Индэр    
2019 оны 12 сарын 19
Зураг
Freelance journalist

БҮДҮҮЛЭГ УЛС ТӨРЧИД ХЭН БЭ?

Зураг
  • 2019 он дөнгөж гараад хурдан морь хөлслөх үеэр 10 настай хүүхэд мориноос унаж нас барсан, мөн 1 сарын 18-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд болсон уралдаанд хүүхэд мориноос унан ноцтой бэртэж гэмтлийн эмнэлэгт ухаангүй ирсэн талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлжээ.
     
  • 2017 онд хурдан морины уралдааны явцад нийт 629 хүүхэд мориноос унаж, үүнээс гэмтэл авсан 169 байгаагаас гурван хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр хүүхэд амь насаа алдсан.
     
  • 2016 оны гуравдугаар сарын 5-нд мориноос чирэгдэн дөрвөн хуруугаа тайруулсан хурдан морины унаач  хүүхэд  450,000 төгрөг даатгалын компаниас авжээ.
     
  • 1996-2016 оны хооронд нийт 35 хүүхэд амь эрсэдсэн байж болзошгүй юм. Унаач хүүхэд амь эрсэдсэн тохиолдлыг хууль хяналтын байгууллага шалгадаггүй, эрүүгийн хэрэг үүсгэдэггүй байна.

​1996-2016 оны хооронд нийт 35 хүүхэд амь эрсэдсэн байж болзошгүй юм. Унаач хүүхэд амь эрсэдсэн тохиолдлыг хууль хяналтын байгууллага шалгадаггүй, эрүүгийн хэрэг үүсгэдэггүй байна.

Сүүлийн үеийн мэдээллээр, УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр "Ерөөл өргөх" хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулна. Энэ уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан арван дөрөв буюу түүнээс дээш насны хүүхэд унана" заалтыг оруулж, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлэг хийж, хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.

Хаврын уралдаан нь хүүхдийн эрүүл байх, сурч боловсрох, хамгаалагдах гээд бүхий л эрхийг зөрчдөг, мөн хүүхэд мориноос унаж амь насаа алдсан тохиолдолд хариуцлагыг хүлээлгэх  хууль эрх зүйн орчин бүрдээгүй төдийгүй хаврын уралдаан нь ашиг олох зорилготой хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийн нэг хэлбэр болохыг судалгаагаар тогтоосон юм. Унаач хүүхдүүд толгойн гэмтэл, ясны хугарал, хөлдөлт осголт, амьсгалын замын өвчин, дотор эрхтний доргилт өвчлөлт, нүд, сэтгэлзүйн эрүүл мэндээрээ дэнчин тавин уралдаанд оролцдог ажээ. Хаврын уралдааны үеэр хүүхдүүд хичээлээсээ хоцрогдож, зарим нь бүр мөсөн сургуулиасаа гаран айлд мал маллан амьдардаг байна.

Унаач хүүхдүүдийн  эрхүүд ноцтойгоор зөрчигдөж байгаа бөгөөд энэхүү зөрчлийг хууль тогтоогч болон хэрэгжүүлэх ёстой субъектүүд өөрсдөө зөрчиж байна.

Унаач хүүхдийн эрхийг хамгаалах талаарх Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон Олон улсын эрх зүйн зохицуулалт

Олон Улсын Гэрээ

  • Хүүхдийн эрхийг хамгаалах тухай НҮБ-ын 1989 оны Конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 6-р зүйлд "Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана," 24-р зүйлд "Оролцогч улсууд хүүхдийн эрүүл мэндийг хохироох уламжлалт дадлыг устгах зорилгоор үр нөлөөтэй, зохистой бүх арга хэмжээг авна" гэж тус тус заажээ. 32.1-д “Оролцогч улсууд эдийн засгийн мөлжлөгөөс хамгаалуулах, хүүхдийн эрүүл мэнд, бие бялдар, оюун ухаан, сэтгэл санаа, ёс суртахуун, нийгмийн хөгжилд аюултай, боловсрол эзэмшихэд нь саад болох ажил эрхлэхээс хамгаалуулах эрхийг хүлээн зөвшөөрнө” гэж заажээ.
     
  • Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ОУХБ/-ын 1999 оны 182 дугаар конвенцийн 7 дугаар зүйлийн 2-т “…хүүхэд тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлэхээс сэргийлэх”, “хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр” гэдгийг “ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх ажил” гэж заажээ.

Хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангалгүйгээр, эрүүл мэндэд нэн аюултай, сурч боловсроход нь саад хийхүйц төрийн зохион байгуулсан уралдаанд хүүхдийг оролцуулан, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж байгаа нь харагдаж байна.

Энэ талаар Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Конвенц, Зөвлөмжийн хэрэгжилтийн шинжээчдийн хорооноос Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай 182-р конвенцын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн шууд хүсэлтэд уралдааны морь унах нь хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд аюултай буюу осолтой гэдгийг дурьдаад, Монгол Улсын Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдүүдийг морь уралдаанчаар ажиллуулахгүй байх тал дээр анхааран дорвитой арга хэмжээ авахыг хүссэн байна.

