Индэр    
2019 оны 11 сарын 30
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 40: "Туулж өнгөрүүлсэн бүхэн чинь таны амьдралын баялаг..."

 

Хүн бүрийн амьдралаасаа мэдэрдэг аз жаргал харилцан адилгүй. Мөн уйтгар, гунигаас салж, өөрийгөө тайвшруулах арга нь ч өөрийн гэсэн онцлогтой байдаг.

Бид Unlock подкастынхаа бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаарт сэтгэл зүйч Виктор Франклын есхөн хоногийн дотор бичсэн "Man's Search for Meaning" буюу “Хүмүүний утга учрын эрэлд” номыг танилцуулж байна.

Хэдийгээр зохиолч “Хүмүүний утга учрын эрэлд” номоо маш богинохон хугацаанд бичсэн боловч өөрийнхөө амьдралын түүхийг өгүүлсэн тус ном нь 20-р зууны уншигчдын амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн 10 номын нэгт тооцогддог юм.

НОМЫН ТУХАЙ #UNLOCK ПОДКАСТЫГ ШУУД СОНСОХ:

Нийт 20 гаруй хэл дээр 12 сая хувь хэвлэгдсэн энэхүү номд дэлхийн хоёрдугаар дайны үед сэтгэл зүйч Виктор Франкл Нацистуудын хорих лагерьт өөрийнхөө өнгөрүүлсэн аймшигт гурван жилээ хэрхэн даван туулсан тухай өгүүлдэг.

Хүн амьдралынхаа утга учрыг зөв тодорхойлох нь аливаа зовлон, бэрхшээлийг даван туулахад чухал нөлөө үзүүлдэг болохыг зохиолч “Хүмүүний утга учрын эрэлд” номоор дамжуулан бидэнд хүргэхийг зорьжээ.

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай зүйлийн нэг бол дэлхийн хоёрдугаар дайны үед еврей хүмүүс хэрхэн тамлагдаж, олноороо амиа алдсан тухай байдаг.

Хэн ч сонссон цочирдмоор хатуу дэглэм, яргаллаас амьд үлдсэн тэд асар их сэтгэлийн шаналлыг даван туулсан нь мэдээж.

Ингээд та бүхэнд Виктор Франклын хорих Лагерьт хэрхэн өнгөрүүлсэн товч түүхийг хүргэж байна.

"Освенцимийн гяндан буюу Аушвиц"
 

Виктор Франкл нь 1905 онд төрж 1992 онд нас баржээ.

Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны үед Австри улсын Вена хотод байрлах Еврей эмнэлэгт сэтгэл мэдрэлийн эмчээр ажилладаг байсан аж.

Харамсалтай нь 1942 онд гэр бүлийнхээ хамт Нацистууд буюу одоогийн ХБНГУ-ын төрийг тухайн үед барьж байсан Үндэсний социалист намынханд баригдаж, хорих лагерьт очсоноор бүх зүйл эхэлсэн юм...

1940 онд байгуулагдсан Освенцимийн гяндан дотроо Аушвиц I, II, III гэсэн гурван том цогцолбороос бүрддэг байсан бөгөөд өдгөө хүмүүс Аушвиц гэдгээр нь олон сонссон байх.

Энэ газар гэм зэмгүй маш олон хүнийг амьдаар нь шатааж, яргалдаг байсан бөгөөд тус хорих лагерьт амьдаараа шатаалгасан хүмүүсийн 90 орчим хувь нь еврейчүүд байсан тухай маш олон ном, зохиолд дурдсан байдаг.

Өөрөөр хэлбэл, Еврей үндэстнийг зөвхөн еврей хүн болж төрснийх нь төлөө амьдаар нь шатаадаг байсан бөгөөд хүн төрөлхтний хамгийн аймшигтай, сэтгэл өвтгөм зүйлс тэнд болж байсан гэдгийг түүх гэрчилнэ.

Хорих лагерьт очсон 27 хүн тутмын нэг нь л буцаж ирдэг байсан бөгөөд энэ нь нийт хүмүүсийн 3.7 хувь нь буцаж ирсэн гэсэн үг аж.

Мөн буцаж ирсэн хүмүүсийн ихэнх нь хорихоос амьд гарахын тулд хүний мөс чанараа нэг мөсөн гээсэн байсан тухай олон хүн ярьдаг.

Харин цөөхөн хэдхэн хүн л зөвхөн сэтгэлийн хүчээр л амьд үлдэж чаджээ. Түүний нэг бол Виктор Франкл юм.

