийн суултуур олныг багтаах боломжтой байдаг аж. Энэ нь эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний суултуур эрчүүдийнхээс харьцангуй бага тоотой гэсэн үг.

Түүнээс гадна эмэгтэйчүүд нүүрээ будах, толинд харахыг оруулахгүйгээр эрчүүдээс илүү 2.3 дахин удаан бие засах газрыг хэрэглэдэг болох нь судалгаагаар тогтоогджээ.

Шалтгаан нь биологийн асуудалтай холбоотой бөгөөд төрөлтийн дараа шээсний суваг нь суларсан байдаг хэмээжээ. Түүнээс гадна тэд ариун цэврийн өрөөнд орохдоо үргэлж хүүхдээ, асарч буй ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүндээ туслахын тулд хамт орох нь элбэг аж.

Энэ мэт маш олон шалтгааны улмаас дэлхийн аль ч улсад эмэгтэйчүүдэд хангалттай ариун цэврийн өрөө байдаггүй гэж номд өгүүлсэн байна.

Ажлын байран дахь тэгш бус байдал
 

Ажлын байрыг энэхүү номд хоёр янзаар тодорхойлсон байдаг. Нэг нь цалинтай буюу мэргэжлийн ажил бол нөгөө нь гэрийн ажил юм.

Судалгаагаар дэлхий дээрх үнэ төлбөргүй ажлуудын 75 хувийг эмэгтэйчүүд хийдэг хэмээн дүгнэжээ.

Эмэгтэй хүн өдөрт дунджаар 3-6 цагийг үнэ төлбөргүй буюу гэрийн ажилд зарцуулдаг бол эрчүүд хамгийн ихдээ хоёр цагийг л зарцуулдаг аж.

Гэрлэснээс хойш эмэгтэйчүүдийн гэрийн ажил хийх хугацаа нэмэгдэж эрчүүдийнх багасдаг аж.

Өөрөөр хэлбэл, гэрлэсэн эмэгтэйд 7 хоногт, долоон цагийн ажил автоматаар нэмэгддэг. Гэхдээ энэ бол хүүхэд төрүүлэхээс өмнөх хугацаа гэдгийг сануулах хэрэгтэй болов уу.

Энэ мэтээр эмэгтэйчүүд ачаалал нэмэгдсэнээс болж эрүүл мэндийн хувьд ч өөрчлөлтүүд гардаг.

Тухайлбал, гэрлэсэн эмэгтэй ямар нэг хагалгаанд орсны дараа тэнхрэх хугацаа удаан байдаг бөгөөд тэд хэвтрийн дэглэмтэй байсан ч гэрийн ажилдаа санаа тавьсаар байдаг гэж номд бичсэн байна.

Түүнчлэн үнэ төлбөргүй бүх аар саар ажлуудыг эмэгтэйчүүд үүрдгээс шалтгаалан эмэгтэйчүүд өөрийн үндсэн ажлаа олон цагаар сайн хийж чаддаггүй.

Зохиолч ч эмэгтэйчүүдийг "Маш их ажилтай, завгүй байдаг учраас илүү цагаар ажиллах нь эрүүл мэндэд эрсдэл авирна. Тиймээс аль болох бага цагаар ажиллах хэрэгтэй" хэмээн зөвлөжээ.

Харин эрчүүдийн хувьд өдөрт 11 цаг ажилласан ч эрүүл мэндийн хувьд ямар нэг эрсдэл үүсдэггүй.

Хамгийн сонирхолтой нь энэхүү номд эрчүүдийг илүү цагаар ажиллах тусам зүрхний болон уушгины архаг өвчнөөр өвдөх магадлал нь багасдаг хэмээн харьцангуй тайлбарласан байна.

Эмэгтэйчүүдийн IQ эрчүүдийнхээс муу юу ?
 

Бид багаасаа эмэгтэйчүүд эрчүүдээс IQ-н хувьд муу гэсэн ойлголттой байдаг. Энэ нь ажлын байр дээр ихээр илэрдэг. Одоог хүртэл олон салбарт зөвхөн эмэгтэй гэдгээс нь шалтгаалж доромж өнгө аястай харьцах хандлага байсаар байгаа тухай зохиолч өгүүлжээ.

Энэ бүхэн сургуулийн сурах бичигтэй холбоотой аж. Учир нь сурах бичигт гарч буй эрдэмтэд нь үргэлж эрэгтэй хүмүүс байдгаас гадна зарим тохиолдолд эрэгтэй хүн эмэгтэйчүүдээс илүү гэсэн агуулга зүйлс байдаг гэнэ.

14 настай хүүхдүүдийг эрдэмтэн зур гэхэд эмэгтэй хүн зурах тохиолдол нь дөрөв дахин бага байжээ.

Зарим салбарт ч эмэгтэйчүүд бага байгаа нь ажиглагддаг. Тухайлбал, IT инженер, барилгын инженер гэх мэргэжлүүдийг шууд л эрэгтэй хүний мэргэжил гэсэн ойлголт дэлхий нийтээр давамгайлж байна. Гэтэл IT  салбарыг анх үүсгэсэн хүмүүс нь эмэгтэйчүүд төдийгүй 1946 онд дэлхийн анхны компьютерыг зургаан эмэгтэй хүн бүтээсэн.

Харин энэ салбарыг илүү ирээдүйтэй гэдгийг нийгэм мэдсэн даруйдаа зориуд эрэгтэйчүүдийг ихээр сургах бодлого барьж, илүү боломж олгосноос болж өнөөдөр IT салбарт эрэгтэй хүмүүс давамгай байгаа аж.

