2019 оны 12 сарын 19
Зураг
Entrepreneur

Дэлхийн Монгол мэргэжилтэн

Боловсрол ТВ, Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын Horizon лоунжтай хамтран бэлтгэдэг Синдикат ярилцлагын тусгай дугаарын энэ удаагийн хүндтэй зочноор Гааг хот дахь олон улсын эрүүгийн шүүхийн ахлах өмгөөлөгч Н.Орчлон уригдлаа. Бид Монгол залуус олон улсад карьер хийхийн ач холбогдол, хэрхэн дэлхийн шилдэг мэргэжилтэн болох талаар ярилцлаа.

В.Ганзориг: Онгоцноос буумагцаа манай нэвтрүүлгийг шууд зорин ирсэн танд талархаж байна. Монгол залуусыг олон улсад өрсөлдөх чадвартай дэлхийн шилдэг мэргэжилтэн болгох тухай ярилцъя. Олон улсад гарсан өөрийн түүхээ үзэгчидтэй хуваалцана уу?

Н.Орчлон: Намайг нэвтрүүлэгтээ урьж оролцуулж буйд баярлалаа. Би Монголдоо хууль зүйн анхан шатны боловсрол эзэмшсэн. Хуучнаар Цагдаагийн дээд сургууль, одоогийн Хууль сахиулах их сургуулийг төгсөөд цагдаагийн мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад АНУ руу хуулийн магистрын зэрэг хамгаалахаар явсан.

АНУ-д суралцах хугацаандаа өмгөөлөгчийн туслахаар ажиллан дадлагаа хийж байлаа. Монголдоо ирээд өмгөөлөгч, олон улсын байгууллагуудад хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад мэргэжлээрээ олон улсын төвшинд гарах ёстойг ойлгосон. Би эрүүгийн чиглэлийн хүн. Тэр шугамаар олон улсын төвшинд ажил хайж байгаад Гааг хотод байдаг орон улсын эрүүгийн шүүх дээр ажлын байр зарлагдсаныг олж мэдсэн.

Энэ ажлын байранд хандаж материалаа явуулж эхний шатанд нь тэнцээд, утсаар мөн Гааг хотод очин хоёр удаагийн ярилцлагад нь орж шалгуурыг нь даван өмгөөлөгчөөр ажилд орсон. Одоо нийт 14 жил тэндээ хохирогчийг өмгөөлөх албанд ахлах өмгөөлөгчөөр ажиллаж байна.

В.Ганзориг: Олон улсын төвшинд ажиллах шийдвэр гаргахад танд юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ? Яагаад Монголдоо мэргэжлээрээ карьер хийгээд ажиллаж болохгүй байсан гэж?

Н.Орчлон: Хэд хэдэн шалтгаан бий. Би АНУ-д хуулийн сургууль төгссөн англи хэлтэй хуульч. Монголтой хөгжлөөр ойролцоо улсуудын англи хэлтэй хуульчид олон улсын төвшинд ажиллаад болоод байхад би яагаад ажиллаж болдоггүй юм гэж эхэлж бодсон.

Хоёрт, Америкт эзэмшсэн хуулийн боловсролоо Монголынхоо хууль, шүүхийн системд би ашиглаж чадахгүй байсан. Энд хууль, эрх зүйн системийн зөрүү нөлөөлсөн. Энэ зуур би улам их зүйл сурч, олон улсын хүний эрхийн тухай гүнзгийрүүлэн судлах, гадаад хэлээ сайжруулах, ялангуяа мэргэжлийн франц хэл сурах ёстой гэдгээ ойлгосон.

Энэ бүхнийг сурах гол арга нь яг энэ ажлыг нь хийх гэдгийг ойлгосон. Бага байхдаа Нюренбергийн цэргийн шүүхийн тухай баримтат кино их үздэг байсан. Олон улсын шүүхэд ажиллаж үзэх юмсан гэдэг мөрөөдлийг энэ киноноос авсан. 

Хуулийн мэргэжлээр олон улсын төвшинд ажиллах маш олон боломж байдаг. Австрийн Вена хотод байдаг Олон улсын атомын эрчим хүчний агентлаг хуулийн зөвлөхийн ажлын байр зарлахад би хандаж байсан. Энэ ажилд тэнцээгүй гэдэг хариуг 2005 онд би аваад олон улсын төвшинд заавал ажиллах ёстой юм байна гэдэг итгэл үнэмшил маань улам нэмэгдсэн.

Ажилд нь тэнцээгүй ч гэсэн дараа дахин манай байгууллагад хандаарай гэсэн тэр том байгууллагын намайг хүндэтгэж бичсэн захидлыг нь шуудангаар хүлээн аваад урам авсан. Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагуудын бүрэн эрхт гишүүн. Энэ утгаараа Монголчууд олон улсын байгууллагуудад бусад орны иргэдтэй цуг мэргэжлээрээ ажиллах боломжтой. Эдгээр боломжуудыг хэрхэн, яаж ашиглах нь харин дараагийн асуудал.

В.Ганзориг: Тань шиг олон улсын төвшинд мэргэжлээрээ ажиллаж буй Монгол хуульчид хэр олон байдаг вэ?

Н.Орчлон: Бий. Миний мэдэхээр Дэлхийн банкны хуулийн хэлтэст ажиллаж байсан Солонго байна. Мөн Германд оюуны өмчийн эрх зүйгээр докторын зэрэг хамгаалаад Европын оюуны өмчийн эрх зүй, патентаар мэргэшин Брюссельд ажиллаж буй Уянга гэж бүсгүй бий. Хуулийн нарийн салбаруудаар дэлхийн энд тэнд ажиллаж буй бахархам Монгол мэргэжилтэн залуус олон байдаг. 