"Хүн өлсөж, эсвэл туйлдаа хүртэл ядарснаар үхдэггүй"
 

Зохиолч баригдаад 1,500 гаруй хүний хамт вагонд явж байх үедээ өөрийгөө ямар нэг үйлдвэрт хүнд ажил хийнэ байх гэсэн бодолтой байсан аж.

Вагон хэдэн өдөр тасралтгүй явсны эцэст Еврейчүүдийг хоморголон шатаадаг гэдгээрээ алдартай “Аушвиц" шоронд ирсэн байна.

Өмнө нь энэхүү шоронгийн талаар бусад хүмүүс их ярьдаг байсан учраас тийм газар очсон гэдэгтээ итгэж ядан, маш их сэтгэлийн дарамтад оржээ.

Хорих лагерь хатуу дэглэмтэй, дээрээс нь хоригдлууд нь багтахааргүй олон байсан учраас шинээр очсон 1,500 гаруй хүнээс бие бялдрын хөгжил сайтай, хүнд ажил хийх боломжтой гэж үзсэн 200 хүнийг авч үлдээгээд ихэвчлэн хүүхэд эмэгтэйчүүдийг шатаах зуух руу явуулжээ.

Амьд үлдсэн 200 хүн эхэндээ амь мултарсандаа баярлаж байсан ч илүү хүнд маш их дарамт, айдас харгислалыг үзсэн тухай номд тодорхой өгүүлдэг.

Тухайлбал, Тэдэнд өдөрт нэг зүсэм талх, хэдхэн ширхэг вандуйтай усан шөл өгдөг байсан бөгөөд шөнө газар шорооны маш хүнд ажил хийлгэдэг байсан аж. Мөн ажилд гарахдаа тэд цаг агаарын ямар ч нөхцөлд өмсөж байсан дан хувцастайгаа хэдэн арван км туулдаг байв.

Шөнөжин хүнд, хүчир ажил хийсэн Еврейчүүд шээс, баас ханхалсан хорих лагерьтаа буцан ирэн дээшээ ч харах зайгүй багшралдан унтдаг байсан байжээ.

Дээрээс нь шоронгийн харуулын дургүйг хүргэвэл хэзээ ч шатаах зуух руу ороход бэлэн учир цаг, минут тутам тэд өөрийгөө хэзээ үхэх бол гэсэн айдастай байсан гэж Виктор Франкл бичжээ.

Ийм үед нь зохиолчоос хэдхэн долоо хоногийн өмнө тэнд очсон байсан танил нь “Чи ямар ч нөхцөлд байсан заавал сахлаа хусаж, яаж ч ядарч байсан цоглог алхах хэрэгтэй” хэмээн зөвлөсөн байдаг.

Учир нь өдөр бүр хүмүүс шинээр ирж, зайгүй болж байсан учир эцэж ядарсан, өвчин туссан ажил хийх чадваргүй болсон хүмүүсийг шууд л шатаах зуух руу явуулдаг байв. Тиймээс аль болох л эрүүл хүн шиг харагдах чухал байв.

Мэдээж ийм нөхцөлд хэн ч амиа хорлох тухай бодох байх. Харин тэдний хувьд амиа хорлох нь хамгийн амархан зүйл байсан бөгөөд зүгээр л цахилгаан гүйдэлтэй хаалганд хүрэхэд шууд үхэх боломжтой.

Виктор Франкл сэтгэл зүйд нь ийм зүйл тохиолдохоос сэргийлж эхний өдрөө л юунд ч бууж өгч амиа хорлох үйлдэл хийхгүй хэмээн өөртөө тангараг өргөжээ.

Энэ тухай "Хүн өлсөж, эсвэл туйлдаа хүртэл ядарснаар үхдэг юм биш. Итгэл найдвар нь бүрэн тасарснаар хорвоогоос хальдаг. Тиймээс юуны төлөө амьдарч буйгаа тодорхойлж, түүгээрээ бэрхшээлийг даван туулах хэрэгтэй" хэмээн тэмдэглэжээ.

"Хамгийн ихээр зовоодог зүйл бол сэтгэлийн зовиур"
 

Эргэн тойронд нь өдөр бүр хүний санаанд багтамгүй зүйлс олон болж байв. Нэвширтлээ зодуулж, цус нөжтэйгөө холхилдсон хэн нэгнийг харах нь энгийн үзэгдэл.

Ийм нөхцөлд хэдэн долоо хоног болсны дараа өөрийн эрхгүй хувь заяатайгаа эвлэрч, сэтгэл санааны хувьд юу ч мэдрэхээ больж байсан тухай номд өгүүлдэг.

