Индэр    
2019 оны 11 сарын 29
Зураг
Гэр бүлийн сэтгэл зүйч

Дэлхийн технологийн олимпт анхны оролцогч болсон тэмдэглэл

Зураг

Хэрэв Та Монголд бизнес эрхэлдэг, олон улсад бизнес эрхлэх хүсэлтэй бол, томоохон асуудлыг шийдвэрлэх аргачлал нэвтрүүлэхийг хүсдэг бол энэхүү нийтлэлийг танд зориулан хүргэж байна. 

Дэлхийд өрсөлдөх Монгол хүсэл- FullBox

Дэлхийн эдийн засгийн 6.5%-ийг технологийн салбар эзэлдэг(Brooking, 2019).

Цаашдаа ч энэ хувь хурдацтай өсөх нь тодорхой. Шинэ технологи, боломжит зах зээл, захирлуудын ярилцлага, сая доллараас эхлээд тэрбум долларын хөрөнгө оруулалт зэрэг ярилцлагууд нэг дор хаана өрнөдөг вэ? Энгийн монгол иргэн эдгээр ярилцлагын нэг хэсэг болох боломжтой болов уу? Сүүлийн 9 жилийн хугацаанд технологийн салбарын хамгийн том нэгдсэн хурал гэж нэрлэгдэх болсон Websummit-д 70,000 хүн дээрх сэдвүүдийн талаар ярилцсан бөгөөд Монгол Улсаас анх удаа FullBox хэмээх сэтгэл зүйн дижитал хэрэглэгдэхүүн Alpha хэсэгт тэнцэн бизнесээ танилцуулж оролцсон юм.

 

Жилдээ нэг удаа болдог Websummit-ийн нээлт 17:00 цагт эхлэх хуваарьтай. 14:00 цагаас эхэлж дугаарлан зогсохдоо сэтгэл догдлон Монголынхоо далбаатай тэмдгийг энгэртээ зүүн, сэтгэлээ сэргээв. Анх тавдугаар сард Websummit-ийн гарааны бизнесийн Alpha хэсэгт бүртгүүлэн, хүсэлт илгээн, дараа нь ярилцлага хийж, есдүгээр сард “Тэнцсэн” гэдэг хариугаа авчихаад явж байхдаа ямар чухал үйл ажиллагаанд явах гэж буйгаа төдийлөн ойлгоогүй байсан. Магадгүй FullBox-ийг дэлхийд хэрэгтэй үйлчилгээ юм байна гэдэг төсөөлөлгүй байсных байх. 

Нээлтийн үеийн Видео:

 

Websummit-д оролцсон хүмүүсийн ихэнх нь 3 өдрийг хэрхэн өнгөрүүлэх вэ гэдэг зорилгоо бүрэн тодорхойлж, сайтар бэлдсэн байх нь гайхалтай. Энэ хурал тэдний оролцож буй анхны хурал биш ч хамгийн том нь гэдэгтэй хэн ч маргахгүй. Энэхүү хуралд олон төрлийн өрсөлдөөн, уралдаан болж, өөрийн санаагаа цэвэр бизнесийн хэлээр танилцуулах нь залуу хүн бүрийн авах мэдрэмж гэлтэй. Хэн нэгэнд хэлээд итгэхгүй байсан санаа энд ирээд ямар сонирхолтой юм бэ гэсэн ярианы сэдэв болох нь сэтгэл дүүргэм. Бүх хүн нэг хэлээр ярина, бүх хүн өөрийнхөө санааг олны хүртээл болгож, хэн нэгэнд тулгарч буй асуудлыг нь шийдвэрлэхийг хичээнэ.
 