В.Ганзориг: Таны ирэх жилүүдийн төлөвлөгөө юу байна? Хэзээ эх орондоо ирэхээр байгаа бол? 

Н.Орчлон: Энэ байгууллагадаа 14 жил ажиллаад олон улсын эрүүгийн эрх зүйгээр мэргэшиж байна. Ирэх таван жилдээ ажлаа солих төлөвлөгөө алга. Яагаад гэвэл сурах зүйл асар их байна. Энд тэндээс ирсэн дэлхийн шилдэг хуульчидтай хамт ажиллан, тэднээс суралцах боломж өдөр бүр гардаг. Би суралцаж яваа хуульч гэж өөрийгөө боддог. 

В.Ганзориг: Зарим хүн сураад дуусчихсан гэж яриад явдаг. Тэр нь ямар учиртай юм бол оо?(Инээлдэв)

Н.Орчлон:Хуулийн мэргэжлийн онцлог нь байнга суралцахад оршдог. Учир нийгмийн хөгжлөө дагаад хууль байнга өөрчлөгддөг. Жишээ нь, олон улсын хүмүүнлэгийн хууль гэж байдаг. Зэвсэгт мөргөлдөөний эсрэг олон улсын конвенциуд дандаа дайны дараа гарсан байдаг.

Дайны үеэр маш ноцтой гэмт хэргүүд үйлдэгддэг. Харин орчин үед уламжлалт зэвсэг, техник хэрэглэхээс илүү мэдээллийн технологи дээр суурилсан цахим дайны эрсдэл бодитой болсон. Үүнийг дагаад олон улсын хуулиуд өөрчлөгдөж байна.

Олон улсын хуульчдын карьер урт. Манай олон улсын шүүхийн шүүгчдийн дундаж нас нь 60 орчим байдаг. Ажлаа гялалзтал хийдэг 80 нас гарсан шүүгчид нэлээд байдаг. Тэдний хажууд би харьцангуй залуу мэргэжилтэн. Олон улсад үргэлжлүүлэн карьераа хийх 40 жилийн хугацаа надад байна. Би ид сурч, мэдэх насан дээрээ явж байгаа. 

В.Ганзориг: Монголын өнөөгийн хууль, эрх зүйн орчин, шүүхийн шинэтгэлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

Н.Орчлон: Хол байгаа учраас интернетээс авсан мэдээлэлтэй л явж байна. Гэхдээ Монголын хууль, шүүхийн системд хийх шинэчлэл маш их бий. Бүтцийн хувьд реформ хийх ёстой маш олон зүйл харагддаг. Олон талаараа манай хууль зүйн систем хоцорсон байна.

Тухайлбал, хүмүүсийн боловсролоос авахуулаад хэрэг, маргаан шийдэж буй хууль, хуульчдын мөрддөг ёс зүйн хэм хэмжээ гэх мэт. Шинэчлэл зайлшгүй хийгдэх ёстой, энэ процесс зогсолтгүй явагдах хэрэгтэй. Энэ салбарын шинэчлэлийг олон жилээр төлөвлөж хийж ёстой. Эс бөгөөс улс төрийн давалгаа үүсээд, хоосон уриа лоозон болж, улмаар бодит шинэчлэл амжилттай хийгдэж чадахгүй, үр дүн гарахгүй.

Бид шинэчлэл хийж чадахгүй байгаа учраас хууль, шүүхийн системд итгэх ард түмний итгэл асар бага байна шүү дээ. Итгэл бага байгаа нь реформ хийгдэхгүй байна гэсэн үг. 

 

Шинэ хуулиуд батлагдаад байгаа боловч хуулийн хэрэгжилт нь тээр хойно яваад байна. Нэг мундаг хуульчийн “Аливаа гэмт хэргийг хуулиар тодорхойлон гаргаад хүнд ял шийтгэлийг оноох нь чухал биш. Хамгийн гол нь тэр хууль бодит амьдрал дээр хэрэгжих ёстой” гэж хэлсэн үг байдаг. Хүн амины гэмт хэрэг хүнд хэрэг. Хээл хахуулийн гэмт хэрэг хүнд хэрэг.

Гэтэл эдгээр гэмт хэргүүд гарсан хэвээр л байна. Энэ бол хууль хэрэгжихгүй байгааг шууд илтгэнэ. Тиймээс ял хүндрүүлэхээс илүү байгаа хуулиа амьдрал дээр бодитой хэрэгжүүлэх нь маш чухалд тооцогддог. Үүний тулд хувь хүний хандлага, хуульчдын чадвар, ёс зүй, хөндлөнгийн байгууллагуудын хяналт, хүний эрхийн байгууллагуудын оролцоо, олон улсын механизм маш чухал. 

В.Ганзориг: Бүгдийг эергээр төсөөлбөл хамгийн хурдандаа хэдэн жилийн дараа Монгол хууль яс тас хэрэгждэг орон болох боломжтой бол?

Н.Орчлон: Хэлэхэд хэцүү. Би ажлаар Африк руу нэлээд явдаг. Монголын хэвлэлүүд муу, муухай зүйлсээ африкаар жишдэг. Яг үнэндээ өнөөдрийн Африк тив нэг тэрбум хүнтэй, 55 тусгаар улстай төдийгүй Африк тивийн маш олон улс хууль, эрх зүйн орчноороо Монголыг хол хаяад түрүүлээд явчихсан.