Хүүхдийн Тэвчишгүй Хөдөлмөрийн Үндэсний Сүлжээний төлөөлөгч Ц.Баттуяа хэлэхдээ, унаач хүүхдүүд ихэвчлэн ядуу айлын хүүхдүүд бөгөөд, зарим тохиолдолд энэ спорт руу хүчээр түлхэгдэн орж хөдөлмөрийн мөлжлөгийн хохирогч болдог байна. 

Үндсэн Хууль:

  • Үндсэн хуулийн 16-р зүйлийн 11-т "гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална"
     
  • Үндсэн хуулийн 10-р зүйлийн 2-т "Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлнэ"
     
  • Үндсэн хуулийн 19-р зүйлийн 1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”

Эдгээр заалт ёсоор төр иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Үндсэн хуулийн 16-р зүйлд заасан “амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, сурч боловсрох” гэсэн эрхүүдээ унаач хүүхдүүд эцэг эх, уяач, төрөөр зөрчүүлсээр байна.

Хүүхдийн эрхийн тухай хууль:

  • Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах”,
     
  • 5.2-д, зааснаар “эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах” эрхтэй,
     
  • 7-д зааснаар “аж ахуйн нэгж, байгууллага хүүхдийг албадан ажиллуулах, ёс суртахуун, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон.”
     
  • 8.1-д, “ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно”
     
  • 10.1-д зааснаар эцэг эх “хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах” үүрэгтэй
     
  • 12.1.7-д зааснаар “Засгийн газар онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журам батлах, шаардлагатай арга хэмжээ тухай бүр авах”,
     
  • 21.6-д “Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар Олон Улсын байгууллагаас ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар зохион байгуулна” гэж тус тус заажээ.

Хүүхэд хожим гарах үр дагаврыг тооцоолон шийдвэр гаргах боломжгүй учраас эцэг эх нь дээд ашиг сонирхлыг харгалзан үзэж хүүхдийг хамгаалах урьдчилан  сэргийлэх хуулийн үүрэгтэй. Гэтэл үүний яг эсрэгээр, мэдсээр байж хүүхдийг аюултай уралдаанд оруулж, албадан хөдөлмөрлүүлж сургуулиас завсардуулсаар байна. Төр хүүхдийн язгуур эрхийг дээдлэхгүй, олон улсын байгууллагаас ирүүлсэн дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байгаа нь уралдаанууд болсоор, хүүхдүүд гэмтсээр, амиа алдсаар байгаагаар харагдана.

Унаач хүүхдийн  эрхийн тухай олон улсад төстэй кэйс

1970-аад оноос Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-д тэмээ унаач хүүхдүүдийг Оман, Судан, Пакистанаас авчруулдаг байжээ.

Олон жил өнгөрсөөр тэмээний уралдааны уламжлал нь олон сая доллар эргэлдсэн улс төр орооцолдсон том бизнес болж хувирав. 4-10 насны эрэгтэй тэмээ унаач хүүхдүүдийг хөнгөхөн жинтэй байлгахын тулд албаар бага хооллодог байжээ. Унаач хүүхдүүд энэхүү аюултай уралдааны үеэр гэмтэх, амиа алдах тохиолдлууд гарсаар байв. Өөр орноос ирсэн унаач хүүхдүүд сургуульд сурах боломжгүй, тэмээний фермээс өөр амьдрал мэдэхгүй цагийг өнгөөрөдөг аж.

1980 оноос хойш АНЭУ нь “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай 1989 оны конвенцод, “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллага  182 дугаар конвенцод нэгдэн орсон, хөдөлмөрийн доод насны хэмжээг үндэсний хууль тогтоомжоороо 15 нас гэж заасан боловч тэмээний уралдааныг зогсоож чадахгүй л байлаа. 2002 онд АНЭУ 45 кг-аас доош жинтэй юмуу 15-аас доош настай хүүхдийг тэмээ унаач хүүхдээр ажлуулахгүй байх талаар тусгай хууль гаргасаны дараа Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас 18 нас болгохыг шаарджээ.

Абу Дабигийн нэгэн яамны сайд хэлэхдээ “Бид энэ асуудлыг хүүхдийн эрх зөрчсөн гэж үзэхгүй байна, эцэг эх нь зөвшөөрсөн, дэмжиж байгаа, бид соёл уламжлалаа хадгалж байна.”  2005 оноос ерөнхий сайд нь доод насыг 16 болгож,  НҮБ-ийн хүүхдийн сан, АНЭУ-ын дотоод хэргийн яамтай 2.7 сая долларыг гэрээ байгуулж тэмээ унаач хүүхдүүдийг эх орон руу нь буцаах хөтөлбөр хэрэгжүүлжээ. Мөн оны дунд үеэс тэмээ унаач хүүхдийн доод насыг 18 болгон өндөрсгөж, хууль зөрчсөн этгээдийг 3 жилийн хорих ял, 13670 долларын торгууль төлүүлэх хатуу хууль гаргав. 2005 оны 9 дүгээр сараас нь роботоор тэмээ унуулан уралдуулдаг болжээ.

