Зураг
Зураг
Индэр    
2019 оны 11 сарын 23
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 39: Далд ухамсарт чинь буй дүрмүүдээс...

Зураг

Unlock подкастын бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаарт АНУ-ын алдарт сэтгэл зүйч Robert Cialdini-н бичсэн “Influence” буюу "Нөлөөлөл" хэмээх сонгодог бүтээлийг хүргэхээр бэлтгэлээ.

Robert Cialdini Аризонагийн их сургуульд сэтгэл судлалын багшаар ажилладаг бөгөөд нийгмийн сэтгэл зүйн чиглэлээр АНУ-даа танигдсан профессор юм. Тэрбээр 2012 онд Барак Обама, 2016 онд Хилори Клинтоны сонгуульт ажилд мэргэжлийнхээ дагуу кампанит ажилд нь тусалж байжээ. 

Энэхүү ном нь анх 1984 онд хэвлэгдсэн бөгөөд одоогийн байдлаар 30 гаруй хэл дээр гурван сая орчим хувиар хэвлэгдэж, АНУ-ын бестселлэр номын жагсаалтад зүй ёсоор ордог байна.

Та энэхүү номноос бусдыг даган дуурайх, бусдад амархан итгэснээсээ болоод буруу шийдвэр гаргахад нөлөөлдөг хүний далд ухамсарт байдаг дүрмүүдтэй танилцах болно. 

 
НОМЫН ТУХАЙ #UNLOCK ПОДКАСТЫГ ШУУД СОНСОХ: ДУГААР 72
Хүн яагаад автоматаар шийдвэр гаргадаг вэ?

Хүн зарим зүйлд автоматаар шийдвэр гаргаж, үнэтэй л бол чанартай, хямдхан бол чанар муутай гэж бодох үе бий. Учир нь энэ дэлхий дээр хүн төрөлхтний санаа зовдог олон асуудал байдаг учраас зарим зүйл дээр тархи нь автоматаар шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлдэг аж.

Хэрвээ бүх зүйлийг нэг бүрчлэн бодож шийдвэр гаргана гэвэл хүний тархи тэр бүгдийг дааж чадахгүй гэдгийг энэхүү номын эхэнд өгүүлжээ. 

Тэгэхээр өөрт тань буй сэтгэл зүйн онцлогоо зөвөөр удирдах аргад суралцах хэрэгтэй.   

Далд ухамсарт буй хариу барих дүрэм

Хүн хоорондын харилцааны хэлбэрийн нэг нь бусад хүн надад яаж хандана би тэгж хандана, би бусдад яаж хандана надад тэгж хандана гэх ойлголт билээ. Энэ нь хүмүүсийн дунд итгэлцлийг бий болгож чадсан төдийгүй нийгмийг хөгжихөд чухал нөлөөтэй байдаг. Нөгөө талаар өшөө авалт болж болохуйц сөрөг үр дагавартай дүрэм юм. 

Сэтгэлийн гүн дэх энэ үзэгдлийг худалдааны маркетингт ихээхэн ашигладаг гэдгийг та мэдэх үү? Жишээ нь дэлгүүрүүд хоол амталгаа зэргийг хийдэг нь зүгээр нэг амтлуулъя гэх цайлган сэтгэл бус хүний юмыг хэрэглэсэн бол хариу үйлдэл үзүүл гэх санааг агуулсан бодлого аж. 

Тэгэхээр та хэн нэгнээс юм авах гэж байгаа бол дараа нь тэр хүндээ юу хийж өгөх вэ гэдгээ бодохыг зөвлөж байна. 

Далд ухамсарт буй амлалт буюу хэлснээ биелүүлэх сэтгэлгээ

Нийгмийн амьдралд хэлсэндээ хүрдэг хүн хамгийн өндөр үнэлгээ авч чаддаг. Энэ нь улс төрчдийн хувьд ихээхэн ажиглагддаг билээ. Амлалт гэдэг зүйл нь ардаа заавал биелэлтийг дагуулах ёстой байдаг тул хүн хоорондын хамгийн чухал харилцааны нэгт зүй ёсоор ордог. Иймд та бусдад амласан л бол заавал биелүүлэхийн төлөө амьдрах хэрэгтэй гэдгийг мартуузай.