Кени улс жишээ нь орчин үеийн бүх хуулийг олон улсын шүүхийн практиктаа хэрэглэж байна. Хэрэг маргаан шийдвэрлэхдээ дотоодын хуулиас гадна олон улсын хуулийг чөлөөтэй хэрэглэж чаддаг. Кени улсын шүүх болон миний ажилладаг олон улсын шүүхээс гарч буй шийдвэрүүд хоорондоо ялгаагүй шахам байдаг. Хэрэг маргаан шийдвэрлэж буй үндэслэл, түүнийгээ гарган тайлбарлах, мэтгэлцэх зэрэг чадваруудаар хол тасраад явсан. 

Хуулийн ажил хийхэд олон улсын хууль хэрэглэх шаардлага гардаг. НҮБ-ын албан ёсны зургаан хэлнээс ядаж англи, франц хэлний мэдлэг Монголын хуульчдад албан ёсоор тавигдах ёстой. Хуулийн ажил хийхэд гадаад хэлний шаардлага тавигдахгүй бол хуульчид хэл сурахгүй. Хэлгүй бол олон улсын хуулийг хэрэглэж чадахгүй.

Монголд маш олон хүний эрхийн асуудал гарч байна. Зарим тохиолдолд эдгээр хэрэг дээр дотоодын хууль, тогтоомж ашиглах боломжгүй байдаг. Яагаад гэвэл тэр эрх зүйн орчин нь байдаггүй. Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн гэрээ, конвенц хэрэглэгдэхгүй байгаа шалтгаан нь хуульчдын мэдлэг, чадвараас хамаарч байна.

Африк тивийн маш олон улс хууль, эрх зүйн орчноороо Монголыг хол хаяад түрүүлээд явчихсан.

Хууль зүйн сургуульд олон улсын хууль зүйн гол хоёр хэл болсон англи, франц хэлийг мэргэжлийн төвшинд заах хэрэгтэй.

Хуульчийн ажлын байрны тодорхойлолт дээр энэ хоёр хэлийг заавал мэддэг байх ёстой гэдэг шаардлагыг оруулах ёстой. Ингэж байж хуульчид маань чадвартай болно. Би ганц хэлний асуудлыг л хөндлөө. Үүнтэй адил олон асуудал бий.

Хонг Конг олон улсын арбитрын хэргийг шийдвэрлэдэг шүүхээрээ алдартай. Яагаад гэвэл энэ хот англи хэл дээр, мэргэжлийн хэм хэмжээнд олон улсын хуулийг хэрэглэж чаддаг. Энэ чадварт нь дэлхийн том компаниуд итгээд хэрэг маргаанаа шийдвэрлэдэг. Гадаад хэлний мэдлэг ийм чухал зангилаа болдог. 

В.Ганзориг: Өөрийг чинь ирэхээс өмнөхөн Байгалийн түүхийн музейн барилгыг нураасан. Соёлын өвөө хамгаална гэж залуус тэмцээд тэмцээд дийлсэнгүй. Тархины дайжилт буюу гайгүй залуус нь гадаадын улсууд руу гараад явчихаар нийгмийн өөрчлөлтийг тэгээд хэн хийх юм гэдэг шүүмжлэл байдаг. Энэ дээр ямар бодолтой байдаг вэ?

Н.Орчлон: Би жилдээ хоёр удаа Монголдоо ирдэг. Ирэх тоолондоо мэргэжлийн хүрээнд нэлээд ажлыг амжуулдаг. Фейсбүүк дээр 13 мянган гишүүнтэй шинэ хуульчдын “Орчлон” клубийн групп бий. Энэ группээр дамжуулан би санаа зовж явдаг, Монголынхоо залуу хуульчид, хуулийн сургуулийн оюутнуудын хэлний мэдлэгийг дээшлүүлэх, гадаадад хэрхэн тэтгэлгээр сурах, дотоод болон олон улсын карьер яаж хийхтэй холбоотой маш их мэдээллийг хуваалцдаг.

Энэ мэдээллийг хуваалцахад би Монголд эсвэл гадаадад байсны ялгаа байдаггүй. Би мэргэжлийн ажлаа гадаадад хийж байгаа ч залуу мэргэжилтнүүдэд туслах, зөвлөх ажлыг хийхэд газрын хол өнөөдөр ямар ч асуудал биш болсон.

АНУ, Австрали, Австри, Герман, Монгол зэрэг улсаас маш олон залуус зөвлөгөө авъя гэж над руу ханддаг. Би өдрийн хоолны нэг цагаасаа 10 минутыг нь хоолондоо зарцуулж, үлдсэн 50 минутыг нь энэ залууст зориулж, утсаар ярилцан зөвлөгөө өгч, мэдээлэл солилцдог. Бид юуны тулд харилцаа холбооны эрин үед амьдарч буй билээ дээ!

Хүн хийх ёстой ажлаа байгаа газраа чанартай, хариуцлагатай хийх нь чухал. Өөрөөр хэлбэл, заавал нэг газар байнга суурин байх албагүй гэсэн үг. Орчин үеийн хүний амьдрал нэг газраа удаан байх боломжгүй болсон. Хэзээ нэгэн цагт би Монголдоо буцаж ирнэ.

Ирээд ажлаа хийж байгаад буцаад гадагшаа явна. Тухайлбал, хууль зүйн докторын зэрэг хамгаалах миний олон жилийн мөрөөдөл байдаг. Доктороо хамгаалаад Монголдоо ирнэ. Хүн өөрийгөө хөгжүүлэх газраа байх хэрэгтэй. Монголд өөрийгөө хөгжүүлэх олон боломж байгаа.

