Зураг
Зураг
Индэр    
2019 оны 12 сарын 16
Зураг
Freelance journalist

АНГУУЧ: Цаана байгаа нөгөө хүнтэйгээ тулахгүй зугтаагаад байвал асуудлууд хэзээ ч шийдэгдэхгүй

Зураг

Б.Баттөр нь Zorky’s MMA клубийн холимог  тулааны шилдэг тамирчин, “Mongolian Ninja Warrior” шоуны шилдэг оролцогч болсон юм.

Мөн тэрбээр Японд дэлхийн аваргуудтай нэг багт тэмцээнд оролцох урилгаа Японы TBS ТВ-ээс авсан юм. Сошиал медиад олон мянган дагагчтай Ангуучтай хийсэн ярилцлагыг сонирхоорой. 

-Тулааны спортыг сонирхож эхэлсэн түүхээсээ хуваалцахгүй юу?

-Бага байхад аав төрсөн өдрөөр надад боксын бээлий бэлэглэсэн. Намайг буруу зүйл хийхэд гар өргүүлж зогсоогоод шийтгэдэг байсан нь одоо бодоход тэсвэртэй шазруун болгох гэж байсан юм болов уу. Энэ спортод арай илүү элдэвтэй, авьяастай байгаадаа урамшаад нэг юмаа барьж авъя гэж бодсон.

Би авхаалж самбаа зориг шаардсан хурдтай тэсрэлттэй спортод дуртай. Яг миний зан характертай сайн тохирдог. 

-Тулааны спортоор хичээллэснээр юу авдаг вэ?

-Өөрийн дотор байгаа зүйлээ шатааж, анагааж эдгээдэг. Намайг сахилга баттай жанжин шугамтай байлгадаг. Надад маш том зорилгыг бий болгодог. Дэлхий хамгийн том холбоо болох UFC-д Монголын нэрийг гаргасан тамирчин болох, Азийг төлөөлж дэлхий нийтэд шилдэг тулаанч болохыг зорьсон байгаа.

Зорилготой болохоор тэрнийхээ төлөө зарим зүйлийг золиослох хэрэг гардаг. Надад олон долоон шалтаг тоочих боломжийг олгодоггүй. Рингэн дээр гарах бол амьдралын хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг. Маш их юмыг даван туулаад гардаг учраас аймар баяртай, сэтгэл хөдлөлтэй, өөрийгөө хамгийн хүчирхгээр мэдэрдэг. 

-Өөрийн тэр зорилгоо тодорхойлж чадаагүй, дуртай зүйлээ олоогүй хайсаар яваа хүмүүст өгөх “tips”? 

-Бид нар бүгд өөр учраас хүнтэй адилхан болж даган дуурайх хэрэггүй. Хамгийн чухал юм бол өөрийгөө ойлгох хэрэгтэй. Чи хэн бэ гэдгээ өөрөө ганцаараа байж мэдэх хэрэгтэй. Өөртэйгөө нүүр тулж ярилцах хэрэгтэй.

Миний зорилго юу вэ, би юу хийх вэ, би юунаас аз жаргал мэдэрдэг вэ гэх мэт асуултуудыг өөрөөсөө асууж, хариулж байж өөрийгөө хүн бүтээнэ. Энэ асуултуудын хариулт зүгээр сууж байгаад бас олдохгүй. Бүх сонирхсон юмаа туршиж хийж үзэж байж, кайф өгч байгааг нь дахин оролдоно, дахин оролдоод дурлаж байвал ажил хэрэг болгож болно. Хэрвээ чиний зүйл биш, орон зай биш, тэр орон зайд чамайг хүндлэхгүй байвал, чамайг унтраадаг бол бушуухан тэндээсээ яв.

-Ганцаараа байж өөрийгөө ойлгох, өөртэйгөө ярилцах “аялал” яаж эхэлсэн бэ?

-Ганцаараа байхаас хамгийн их айдаг хүн магадгүй би байсан байх. Өөрөө өөртэйгөө нүүр тулмааргүй байгаа учраас л айгаад байна гэсэн үг л дээ. Яг ганцаараа байх үед олон бодол орж ирээд өөртэйгөө ажиллах шаардлага гарна.

Энэ бүхнээс зугтаад найз нөхөд рүүгээ залгаад гараад явдаг гэртээ тогтдоггүй байсан. Олны дунд гоё хөгжилтэй байдаг ч гэсэн  яг цаана байгаа нөгөө хүнтэйгээ тулахгүй зугтаагаад яваад байвал асуудлууд хэзээ ч шийдэгдэхгүй.