 

Монгол Улсад валют оруулж ирж, гар дээрээ долларын цалин авдаг иргэдийн тоог нэмэх хэрэгтэй юм байна гэсэн ганцхан сэдлээс л үүссэн FullBox маань дэлхийн технологийн нэг хэсэг болон танилцуулагдсан нь итгэмээргүй. Цаашлаад ажиллаж буй шинжлэх ухааныхаа хөгжил дэвшилд гар бие оролцох эрх хүн бүрийн өмнө нээлттэй байдагт бат итгэдэг учраас дэлхий биднээр дутахгүй ч дурсан санах хүртэл нь хичээхээр шийдээд Websummit-д өөрсдийн бүтээлээ сойсон юм. Та бүхэнд явсан ажлынхаа үр дүнг тэмдэглэн хүргэж байна. 

Яагаад сэтгэл зүйн Апп Websummit-д тэнцэх болсон бэ?

 

Дэлхийн технологийн хуралд яагаад сэтгэл судлаачид гэж? Үнэндээ ямар ч мэргэжлийн хүн явж болох хурал л даа. Websummit-д оролцох анхны хүсэлтээрээ шууд тэнцсэн компани нь сэтгэл судлаачдын хөгжүүлж буй FullBox App байсан нь бидний хувьд бахархалт үйл явдал юм. Долоон жилийн хугацаанд Монголын томоохон байгууллагуудад сургалт хийж, судалгаа явуулж, хэдэн зуун менежерт ганцаарчилсан зөвлөгөө өгөөд өөрсдийн хувьд цуглуулж хуримтлуулсан мэдлэг туршлагаа дэлхийн бусад улс оронтой хуваалцах хүсэл тэмүүлэлтэй сэтгэл зүйн бүтээгдэхүүнийг зохион бүтээсэн маань ярилцлага авч байсан хүний анхаарлыг татан анх оролцох эрхээ авсан. Манай давуу тал болсон гэж таамаглаж буй 3 хүчин зүйлийг дурдвал:

Алсын хараа ба зах зээл

Сэтгэцийн эрүүл мэнд нь дан ганц корпорацын, эсвэл аль нэг улсын асуудал биш юм. Хүний сэтгэл санааг тогтвортой байлгах зорилготой эмийн зах зээл, сэтгэл судлаачдыг ажиллуулах даатгалын зах зээл, бүтээмжийг нэмэгдүүлэх хүний нөөцийн зах зээл, сэтгэлийн шаналлаас үүссэн өвчлөлийг бууруулах эрүүл мэндийн зах зээл гээд манай бүтээгдэхүүн шууд нөлөөлөх боломжтой хүний олон төрлийн хэрэглээ бий. Эдгээр зах зээлд дижитал орон зай үгүйлэгддэг. Мэргэжилтэн-төвт үйлчилгээний хэрэгцээ буурахгүй ч хүн өөрөө бие даан тодорхой асуудлуудаа шийдвэрлэх боломжууд үгүйлэгддэг. Энэ талаасаа бид 80,000 гаруй хүсэлт дундаас сонгогдсон гэдэгт итгэлтэй байна. 

Мэргэжлийн сэтгэл судлаачийн туршигдсан аргачлал

Хэрэглээнд орсон олон төрлийн App-ийг ихэвчлэн технологийн мэргэжилтнүүд хийдэг байсан бол дараагийн дижитал давалгаа бусад салбарын мэргэжилтний ур чадварт суурилсан дижитал App-ууд байна гэдэгт итгэлтэй байна. Бидний зохиосон үйлдлийн дизайнууд 7 жилийн хугацаанд зөвлөгөөний өрөөнд, сургалтын зааланд ашиглагдан ирсэн аргачлалууд учраас хүмүүст юу хэрэгтэй байдгийг ойлгосон “мэргэжлийн туршлага” энэхүү дижитал бүтээлийн хамгийн чухал хүчин зүйл байсан. 

Дижитал аргачлал

 

Олон төрлийн мэргэжилтнүүд аливаа нэг нээлтийг гаргаад ном товхимол хэвлүүлэх, сургалт, хичээл заах, мэргэжилтэн бэлтгэх зэрэг аргаар олон хүнд хүргэдэг. Харин бид өөрсдийн бүтээсэн аргачлалуудыг дижитал орчноор дамжуулан илүү олон хүнд хүргэхийг зорьж байгаа нь олон хүний сонирхлыг татсан юм.