Тэгвэл эрэгтэйчүүд үнэхээр эмэгтэйчүүдээс илүү болохоороо давамгайлж байна уу ? Энэ асуултад зохиолч хариулахдаа эмэгтэйчүүд өөрсдийгөө үргэлж дарж, өөртөө бага итгэдэгтэй холбоотой.

Учир нь эмэгтэй хүн өөрийнхөө хийж чадах зүйлийг илүү бодитойгоор дүгнэдэг.

Зарим ажлын байр эмэгтэйчүүдэд зориулагдаагүй
 

Эмэгтэйчүүд сүүлийн үед биеийн хүч шаардах, асрах үйлчилгээ, зөөгч гэх мэт үйлчилгээний салбарт илүү давамгайлах болжээ.

Үйлчилгээний салбар нь өөрөө хүнд хүчний барилга уул уурхайн салбараас илүү хөгжиж байна.

Гэтэл эрчүүд голчлон ажиллах уул уурхай барилгын салбарт аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт арга хэмжээ их байдаг мөртлөө үйлчилгээнд ажиллаж буй эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах асуудал цөөн яригддаг хэмээн зохиолч шүүмжилжээ. 

Мөн зарим дүрэмт хувцсыг эрэгтэйчүүдэд зориулж хийжээ. Тухайлбал, АНУ-д цагдаагийн эмэгтэй алба хаагчийн дүрэмт хувцас нь хэт хөхийг нь дарж, хөдөлгөөн хийхэд саад болж байсан учраас ажлаа хаяхгүйн тулд хөхөө багасгах хагалгаанд ч орж байсан тохиолдол бий гэжээ.

Дизайнд хүйсийн эрх тэгш байдал хэрхэн нөлөөлөх вэ ?
 

Газар тариаланд хэрэглэгддэг анжис гэх багаж нь дизайны хувьд зөвхөн эрэгтэйчүүдэд зориулагджээ. Анжис нь эрэгтэйчүүдэд илүү эвтэйхэн, мөн газар тариалангийн нэг дэвшил боловч эмэгтэйчүүдэд зориулагдаагүй хэмээжээ. Гэсэн хэдий ч дэлхий нийтэд эмэгтэйчүүд газар тариалангийн ажилд маш ихээр оролцдог байна.

Түүнээс гадна технологийн салбарт гарч буй хүйсийн эрх, тэгш бус байдал нь сүүлийн үеийн гар утаснуудын хэмжээ том байгаатай холбоотой.

Технологийн салбарт ихэвчлэн эрэгтэйчүүд ажилладаг учраас ухаалаг утасны хэмжээг том болгож байгаа тухай энэхүү номд өгүүлдэг.

Уг нь статистик судалгаанаас харахад эрэгтэй хүний гар эмэгтэйчүүдийнхээс 20 хувь том байдаг. Тиймээс гар утасны хэмжээ томорсоор байгаа нь эмэгтэйчүүдэд тохиромжгүй гэсэн байна.

Энэ талаар технологийн салбарын зарим үйлдвэрүүд эмэгтэй хүмүүс цүнхэндээ хийгээд аваад явчих учраас "Зүгээр" гэсэн хариултыг өгчээ.

Гэтэл гар утсанд байдаг алхалт хэмжигч гэх мэт зарим аппликейшнүүд цүнхэнд бас биед авч явахад үйлчилдэг гэж зохиолч шүүмжилжээ. Түүнчлэн интернэтэд тавигдсан удирдах албан тушаалтнуудыг google.ээс хайхад ердөө 10 хувь нь эмэгтэй хүний зураг байдаг гэнэ.

Анагаах ухааны салбарт зөвхөн эмэгтэй хүнд тохиолддог зарим өвчнийг эрэгтэйчүүд буруу оношлох магадлал их.

Мөн Америкт худалдаанд гарсан ч зах зээлээс шахагдсан эмүүдийн 80 хувь нь эмэгтэйчүүдэд сөрөг нөлөө үзүүлсэн учраас хасагджээ.

Үүний учир нь эрдэмтдийн эмийн шинжилгээндээ туршиж байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь эрчүүд байдаг. Эмэгтэй хүмүүс дээр эмийн шинжилгээ явуулдаггүй шалтгаан нь эмэгтэй хүмүүсийн бие организм хувирамтгай, олон шинж тэмдэг илэрдэг учраас зардал ихтэй гэж үздэг гэнэ.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо чухал
 

2016 онд АНУ-ын сонгууль нэр дэвшсэн Хиллари Клинтон “Намайг эмэгтэй учраас сонгох хэрэгтэй” гэсэн утгатай зүйл хэлэхэд ихэнх хүмүүс шүүмжилсэн.

Харин зохиолч Кэролайн Криадо Перес түүнийг эмэгтэй болохоор нь сонгох ёстой байсан хэмээн үзэж байна. Учир нь эмэгтэй хүмүүс ажлыг илүү үр дүнтэй хийдэг аж. Тухайлбал, улс хоорондын маргаан, сөргөлдөөн болж энх тайван алдагдахад эмэгтэйчүүд хэлэлцээрийн түвшинд эрчүүдээс илүү сайн үүрэг гүйцэтгэдэг.

Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцохгүй байх нь чухал асуудлуудыг орхигдуулах магадлал өндөр хэмээн номд өгүүлжээ.