Индэр    
2019 оны 11 сарын 18
Зураг
Мэдээллийн технологи

ТУРШЛАГА: Тээврийн хэрэгслийн түүхчилсэн мэдээллийг агуулсан систем

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тээврийн хэрэгсэл анх хилээр орж ирснээс эхлээд уг тээврийн хэрэгсэл тэтгэвэрт гарах хүртэл бүхий л эвдрэл гэмтэл, хийгдсэн засвар үйлчилгээ зэргийг түүхчилсэн байдлаар бүртэгдэг болох шаардлагатай байна.

Ингэснээр иргэд найдвартай, мэдээлэлтэй автомашин худалдан авах боломжтой болно. Үр дүнд нь бүрэн бус тээврийн хэрэгслээс үүдэлтэй авто ослын тоо буурах, иргэд түүхчилсэн мэдээллийг нэг дороос авах зэрэг давуу талууд үүснэ.

Үүний тулд доорх гол оролцогч талууд автомашинтай холбоотой бүх мэдээллийг нэгдсэн мэдээллийн систем рүү бүртгэх хэрэгтэй юм.

  • Гаалийн Ерөнхий Газар
  • Замын Цагдаагийн Газар
  • Авто Тээврийн Үндэсний Төв
  • Даатгалын компаниуд
  • Үнэлгээний компаниуд
  • Бүх төрлийн засварын төвүүд

Мэдээлэл гэдэгт импорт хийж орж ирсэн өдрөөс эхлэн, эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээ, яг ямар эд анги солигдсон, ямар кузов засвар хийгдсэн, ямар зам тээврийн осолд холбогдсон гэх мэт бүх мэдээлэл орно.

Авто засварын газрууд болон даатгалын компаниуд, үнэлгээний компаниуд нь хувийн хэвшил талаас гол мэдээлэл бүрдүүлэгчид юм. Тэд E-Barimt руу төлбөрийн баримт илгээдэгтэй адилханаар тухайн автомашинд хийгдсэн үйлчилгээний талаарх мэдээллийг нэгдсэн мэдээллийн систем рүү тухай бүрт нь илгээдэг болно гэсэн үг юм. Ингэснээр түүхчилсэн мэдээлэл нэг дор хадгалагддаг болно.

Бусад улс орнуудад энэ төрлийн системийг Carfax, Carhistory гэх зэргээр нэрлэдэг. Тухайлбал:

Австралид:

https://www.carfacts.com.au

АНУ-д:

https://www.carfax.com

Энэхүү системийг бий болгоход төрийн байгууллагын санаачлага хэрэгтэй бөгөөд бусад хувийн хэвшлүүдийг татан оролцуулж хамтран хэрэгжүүлэх боломжтой. Иргэд уг мэдээллийг авахдаа тодорхой хэмжээний хураамж төлдөг байдлаар зохицуулах хэрэгтэй. Маш хэрэгтэй үйлчилгээ учраас энэхүү постоос санаа авч төр болон хувийн хэвшил хамтран хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.

Дижитал жолооны үнэмлэх

 

Жолооны үнэмлэхээ мартсанаасаа болоод замын цагдаад торгуулж байсан уу? Дижитал жолооны үнэмлэх энэ асуудлыг шийдэх нэг эвтэйхэн арга юм. Саяхан Австралийн NSW муж дижитал жолооны үнэмлэх гаргасан байна. Үүнийг хэвлэмэл жолооны үнэмлэхтэй адилтгаж үзнэ хэмээн албан ёсоор зарласан.

Иргэд жолоо барихдаа, бичиг баримт шаарддаг газруудаар үйлчлүүлэхдээ албан ёсны бичиг баримтын оронд шалгуулж болох нь ээ.

Дижитал үнэмлэх дээрх энэхүү QR код нь тухайн цаг мөч бүрд шинээр үүсч байдаг тул өөр хүнийхийг ашиглах боломжгүй юм байна. Өөрөөр хэлбэл тухайн цаг үедээ л хүчинтэй гэсэн үг.

Үүнийг манай улс SmartCar болон Замын цагдаагийн мобайл аппликэйшн зэрэг төрийн үйлчилгээний аппликэйшнүүддээ нэмэлтээр нэвтрүүлбэл иргэдэд бас нэгэн хэрэглүүштэй үйлчилгээ болохоор байна.