Хурлын явцад зөрсөн 11 хүлээлт

Манай багийн хувьд Америкийн сэтгэл судлаачдын 125 дах хурал буюу салбарынхаа хамгийн том хуралд 20,0000 мэргэжилтний хамт оролцсон туршлагатай байсан учраас Websummit технологийн салбарын 70,000 оролцогчтой том хурлаас юу хүлээх вэ гэдэг бэлтгэлтэй байсан гэж хэлж болно. Дараах 11 зүйл бидний хүлээлтээс өөр байсныг дурдах нь зүйтэй байх. 

1. Гарааны бизнес эрхлэгчдийн нас

20-25 насныхан түлхүү байна гэсэн хүлээлт эсрэгээрээ болсон. Гарааны бизнесийнхний дундаж нас ойролцоогоор 35 байсан бол оролцогчдын дундаж нас 40 орчимд байв. Гарааны бизнесийнхний дунд 50- 60 буюу идэр насныхан зонхилж байсан нь сонирхолтой.

Монголд 20 жил ажилласан бол карьерийнх нь замнал дуусаж байна гэж түгээмэл үздэг ойлголт дэлхийн хамгийн том хурал дээр эсрэгээрээ буюу хамгийн их ирсэн боловсон хүчин дор хаяж 20 жил ажилласан хүмүүс байсан юм. Энэ жишгийг Монголын идэр насныхан даган дуурайж, өөрсдөө мэргэжлийн туршлагаа асуудал шийдвэрлэхэд ашиглах, ажил хөдөлмөрөөрөө оролцоотой байх нь чухал юм гэж бодогдсон.

2. Дэлхий нийтийн хэл ба аялга

Бизнес эрхлэгчид болон технологи хэрэглэгчид бүгдээрээ Англи, Америк, Канад улсуудад амьдардаггүй нь тодорхой учраас англи хэл бол ихэнх хүмүүсийн 2 дахь хэл байсан. 70,000 хүний дунд өрнөсөн ярилцлага болгонд аялга, өгүүлбэрийн дүрэм, үгсийн сан гэдэг зүйлс хамгийн чухал хэмжигдэхүүн байгаагүй. Асуудлаа хэр судалсан байна, бизнесийн цар хүрээгээ хэр ойлгож байна гэдэг ярилцлагууд өрнөсөн.

Хөрөнгө оруулагч нар ч ярьж буй хүнийхээ хариултыг бүрэн сонсоход цаг гарган, хүндэтгэлтэй ханддаг. Таны аялга төгс биш байгааг хүлээн зөвшөөрөн түүний оронд англи хэл дээр уншсанаа бүрэн ойлгох, ятган үнэмшүүлэх ур чадварууд дээрээ цаг хугацаа зарцуулбал илүү амжилт ирэх юм.

3. Бүтээгдэхүүний зах зээл

Velocity Global-ийн судалгаагаар “2019 онд 5 компани бүрийн 1 нь дэлхийн 3+ улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ тоо 2024 онд 5 компани бүрийн 4 болж өснө” гэж дүгнэсэн. Энэ тоо Монголын бизнесүүд өөр улс оронд бизнесээ тэлж, ӨРСӨЛДӨХ ЧАДВАР-аа нэмэгдүүлэхгүй бол 4-хөн жилийн дотор Монголд нээгдэж буй компани бүр гаднын компани болох эрсдэл бий гэдгийг харж болох юм. 