 

Би хуулийн анхан шатны боловсролоо Монголд эзэмшиж, мэргэжлийн ажлын гараагаа эх орондоо эхлүүлж, маш их зүйлийг сурч авсан. Үүний дараа АНУ, Голландад сурч ажиллаж байхдаа ч олон юм сурсан. Заавал нэг газраа байж сурч хөгжих албагүй. Дотоодод болон гадаадад боловсрол эзэмших нь нэг зоосны хоёр тал. Иймээс аль нэгийг нь биш хоёр сонголтыг бүгдийг нь ашиглах ёстой. Олон улсын төвшинд ажиллаж буй бүх мэргэжилтнүүд өөрийн улсдаа болон олон улсад давхар боловсрол эзэмшсэн байдаг.

Манай салбарын хувьд дэлхий даяар болохын хэрээр хууль ч бас дагаад даяарчлагдаж байна. Европ жишээ нь Community Law гээд цоо шинэ хуультай боллоо. Европын хууль олон улсын хууль мөртлөө дэлхий даяар үйлчилдэг НҮБ-ын концвенцтой адил биш. Гэхдээ тусгаар улсын хуулиас илүү хүчтэй. Цар хүрээ нь европын холбоогоор хязгаарлагддаг байх жишээтэй.

Европын холбооны улсуудад эхлээд тухай улсын, дараа нь европын, эцэст нь олон улсын гэсэн гурван өөр хууль үйлчилдэг. Ингэж даяарчлагдаж байгаа ертөнцөд хууль зүйн боловсрол эзэмшихийн тулд зөвхөн нэг улсад сурах нь үнэхээр хангалтгүй бөгөөд боломжгүй. 

Залуу хуульчид өөрсдийгөө байнга хөгжүүлж, шинэ зүйлд тогтмол суралцах хэрэгтэй. Олон улсын хурал, форумд очиж сонсохоос гадна мэргэжлийн чиглэлээр илтгэл тавьж, олон улсын мэргэжилтнүүдээр хэлэлцүүлдэг болох ёстой. Түүнчлэн олон улсын хуулийн сэтгүүлүүд дээр нийтлэл, итгэл, судалгааны материалаа хэвлүүлэх хэрэгтэй. Ингэж байж бид олон улсад танигдана. 

В.Ганзориг: Хурал, форумыг шүүмжилдэг, үр дүнгүй болдог, дэмий мөнгө үрдэг гэж ярьдаг хүмүүс цөөнгүй байдаг. Энэ тал дээр таны бодлыг сонсмоор байна. 

Н.Орчлон: Миний хувьд хурал зөвлөгөөнөөс илүү хувьчилсан зөвлөгөөг илүүд үздэг. Шавь сургалт гэж манайхан ярьдаг. Өөрийн чинь эхлүүлсэн “Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөр”-т би хоёр дахь жилдээ ментороор ажиллаж байна.

Энэ хөтөлбөрөөс санаа аваад би энэ жилээс хуульчдын дунд менторшип хөтөлбөр эхлүүллээ. Монгол болон гадаадад мэргэжлийн салбартаа амжилттай яваа, өндөр боловсролтой, дэлхийн мэргэжилтэн болсон Монгол хуульчдыг Монгол болон гадаадад сурч байгаа хуулийн сургуулийн оюутнууд болон залуу хуульчидтай холбон, тэдний амжилт алдааг хуваалцах, үлгэр дуурайлал үзүүлэх, зөвлөх хөтөлбөрийг эхлүүлж байгаа. Сая зарлахад маш олон залуус хандсан.

Гэвч би одоогоор 20 ментортой байгаа. Энэхүү менторшипийн ажлыг би цаашдаа олон жил авч явна гэж төлөвлөж байна. Ментортой байх нь залуусын хувьд амжилтад хүрэх маш том хүчин зүйл болдог. 

Албан ёсны менторшипийн хөтөлбөрөөс гадна залууст би хувиараа ментортой бол гэж хэлмээр байдаг. Ийм замаар хэд хэдэн залуус надад санал тавиад би хувиараа ментор хийгээд явж байна. Ментор ба ментийгийн харилцаа олон улсад ажиллахад маш чухал байдаг. Ази хүмүүс даруухан, нэрэлхүү тул тэр болгон зориг гарган ментортоо ханддаггүй.

 

Барууны улсуудад энэ бол хэвийн зүйл. Монголд менторшипийн ойлголт бас саяхнаас нутагшиж байна. Өөрийн хүндэлдэг, даган дууриадаг хүн дээрээ очоод миний ментор болооч гээд санал тавь. Насан туршдаа ментор болсон хүмүүс ч байдаг. Манай шинэ хуульчдын “Орчлон” клубын менторшипийн хөтөлбөрт хамрагдаарай гэж оюутан, залуу хуульчдаас хүсмээр байна. 

Энд тэнд очин хурал зөвлөгөөнд оролцоод амжилтанд хүрсэн хүмүүсийн яриаг сонсох нэг хэрэг. Энэ бол нэг л удаагийн зүйл. Хувийн, мэргэжлийн харилцаа тогтоож, нэг хүний өмнө үүрэг, хариуцлага хүлээн, ажил, амьдралын зорилгоо тодорхойлж, менторын алдаанаас суралцах нь шал өөр зүйл шүү. Энэ хөтөлбөрийг дэмжин ажиллахаар болсон 20 мундаг хуульч менторууддаа маш их талархаж бас бахархаж байгаа.

Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бол бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна. Манай ахмад хуульчид энэхүү шавь сургалтыг хэрэгжүүлж, залуу үеэ сурган хүмүүжүүлэх менторшип ажлыг эхлүүлээч ээ гэж уриалмаар байна. Би залуу байж үзсэн. Тухай үед надад ментор байсан бол би олон алдаа гаргахгүй байх байсан гэж одоо боддог. 

В.Ганзориг: Гадаадад олон жил ажиллаж, амьдарч буй хүний хувьд Монголынхоо үндэстний ижилслийн талаар асуумаар байна.

Н.Орчлон: Бидэнд үндэстний ижилсэл байгаа. Хаа газар Монголчуудтай уулзахад нэг зүйл тод анзаарагддаг. Маш зоригтой, юманд бууж өгдөггүй, өөртөө итгэлтэй хүмүүс. Уг нь энэ бидэнд байдаг том давуу тал. Чаддаг зүйлээ маш сайн хийж чаддаг.

Өнгөрсөн долоо хоногт би Cirque du Soleil буюу  Нарны циркийг Гааг хотод ирэхэд нь үзлээ. Энэ циркэд Оюун-Эрдэнэ гээд уран нугараач бүсгүй, хүнд үзүүлбэр үзүүлдэг Тамир гээд хоёр монгол залуу ажилладаг юм байна. Энэ бол дэлхийн нэг номерын цирк. Би амьдралдаа ийм мундаг цирк үзэж байгаагүй. Манай хоёр залуугийн үзүүлбэр үнэхээр агуу байсан.

Тоглолтын дараа уулзаад ярилцаж байхад монгол бүсгүй маань энд 15 жил ажиллаж, дэлхийн 70 гаруй орноор аялан тоглолт хийж байгаагаа хэлж байсан. Тамир гээд залуу нь бүр 27 жил энэ циркэд ажиллаж байгаа.

1993 онд 17 настайдаа Монголоос гараад энэ циркийн анхны Монгол хүн болсон залуу байсан. Өөрсдийн чаддаг ажлаа хийгээд олон улсын төвшинд амжилттай сайн явж байгаа маш олон ийм залуус байгаа. Гэхдээ тэд даруухан. Үүнийг би National Identity буюу үндэстний ижилсэл гэж хэлнэ. Ийм залуусын түүхийг сонсоод би урам авч, өөрийгөө голдог. Улам их сурч, бүр их ажиллаж, Монгол хүний нэр хүндийг дэлхийд гаргах ёстой юм байна гэж боддог. 

В.Ганзориг: Монгол хүний энэ мундаг, сайхан чанарууд гадаадад илрээд, Монголдоо сайн гарч ирдэггүй мэт санагддаг. Яагаад тэр юм бол?

Н.Орчлон: Энэ бол цэвэр шударга ёсны асуудал! Ямар танилгүй, арын хаалгагүй, хээл хахууль өгөх боломжгүй газар яагаад Монгол хүн амжилт гаргаад байна вэ? Яагаад гэвэл тийм газар хүний хөдөлмөр, авьяас чадварыг цэврээр үнэлж чаддаг юм. Тийм газар хүнд тэгш шударгаар сурч боловсрон, ажиллаж амжилт гаргах боломжийг нь олгодог.

Ийм газар Монгол хүний авьяас чадвар, тэсвэр хатуужил гарч ирдэг. Меритокраси гэж ярьдаг даа. Хүний мэдлэг, чадварыг шударгаар үнэлдэг тогтолцоо Монгол бий болсон цагт манай залуус тэр хэмжээгээр амжилт гаргах бүрэн боломжтой. 

Монгол залуус маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй болсон нь анзаарагдаж байна. Гэхдээ маш залхуу болжээ. Үүнийг би шууд хэлмээр санагддаг. Маш залхуу! Фейсбүүк дээр нэг сургалт зарлахад шаагилдаад байх хэр нь яг цагаа тулахаар ирдэг нь маш цөөхөн.

Дэмий зүйлд их цаг зарцуулж байна. Цагийг нь заавал тулгаж байж ажлаа хийдэг. Менторшипийн хөтөлбөрөө 14 хоногийн хугацаатай зарлахад эхний 13 хоногт хоёрхон хүсэлт ирээд, сүүлийн өдөр 100 гаруй хүсэлт ирэх жишээний. Эцсийн мөч хүртэл санаа амар явдаг зангаа бид өөрчлөх ёстой. Энэ бол хойрго зангийн илэрхийлэл.

Шинэ соргог мэдээлэл аваад тэр дор нь үйлдэл хийдэг хандлага Монголд дутагдаж байна. Залхуурлаас бид салах хэрэгтэй. Залхуурал бидэнд огт байж болохгүй зүйл. Залхуурлаасаа салаагүй байж өөрийгөө хөгжүүлэн амжилтад хүрч, эх орноо хөгжүүлнэ гэж ярих нь шал худлаа зүйл. Үүнийг бид ойлгон хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 

 

Дээр би залуустай яриа хийж байхад нэг охин надаас “Та залхуу хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ, залхууралтай яаж тэмцэх вэ?” гэж асуусан. Залхуу хүнд ямар ч найдвар байхгүй.

Хүн өөрийгөө залхуу гэж бодож л байгаа бол тэр чигээр нь хаях хэрэгтэй. Тэр хүний амьдрал дууссан гэсэн үг гэж би хариулсан. Залхуурлаа давж чадсан хүнтэй л ажил, мэргэжил, хөгжлийн талаар ярилцах боломжтой.

