2019 оны 11 сарын 10
Бизнесмэн, нийтлэлч

ЗАЛУУС АА, ИРЭЭДҮЙГЭЭ ГАРТАА АВЦГААЯ!

 

#ӨВЧИН Монголын нийгмийн хамгийн ёс зүйгүй үйлдэл, хамгийн бохир хуйвалдаан, хамгийн том дээрэм, хамгийн шударга бус явдал, хамгийн том урвалт, хамгийн ичгүүргүй бэлгийн дарамт нь гэр хорооллын харанхуй гудамжинд биш харин Tөрийн ордон, эрх барьж ирсэн хоёр намын байранд, тус намуудын авилгалын пирамидыг дамжиж бэлтгэгдсэн, үеэ өнгөрөөсөн улстөрчид, УИХ-ын гишүүд, сайд дарга нараас ямагт гарч байдгийг та анзаарсан уу? Худалч, хулгайч, дээрэмчин ТҮШЭЭД, УЛСТӨРЧИД бол Монголын нийгмийг сульдуулж, хөгжлийг чангааж буй ӨВЧНИЙ голомт юм.

Телевиз асаахад л дээрх #ОНОШ үнэн болох нь нотлогдоно. Үдшийн эфир, сонингийн нүүрийг тэдний төлбөрт мэдээ, зальжин яриа, хуурамч төрхүүд бүрхэнэ. Нийгмийн бүх давхаргыг хамарсан уур бухимдлын гол эх сурвалж нь тэдний гаргасан шийдвэр, хамсаж хийсэн гэмт хэрэг, ёс зүйгүй авир, тавилтат жүжгүүд байдаг.

Хотын гудамжаар алхах бүрт тэдний шунаг сэтгэлээс үүдсэн гажуудал, хулгайлагдсан газар, үрэлгэн бүтээн байгуулалт, газрын наймааны золиос болсон нийтийн эзэмшлийн талбайнууд таарна. Сагс, хөлбөмбөг, тоглоомын талбайгаа алдсан сургууль, цэцэрлэг, орон сууцны хорооллууд, жил бүр “тендер”-дүүлж шинэчлэгддэг замын хайс, заавал хэдэн хавтан дутуу шахаж үлдээдэг явган хүний “шинэ” зам, хараагүй иргэдийг хорлохыг зорьсон мэт замд нь босгосон гэрлийн шон, авилгалын “цамхагууд” гээд үргэлжилнэ...

Хот төлөвлөлтгүйжүүлэлтийн газрын тарьсан гавьяа Улаанбаатарын өглөөг амны бузaр, стрессээр эхлүүлдэг юм. Ажилдаа яарсан иргэд энэхүү “хот төлөвлөлт”-д амжилттай бөглөрч, биесийнхээ урдуур дайрч, үгийн муухайгаар хараалцаж, шаардлага гарвал заамдалцаж, ажлын өглөөг уур бухимдлаар угтана. Үдшийн бүрийд гэрийн зүг бөглөрөнхөн гэлдрэхдээ энхрий хайрт төр засагтаа “баярласан” сэтгэлээ дахин дахин чагнаалдаж илэрхийлцгээнэ. Бидний сонгосон төр, бидний залсан түшээдийн “орк зураглал” дунд дуу дуугаа авалцан чагнаалцалдах нь ард нийтээрээ “чагнаал нижигнүүлэн” алга ташиж, төрдөө “талархаж” буй хэлбэр гэлтэй.

Багадаа тоглож өссөн “Хүүхдийн парк”-ыг гатлаад алхах явган зам иргэд бидэнд ногдсонгүй. Төр маань нэг л мэдэхэд нийтийн талбайг хашаад, нэг л мэдэхэд “зарчихсан” байдаг. Амлалт өгч гарсан “төр” өнөөдөр газрын эрэлд хатаж байна. Нөгөө мундаг мөрийн хөтөлбөртөө цэцэрлэг барина гэж амлажээ. Гэтэл цэцэрлэг барих сул газар төрд өөрт нь ч үлдээгүй аж. Авлигач төр өөрсдөө нийтийн эзэмшлийн талбайг дээр дооргүй зарж идээд, дуусгажээ.