4. Нэгдсэн мөнгөн тэмдэгт

Хэдий энэ хуралд нийт 130 орны бизнес, хөрөнгө оруулагчид, оролцогчид ирсэн ч үндсэн мөнгөн тэмдэгтээр бараа бүтээгдэхүүнээ үнэлж, ирээдүйн ашиг орлогоо ярилцана. Хүмүүсийн хооронд яригдаж буй бүх үнийн дүн америк доллар, Европын еврогоор тооцогдсон байх нь бичигдээгүй хууль. Бизнес эрхлэгчдийн хувьд нэг хүнд зарах үнэ, 1 жилд олох орлого бүгд доллартай харьцуулагдаж байх нь чухал.

Энэ жишгийг Монголын компаниуд өвлөн авч, менежер бүр ашиг орлого ба алсын хараагаа доллараар жишин төлөвлөх нь дэлхийд өрсөлдөхийн эхний алхам болох болов уу. 

5. Үндсэн хэл бол Бизнесийн хэл

Бизнесийн хэл гэдгийг олон янзаар тодорхойлж болох байх. Хөрөнгө оруулагчдын хувьд нийт борлуулалт, нийт хэрэглэгчийн тоо, хэрэглэгчийн feedback, бизнес модель, зах зээлийн судалгаа, алсын хараа зэрэг чухал юм. Харин эдгээр тоог бусад гарааны бизнесүүдийн жишигт хүргэхэд Монголын зах зээл дангаараа хангалтгүй гэдэг нь тодорхой. Хөрөнгө оруулалтын хамгийн эхний шат болох angel, pre-seed, seed үеүдэд байгаа 1 App-ын дундаж таталт 200,000 гэж яригдаж байсан учраас зөвхөн Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниуд хэрэглэгчийн тоо бага гэдгээр оноо хасагдах магадлалтай юм байна гэж бодогдсон. 

6. Хурд

Гадаа түгжрэх, хүүхдээ хүргэж өгөх, өмнөх өдөр найзуудтайгаа шоудах гэх мэт Улаанбаатарчуудын цаг хугацаа, хурд хүчийг сааруулдаг олон шалтгаанууд энэ хурлын дундуур нэг ч дурдагдаагүй. Монголын хурд, дэлхийн хурд хоёрт маш том ялгаа байх шиг санагдсан. Бид өөрсдийгөө завгүй болгож буй үйлдлүүдийг бусад орны иргэдэд ч байдаг асуудал мэт “хүлээн зөвшөөрөх” хандлагатай. 

Харин бизнесийн хурд бол хүүхэдтэй байх, өвчтэй байх, сэтгэл санааны зовуурьтай байх, улс орны хүндрэл гэх мэт олон хүчин зүйлсийг үл харгалзан 5 жил, 1 жил, хагас жил, 3 сар, 7 хоног цаашлаад ихэнх уулзалтууд 15 минутаар хэмжигдэж байсан учраас “технологийн салбар”-ын хурдыг мэдрэх хэрэгтэй мэт санагдсан. 

7. Хөрөнгө оруулагчид старт-апт $100,000, $1,000,000, $10,000,000 гээд хүссэнээр тань хөрөнгө оруулах хүсэлтэй

Таны санал болгож буй шийдэл салбарынхаа ямар асуудлыг шийдвэрлэж, нэг компанийн ямар хэмжээний зардлыг багасгах боломжтой юм бэ гэдэг тооцооллоос хамаараад та хэдэн ч төгрөгийн хөрөнгө оруулалтыг зорилгоо болгож болно. Гэхдээ таны шийдэл зөвхөн монгол комданиудад зориулсан бол хөрөнгө оруулах сонирхол болон мөнгөн дүн буурна гэдгийг санах нь чухал. Мөн та бизнесээ “санаа” байхад нь бага үнийн дүнгээр хөрөнгө оруулалт авч болно, эсвэл борлуулалт хийгээд арай илүү дүнгээр авч болно.