Манай улстай адил зүйл нь юу вэ гэвэл  уламжлал ярьж хүүхдийг тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж, эрүүл мэндийг хохироож байжээ. Гэхдээ 15 жилийн өмнө л хүүхдээр унуулахаа болиулж роботоор унуулдаг болж чадсан байна. АНЭУ нэгдэн орсон Олон улсын конвенцийн үүргээ биелүүлж, шаардлагыг хүлээн авч хатуу санкцтай хууль гарган уламжлал, эрх мэдэл, мөнгө сүлбэлдсэн энэхүү уралдааныг зохицуулж чаджээ.

Монголын хурдан морины унаач хүүхдийн эрхийн эрх зүйн орчны байдал

ТББ-ууд нэгдэн засгийн газрыг шүүхэд өгч гурван шатны шүүхэд ялснаар 2018 оны 1 сард Засгийн газар жил бүрийн 10 сарын 1 нээс 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдаан бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх тогтоол гаргасан билээ.

Гэтэл арай хийж урагшлуулсан нэг алхмыг хойш татахаар санаархаж байгаа нэр бүхий улс төрчид хэн бэ?

Орчин цаг үе ирчихээд байхад ийм хуучинсаг бүдүүлэг зүйл санаачилсаар, өөрсдийн ашиг сонирхлын төлөө хүүхдүүдийн амь нас эрүүл мэндийг хайхрахгүй, хууль тогтоомж, хүний эрх, гэрээ конвенцийн талаар ямар ч мэдлэггүй байгаа хүмүүс хэн бэ?

2017 оны жилийн эхэнд “Al Jazeera” олон улсын хэвлэл мэдээллээр, Монголын улс төрчид 654 хурдан морь эзэмшиж байгааг мэдээлжээ. Энэ асуудлыг зөв цэгцтэй хуульчлахгүй, хариуцлагын систем байхгүй байгаа нь улс төрийн ашиг сонирхол хутгалдсантай холбоотой гэдэг нь дээрх тоо баримтнаас ойлгомжтой харагдаж байна.

Манай Улс хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын гэрээ конвенцод нэгдэн орсон боловч үүний дагуу дотоодын хууль тогтоомжоо боловсронгуй болгох үйл ажиллагаа төдийлөн бүрэн хангагдаагүй байна.

Хурдан морины унаач хүүхдүүдийн эрхийн асуудал дээр сүүлийн 10 жилийн хугацаанд тэднийг хамгаалах хувцас хэрэгслээр хангах, даатгах, доод насны хягзаарыг өндөрсгөх, хаврын уралдааныг хориглох гэх мэт ахиц дэвшлүүд эрх зүйн орчинд  гарсаар байгаа нь сайшаалтай.

Гэхдээ, хүүхдүүд гэмтэж бэртэж амь насаа алдсаар байгаа нь дэндүү өндөр үнээр хадгалагдаж буй уламжлал гэлтэй.

Хэрвээ энэ уламжлалыг эвдэж хүүхдээр морь унуулахаа бүр больчихвол дагаад гарах нийгмийн сөрөг үзэгдлүүд олон байгааг морин спорт уяачдын холбооноос сануулсаар ирсэн. Саад бэрхшээлээс нь айгаад байвал аливаа зүйл шинэчлэгдэж сайжирч өөрчлөгдөх боломжгүй. Ялангуяа хүүхдийнхээ амь нас эрүүл мэндийг Монгол Улс ямар ч уламжлалын дээгүүр тавих ёстой. Орчин цаг үе ирчихсэн байхад хүүхдийн эрх ийм наад захын байдлаар зөрчигдөн, хоцрогдолтой яваа нь нийт ард иргэдийн хүний эрхийн тухай ойлголт боловсрол доогуур байгаатай холбоотой болов уу.

 

 

 



Ашигласан материал:

  • ГБХЗХГ-ын мэдээллийн сан
  • “Монгол Улс дахь хүүхдийн эрхийн нөхцөл байдлын үнэлгээ” 2018 Save The Children, 155
  • “Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд” 2008
  • НҮБ-ын Хүүхдийн Сан, Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх, 2015
  • НҮБ-ын Хүүхдийн Сан, Starting Over, children return home from camel racing 2006
  •  https://www.unicef.org/infobycountry/files/StartingOver.pdf
  • Хүний Эрхийн Үндэсний Комисс, “Хурдан морь унаач хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаарх судалгааны удирдамж тайлан” 2006
  • “Хүний Эрхийн Үндэсний Комисс, Хурдан морины уралдааны явцад мориноосоо унаж амь эрсэдсэн хүүхдийн судалгаа,” 2006
  • Улсын дээд шүүхийн тогтоол