Индэр    
2019 оны 11 сарын 19
Зураг
Эдийн засагч, шинжээч

Ядуу байхад хэтэрхий үнэтэй биш гэж үү?

Зураг
Нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оноос нэмэгдүүлэхтэй холбоотой эсэргүүцэл нийгэмд ихээр өрнөж байна. Тэр нь ч зөв. Энэ бол 1.2 САЯ эсэргүүцэл юм. 1.2 САЯ бол Монголын хөдөлмөрийн зах зээлийн ажиллагсдын тоо юм. Үндсэндээ 1.2 САЯ ажиллагсад нь бусад 1.8 сая хүнээ тэжээдэг.
 
1.2 САЯ нь өглөө эрт босож, үдшийн бүрий хүртэл ажиллана. 1.2 САЯ нь үр хүүхдээ өсгөж, өвгөд хөгшдөө асарна. 1.2 САЯ-ын 66 хувь нь 700 мянга хүртэлх төгрөгийн цалин авна. 1.2 САЯ цалин, хөлс авсан ч зээл төлж, татвар төлнө. Үлдсэнээр нь харин амьдралаа зохицуулна.
 
Одоо 1.2 САЯ-ын НДШ-ийг нэмэгдүүлж байгаа ч цаашид энэхүү шимтгэл өсөхгүй гэх баталгаа алга. НДШ нэмэгдсэнтэй холбоотой дараах тооцооллыг хийж үзье.

 

Таны цалин (сараар):
Он 2018 2019 2020

Жич: Ногоон мөрөнд буй ЦАЛИН-г таны гарт олгохын тулд байгууллагаас улбар шар мөрөнд буй ЗАРДАЛ гардаг байх нь.

700 мянган төгрөгийн цалинтай бол байгууллагаас болон хувь хүнээс төлөх хэмжээ 21,000 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг. Олон ажилчинтай байгууллагуудын хувьд НДШ төлөх гэдэг асуудал болж эхэлнэ. Эхнээсээ байгууллагууд хэрхэн хариу зохицуулалт хийх тал дээр мэргэжилтнүүдээс зөвлөгөө аваад эхэлжээ. Мэдээж байгууллагын зардал өсөж байгаа учир ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх, НДШ төлөх сонирхол улам л багасна гэсэн үг.

Асуудал руугаа эргээд оръё.
 
НДШ-ийг өсгөж, тэтгэврийн насыг нэмэгдүүлж байгаа нь өнөөх л Тэтгэврийн сангийн алдагдал бууруулахад чиглэж буй. Гэвч ердөө л амь аргацаасан арга хэмжээ болохыг өндөр настнуудын 60 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдгаас харах боломжтой. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй л гэсэн санаа. 

Жинхэнэ асуудал хаана нуугдаж байна 

Тэгэхээр одоогийн 1.2 САЯ-ыг ч бас ийм ирээдүй хүлээж буй. 1.2 САЯ үргэлж залуу, үргэлж эрч хүчтэй, үргэлж ажилтай, үргэлж үлдсэн 1.8 сая хүнээ тэжээгээд байж чадахгүй. 10, 20, 30 жилээр цаг хугацаа урсан өнгөрөхөд 1.2 САЯ хөгширнө, 1.2 САЯ ажиллах чадваргүй болж, 1.2 САЯ тэтгэвэртээ гарах болно. Харин тэр үед 1.2 САЯ-ын орлого 3 дахин буурна. 1.2 САЯ ядуурлын эгнээд шилжинэ.
 
Тиймээс 1.2 САЯ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. 1.2 САЯ өөрсдийн ирээдүйгээ гартаа авах хэрэгтэй.
 
Нийгмийн даатгалын энэхүү систем хэдийн дампуурчихсан. Төрийн төлөөлөлд байгаа хэн ч 1.2 САЯ-н өмнөөс үүнийг зориглон барьж, улс төрийн хүрээнд хэлэлцүүлж шийдэж чадахгүй. Учир нь энэ бол улстөрчдийн хувьд сонирхдоггүй сэдэв. Тэдэнд их хугацаа шаардагдана, хөрөнгө мөнгө хэрэгтэй болно. Харин улстөрчдөд богино хугацаа л чухал. Тэдэнд энэ системийг өөрчлөхийн оронд богино хугацаанд, тэтгэвэрт гарахаасаа өмнө их мөнгө идэх нь л чухал. Амар, хялбар, биелэхүйц, өөртөө ашигтай тэр замыг л сонгоно.

Айлын хүүхдүүд айхтар. Асуудлаа хэрхэн шийдэв?

Хөгжингүй улсууд хэдийн хувийн тэтгэврийн санг хөгжүүлээд, ажиллагсад нь үр шимээ хүртээд эхэлчихсэн. Манайхтай ижил төстэй орнууд 1997 оны Азийн хямралын дараагаас бүгд нийгмийн даатгалын системээ шинэчилж эхэлсэн байдаг. 
 
Тэрхүү шинэчлэл нь юу байсан гэхээр улсын Нийгмийн даатгалын сангаас гадна Хувийн тэтгэврийн санг нь байгуулаад, тэнд нь ажилчид цалингийн тодорхой хувиа хийдэг болчихсон. Эргээд тэтгэвэрт гарах цагтаа оруулсан мөнгөөрөө хангалттай амьдраад явах боломжийг нь бүрдүүлж өгсөн. Мэдээж улс орон бүр өөрсдийн онцлогт тохируулан холбогдох зохицуулалтуудыг хийсэн. Бид ч гэсэн өөрсдийн онцлогт тулгуурлан тэр зүг рүү л явах хэрэгтэй. 
 
Эхний ээлжинд овойж, оцойсон их ашиг хүртэх гээд яах вэ? НДШ хэмээх энэ ёроолгүй тогооноос л өөрийн оруулсан мөнгөнийхөө жаахан хэсгийг, өөрийн ирээдүйн төлөө авахад л хангалттай. Яагаад 20, 30, 40 жилийн дараах ирээдүйгээ харсаар байгаад баллах ёстой гэж... Хэн ч орлого нь 3 дахин буурсан, тэтгэврийн зээлээс хамааралтай, үр
хүүхдээ зулгааж амьдарсан, өнөө маргаашаа аргацаасан ирээдүйг хүсэхгүй шүү дээ.

Бид юунаас эхлэх хэрэгтэй вэ?

  • Нийгмийн даатгалын хуулийг шинэчлэх
  • Тэтгэврийн сангийн хуультай болох, тэтгэврийн сангууд байгуулах эрхзүйн орчинг бүрдүүлэх
  • НДШ-н орлогыг бүгдийг нь хувийн тэтгэврийн сан руу шилжүүлж чадахгүй учир эхлээд НДШ-н 1 хувь эсвэл 2, 3 хувь гэх мэтээр хамгийн үр ашигтай, төсөвт бага дарамттай байхаар тооцоолол хийх
  • Иргэд дуу хоолойгоо нэгтгэн тэтгэврийн шинэчлэлийн асуудалд гар бие оролцох
Ядуу байх үед бүх зүйл үнэтэй. Бүх боломж хаалттай. 30 жилийн дараа ядуу амьдрах одоогийнх шиг лав биш байх.