8. Хэрэглэгчдийн тоо ба санал сэтгэгдэл

Их хэмжээний хөрөнгө оруулалт аван, илүү олон хүнд хүргэхийн тулд таниас нийт борлуулсан үнийн дүн, хэрэглэгчийн тоотой байхыг шаардана. Энэ тоог зөвхөн Монгол Улсад бүрдүүлэх гэж оролдвол хангалттай бус юм. Өөрийн санааг олон улсад хэрэглээ болгохоор “сойж” байгаа бол таны бүтээгдэхүүн төгс байхаас илүүтэй хэрэглэгч нар юу гэж хэлсэн, тэдний санал хүсэлтийг бүтээгдэхүүндээ хэр их тусгасан бэ гэдэг чухал. Таны бүтээгдэхүүнийг аваад хэрэглэгчид ямар мэдрэмж төрөх, ямар асуудлаа шийдвэрлэх вэ гэдэг урт хугацааны төлөвлөгөөтэй байх нь чухал.

9. Хурдасгуур хөтөлбөр

Ямар ч гарааны бизнесийн түүхийг сонссон аль нэг “Accelerator Program”-д буюу хурдасгуур хөтөлбөрт оролцсон байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харах боломжтой.  

10. Адилхан зорилготой хүмүүс дундах таны ялгарал

Гарааны бизнес хийх болсон шалтгаан олон янз. Зарим нь богино хугацаанд ашиг олоод томоохон бизнест зарах, зарим нь бизнесээ удаан хугацаанд удирдах, зарим нь өөрсдийн хөрөнгөтэй болоод өөрсдөө хөрөнгө оруулагч болох гэх мэт. Бүгдээрээ хурдны зам дээр өөр өөр машинтай, өөр өөр хурдаар хоорондоо уралдаж байгаа энэ тэмцээнд та юугаараа ялгарч, хаана очих зорилготой байгаа тань маш чухал.

11. Сэтгэцийн эрүүл мэнд

Бизнес эрхэлж буй хүмүүсийн “чимээгүй” тахал ч гэж хэлж болох нэг хүчин зүйл бол сэтгэл гутрал, халшрал, ганцаардал, өөрийгөө хэт хайрлах гэх мэт сэтгэцийн өвчлөлүүд байдаг.

Үүсгэн байгуулагч бүр нэг бол сэтгэл гутралтай байгаа эсвэл сэтгэл гутралыг даван гарсан байдаг. Сэтгэл санааны хувьд тогтвортой байхын тулд нийгмийн харилцаа холбоо, хобби, найз нөхөд, дэмждэг хамтрагч гэх мэт олон хүчин зүйлийг өөртөө бий болгон сэтгэлээ хамгаалах дархлаатай байх хэрэгтэй. Мөн сэтгэл гутралд орно гэсэн хүлээлттэй, түүнээс гарах бэлтгэлтэй байх нь чухал санагдсан.  

12. Монгол ба дэлхий

Гарааны бизнес эсвэл экспорт хийхээр зорьж буй компаниудад итгэл найдвар өгөхөд, Монголын хөрөнгө оруулалт, гарааны бизнесийг дэмжих дэмжлэг зэрэг нь дэлхийн хөрөнгө оруулалтын бүтэц, дүрэм, хамтын ажиллагааны загвараас ялгаатай байсныг хэлэх хэрэгтэй.

Монгол Улс маань хөрөнгө оруулалтын загварчлалыг нутагшуулж буй улс орон учраас хэрвээ таны санал санаачилга дэлхийн иргэдэд зориулагдсан гэж бодож байвал олон улсын бизнесийн загвар, хурдасгуур хөтөлбөр, хөрөнгө оруулалтын сан, зах зээл зэргээс судлах нь таны цаг хугацааа, эрч хүч, мөнгийг хэмнэнэ.

Дэлхийн компани болох ба дэлхийн иргэн байх боломж

Монголын эхний баялаг бүтээгчид Монголд бүтээгдэхүүн, үйлчилгээ импортлогчид байсан. Дараагийн баялаг бүтээгчид Монголоос бүтээгдэхүүн, үйлчилгээ экспортлогчид байх болно. Тэдгээр баялаг бүтээгчдийн нэг болохыг бид бүгдээрээ хүсэх хэрэгтэй юм. 

