Зураг
Зураг
Индэр    
2019 оны 11 сарын 21
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Атгасан шувуу буюу финтек

Зураг

Финтек (Fintech=Financial technology) нь харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан санхүүгийн шинэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлж байгаа үйлчилгээний шинэ, эрлийз (hybrid) салбар. Финтек нь хүний хөрөнгө, мөнгөтэй холбоотой учраас үүсч болох аливаа эрсдлийг нь удирдах шаардлагатай.

Монголд Лэндмн, Ард кредит, Hi-pay зэрэг финтекийн олон компаниуд үйл ажиллагаа явуулж, зарим нь гадаадад үйлчилгээгээ нэвтрүүлж эхэлжээ. Финтекийн гарааны Мобифинанс компани өдөрт 200 мянган удаа, нийт 4 тэрбум төгрөгийн кэнди-цахим мөнгөний гүйлгээ хийж 1.5 сая харилцагчиддаа үйлчилж байна. GSMA гэдэг олон улсын үүрэн утасны 750 операторын холбооноос нэг хүнд ногдох ДНБ нь доогуур, мөн хүн амын нягтрал өндөр орнуудад финтекийн үйлчилгээ илүү хурдан нэвтэрч байгааг тогтоожээ.

Санхүүгийн технологи

Технологийн хувьсгал нь юуны түрүүнд мөнгөний хуримтлал, хөрөнгө оруулалтын хооронд зуучлах замаар эдийн засгийн өсөлтийг хангадаг санхүүгийн салбарт илүү хурдан нөлөөлж, бараа үйлчилгээний эргэлтийг огцом өсгөж иржээ.

Финтек 1.0 эрин үе 1876 онд А.Белл телефоны патентаа бүртгүүлснээс хойш эхлэж, санхүүгийн технологийн шинэ дэд бүтэц тавигджээ. 100 жилийн дараа интернеттэй цуг финтек 2.0 эхлэж, санхүүгийн үйлчилгээний хүртээмж, хэрэглээ огцом өслөө. 2008 оноос ухаалаг гар утас, хөдөлгөөнт интернетийн хамт финтек 3.0 эхэлсэн гэж үздэг. Санхүүгийн үйлчилгээ хялбар, хямд, хурдан (3X) болсноор хүн бүрт хүрч, дэлхий даяар ядуурлыг бууруулахад мэдэгдэхүйц өөрчлөлт гаргаж байна. Финтек 3.0 нь санхүүгийн төлбөр, тооцоо, хадгаламж, зээл, даатгалын үйлчилгээнд шинэ хэлбэрийг нэвтрүүлснээр хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж бидний амьдралын хэмнэлд нөлөөлж байна. Цахим мөнгө төлбөрийн хэрэгсэл болсноор картын компаниудад төлдөг 3-5 хувийн төлбөрийг хэмнэх боллоо.

Технологи гагцхүү финтекээр зогсохгүй, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, бүтээгдэхүүний үнэ цэнийн гинжин холбоо, блокчэйн зэрэг шинэ бизнес төрүүлж байна.

 

Санхүүгийн үйлчилгээ

Финтек нь банкны үйл ажиллагааг задлан, үндсэн зорилго руу нь төлбөр тооцоо хийх, хөрөнгийг оновчтой байрлуулахад төвлөрүүлж эхэллээ гэж Английн Төв банкны Ерөнхийлөгч М.Карней хэлжээ.

Гар утасны дугаар нь төлбөрийн данс болсноор өмнө нь банкны үйлчилгээ авч чадахгүй байсан олон сая хүн төлбөр тооцоогоо түргэн хийж, зээл авдаг болов. Зүүн Африкийн хэдэн улсуудад М-Pesa гэх цахим төлбөрийн систем нэвтэрч санхүүгийн үйлчилгээнд хувьсгал гаргаад байна. Кени улсад M-Pesa-гийн 110 мянган агент ажиллаж байгаа нь ATM-н тооноос 40 дахин олон болов гэж Дэлхийн банк мэдээлжээ. Хөгжиж буй орнуудад олон сая хүн хадгаламжтай болсноор үйлдвэрлэл, дэд бүтэц, хүний капиталыг хөгжүүлэхэд шаардлагатай шинэ хөрөнгө хуримтлагдаж байна.

Дэлхийн онлайн худалдааны тал нь ногддог Хятадад Ali Pay, WeChat Pay компани QR код ашигладаг финтекийн үйлчилгээ нэвтрүүлэв. Өмнөд Солонгос “Kakao Pay”, Тайланд “Siam pay”, Австрали “Аu wallet”, АНУ “Аpple pay” зэрэг өөр өөрийн финтекийн үйлчилгээ нэвтрүүлээд байна. Монголд олон төрлийн оноо цуглуулдаг төлбөрийн аппликейшн ашиглагдах боллоо. Гэхдээ Монголбанкны зөвшөөрөлтэй, төгрөгөөр баталгаажсан ганцхан цахим мөнгө бол Мобифинанс компанийн кэнди ажээ. Кэндигээр 8000 гаруй байршилд үйлчлүүлэхээс гадна заавал ухаалаг гэхгүй, энгийн гар утасны мессежээр төлбөр тооцоо хийдэг.

Сорилтууд

Харилцаа холбооны технологийн хувьсгал санхүүгийн салбарт олон шинэ санаачилга, өөрчлөлт нэвтрүүлж байна. Гагцхүү энэ өөрчлөлтийг соргогоор тусган, хувь хүний нууц, өмч хөрөнгийг хамгаалахтай холбоотой хууль, журмаа түргэн шуурхай шинэчлэн зохицуулж чадахгүй байна.

Финтекийн компаниуд хувь хүнтэй холбоотой мэдээлэл цуглуулдаг, зээлийн мэдээллийн сантай мэдээллээ солилцдог боловч, нууцлалыг нь яаж хамгаалах, хэн хариуцах, ямар хариуцлага, шийтгэл хүлээх зэрэг нь тодорхойгүй байна. Монгол улсад төлбөр тооцоо хийх, цахим мөнгийг төгрөгөөр яаж баталгаажуулах зэргийг зохицуулсан Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2018 оны эхнээс үйлчилж байгаа. Олон нийтэд төлбөр тооцооны үйлчилгээ явуулахын тулд аж ахуйн нэгж тодорхой нөхцлийг ханган Монголбанкнаас зөвшөөрөл авах ёстой.

Төлбөр тооцоо нь тасралтгүй, баталгаатай байдлыг хангахын тулд арилжааны банкуудын адил мэдээллийн үндсэн болон нөөц төвтэй байх шаардлагатай юм байна. Тэгтэл финтекийн компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл аваад, маш их хөрөнгө оруулалт шаардлагатай Монголбанкны дээрх нөхцлүүдийг хангахгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн финтекийн бүх үйлчилгээ харилцаа холбооны технологи ашигладаг учир Харилцаа холбооны зохицуулах хороо ч бас зохицуулах сонирхолтой ажээ.

Энэ нөхцөлд Монголын финтекийн холбоо бусад орнуудын туршлагаар зохицуулагч бүх байгууллагууд хамтран “sand box” зарчмаар ажиллахыг санал болгов. Бүх финтекийн компаниудыг элсний тоглоомын талбайд (sand box) оруулж “хашаад”, үйл ажиллагааг нь ажиглан, шинэ санаачилгыг нь дэмжихийн зэрэгцээ, өсөж томрох түвшинд нь тохируулсан зохицуулалт хийхээр тохиролцсон боловч бодитой ажил хийгдсэнгүй хагас жил өнгөрөв.

Цаг алдах тусам цахим мөнгөний орон зайгаа гадаадын компаниудад тавьж өгөх, мөнгөний бодлогоо Монголбанк хянаж чадахгүйд хүрч, монголчууд дахиад л гайхамшигт боломжоо алдах гэж байна. Гадны хөрөнгө оруулалт финтекд орж ирдэггүй бөгөөд зүгээр л WeChat монголын банкуудын данстай холбогдоод, эсвэл Facebook Calibra цахим түрийвчээ зэх зээлд нэвтрүүлэхэд л Монгол улс бэлэн бус төлбөр тооцооны хяналтаа автоматаар алдах юм.

Цахим гарын үсгийн хэрэглээг дэмжиж бий болгох, түүнийг баталгаажуулах, заавал биечлэн уулзахгүй гэрээ байгуулахыг цаг үе шаардаж байхад Монгол улсад нотариат нь хоёр гурван зуун жилээр хоцрогдсон хэвээрээ байна. Сангийн яам нь хүртэл Төрийн сангийн гүйлгээг аж ахуйн нэгжээс цаасаар авч байгаа нь арилжааны банкуудаасаа ч хичнээн хол хоцрогдсоныг харуулж байна.

Финтекийн боломжийг бүрэн ашиглаж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд Монгол улс компаниудаа ухаалгаар зохицуулах, тэгэхдээ тэдний шинийг санаачлахыг нь хязгаарлахгүй байх, иргэдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх шаардлага тулгараад байна.

Шувууг хэт чанга атгавал алчихна, хэт сул бол алдчихна.