Ямар ч аймшигтай харгислал нүднийх нь өмнө болж байсан ч сэтгэл нь өвдөж, санаа нь зовнихоо нэгэнт больжээ.

Ихэвчлэн дайн эсвэл бурхны талаар хоорондоо ярих хүмүүсийн хувьд тамхи татах, бялуу идэх, халуун усанд орох, нэг зүсэм талх илүү олж идэх гэх мэт энгийн зүйлс өдөр тутмынх нь мөрөөдөл байсан гэдэг.

Магадгүй тийм хүнд нөхцөлийг тэд дайн удахгүй дуусна, үхлээс бурхан хамгаална гэхээс өөр итгэлээр туулж байсан байх.

Харин сэтгэл зүйчийн маань хувьд юуны төлөө амьдарч байгаагаа ухамсарлаж, сэтгэлээ амьд байлгахыг хичээж байв.

Үүгээрээ зохиолч биеийн зовиур хүнийг зовоодог зүйл биш бөгөөд хамгийн ихээр тарчлаадаг зүйл сэтгэл зүйн дарамт гэдгийг онцолжээ.

 

Зодуулснаасаа болж хөл нь гуталдаа багтахгүйгээр хавдсан байдалтай байхад ч гутлаа үдэхгүйгээр чихэж өмсөөд ажил руугаа явдаг байсан дүр төрхийг ч дүрсэлсэн байдаг.

Иймд үед Виктор Франклын амьд явах утга учир нь юу байв ?
 

“Хорих лагерь хүмүүсээс авч болох бүх л зүйлийг булаан авсан ч ганцхан сэтгэлийн эрх чөлөө булааж чадаагүй” хэмээн зохиолч бичжээ.

ХАЙР

Энэ бүх хугацаанд Виктор Франкл эхнэртэйгээ өнгөрүүлсэн сайхан дурсамжийнхаа тухай бодож, амьд байгаа гэдэгт нь итгэдэг байв.

Эндээс амьд гарч аз жаргалтай амьдарна гэсэн бодол нь хэцүү үед нь хамгийн ихээр түшиг болж байсан гэж зохиолч номдоо тэмдэглэжээ.

Бусад хоригдлын хувьд ч хайрын тухай бодол тэсэж үлдэхэд нь маш их нөмөр, нөөлөг болж байсан нь анзаарагджээ.

Энэ тухай тэр номдоо "Хайр гэдэг хол, ойр эсвэл амьд, үхсэн гэдгээс үл хамаараад хүний сэтгэлд асар их хүч хайрладаг. Энэ бол шоронд өнгөрүүлсэн амьдралдаа миний ойлгож авсан хамгийн чухал зүйл” хэмээн тэмдэглэн үлдээжээ.

ХОШИГНОХ ЧАДВАР

Мэдээж шоронгийн тийм хүнд хэцүү нөхцөлд хошигнож, инээх талаар хэн ч бодож чадахгүй.

Гэхдээ хүний ёсонд байж болшгүй их харгислалыг тэнд байсан хүмүүс зүгээр л наргиан болж ярьдаг байв. Ингэх нь тэдний сэтгэлийн дарамтыг хэсэг ч болов мартуулдаг байсан аж.

Зохиолд хорих лагерьт бусад хоригдлуудаа дарамталж, ажлыг нь хийлгэх үүрэгтэй овгоруудын талаар ч өгүүлдэг.

Тэр хоригдлуудынхаа талаар тэд "Манай овгор өмнө нь зүгээр л нэг муу банкны ерөнхийлөгч байсан юм билээ. Гэтэл одоо энд ирээд атаман болоод томорчихсон. Үнэхээр том дэвшил шүү” гэх мэтээр ярьж хөхрөлдөж, нөхцөл байдлыг арай хөнгөвчилж сэтгэхэд тусалдаг байжээ.

Мөн сэтгэл зүйч Виктор Франкл хүн өөрийн бүтэлгүй алдаануудаа шоолж сурах хэрэгтэй. Ингэх нь өөрийнхөө айдсаас болж алдаа гаргахаас сэргийлнэ гэж зөвлөсөн байдаг.

ИРЭЭДҮЙН ТУХАЙ САЙХНААР ТӨСӨӨЛӨХ

Викторын хувьд ирээдүйн тухай сайхнаар төсөөлөх нь чухал байжээ.