АНУ, Орос, Хятад, Солонгос гээд дэлхийн тэргүүлэх улс орны тэргүүлэх сургуулиудыг онц сайн сурч төгсөөд Монголдоо ажиллах шийдвэр гарган сарын $200 цалин авахаар сонгон ирж буй олон зуун оюутан байдаг. Бидний хамтран ажилладаг сэтгэл судлаачдын баг ч энэ жишгээр ажиллаж хөдөлмөрлөдөг. Долоон жил ажилласан туршлагын дараа $600 болж “өссөн” цалин нь хамт сурч байсан хөгжингүй орны мэргэжилтнээс даруй 10 дахин бага байгааг хараад ядуу орны иргэн их зүйл хүсэж болохгүй гэсэн дүрэмтэй мэт санагдсан.

Гэтэл найз маань надтай адил 3 долларыг өглөөнийхөө кофенд, өдрийн хоолондоо 5-10 доллар зарцуулдаг. Ганцхан бид биш, ажил хийж буй 400,000 хүн бүгд долларын зардлаар хувцсаа худалдан авч, долларын зардлаар машиныхаа өрийг төлдөг. Бүх гүйлгээг бид төгрөгөөр хийдэг мэт боловч бодит зардал нь үргэлж доллараар төлөгддөг нь биднийг дэлхийн иргэн шиг орлоготой болох зорилго тавихаас өөр аргагүйд хүргэсэн. 

Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 13 тэрбум доллартай улс орны иргэн юу хийж болох вэ гэхээр энэ орлогыг нэмэгдүүлж болно. Технологийн салбар түүний нэг боломж нь юм. Бидний ур чадвар, сэтгэн бодох чадвар, харилцааны чадвар, багаа удирдан чиглүүлэх чадварууд бүгд дэлхийд хэрэгтэй. Бид зах зээлээ арай томоор хараад, англи хэлнийхээ айдаснаас салаад, унших судлах үйлдлийг амьдралынхаа нэг хэсэг болгоод, зугаалахад бус олон улсын хурал цуглаанд ач холбогдол өгвөл бидэнд бүгдэд нь боломж байна. 

Монгол хэлээр яригддаг хамгийн зөв шийдэл, дэлхийн байгаль орчинд эерэг үр дүн авчрах нүүдэлчин соёл, ард түмний дунд үе дамжин ирсэн суу ухаан, аливаа зүйлийг амархан шийдвэрлэдэг инженер сэтгэлгээ зэргийг Монголоос дэлхийд бид хүргэх хэрэгтэй. Харин зөвхөн монгол хэл дээр энэ бүх соёл уламжлалаа хадгалах, цаашлаад хамгаалах гэж оролдох нь хаалган дотроо томоос том хана босгож буйтай агаар нэг юм. 

Монгол хүний хувьд дэлхийн аль ч улсад очсон уулзаж буй хүнийхээ хамгийн анх удаа танилцаж буй монгол хүн байх нь түгээмэл байдаг. Энэ хурал дээр ч ялгаагүй. Цаашдаа олон улсын хурлуудад өөрсдийн бизнесээ танилцуулах Монголын компаниуд улам олон болж, Монгол Улсдаа ажиллаж хөдөлмөрлөдөг ч дэлхийн иргэний цалин орлоготой ажилтнууд олон болоосой гэсэн чин хүсэл бүгдэд нь хүргэе. 

Шийдвэрлэхийг хүсдэг асуудлаа шийдэх боломж Монголд харагдахгүй байвал та дэлхийд саналаа хүргээрэй!

Нийт оролцогч 8 хуваагдана. Бяцхан тайлбарыг таны төсөөлөлд зориулан хүргэлээ. 

