Индэр    
2019 оны 11 сарын 7
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Саарал нийгэм

Зураг

Чөлөөтэйгээр эвлэлдэн нэгдэх эрхийг монголчууд ардчилсан Үндсэн хуулиа 1992 онд баталсны дараа л жинхэнэ утгаар нь эдэлж эхэлсэн. Таван жилийн дараа Төрийн бус байгууллагын (ТББ) тухай хууль батлагдаж иргэний нийгмийн байгууллагууд бие даасан хуультай болов. Арван жилийн өмнөөс жил бүрийн 1-р сарын 31-ийг Иргэний нийгмийн өдөр гэж тэмдэглэдэг болсон. Эдүгээ олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20-оод мянган ТББ бүртгэгджээ.

Иргэний нийгмийн байгууллагын гол зорилго бол иргэд төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, хууль гарахаас өмнө судалгаанд суурилсан санал бодлоо илэрхийлж, ардчилал, нийгмийн дэвшил, хүний эрхийг хамгаалахад оршдог. Монголын иргэний нийгэм ямар байгааг олон улсын “Civicus” байгууллагаас судлаад учир дутагдалтай, дунд гэж дүгнэжээ.

Иргэний нийгэм өнөөдөр

Монголд иргэний нийгэм сул, хөгжүүлэх, засч сайжруулах шаардлагатай гэдгийг ТББ, төр засаг нь ч хүлээн зөвшөөрч байна. Юуны өмнө ТББ-уудыг дэмжихийн тулд хуулиа сайжруулах шаардлагатай гэж хоёр тал үзэж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Ашгийн бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл”-ийг боловсруулав. Энэ төслийг хэлэлцэхээр хууль санаачлагч тал (ХЗДХЯ) болон иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан цуврал уулзалтууд болов.

ТББ-ын төлөөллүүд нийтэд тустай үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-уудыг, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахаар нэгдсэн мэргэжлийн, болон эдийн засгийн холбоодтой нэг саванд оруулж болохгүй гэж үзэж байна. Улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүд, залуучуудын холбоо нь ч ТББ-ын бүртгэлтэй байна. Эдгээр байгууллагууд төрөөс хараат бусаар сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн, ашиг олдоггүй зэргээрээ адилхан нь үнэн. Гэхдээ хэнд үйлчлэх, юуны төлөө нэгдэж үйл ажиллагаа эрхэлж байгаа гэдгээрээ зарчмын ялгаатай.

Иргэний нийгэм нь төрөө хараат бусаар хянаж чаддаг механизм учир ардчиллын орлуулж болдоггүй нэгэн бүрэлдэхүүн хэсэг юм. Зарим оронд төрийн үйлчилгээний тодорхой чиг үүргийг гэрээгээр ТББ-аар гүйцэтгүүлж хамтран ажилладаг. Тийм учраас олон оронд төр нь иргэний нийгмийн байгууллагуудаа ихэвчлэн татварын орчноор дэмжиж, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд, Герман зэрэг оронд үйл ажиллагааны зардлыг нь төсвөөс санхүүжүүлдэг. Манай улсад ТББ-ууд улсын болон орон нутгийн дэмжлэг авдаггүй, нийт санхүүжилтийнх нь 2 хувийг төрөөс гаргаж байна. Нийтэд тустай үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагууд, ажилчид нийгмийн даатгалын шимтгэл дээр ямар ч хөнгөлөлт эдлэхгүй байна.

Үзэл баримтлалгүй төсөл

Манайд иргэний нийгэм гэж юуг ойлгох вэ гэдгээс эхлээд олон зүйл тодорхойгүй байна. Иргэний нийгмийн байгууллагуудад санхүүгийн дэмжлэг олгоно гэдэг ч бодитой хийсэн ажил алга, нэр томьёогоо ч тодорхойлоогүй байна.

Уг нь энэ бүхнийг тодорхой болгох үүднээс 2011 онд Сү.Батболдын Засгийн газар төр, иргэний нийгмийн хамтарсан ажлын хэсэг байгуулж “Иргэний нийгмийн хөгжлийн үзэл баримтлал”-ын төсөл анх удаа боловсруулжээ. Тэр төсөлд нийт аймаг, нийслэл дэх ТББ-уудын саналыг авсны дараа Төрийн ордонд хэлэлцүүлэг хүртэл зохион байгуулжээ. Гэвч 2012 оны сонгуультай давхцаж, шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш тэр төсөл замхарсан аж.Энэ удаа ТББ-ын тухай шинэ хуулийн төслийг Их хуралд оруулахаасаа өмнө иргэний нийгмийн тухай үзэл баримтлалаа шинэчлэн хэлэлцүүлэх шаардлагатай байна. Үзэл баримтлалаа баталсны дараа хуулиа хэлэлцвэл иргэний нийгмийн хөгжилд зөв түлхэц болно.

Манай улсыг саарал жагсаалтад саяхан оруулсан ФАТФ байгууллагаас тавьж буй нэг шаардлага нь “Террористууд, террорист байгууллагууд, терроризмыг санхүүжүүлэгч нь ашгийн бус байгууллагуудаар дамжуулж хөрөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс хамгаалах” гэжээ. Энэ шаардлагын дагуу “Ашгийн бус хуулийн этгээдийн тухай” хуулийн төслөө яаравчлан өргөн барихаар зэхэж байна.

Үнэхээр төрийн бус байгууллагууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй байгаа бол өөр хуулиар шийдэгдэх ёстой. Ер нь саарал жагсаалтад орсны гол шалтгаан бол хууль журам байхгүйдээ биш, хуулиа хэрэгжүүлэхгүй, сахиулж чадахгүй байгаатай холбоотой.

Хууль тогтоогчид монгол хэт олон төрийн бус байгууллага, хэт олон намтай болчихлоо гэдэг. Гэтэл үнэндээ монголд Унгар, Польш зэрэг пост коммунист орнуудтай харьцуулахад улс төрийн намуудын тоо ч, төрийн бус байгууллагуудын тоо ч харьцангуй цөөхөн байна. Үүнийг Дефакто Институтын хийсэн “ТББ-ЫН ИНСТҮҮЦИЙН ОРЧНЫ ХАРЬЦУУЛСАН ШИНЖИЛГЭЭ: МОНГОЛ, УНГАР, ПОЛЬШ ОРНУУДЫН ЖИШЭЭН ДЭЭР”-ээс харж болно. Олон байгаа нь өөрөө асуудал биш. Харин ч давуу тал.

Ардчиллын нэг тулгуур багана иргэний нийгмийг хөгжүүлэхийн төлөө хүн бүр хичээн зүтгэх шаардлагатай байна.