Тодруулбал, хэзээ нэгэн цагт тэр хорихоос гарахаараа бусад хүмүүст юу давж туулж байсан тухайгаа хуваалцаж, тэдэнд амьдралын утга учрыг олоход нь тусална гэж боддог байв.

Ингэж бодож, ирээдүйдээ итгэхэд зовлон аль хэдийн болоод өнгөрсөн мэт санагдаж, сэтгэл бага ч болов тайвширдаг байсан гэж номд өгүүлжээ.

ХЭН НЭГЭНД ХЭРЭГТЭЙ ГЭДГЭЭ УХАМСАРЛАХ

Викторт оргох боломж хэд хэдэн удаа гарсан ч зүрх нь хүрээгүй.

Учир нь тэр шоронд хоригдож байх хугацаандаа ч бусад хүмүүст тусалж, эмчийн үүргээ гүйцэтгэдэг байжээ.

Оргох нь түүнийг эрх чөлөөт болгох байсан ч тэр өөрөөс нь хамааралтай хүмүүсийг орхиж зүрхлээгүй юм.

Энэ тухайгаа тэр оргох талаар бодохоо болингуут сэтгэл амарсан гэж өгүүлжээ.

Магадгүй түүний хувьд бусдад туслах нь энэ бүхнийг даван туулж, амьд үлдэх нэг шалтгаан нь болж байсан байж болох юм.

Энэ бүхний эцэст 1945 оны төгсгөлд дайн дуусаж тэд шоронгоос гарчээ.

Юунаас ч айхгүй байх эрх чөлөө хамгийн сайхан мэдрэмж ч гэсэн асар их дарамт дунд байсан тэд гэнэт энгийн амьдралдаа эргээд орох нь бас сэтгэл зүйн бас нэг шок болж байсан тухай номд өгүүлжээ.

Тэндээс амьд гарсан олон хүн эхэндээ энгийн амьдрал руугаа орж чадалгүй сэтгэл зүйн дарамтад орсон аж.

Зохиолчийн шаналлаа өгүүлснийхээ эцэст хэлсэн зүйл нь “Сэтгэл зүй нь эрүүл хүн өөрийнхөө хүссэнээр яаж ч өөрчлөгдөж болно” гэжээ.

"Юуны төлөө амьдарч буйгаа тодорхойлох нь чухал"
 

Хүн өөрийгөө яаж тодорхойлох нь өөрийнх нь бүрэн эрх.

Мөн тулгарах бэрхшээлийг яаж харахаас гарах гарц нь тодорхойлогддог.

Тиймээс хүн юуны тулд амьдарч байгаагаа тодорхойлж, зорилго тавин, түүндээ хүрнэ гэсэн тогтвортой төсөөлөлтэй байх хэрэгтэй аж.

Гэхдээ юуны төлөө амьдарч байгаа гэх шалтгаан нь аливаа зовлон бэрхшээлийг даван гарах хүч өгч байхаар хүчтэй байх ёстой.

Тэглээ гээд бас хийсвэр том, философийн ямар нэг ухагдахуун байх шаардлагагүй. Хамгийн гол нь өөрийн тань хүсэж байгаа зүйл таны амьдралд хэрэгжиж болох бодитой зүйл байх хэрэгтэй гэж зөвлөжээ.

Үүнийг тэрээр, шатрын хүү хүссэн байрандаа очихын тулд маш олон жижиг нүүдлээр нүүдэгтэй адил хүний амьдралын богино хугацааны зорилтууд юуны төлөө амьдарч буйг тодорхойлдог гэж тайлбарласан байна.

Мөн өнөө үед ахмадуудыг бодвол залуус илүү аз жаргалтай гэж бодох нь буруу.

Учир нь хөгшин хүмүүс бол өөрийн хүссэн зүйлүүдээ тодорхой хэмжээнд биелүүлсээр ирсэн болохоор залуусыг бодоход сэтгэл зүйн хувьд илүү жаргалтай байдаг аж.

Магадгүй өнөөдрийг хүртэл өнгөрүүлсэн амьдралаасаа ичиж, сэтгэл хангалуун биш байдаг байж болно. Гэхдээ тэр бүхэн бол таны амьдралын хэн ч булааж авч чадахгүй баялаг.

Тиймээс хүн бүр оюун бодол, сэтгэлдээ буй баялгийнхаа үнэ цэнийг олохын тулд өнгөрсөн амьдралаасаа суралцах хэрэгтэй гэдгийг сэтгэл зүйч Виктор Франкл “Хүмүүний утга учрын эрэлд” номоороо дамжуулан хэлэхийг зорьжээ.