“Зарагдсан ирээдүйтэй” хүүхдүүдийн дийлэнх нь цэцэрлэгт биш, цоожтой гэрт сууж байна. Дунджаас арай дээгүүр давхарга амьдардаг газрын наймааны голомт (Цэцэрлэгт хүрээлэнгийн ар хэсэг) буюу Баянзүрх дүүргийн 26-р хорооны 133-р сургуулийн хүүхдүүд өнөөдөр өөрийн байргүй тул хувийн сургуулийн нэг буланд 4 ээлжээр хичээллэж байна. Энэ удаа аль нэг намын захиалгаар биш, харин 1800 хүүхдийн эцэг эхийн төлөөлөл 2 ээлжтэй болгож өгөөч гээд талбайд жагсах аж. Тэдний жагсаалыг тоож байгаа ч хүн алга. Эхнээсээ эх хэлээрээ зөв ярьж, алдаагүй бичдэг арван жил байтугай, их дээд сургууль төгсөгч ховордсоныг хаа сайгүй шагшин гайхна. Цэцэрлэгт суугаагүй, дунд сургуульд 4 ээлжээр хичээллэж буй хүүхдүүдийн чадварыг буруутгах эрх бидэнд бий юу? Ер нь энэ бүхэнд хэн буруутай юм бэ?

#Тэд гэж хэн бэ? Тэд төрийг эзэгнэх гэж 60 тэрбумын схем зурдаг. Тэд татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлж ядуурлыг өөгшүүлдэг. Тэд Монголдоо авчирсан нэрээр 49 хувийг нэг л мафид өгөхийг санаархдаг. (Гээд төрд 100% үлдсэн ч тэд нийлээд шахна, нийлээд тононо. Тэгж ч ирсэн) Угтаа хэн нь ч ялсан бай, иргэдэд ямар ч наалдац байхгүй. Нэг дээрэмчнээс нөгөөд л шилжинэ биз?

Тэдний шунал хэзээ ч ханадаггүй. Тэд ЖДҮ-г өөрсдөдөө авч энтрепренер залуусын өрнүүн мөрөөдлийг багалзуурддаг. Төрийн түшээгийн албан тоот дээр гарын үсгээ зурж, тендерийн комиссын шийдвэрт хууль бусаар нөлөөлж, өөрсдийн ах дүүд ЖДҮ авч өгснийгөө тэд буруу гэж огт үздэггүй, харин ч зөв гэж боддогоо телевизийн бүх сувгаар нүүр бардам илтгэнэ.

Тэд иргэдийн татвараас хулгайлсан мөнгөө банк бус, ломбардаар дамжуулан ЖДҮ авч чадаагүй иргэдэд өөрсдөд нь хүүлж, хэд нугалж суугаа. Хүү нь хэд гэж бодож байна? Ингэж ард түмний халааснаас суйлсан мөнгөө намдаа хандивлаж, нэр дэвших эрхээ баталгаажуулна. Үлдэгдлээс нь урьдын адил сонгогчдод тараана. Нэг ёсондоо өөрсдийн нь мөнгийг өөрсдөд нь хүүлж ашиг хийгээд, багахан хэсгийг өөрсдөд нь “хишиг хүртээх” маягаар өгч дахин гарч ирнэ. Тогтоод удаж буй л цикл. Андуурчиж... Сая шууд буцаагаад өгчихлөө... Эрдэнэт дүүгээ таниагүй явж... хэмээн даапаална. Даапаалсаар л...

Ердөө 5000-6000 санал аваад гарч ирсэн энэ нөхдүүд бол үнэтэй цаг, жийп мэтхэнээр биеэ чимдэг жинхэнэ оркууд бөгөөд дийлэнх нь гэмт хэрэгтнүүд юм. Тэд хууль тогтоох дээд байгууллагад очоогүй байхдаа л хуулиа зөрчөөд эхэлчихсэн байдаг. Эхлэл нь булингартай. Сүүл нь бүр их булингартай. Тэд бол хэдхэн мөчийн өмнө кнопдож босгосон хуулиа, чуулганы хаалга давуут эсрэг кнопдож унагадаг, хуруугаа ч залах толгойгүй, авлигач системийн эрэг шураг болсон хуванцар кнопнууд юм. Тэд бараг кноп дарах болгондоо ард түмний эсрэг үйлдэл хийж суудаг. Тэдэнд хувийн эсвэл намын эрх ашиг гэж байхаас эх орны эрх ашиг гэж огт байхгүй. Тэдэнд дахин сонгогдох нь чухал болохоос таны, бидний амьдрал огт хамаагүй.

