2019 оны 12 сарын 16
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Геополитикийн салхи Монголд

Зураг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12-р сарын 3-6-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр олон уулзалт болж, баримт бичгүүдэд гарын үсэг зурснаас байгалийн хийн хоолойг монголоор дамжуулах болсныг энд онцолж байна. Энэ тухай санамж бичигт айлчлалын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын төрийн өмчийн “Газпром” компанийн гүйцэтгэх захирал А.Б.Миллер нар Москвад гарын үсэг зурав. Энэ өдөр бас байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-1” хоолойн албан ёсны нээлт болов.

Орос Хятадын хооронд байгалийн хийн хоолойг нутгаараа дамжуулах хүсэлтээ монголчууд сүүлийн хориод жил тавьж ирсэн ч, саяхан болтол нааштай хариу аваагүй билээ. Тэгвэл яагаад хоёр хөршийн удирдлага ийм шийдвэр гаргах болов оо? Энэ бол геополитикийн салхи хөршүүдийг хамгийн дөт, бартаагүй, талын замыг сонгоход хүргэсэн явдал.

Оросын өөр гарц

Орос эдүгээ дэлхийн байгалийн хийн нөөцийн 20 хувь, үйлдвэрлэлийн 17.3 хувийг эзэлдэг, дэлхийн хамгийн том хий экспортлогч орон. Европын, хоолойгоор импортлож буй байгалийн хийн тавны нэгийг Орос нийлүүлж иржээ. Оросын экспортын орлогын 63 хувь, холбооны төсвийн орлогын тал нь газрын тос, байгалийн хийнээс бүтдэг.

2014 онд Крымийн хойгийн асуудлаас болж АНУ тэргүүтэй барууны орнуудын хориг Орос улсыг экспортын энэ том зах зээлээ бууруулах эрсдэлд оруулаад байгаа. Украйнаар 1240 км урт хоолойгоор, жилд 142 тэрбум шоо метр хий дамжуулж ирсэн ч, улс төрийн эрсдэл нь улам бүр өссөөр. Энэ чиглэлээ орлуулахаар Балтын тэнгисийн гүнээр Герман, Европын бусад оронд хүрэх, жилд 55 тэрбум шоо метр хий дамжуулах хоолой (Умардын урсгал-2) ирэх оны дундуур нээгдэх боловч олон улсын хоригтой тулгарсаар байна. Ерөнхийлөгч В.Зеленский барууны орнууд Оросын эсрэг хоригоо Украйн газар нутгаа эргүүлэн автал үргэлжлүүлэхээ амалсан гэж саяхан мэдэгджээ.

Зүүн Европын орнуудыг замдаа хангаж Станбул хүрэх Туркийн урсгал ирэх оны эхээр нээгдэнэ. 1,100 км урт, жилд 31.5 тэрбум шоо метр байгалийн хийг Болгар, Серб, Унгар, Словак зэрэг хэд хэдэн улсад нийлүүлэх энэ урсгал, АНУ-ын шингэрүүлсэн хийнээс хямд, барууны хоригт харьцангуй бага өртөх хүлээлттэй байна.

Европтой өрсөлдөхүйц Ази, юуны өмнө дэлхийн хамгийн том зах зээл Хятадад байгалийн хий нийлүүлэх төслийг (Сибирийн хүч-1) мөн 2014 онд эхлүүлсэн. Намаг, шавар, мөнх цэвдэгтэй Сибирийн тайгаар Хятадын хил хүртэл 3,000 км урт хоолой тавьж, Шанхайгаас татсан 3,500 км урт хоолойтой холбосон энэ том төсөл саяхан нээгдэв. Ирэх таван жилдээ жигдрүүлсээр, 2025 оноос жилд 38 тэрбум шоо метр хийг 30 жилийн турш нийлүүлэх, 400 тэрбум долларын гэрээ ийнхүү хэрэгжиж эхэллээ. Газпром хоолой барих зардлаа 55 тэрбум доллар гэж тооцсон ч, дийлэнх ажил, материалаа Оросын компаниудаар хийлгэсэн, рублийн ханш унасан зэргээс бодит зардал нь 29 тэрбум доллар болсон гэж Оксфордын Эрчим хүчний судлаачид мэдэгджээ.

Орос Европын зах зээлийн эрсдлээ хаахын тулд Ази руу аль болох их байгалийн хий нийлүүлэх өөр гарц идэвхтэй хайх шаардлагатай болжээ. “Европ, Хятадын хооронд өрсөлдөөн бий болгох үүднээс” … “Алтайн төслийн оронд “Сибирийн хүч-2” хоолойг монголоор дамжуулна” гэж Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн дэд дарга А.Гривич (Рос.Газета.19.12.05) хэлжээ.

