Зураг
Зураг
Индэр    
2019 оны 12 сарын 5
Зураг
Эдийн засагч, шинжээч

ТЭТГЭВРЭЭ АВАРЪЯ #2: Тэтгэврийн хуримтлал, зээл хоёрын алийг нь өвлүүлэх вэ?

Зураг

Монгол Улсын ДУНДАЖ МОНГОЛ ИРГЭН гэж хэнийг хэлэх вэ? Бид энэхүү үзүүлэлтийг статистикийн тоон мэдээлэл дээр үндэслэн хялбархан гаргах боломжтой. 

  • Монгол Улсын дундаж нас: 28
  • Голч цалин: 703 мянган ₮
  • Дундаж өрх: 4 гишүүнтэй
  • Хамгийн түгээмэл нэр: Бат-Эрдэнэ (Нийт 15,629 байдаг)
  • Хадгаламжид байгаа мөнгө: 2.2 сая ₮
  • Амьдардаг газар: Баянзүрх дүүрэг, хашаа байшинтай
  • Ажилладаг салбар: Үйлчилгээний салбар

Юутай ч дундаж Монгол иргэн маань Бат-Эрдэнэ болж таарах нь. Бат-Эрдэнэ маань 28 настай. Одоо ам бүл дөрвүүлээ. Тэрбээр үйлчилгээний байгууллагад ажилладаг бөгөөд сардаа 703,000 төгрөгийн цалинтай буюу эхнэртэйгээ нийлээд өрхийн орлого 1.2 сая орчим болдог (Улсын дундаж үзүүлэлтүүд ашигласан).

Тэтгэврийн зээлээ өвлүүлэх үү?

Бат-Эрдэнэ маань гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэдэг нэгэн. Нэг өдөр тэрээр ажил, гэр гэсэн завгүй амьдралын хэмнэлээс түр амсхийн ижийгээ зорив. Бат-Эрдэнэ ижийнхээ гарын хоолыг нь идэлгүй их уджээ. Бат-Эрдэнийн ээжийг Дулам гэдэг. Улсад 20 жил ажиллан, тэтгэвэртээ гарсан нэгэн.

Хийсэн хоолыг нь ам уралдан идэж байгаа хүүгээ хараад Дулам гуай ийнхүү бодов. Муу хүн минь амьдралаа босгох гээд чадахаараа л зүтгэх юм. Даанч гар дээр авдаг нь бага юм даа. Чадалтай, хүчтэй бол хүүдээ туслахсан. Даанч өөрөөсөө илүү гарч чадахгүй юм даа. Тус болохгүй юм аа гэхэд гай болохгүй л байхсан. Өвдөж зовж, өрөнд оролгүй шиг л амар тайван буцчихвал тэр л ганц хүсэл минь юм даа хэмээн дотроо бодон, гадагшаа санаа алдав. 

Дулам гуайн бодсон зүйлс дээр тулгуурлан жаахан статистик сөхье.

Монгол Улсын 892 мянган өрхөөс 50 хувь нь зээлтэй байна. Харин тэтгэврийн зээлтэй 128 мянган өрх байдаг. Дундаж тэтгэвэр нь 437 мянган төгрөг хэдий ч түүнийхээ 99 хувийг нь зээлд өгч байна. Гар дээрээ авч байгаа тэтгэврийн мөнгө гэж үгүй.

Зураг 1. Сарын дундаж тэтгэвэр, тэтгэврийн зээл, мянган төгрөг

 

Тэтгэврийн зээлийн дарамт ийм өндөр үед тэтгэврээ төлж чадахгүй ч нас барах тохиолдол олон. Харин нас барсан тохиолдолд үр хүүхдэд нь тухайн тэтгэврийн зээл нь өвлөгдөнө гэсэн үг. Тиймээс Дулам гуайн санаа зовдог нь аргагүй биз ээ. 

Системд асуудал байна уу?

Зураг 2-г та бүхэн сайн ажиглаарай. Өнөөдөр Монголд яг ийм циклээр амьдрал үргэлжилдэг. Ажилчид нь их шимтгэл төлсөн ч ахмадууд нь бага тэтгэвэр авна. Бага тэтгэвэртэй учир зээл авахад хүрдэг. Монголын ахмадын чөлөөт холбооны түүвэр судалгаагаар ахмадуудын 70 хувь нь өөртөө зориулж биш үр хүүхдэдээ зориулан зээл авдаг гэжээ. Эргээд ажилчид нь тэтгэврийн зээлийг нь хүүхдийнхээ сургалтын төлбөр, амьдрал ахуйгаа залгахад ашиглана. Энэ систем дахиад л циклдээ орно. Энэ систем хэнийг нь үхүүлэхгүй, өлсгөхгүй. Гэхдээ хэнийг нь ч баян тансаг, сэтгэл амар амьдруулж чадахгүй. 

Зураг 2. Сүйрсэн системийн цикл

 

Тэтгэврийн хуримтлалаа өвлүүлэх үү?

Одоогийн системд тэтгэврийн зээлээ л өвлүүлнэ гэхээс биш тэтгэврийн хуримтлалаа өвлүүлнэ гэсэн зүйл байхгүй. Харин олон улсууд тэтгэврийн хуримтлалаа үр хүүхдэдээ өвлүүлдэг системтэй. 

Жишээ нь манай улс бусад улс шиг өвлүүлдэг тэтгэврийн системтэй байсан гэж бодъё. Тэгвэл Дулам гуай залуу байсан үедээ өөрийн тэтгэврийн нэрийн данстай. Түүн дээрээ мөнгөтэй байх нь. Тухайлбал, тэтгэврийн шимтгэлийн 19 хувиас  хувийн тэтгэврийн санд өөрийн нэр дээр 10 хувийг нь хадгалсан гэж бодвол ядаж л сүүлийн 10 жилд 20 сая төгрөгтэй болчих боломж байжээ/Зөвхөн тэтгэврийн сангийн шимтгэл ярьж буйг анхаарна уу/. 

Харин Дулам гуай тэтгэвэрт гарсны дараа өөрийн нэр дээр орсон тэтгэврийн мөнгөө эргүүлэн авах боломжтой. Цаашлаад үр хүүхдэдээ ч өвлүүлэх боломжтой.  

Дээр дурдсан шиг системтэй байсан бол Дулам гуай хүүдээ гай болно гэж бодохоос илүүтэй хүүдээ хөрөнгө өвлүүлэх тухай бодон суух байжээ. 

Дулам гуай оройтсон байж болно. Гэхдээ Бат-Эрдэнэ оройтох ёсгүй. 30, 40 жилийн дараа Бат-Эрдэнэ санаа алдахгүй суух л тийм системийг бий болгох нь зүйтэй. 

Та бүхэн тэтгэврийн системийн шинэчлэлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл фэйсбүүк дэх “Тэтгэврээ аваръя” хуудастай нэгдээрэй.