Дэлхий ертөнц ийм хурдтай хөгжиж байхад бид олон зүйлээрээ хоцрогдоод байна шүү дээ. Бидэнтэй адил гараанаас эхэлсэн орнууд хол тасраад яваад өглөө. Бусадтай адил хөгжихийн тулд бид энгийн зүйлээс эхэлнэ. Залхуурлаа бид давах хэрэгтэй. Үүний дараагийн дараа л улс орноо хөгжүүлэх асуудлыг ярьдаг. 

В.Ганзориг: Залуусын оролцоо гэдэг сэдэвтэй таны яриа шууд холбогдож байна. Залуус сонгуульд оролцон саналаа өгдөггүй атлаа нийгмээ шүүмжлээд суугаад байдаг. Шийдвэр гаргах төвшинд гарах залуусын улс төрийн оролцоо ба нийгмийн идэвхтэй үйлдлийг та юу дүгнэдэг вэ?

Н.Орчлон: Миний хувьд залуу хүн эхлээд чаддаг юмтай болох хэрэгтэй гэж хардаг. Гутал засдаг бол тэр ажлаа, хуулийн мэргэжилтэн бол тэр л ажлаа маш сайн, тултал нь хийж чаддаг байх ёстой. Хүн бүр хариуцсан ажлаа яс хийж чаддаг чанар бидэнд дутагддаг. Ямар ч ажлыг өөрийн санаанд 100 хувь нийцтэл хийдэг зан Монгол залуучуудад үгүйлэгдээд байна.

Харин цагаан захтай, оффисын, эсвэл өөрийгөө аль болох зовоохгүй ажил хийх дуртай болсон. Энэ бол дахиад л залхууралтай холбоотой. 

Янз бүрийн клуб, залуусын нэгдэл үүсээд давалгаа бий болж байгаа ч нийт залуусын тав хүрэхгүй хувь нь л тэнд яваад масс нь идэвхгүй хэвээр үлдээд байна. Тийм учраас хаа ч явсан нөгөө л нэг идэвхтэй хэсэг нь харагдаад байдаг боловч Монгол залуус массаараа хөдөлдөггүй. Гэтэл залуус массаараа хөдөлж байж нийгмийн өөрчлөлтийг хийдэг. Одоогийн Монголын нөхцөл байдлыг харахаар ярьдаг, сонсдог хүмүүс нь яг хэвээрээ байсаар л байна.

Нийт залуусын 80 бараг 90 хувь нь идэвхгүй, залхуу, зүгээр суугаастай байгаад байна. Нийгмийн урсгал дагаад “гоё” юм хийх, эсвэл хурдан “од” болох зүйлсийг сонирхохоос биш хариуцсан ажлаа төгс хийдэг ухаан манай залууст дутагдаад байна. Өөрийнхөө ажлыг жижиг гэж гололгүй, үнэн сэтгэлээсээ хийж сурмаар байна.

Нийт залуусын 80 бараг 90 хувь нь идэвхгүй, залхуу, зүгээр суугаастай байгаад байна.

Ажил хүнийг голдог болохоос биш хүн ажлыг голдоггүй шүү. Жижиг юманд хариуцлагатай хүн л том ажилд хариуцлагатай байдаг. Сахилга, хариуцлагатай байж чаддаг зан бидэнд үнэхээр дутагдаад байна. 

Бидний үеийнхэн дээд сургуульд орсон хойноо л англи хэл заалгаж эхэлсэн. Хууль зүйн мэргэжлийн англи хэлийг яаж хурдан сурах вэ гэж олон залуус надаас байнга асуудаг. Тэдний хэл сурсан түүхийг нь сонсохоор зарим нь цэцэрлэгээсээ эхлээд сурсан байдаг. Сурсан жилийг нь тоолоод үзвэл 10, 15 жил англи хэл сурч байгаа залуус байдаг. Тэгсэн атлаа наад захын мэдлэг авч чадаагүй, чөлөөтэй өөрийгөө илэрхийлдэггүй, тээр цаана цоожлогдоод үлдчихсэн байдаг.

Хэл сурвал бид чөлөөтэй ярьдаг болтлоо л сурна шүү гэдэг хатуу шаардлагыг өөртөө тавихгүй нь эндээс харагддаг. Гэтэл гадаад хэл сурах боломж нь бидний үеэс, бидний дээд үетэй харьцуулбал хэд дахин илүү байна. Намайг англи хэл анх сурч эхэлж байхад Монголд Алтангэрэл гуайн толь бичгээс өөр ном байдаггүй байсан.

 

Тэр үед интернет гэж байгаагүй. Тэр үед Монголд хэлний курс гэж байсангүй. Гадаад хэл заахыг бүр хорьдог байсан. Гэтэл өнөөдөр Youtube дээр хэдэн сая үнэ төлбөргүй хичээл байна. Хүн суръя гэвэл ямар ч хүнд нөхцөлд байсан сурч чаддаг. Сурахгүй гэвэл ямар ч том боломж байсан сурдаггүй. Үүнийг бид ойлгох хэрэгтэй. 

Монгол залуус олон зүйлийг саад бэрхшээл болгон ярьдаг болжээ. Хэлний курст явах гэхээр мөнгө байдаггүй ээ гэх зэргээр шалтаг тоочдог. Яг үнэндээ энэ бүхэн бол асуудал биш. Монголд олон асуудал байгаа мэт боловч бид дайн гэдгийг үзээгүй ард түмэн.