Мөн ямар ч бодлогогүйгээр жижигхэн зүйл дээр ч байсан хамаагүй бусдад хэзээ ч битгий амлалт өгч бай. Жишээ нь яасан хөөрхөн юм миний дүү, эгч нь дараа нь гоё чихэр авч өгнө өө гэх мэт.

Нөгөө талаар амлалт нь өөрийгөө хурцлах хөшүүрэг болдог аж. Учир нь би ингэж амласан болохоор заавал үүнийг хийнэ гээд тухайн зүйлтэйгээ илүү тулж ажиллах болдог. Гэх мэтээр амлалтаасаа болж амжилтад хүрсэн хүний жишээ олон.

Түүнчлэн хүмүүс олон нийтэд өөрийгөө ямар хүн болохыг зарласныхаа дараа тэд таныг хэрхэн харж байна тэр чигээр нь өөрийгөө авч явахыг хүсдэг болохыг сэтгэл зүйч уг номоороо дамжуулан хэлжээ. Энэ нь таны өөрөө өөртөө өгсөн амлалтын нэг хэлбэр аж. Тэгэхээр та өөрийгөө олон нийтэд юу гэж бодогдуулах нь чухал ач холбогдолтой. 

Далд ухамсарт буй олныг дагах хандлага

Инээдмийн кино үзэж байхад цаанаас нь хиймэл инээдмийг тавьж өгсөн байдгийг мэдэхгүй байхгүй. Үүний учир нь олныг даган дуурайх таны далд ухамсарт буй зүйлийг ашигласан маркетингийн нэг арга гэдгийг та мэдэх үү? Инээдмийг автоматаар оруулж өгсөн кино үзэгчдээс илүү өндөр үнэлгээг авахад нөлөөлдөг болох нь батлагдсан байдаг.

Хүн ямар нэгэн үйлдэл хийхээ мэдэхгүй байх үед дандаа бусдыг дагаж дуурайдаг. 

Өөрөөр хэлбэл, дэлхийн таван хүн тутмын нэг нь цоо шинийг үүсгэн байгуулагчид, 95 хувь нь даган дуурайгчид гэдгийг Robert Cialdini сэтгэл зүйч хэлжээ. Гэхдээ энэ нь хүнээс гардаг төрөлхийн зан учраас бусдыг шууд дагаж дуурайхаас татгалзаж, учирч болох эрсдлээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэдгийг санаарай. 

Далд ухамсарт буй дотно байдал хүсэх сэтгэл

Хүмүүс ихэвчлэн дотно, таалагддаг, илүү их мэддэг хүнийхээ гуйлтад зөвшөөрөх магадлал өндөр байдаг. Энэ сэтгэл зүйн онцлогийг улс төрийн болон маркетингийн компаниуд ихээр ашиглах тохиолдол их. 

Тухайлбал, эсрэг талын хүн нь царайлаг байвал шууд л эерэг талыг нь ажиглах зэргээр дотно болохыг хүсдэг нь судалгаагаар батлагджээ. Мөн царайлаг хүмүүс судалгаагаар 12-14 хувиар илүү цалин авдаг гэх мэт давуу тал их байдгийг уг номд өгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл царайлаг царайнд татагдах нь хүний далд ухамсарт оршдог зүйл аж. Улс төрчдийн хувьд сонгуульд өрсөлдөхөд царайлаг нь царай муутай хүнээсээ 2.5 дахин их санал авдаг нь батлагдсан.  

Иймд та хийж байгаа зүйлээ таалагдах гэдэг сэтгэл хөдлөлөөсөө салгаж, зөв шийдвэр гаргаж чадахад өөрийгөө суралцуулах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

Далд ухамсарт буй нэр төр, эрх мэдэлд хандах хандлага

Өөрөөсөө дээд албан тушаалын, эрх мэдэлтэй хүнд дуулгавартай ханддаг зан чанар хүний далд ухамсарт нь байдаг. Хэн нэгэнд дуулгавартай байхад шууд нөлөөлдөг зүйл нь албан тушаал юм. 

Мөн том хүн, өндөр хүний хэлсэн үг нь ихээр нөлөөлдөг байна. Нэг ёсондоо хүн хэн нэгнийг албаар ялгаварлаж байгаа бус далд ухамсарт байдаг зүйл учраас яах ч аргагүй. Гэхдээ үүнийгээ мэдэж ойлгосон хүн илүү хянамгай байж буруу шийдвэр гаргахгүй байхад анхаарахыг зөвлөж байна.