Нэг удаа би гав ганцаараа ууланд алхмаар санагдсан, өөртэйгөө нүүр тулъя гэж зориглоод тэндээ хоносон. Өөрөө өөртэйгөө байх боломжийг өөртөө олгосон гэх юм уу. Болох юм байна, зүгээр юм байна, хүлээгээд авчихвал энгийн л зүйл байсан юм байна гэдгийг ойлгосон. Энэнээс цааш амьдрал арай хурдан үргэлжилсэн. Асуудлаас зугтахгүйгээр нүүр тулдаг, шийддэг арай илүү зоримог болсон. Ганцаардлаас айхаа больсон. Ганцаардал зүгээр л хүний нэг хэсэг гэдгийг ухаарсан. 

-Цаашаа юу бодсон бэ?

-Би ганцаараа өөрийгөө хамгийн сайнаар аваад явуул яваад л байна. Гэхдээ энэ бол лаг юм биш л дээ. Хайртай хүмүүстээ тус дэм болж амьдрах ёстой. Ойр дотны хүмүүстээ тусалж явах нь амьдралын бас нэг утга учир.  Зөвхөн өөрийгөө болгох гээд байх биш. Эмээгийн бие яаж байна гэж асуух хэрэгтэй.

24 настайдаа эмээгийнхээ хагалгааны мөнгийг дааж үзсэн, ид шидийн оронд спортынхоо амжилтаар $3,000 хандивлаж үзлээ. Надад их таатай мэдрэмж өгсөн.  Хүн цаашлаад нийгэмд хэрэгтэй хүн болох ёстой. Зөвхөн өөрөө өөрийгөө л авч яваад л болоо гэдэг нэг их сонин зүйл биш. 

 

-Олон нийтийн шүүмжлэлд их өртдөг. Яаж энэ асуудлыг даван гардаг вэ?

-Эхэндээ бол цухалдаад л, маргалдмаар, бүгдийг нь барьж аваад зодмоор ч юм шиг санагдаад байсан. Одоо бол хөнгөн хүлээж авдаг. Намайг хэн ч юу гэж ч хэлсэн хараасан надад хамаагүй. Би өөрийн зорилготой тэрнийхээ төлөө тууштай хичээж байгаа нь л чухал. 

Хэрвээ хар цагаан хэл ам гэж байдаг байсан бол дэлхийн долоон тэрбум хүн аймар юм болох байлгүй дээ. Надад таалагдахгүй юм байвал би үзэхээ больчихдог. Үзэхгүй байх шалтгаанаа бичээд суугаад байх биш. Надад таалагдахгүй юм байвал би устгана, unfollow хийчихнэ. Тэгээд л болоо шд уул нь бол. Чамайг дэмждэггүй, зорилгыг чинь унтраадаг хүмүүсээс хамгийн түрүүнд зайгаа барь. Дэмждэг газар руугаа зугтаа.

-Ямар үед хүн өөртөө итгэлтэй байдаг вэ? 

-Хүн шууд өөртөө итгэх итгэлтэй болохгүй. Шууд азтай болохгүй. Миний хувьд гэвэл тавьсан зорилгынхоо төлөө өдөр болгон хийж байгаа зүйл минь намайг итгэлтэй болгож эхэлдэг. Хүн өөртөө итгээд ирэхээрээ зоригтой болдог. Зоригтой байхаараа хийе гэсэн юмаа хийж эхэлдэг. Тийм хүнийг аз ивээнэ. Өөртөө итгэлтэй болохын төлөө, давах ёстой гээд нохой шиг хичээсэн.

-Ямар хүмүүст дургүй вэ?

-Эцэг эх нь хүүхдүүддээ гоё амьдрал бүтээж өгчихсөн байхад хүн тэрэн дээр зөв хандах ёстой юм шиг санагддаг.

Эцэг эхийнхээ эд хөрөнгө эрх мэдлээр далайлгаж жирийн ард иргэдэд онгирч дээрэлхүү ханддаг хүмүүст дургүй. Уул нь эцэг, эх нь гарааны байдлыг нь бүтээгээд өгчихсөн байна гэдэг том хувь заяа. Тэрийг дааж чадахгүй онгирч сагсуурч байгаа хүмүүсийг үздэггүй.

-Өөрийн сошиал медиа аккаунтуудыг ашиглаад нийгэмд хэрэгтэй мэдээлэл түгээх саналуудыг хүлээж авах уу?

-Зөв гэж бодсон хүргэж чадах юмаа бол хүргэнэ. Бодит, үр өгөөжтэй, үнэн байхыг хүсдэг. Ямар сэдэв бэ гэдгээс хамаарна. Би улс төр яриад эхэлбэл юу болох уу.