Хятадын давхар стратеги

Оросын хувьд Ази, юуны өмнө Хятад бол хамгийн боломжтой зах зээл. Хятадын байгалийн хийн хэрэгцээ сүүлийн хоёр жилд 33 хувь өсч, 2024 онд дэлхийн хийн хэрэгцээний өсөлтийн 40 хувийг бүрдүүлэх аж. Тийм ч учраас Оростой улам ойртож, дээрх том гэрээг байгуулсан юм. Гэвч энэхүү “Сибирийн хүч-1” төсөл бүрэн хүчин чадалдаа хүрэхэд Хятадын шингэрүүлсэн хийн жилийн импортын зөвхөн 20 хувийг л эзлэх юм.

The Japan Times (19.12.05) сонин Хятад Оросын хийн түншлэл Японд нөлөөлнө. Оросын байгалийн хий бусад бүх нийлүүлэгчдээс хямд учир дэлхийн эрчим хүчний зах зээлийн үнийг багасгаж, худалдааны маршрутыг өөрчилнө. Хятадын уламжлалт нийлүүлэгч Австрали бизнесээ алдана, харин урт хугацаандаа Японд ашигтай болно гэжээ. Энэ түншлэл худалдааны эргэлт нь удалгүй 200 тэрбум доллар хүрэхэд нөлөөлөх ажээ.

Стратегийн хувьд энэ түншлэл АНУ-ын нөлөөг багасгах зорилготой гэжээ. Тэгээд ч худалдааны дайнаас үүдэн Хятад АНУ-аас авдаг шингэрүүлсэн хийн татвараа 10 хувиас 25 хүртэл энэ оны 6-р сараас өсгөсөн. Өнгөрсөн онд авсан 2.5 тэрбум шоо метр хийн хэмжээ 2019 онд буурах ажээ. Нүүрсний хэрэглээг багасгах шаардлагын дагуу Энэтхэг, Зүүн Өмнөд Азийн орнуудын байгалийн хийн хэрэгцээ өсөх хандлагатай бөгөөд Хятадын хийн хоолойн өргөн сүлжээнд холбогдох цаг ирэх өндөр магадлалтай. Тэр тохиолдолд Хятад улс Оросын байгалийн хийг дамжуулан экспортлох боломж, шаардлага үүснэ.

Байгалийн хийг хоолойгоор татах сүлжээ өргөсөхийн хэрээр шингэрүүлсэн хийн худалдаа буурах хандлагатай болж байна.

 

Монголын шинэ сорилт

Ийнхүү эдүгээ бий болсон геополитикийн бодит байдал өмнө нь хийн хоолойг өөр улсаар дамжуулахаас татгалзаж байсан Хятадын бодлогод өөрчлөлт оруулав. Оросууд ч бас өндөр уулсыг дамжуулан их зардлаар, өөрийн хийн нөөц их, дундад азийн хийн хоолой дайрч буй Урумчид хүрэх Алтайн замыг биш, уул намаг байхгүй, Бээжингийн том хэрэглэгчид хүрэх хамгийн дөт зам буюу Монголын, талын замыг сонгоход хүрээд байна.

Хоёр засгийн газар хамтран эзэмшдэг УБТЗ-ын гол шугамын дагуу буюу 1,060 км урттай барихаар тохиролцоод байгаа хийн хоолойн зургийг нарийвчлан гаргах, техник эдийн засгийн тооцоог хоёр жилд багтааж хийгээд, дараа нь 4 жилийн дотор барьж дуусгах боломжтой гэж Оросын “VYGON Consulting” компанийн Д.Акишин (Коммерсанть. 19.12.04) хэлжээ. 100 мянган км урт хоолой тавьсан туршлагатай Газпром компанид энэ бол бэрхшээлтэй төсөл биш.

Харин Орос, Хятад хоёр үнээ тохирно, Монгол Улс нутгаараа дамжуулсны төлбөрийг доллараар болон хийгээр авах болно. Монголын хил хүрэх замдаа Эрхүү мужийг хийгээр хангана.

Монголын нутгаар дамжин жилд 38 тэрбум шоо метр хий дамжуулах чадвартай дан хоолой манай эдийн засагт ямар нөлөөтэй болохыг “Хийн хоолойн эдийн засаг монголын талд байна” гэдэг жилийн өмнө бичсэн нийтлэлээс уншина уу. Монголын нутгаар хийн хоолой дамжих нь техникийн асуудал болоод байна. Бүх шийдвэр гарсан, хоолойг барих нь бүх талд, бүх талаараа ашигтай. Ганцхан энэ том төсөл монголын төр засгийн ил тод биш, авлигад хүлэгдсэн улс төрчдийн өрсөлдөөнөөс болоод 5-р цахилгаан станцын төсөл шиг 10 удаа шавыг нь тавиад алга битгий л болчихоосой.

Зураг
x