Би дайн, байлдаантай дэлхийн олон орноор явж байсан. Дайн гэж ямар аймаар зүйл гээч! Бид нийтийг хамарсан өлсгөлөн гуйланчлалын зовлонг мэдэхгүй. Өнөөдөр Монгол залуу гэрээсээ гараад сургууль явах замдаа террористуудын гарт амь үрэгдэх вий, тэсрэх бөмбөгөнд өртөх вий, зэвсэгт бүлэглэлүүд намайг хулгайлчих вий гэж хэзээ ч бодохгүй.

Гэтэл тийм газар хүүхэд, залуус хичээлдээ явна гээд цүнхээ үүрээд гэрээсээ гарч байна. Орчин үеийн залууст залхуурлаас гадна өөрсдийгөө хохирогч болгож харах дуртай муу зан сууж байна. Би л болохгүй байна, намайг л боломжоор хангаж өгөхгүй байна, би л хохироод байна гэж хараад байдаг.

Нөхцөл байдал одоогийнхоос бүр дор байсан бол яах байсан юм бэ? Монголд хэчнээн асуудал байсан ч гэсэн амар тайван орон шүү!

В.Ганзориг: Та өөрийн залгамжлагч Монгол залуугаа олон улсын төвшинд бэлдэж байна уу?

Н.Орчлон: Бэлдэхээс гадна хүмүүст хэлж сурталчилж байгаа багагүй ажил байгаа. Та маш чухал сэдэв хөндлөө. Учир нь олон улсын байгууллагад дадлагын ажил хийх тухай яримаар байна. Олон улсын хуулийн байгууллагад ажилд ороход тавигдах шаардлага өндөр байдаг. Тухайлбал, боловсролын төвшин, гадаад хэлний мэдлэг, ажилласан жилийн туршлага гэх мэт. Энэ бүхнийг олж авах бодитой боломж тухайн байгууллагад дадлага хийх юм.

Дэлхийн бүх олон улсын байгууллага, НҮБ-ын бүх салбар байгууллагуудад дадлага хийх боломж байдаг. Тэнд маш олон залуучууд дадлагаа хийдэг. Хамгийн гол нь дадлагын ажил болохоор танд ажилласан жил, гадаад хэлний онооны шаардлага тавьдаггүй.

Гэхдээ working knowledge буюу ажил хийх хэмжээний анхан шатны гадаад хэлний мэдлэг байх ёстой. Дадлага хийхэд таниас хуулийн докторын зэрэг хамгаалсан байхыг огт шаардахгүй. 

Олон улсын байгууллагад дадлага хийх нь Монголд тогтсон ойлголтоос арай өөр. Шулуухан хэлэхэд намайг оюутан байхад Монголд дадлагын ажил хийнэ гэж гурилддаг байсан. Олон улсын байгууллагад дадлага хийхэд яг мэргэжлийн ажлаа хийдэг. Ялангуяа олон улсын шүүхэд дадлагын ажил хийх ямар гоё гээч!

Прокурорын албанд нь ороод, яг тэр эрүүгийн хэрэг дээр нь олон улсын прокурор, өмгөөлөгч, мөрдөн байцаагчидтай ажилладаг. Манай шүүх дээр дадлага хийх хамгийн нэр хүндтэй ажил нь шүүгчдийн танхим буюу шүүгчдийн шууд удирдлага дор ажиллах боломж байдаг. Монголын хуулийн сургуулийн оюутнууд, манай залуу хуульчидтай яг адилхан залуус ирээд, олон улсын шүүгчидтэй ажиллан тэнд дадлагаа хийдэг.

Олон улсын шүүхээс гардаг шийдвэрүүд маш зузаан гардаг. Учир нь маш их хэргийн үйл баримт, судалгаа хийн, нотлох баримтыг үнэлэх шаардлагатай болдог. Дадлага хийж байгаа залуу яг л олон улсын шүүгч шиг ажилладаг гэсэн үг. Тэгээд шүүхийн бодит шийдвэрийг нь бичилцдэг.

Олон улсын шүүхийн шийдвэрийг бичнэ гэдэг бол олон улсын хууль бичиж байна гэсэн үг. Энэ бол ямар ч их, дээд сургуулийн өгч чадахгүй боломж. Энэ тухай мэдээллийг Монголын олон их, дээд сургуулиудаар явж ярьж сурталчилдаг ч харамсалтай нь одоог хүртэл нэг ч Монгол залуу дадлагаа хийж эхлээгүй байна.

Хэлээд, уриалаад байхад манай залуус ерөөсөө ирдэггүй! Тэд маань өөрсдийг их чамладаг. Тэр нь залхуу байна аа л гэсэн үг. Өөрсдөдөө ерөөсөө хатуу шаардлага тавихгүй байгааг л илтгэж буй хэрэг. Бусад бүх орны залуус хийгээд чадаад байгаа ажилд өөрсдийгөө сорихгүй байна. 

Та дээд боловсрол эзэмшсэн л бол өндөр хөгжилтэй орны боловсролгүй хүнээс илүү гэсэн үг.

Манай залууст дутагдаж буй бас нэг зүйл бол зориг. Өөрсдийгөө хэнээс ч дутахгүй гэдгээ залуучууд ойлгох хэрэгтэй байна. Боловсролтой хүн хаана ч боловсролтой байдаг. Харин боловсролгүй хүн бол хаана ч боловсролгүй хэвээр л байна.