Тодорхой хэмжээнд би өөрийн чадах, чадахгүй юмаа мэддэг болсон. Чадахгүй юмаа чадна гэж дайрдаг үе өнгөрсөн. Олон юм туршаад өөрийгөө хайгаад явах завсраа чи юу чадах юу чадахгүйгээ гадарлаж эхэлнэ. Үнэхээр шинэ юм гараад ирвэл яагаад болохгүй гэж гээд туршаад үзнэ. 

-Үе хоорондын ялгаа, дутагдалтай талууд юу байна?

-Социалист нийгмээс ардчилсан нийгэм рүү шилжиж байгаа учраас тэр нийгмийн хүмүүс хуучинсаг байх нь ойлгомжтой. Одоо шинэ эрин үе хүрээд ирчихсэн. Амьдрал сонирхолтой өвөрмөц болсон.

90-ээд онд худалдаа наймаанд явсан ах нар ихэнх нь амжилт олсон байдаг. Цаг үе болгоноос одоо үеийн тэр боломж юу вэ гэж асуух ёстой байх. Одоо цаг үеийн хамгийн гоё боломжуудыг гярхай олж харах ёстой.

Амьдрал ийм томьёолшгүй байхад, би хуучинсаг гээд шинэ зүйлтэй эвлэрэхгүй залуучуудыг ойлгохгүй мэдэхийг ч хүсэхгүй байж болохгүй. Залуу үеийн хувьд хөгжөөд гоё болж байна техник технологи гэж байгаа боловч бас дутагдалтай талууд байна. Их задгай замбараагүй болж байж магадгүй.

Дотуур тамиртай, “би би” гэсэн сэтгэхүйтэй болж өсөөд байна гэж хараад байгаа. Юмаа ил гаргаж чадахгүй мөртлөө интернетэд шалчигнасан гонь гонь гэсэн эмзэг эрчүүд их олширч байна. 

-Эмзэг эрчүүд гэж ямар эрчүүд байна вэ?

-Тав тухтай байдлаасаа гардаггүй хүмүүс тийм эмзэг байна. Би гэртээ орохоор унтмаар байна, хамаа намаагүй идмээр байна. Гэхдээ тийм байдалдаа л байгаад байвал яаж хүн урагшилж хөгжиж өөрийгөө сорих юм бэ. Тав тухтай байдлаасаа салахаараа уйлчих гээд байгаа.

Үнэхээр буруу газраа дасан зохицоод байгаад байж болохгүй. Тэндээсээ гарах ёстой. Миний хувьд, зорилго тавьсан, золиос гаргасан, шантраагүй, шантарсан ч буцаж босож ирдэг тийм л эр хүн байх ёстой. Эсрэгээрээ хүчтэй эмэгтэйчүүд их гараад ирсэн байдаг, одоо энэ эмэгтэйчүүддээ гологдохгүй байх хэрэгтэй болж байна. 

-Эмэгтэйчүүдэд ямар асуудал байна гэж харж байна?

-Эмэгтэй хүн чинь өөрөө хүчирхэг болсон ч  өөрөөсөө илүү хүчирхэг эрэгтэйг л хайж байдаг гэсэн. Өөрөөсөө дор хүнийг тоодоггүй. Тухайн эмэгтэй хүнд сул дорой байх боломжийг нь олгодог тийм эрэгтэй хүнийг хайж байгаа. Тийм болохоор эмэгтэйчүүдийг эмэгтэйлэг байдлаа битгий нэг их хаяарай, хааяа ч гэсэн сул дорой байна гэдэг тийм муу зүйл биш шүү гэж хэлмээр байна. Эрэгтэй хүнгүйгээр болгоно гээд хэт дотогшоо хатуу битгий байгаарай. 

-Найз охиныхоо тухай? 

-Хоёр өөр өөр төрлийн хүмүүс бие биенээ хайрлаад дундаа уулзах гээд байгаа нь таалагддаг. Надаас шал өөр амьдралд өссөн мөртлөө намайг байгаагаар нь хүлээж аваад миний амьдралыг ойлгохын төлөө байгаа нь таалагддаг.

Намайг заримдаа татаад заримдаа түлхээд голдоо уулзах гээд хичээдэг зан нь дурлуулдаг. Цаашид ирээдүйд болох асуудлуудыг даван туулаад явна гэдэг итгэл төрдөг. 

Facebook Хуудас: Battur Batbaatar
Instagram: anguuch_b