Тэдний ихэнхи нь хоорондоо мөнгө, хам хэргээр гинжлэгдсэн бөгөөд өөрсдийн гагнасан гинжнээсээ салж чадахаасаа нэгэнт өнгөрсөн, нэг нь унавал дагаад унах даалуунууд төдий юм. Ёсзүйн дээд оргил нь байх ёстой Үндсэн Хуулийн Цэцийн дарга нь солонгос үйлчлэгчийн өгзөг базаад дэлхий даяар Монголыг “сурталчилж” явна. Бас л нахальны байгаа биз? Буруу онгоцонд буруу үндэстний өгзөг базсан тулдаа баригджээ. Олон хавар нэгэндээ. Дээр нь хөх тэнгэр байдаг гэх Цэц, тэдний даргын үйлдэл, түүнийг томилдог намын тогтолцоо, тогтолцоог бүрдүүлдэг дээрх улстөрчид бол Монгол төрийн ялзрал, илаарших ёстой өвчний голомт мөн.

Дээрх оношийг мөрөөрөө ажлаа хийгээд яваа дунд үеийнхэн, тэтгэвэрт гарсан ахмад үе, аж ахуй эрхлэгчид, Нарантуулын хөдөлмөрчид, Солонгосын визэнд оочирлож буй мянга мянган залуус, тэдний дунд ТОЛГОЙ ГУДАЙН зогсож буй хөөрхий эмч, багш нар, таксины жолооч ах нарын хэн нь ч оноод хэлж чадна. Гадаадад суугаа 170 000 монголчуудаас ч бас асуу. Тэд яагаад буцаж ирдэггүйгээ хангалттай тайлбарлаад өгнө. Өдөр бүр залуус гэр бүлээ аваад энэ орноос дайжсаар...

Бэртэгчин сэхээтнүүд маань хэдэн ухаантай харагдах үг жиргэж, хэдэн тал болж биесээ хэмлэж суухаас өөрөөр бол үйлдэл хийхгүй. Тэдэнд тийм зориг байхгүй. Яагаад гэвэл тэд алдах юмтай дундаж сэхээтнүүд. Нэг үнэн үг хэлчихвэл хэн нэгэн улстөрчийн уурыг хүргэнэ, хэн нэгэн фракцын эрх ашигт халдана. (Яг одоо энэ постыг бичсэний дараа зарим нь дэмжиж LIKE дарсан ч, хэсэг нь над руу бүлэглэн дайрна. Зүгээр ээ, над руу, нөхөд рүүгээ, үе рүүгээ чулуугаа шидэцгээ. Нэр хүндийг минь гутаацгаа. Дуртай шошгоо зүү. Хужаа гэж нотлох аянд мордоцгоо. Гэхдээ би үнэнийг хэлснийхээ төлөө хэнээс ч уучлал гуйхгүй!)

#ЭМЧИЛГЭЭ Одоо яах вэ? Дээр нь хөх тэнгэр л бий гэж хол андуурдаг энэ авлигачдыг бүгдийг нь зайлуулах хэрэгтэй. Эд нар улс орныг удирдаж чадахгүй гэдгээ өдөр бүр ӨӨРСДӨӨ нотолж байна шүү дээ. Сая өөрсдийнхөө саналаар ашгүй огцрох дөхлөө. Систем ӨӨРИЙГӨӨ НУРААЖ эхэлж буй нь тэр юм. Иймд хоёр үг хэлээд төгсгөе.

Хоёр намын алдарт ах нар, хүнд гарууд аа!

Залуус бид та нарын 60 тэрбумын схем, 49 хувь, концесс, ЖДҮ, өөр олон ил далд хэргүүдийг чинь үнэхээр жигшиж байна. Та нар бүгд биш гэхэд ихэнх чинь гэмт хэрэгтнүүд болох нь тодорхой болчихлоо. Савангийн дуурь, тавилтат жүжгүүдээс чинь ард нийт залхаж байна. Эцэстээ та нар хэдэн үеэрээ идэх хөрөнгөтэй боллоо. Одоо хангалттай биш үү? Үтэр түргэн зайлцгаа. Өнгөрсөн 30 жилийн алдаа, оноогоо хамтдаа үүрээд явцгаа. Алдаа оноог тань түүх шүүг. Нэмж гай бас гавьяа тарихгүйгээр зүгээр л явцгаа. Онгоцондоо суугаад (өгзгөнд гар хүрэхгүйгээр), үр хойчоо бодоод чимээгүй алсран одоцгоо. Иргэд та нарыг сонгож ханалаа. Баярлалаа. Баяртай!