Та дээд боловсрол эзэмшсэн л бол өндөр хөгжилтэй орны боловсролгүй хүнээс илүү гэсэн үг. Хүн өөрийн гэсэн мэддэг, чаддаг юмтай байна гэдэг нь ямар ч өндөр хөгжилтэй, баян чинээлэг орны юм мэддэггүй, чаддаггүй хүнээс илүү л гэсэн үг. Ямар ч улсын иргэн бүх зүйлийг, мэргэжлийн ажлыг анхнаасаа мэдэж төрдөггүй. Тэд сурч, цаг үргэлж хөгжиж явдаг. Юм мэдэхгүй байна аа гэдэг нь харин ч тэр газруудад нь очиж дадлагын ажил заавал хийх шалтгаан болох ёстой.

Монгол залуус миний гадаад хэлний мэдлэг муу учраас нэг мөсөн сайн болгож байгаад олон улсын байгууллагад дадлага хийнэ гэж ярьдаг. Хүн гадаад хэлийг насан туршдаа сурдаг. Бүх зүйлээ болгож байж дадлага хийж, ажилд орно гэвэл бидний нас хүрэхгүй.

Унаган англи, франц хэлтэй хүмүүс бүгдийг мэддэг, чаддаг байдаггүй. Тэр хүмүүс мөн л тэдгээр байгууллага дээр очиж ажиллаад хуулийн мэргэжлээ сурдаг.

Өөрөөр хэлбэл, хэдий өндөр хөгжилтэй орны иргэн ч яг л өөртэй чинь адилхан залуус бусдаас суралцаад явж байдаг. Иймээс зоригтой бай! Өөрийгөө бүү чамла! Юмыг хайрцаглаж битгий бодож байгаарай гэж залуустаа хэлмээр байна. Орчин үеийн залуу хүн дэлхийн хаана ч очоод ажиллаж, сурах бүрэн боломжтой болсон. Дэлхий нээлттэй гэдгийг сайн харж ойлгоорой. 

В.Ганзориг: Та сүрчигний өвөө гэдэг хочтой юм билээ. Фейсбүүкийн групп нь 200 мянган гишүүнтэй буюу хуульчдийн группээс тань даруй 20 дахин их гишүүдтэй. Үнэртэн мэдээж таны хобби байх, тийм үү?

Н.Орчлон: Үнэртэн цуглуулах, энэ төрлийн мэдээлэл цуглуулах, үнэртний мастеруудтай уулзах дуртай. Энэ хоббигоо Монголчуудтайгаа хуваалцаж буй нь тэр. Үүгээр дамжуулж Монголоо гадаадад нэлээд сурталчилдаг.

Каллиграф зурдаг Алтантуяа гээд бүсгүйн зургийг дэлхийд алдартай үнэртний маш олон мастеруудтай уулзаж бэлэглэж байгаа. Тэднийг Монголд ирэхийг урьдаг. Дэлхийд алдартай хоёр ч том үнэртний мастерыг би Монголд авч ирсэн. Тэд Монголд анх удаа хөл тавьсан үнэртний мастерууд болсон. Фейсбүүк дэх группээ би зургаан жилийн турш авч явж байна. Үнэртний соёл Монголд маш хурдан түгж байна.

Монголчууд өөрсдөө үнэртэн бүтээгээд эхэлсэн. Үнэртний соёлоор бид дэлхийн олон улсын өмнө явж байгаа гэж би хэлнэ. Үнэртний эх орон болсон Франц улсад салбарт нь ажиллаж байгаа атлаа үнэртний мастеруудтай хэзээ ч уулзаж үзээгүй хүмүүс зөндөө байдаг.

Гэтэл манай группийн гишүүдтэй тэр мастеруудтай нь уулзаад, хамт зургаа авахуулаад, бүтээл дээр нь гарын үсгийг нь зуруулж авсан байдаг. Монголд ирсэн эдгээр мастеруудаар дамжуулаад дэлхий Монголын үнэртэн, загварын ертөнцийг хардаг. 

 

Эдгээр мастерууд Монголоос үнэр хайж ирдэг. Сая зун ирсэн “Галзуу хамар” гэдэг нэртэй Италийн мастер Алэссандро Голтиэри Монголчууд хаа явсан газраа дандаа дуулдаг юм байна, Монголд хаа сайгүй цагаан идээ үнэртэж байна гэж байсан. Ийм үндэсний үнэр танай улсад байдаг юм байна гэж онцолж байсан.

Монголд ирсэн Францын үнэртний мастер Кристоф Лодамиел “Mongolia My Love”буюу Монгол миний хайр дурлал гэдэг сүрчиг гаргахаар одоо ид ажиллаж байна. Үнэртний мастерууд ямар ноотоор, ямар утга санааг илэрхийлж үнэр бүтээхээ их удаан боддог. 

Би анх үнэртний тухай мэдээлэл хүргэж байхад хүмүүс сайн ойлгодоггүй байсан. Үнэртэй ус зарах гээд байна гэж боддог байв. Тиймээс хошин байдлаар үнэртэнг тайлбарлах, соёлыг түгээх арга барилыг сошиал медиа дээр хэрэглэсэн. Ингэж явсаар “Өвөө” гэдэг хочтой болсон. Энэ хочиндоо би хайртай.

Хаа явсан газар Өвөө, өвөө гээд дуудахаараа манай группийн гишүүд байж таардаг. Монголд үнэртний соёл маш хүчтэй хөгжиж байгаа. Энэ бол том соёл, бүхэл бүтэн урлагийн салбарыг хөгжүүлж буй том ололт. Цаашдаа Монголын үнэртний ертөнцөөс их юм дуулдах болно. 

В.Ганзориг: Монголд ирсэн цөөн хоногоосоо бидэнд зориулсан танд маш их баярлалаа! Таны цаашдын олон улсын карьер, үнэртний соёл түгээх ажилд тань амжилт хүсье!




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x