  • Participant- 3 өдрийн үйл ажиллагаанд оролцох гэж 1000 евро төлж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн байх боловч дийлэнх нь Орос болон Европын орнуудаас ирсэн байна. Эдгээр хүмүүс дэлхийн технологийн хөгжлийг тодорхойлогч 500 компанийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцах, нийт 22 тайзан дээр явагдаж буй компанийн удирдлага, хөрөнгө оруулагч, гарааны бизнесүүдийн 10-30 минутын яриа хэлэлцүүлгүүдийг сонсох гэж ирсэн. 
  • Alpha- энэ тэмдгийг зүүсэн 1000 гарааны бизнесийн 2500 орчим оролцогчид байна. Гарааны бизнесийн I анги гэж нэрлэгддэг эдгээр хүмүүсийн хувьд энэ хуралд бизнесээ танилцуулах гэж, технологийн салбарт өөрсдийн шийдлийг санал болгохоор анх удаа оролцож буйг илтгэнэ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гэх боловч ихэвчлэн эрэгтэйчүүдээс бүрдсэн, Европын болон энэтхэг улсаас оролцогчид давамгайлна. 
  • Beta- Дараагийн 700 орчин гарааны бизнесүүд бол II ангийнхан. Эдгээр бүлгийнхэн өмнө нь Websummit -д оролцож байсан, мөн богино хугацаанд $100.000 илүү борлуулалт хийсэн компаниуд багтсан байна. Эдгээр бүлгийнхэн ихэвчлэн үйл ажиллагаа явуулж буй улс орны тоог нэмэгдүүлэх, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор бусад гарааны бизнестэй хамтрах, хөрөнгө оруулагч нартай уулзах гэсэн зорилгоор ирсэн. 
  • Growth - 200 орчим бинесийн танилцуулах хэсгийнхэн манай төгсөх ангийнхан. Эдгээр компаниудын хувьд томоохон технологийн компанийн оутсоурсинг хийдэг, өөрсдийн харилцагч нартай болсон, улс орондоо танигдсан, тогтвортой бизнесүүдийг илтгэнэ. 
  • Investor- Энэ хурлын хамгийн хүндтэй бүлэг. Эдгээр хүмүүсийн тодорхой хувь нь тэмдэгээ буруу харуулж зүүсэн байгаа нь анхаарал татаж, цаг алдахгүй гэснийх. Хөрөнгө оруулагч нарын тоо Alpha тэмдэгтэнгүүдтэй ижил хэмжээтэй санагдсан тул эдгээр хүмүүст зөв санаатай, багийн чадвар сайтай, мөрөөдсөн бүхнээ мөнгө болгож чадах баг хамт олныг хайсаар явдаг. Гэхдээ зөвхөн өөрийнхөө ажилладаг салбарт, өөрийнхөө өгч чадах хэмжээгээр хөрөнгө оруулах зорилготой.  
  • Partner- өөрсдийн байгууллагын хөгжил дэвшлийг хуваалцан, үзэсгэлэн гарган ажиллаж буй 500 компанийн захирал ба менежерүүд. Тэдний зорилго өөрсдийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах. 
  • Speaker- зөвхөн 1200 хүн энэ тэмдгийг зүүсэн байгаа нь тэднийг энэ хурлын хамгийн ховор нэгэн болгоно. 15 минутын ярилцлага дуусаад тайзны хаашаа ч юм алга болон одох эдгээр хүндэт нөхдийн зөвхөн туршлага, санал бодол, зөвлөгөөг сонсох боломж олдоно. 
  • Media- өөрсдийн гэсэн агенда, зорилготой, үргэлж завгүй явж буй хүмүүс бол хэвлэл мэдээллийн салбарынхан. Том том камер бариад гүйгээд байхгүй ч гэсэн боломж бололцоо болгонд бичлэг, сурвалжлага хийж, өөрсдийн сонин, сэтгүүл, нэвтрүүлгийн мэдээллийг бэлтгэн хүргэдэг.  

Видео: