Зураг
Зураг
Индэр    
2019 оны 12 сарын 17
Зураг
Эдийн засагч, шинжээч

2019 ОНД ЭДИЙН ЗАСАГТ ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эдийн засгийг тал бүрээс нь тоогоор хэмжиж чадсан нь улс төрч, эдийн засагчдад тавьсан зугтах боломжгүй занга болсон юм.

Өөрөөр хэлбэл эдийн засаг уналттай үед ажилгүйдлийн түвшин өсөж, цалин ашиг буурснаар нийгмийн сайн сайхан байдал буурдаг. Улмаар улс төрч, эрх баригчид дараагийн сонгуулийн дүнгээ тавиулдаг гэсэн үг. Угтаа бол бидэнд байгаа хамгийн том зэвсэг бол эдийн засгийг хэмждэг эдгээр үзүүлэлт л юм. Магадгүй бид ийм үзүүлэлтүүдийг ойлгож, ярьж, хэлж, тэмцдэг бол сонгуулийн амлалт, хөтөлбөр, бодлого нь ч гэсэн дагаад өөрчлөгдөхсөн. 

2019 оны 3-р улирлын үзүүлэлтээс харахад ханш, ажилгүйдлийн түвшингээс бусад үзүүлэлтүүд нь эерэг харагдаж байна. Мэдээж маш олон хүчин зүйлс тус үзүүлэлтүүдэд нөлөөлсөн.

  • Сүүлийн 3 жил түүхий эдийн үнэ харьцангуй тогтвортой байв.
  • Томоохон төслүүдийн бүтээн байгуулалт үргэлжлэв.
  • ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан учир төсвийн тэнцэл ашигтай байв.
  • Мөнгөний зөөлөн бодлого үргэлжлэв.

 

Хувьсагч

Нэгж

2018.Q3

2019.Q3

Жилийн өсөлт

Нөлөөлөл

Бодит сектор

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Их наяд MNT

4,811.60

5,124

6.3%

Эерэг

Ажилгүйдлийн түвшин

%

6.9%

9.9%

3.0%

Сөрөг

Мөнгөний бодлого

Инфляц

%

5.70%

9%

3.3%

Эерэг

Мөнгөний нийлүүлэлт

Их наяд MNT

17.9

20.4

13.9%

Эерэг

Бодлогын хүү

%

10%

11%

-

Нейтраль

Ханш (MNT/USD)

MNT

2513.2

2,669.70

4.6%

Сөрөг

Сангийн бодлого

Төсвийн орлого

тэрбум MNT

6,515.70

7,749.00

19%

Эерэг

Төсвийн зардал

тэрбум MNT

6,274.90

7,264.40

16%

Эерэг

Төсвийн ашиг, алдагдал

тэрбум MNT

240.7

484.6

101%

Эерэг

Гадаад сектор

Экспорт

сая USD

5,282.80

5,946.10

13.0%

Эерэг

Импорт

сая USD

4,351.10

4,598.80

6%

Эерэг

Худалдааны тэнцэл

сая USD

931.7

1,347.30

45%

Эерэг

Төлбөрийн тэнцэл(2019.08)

сая USD

-397.8

39

110%

Эерэг

Валютын нөөц (2019.08)

сая USD

2,854.10

3,688.70

29%

Эерэг

Ерөнхийдөө макро үзүүлэлтүүд харьцангуй сайн байгаа ч 2019 онд болсон хэд хэдэн үйл явдал сөргөөр нөлөөлөв.

СААРАЛ ЖАГСААЛТАД ОРОВ

Монгол улс албан ёсоор саарал жагсаалтад оров. Тус нөлөө нь хүлээлтээр дамжин ам.долларын ханш төгрөгийн эсрэг огцом чангарав. Энэ удаагийн мэдээ нь иргэдийн төрийн мөнгөн тэмдэгт болох төгрөгтөө итгэх итгэл маш бага байгааг харуулсан.

Саарал жагсаалтаас хамгийн наанадаа 2020 оны 10-р сард гарах боломжтой. Харин гэрийн даалгавраа бид хэрхэн хийхээс л бүх зүйл шалтгаалах болно. 

ОЮУТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН ТӨСӨЛ ХОЙШЛОГДОВ

Хөрсний бүтэц нь тооцоолсноос ялгаатай байсан нь тус төсөл хэрэгжихэд нэмэлт 36 сарын хугацаа, мөн хугацаанд 1.9 тэрбум ам.доллар шаардлагатай гэх тооцоо гарав. Тус мэдэгдлийн дараа TRQ-н хувьцаа огцом буурч, 0.5 ам.долларт хүрсэн.

Засгийн газрын зүгээс тодорхой мэдэгдэл хийгээгүй боловч сонгууль дөхөж байгаа учир Оюутолгойг улстөржүүлэх сонирхол өндөр байгаа юм. Эдийн засаг талаасаа валютын гарах урсгал өндөртэй жилүүдэд 1.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт эерэг нөлөөтэй юм.

2020 ОНЫ ТӨСӨВ 2.1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ БАТЛАГДАВ

Ирэх оны улсын төсөв нь мөн л сонгуулийн төсөв болж таарав. Олсон жаахан орлогоо бүх сонгогчоос дэмжлэг авч болохуйц цалин, тэтгэмж, тэтгэвэр, тусламж, хөнгөлөлт гэх мэт бүхий л хэлбэрээр тараахаар тусгажээ.

Харин төсөв ийнхүү алдагдалтай байх нь эргээд олгосон мөнгөнөөсөө илүү хор уршигт хүргэдэг. Үнэ өснө, доллар чангарна, зээлжих зэрэглэл буурч, эдийн засаг муудна гэх мэт. Мэдээж цалин хөлс, тэтгэврийг нэмэх нь зүйтэй. Гэвч төсвийн алдагдалгүй, үр ашигтай бодлогоор зохицуулах нь зүйн хэрэг.

КАПИТАЛ БАНК ДАМПУУРАВ

Хөрөнгийн чанарын үнэлгээг банкны салбарт хийж эхэлсний дараа Капитал банк дампуурлаа зарлав. Энэ удаагийн шалгалт нь банкны салбарт бугшсан идээ, бээрийг шахан гаргаж, улмаар эм цацаж, эмчилгээ хийсэнтэй адил байв. Мөн тодорхой эмийн жор бичиж өгснөөр зааврын дагуу уух ч үүрэг хүлээсэн. Тухайлбал, банкнуудын эрсдэл даах чадварыг сайжруулах зорилгоор өөрийн хөрөнгийг шат дараатай нэмэх үүргийг банкнуудад өгсөн. Улмаар Монгол Улс бүс нутгийн болон хөгжиж буй орнуудтай харьцуулахад өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэх үзүүлэлт харьцангуй өндөр болж байгаа юм. 

2020 ОНД ЮУ ХҮЛЭЭГДЭЖ БАЙНА ВЭ?

Ирэх жилүүдэд эдийн засаг олон улсын байгууллагуудын таамаглалаар 5-6 орчим хувьд өсөхөөр байна. 2020 оны хувьд эдийн засагт дараах томоохон үйл явдал хүлээгдэж байна.

Хүлээгдэж буй үйл явдал

Тайлбар

Саарал жагсаалт

Жилд 4 удаа тус сэдэвтэй холбоотой хурал болдог. Хамгийн наад захын хугацаа нь 2020 оны 10-р сар юм.

Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцэл

Монголбанкны зүгээс тус своп хэлцлийг сунгах нь валютын урсгалд эерэг нөлөөтэй.

Засгийн газрын гадаад өрийн төлөвлөгөө

Төсвөөс шууд төлөх боломжгүй. 2021 оны өрийг дахин санхүүжүүлэх ажил нь 2020 онд бэлтгэгдэн хийгдэх ёстой

Сонгуулийн жил ба төсвийн алдагдал

Сонгуулийн эдийн засагт үзүүлэх шууд нөлөө нь төсвийн зарцуулалт нэмэгддэг. Төсөв алдагдалтай байх нь инфляц, ханшид сөргөөр нөлөөлнө.

Түүхий эдийн үнэ

Дэлхийн банкны таамаглалаар 2020 онд зэсийн үнэ тогтвортой, нүүрсний үнэ буурах хандлагатай байна.

Худалдааны дайн

Худалдааны дайнаас үүдэн Хятадын эдийн засаг саарч, улмаар түүхий эдийн үнэд нөлөөлж байна. 20-онд АНУ-д сонгууль явагдаж буйтай холбоотой энэ асуудал тодорхой бус хэвээр байна.