Залуус аа!

 

70, 80-аад оныхоон! 90, 2000-аад оныхоон! Ирээдүйгээ хэн нэгнээр зуруулах биш, харин бид өөрсдөө зурж, хойч үеийнхээ хувь тавиланг өөрсдийнхөө гарт атгах цаг иржээ! Одоо ах нар гэж, төрийн түшээд гэж, тэдний нэрийг дурсаж, тэднийг баясгахаа зогсооцгоо! Тэднийг гэж дээшээ бүү хар. Тэр дээр хэн ч байхгүй. Заавал харах ёстой бол тэднийг дээрээс нь харж зогс!

Сошиал медиагийн анд минь, намайг хүндэлдэг, бас над руу давшилдаг анд минь! Одоо чи дээшээ биш хажуу тийшээ харах цаг чинь болжээ. Мөр зэрэгцэн зогсож буй залуу үедээ итгэ. Өөр хэнд ч биш чи зөвхөн өөртөө, залуу үедээ итгэ! Ядаж л үзээд алд! Монголын залуус бид нам, шашин, үзэл бодол, хүйс, бусад олон ялгаагаа хойш тавиад мөр зэрэгцэн нэгдэж, өөрсдийн хүчинд итгэж чадвал:

Үндсэн хуулийн хүрээнд, 2020 оны сонгуулиар үеэ өнгөрөөсөн, авлигач улстөрчдийг алга эргүүлэхийн хооронд байх ёстой газар нь буулгах их хүч бидэнд л бий. Бид хамтдаа чадна! Сонгуульд оролцдоггүй 18-30 настнуудын 70% нь саналаа өгөхөд бүх зүйл өөрчлөгдөнө. Хамтдаа алхаад саналаа өгцгөө!

Яагаад та бүхэн саналаа өгөөгүйг би мэдэж байна. Яагаад гэвэл надад ч тийм сонголтгүй үе олон тохиолдсон. Хамгийн гол нь энэ удаа чамд сонгож болохуйц тэр хүн чинь олдоно. Тийм сонголттой байхын төлөө хамтдаа тэмцэцгээе. Ихэнхи тохиолдолд АН, МАН, МАХН намаас шигшиж, нэр дэвшүүлсэн гарууд нь сонголт хийхэд ямар ч ялгаагүй новшнууд байж таарсан юм. Тэд зөв хүмүүсээ системтэйгээр нухчин дарж, зөвхөн цөөн тооны залуусыг реклам болгож нэр дэвшүүлж ирсэн. Залууст сонгочихмоор хүнийг тэд санал болгодоггүй. Тийм ч учраас та нар саналаа өгдөггүй.

Монголын гэрэлт ирээдүйг залуу үе бид ХАМТДАА цогцлоож чадна! Түүхийн турш Монгол залуус тэгсээр ч ирсэн. Гэхдээ өмнөх үеийнхэн алдаа оноотой ч “ачаагаа үүрсэн” гэдгийг хэлэх нь зүйд нийцнэ. Гэгээлэг бүхэнд талархах сэтгэл бидэнд бий ч төрийн дээр гэмт хэргээр гинжлэгдсэн түшээдээс дахиад юу ч хүлээх хэрэггүй юм. Одоо тэдний тэнхээ барагджээ. Ирж яваа цагийн дууг тэд биш харин бид дуулж, ачааны хүндийг үүрэх цаг ирсэн.

Чи хүссэн намаасаа, эсвэл бие даан нэр дэвш! Аль нам олонхи болох нь бидэнд падгүй ээ. Угаасаа ялгаагүй юм билээ. Одоо хангалттай! Харин намын харьяалалтайгаас үл хамаарч ЗӨВ ЗАЛУУЧУУД ОЛОНХ болох ёстой юм байна! Бүгдээрээ СОНГОЛТТОЙ БОЛЦГООЁ! ӨӨРСДӨӨ НЭР ДЭВШИЖ, ӨӨРСДӨӨ СОНГОЖ, улс орноо УУХАЙЛАН хөгжүүлцгээе! Өөртөө, өөрсдөдөө, үеийнхэндээ бид итгэх хэрэгтэй. Чи чадна! Бид чадна! Бид хамтдаа чадна!

Иргэн Даваабатын Сайнбаяр @dsainbayar

2019.11.07

 

 

x