Индэр    
2019 оны 11 сарын 1
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Үнсээ ашиглан үйлдвэрлэлийн хаягдал усны бохирдлыг багасгах шинэ төрлийн шингээгч материал гарган авсан"

Зураг
Эх сурвалж: sp.depositphotos

Улаанбаатар хотын гэр хороолол дахь 220 мянган өрхийг 600-700 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр бүрэн хангана хэмээн "Таван толгой түлш" ХХК амлалт өгөн ажиллаж буй.  

Шахмал түлшний гол түүхий эд нь угаасан нүүрс учир хэдий агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулах ч үнс нь эргээд хөрс, агаарыг бохирдуулах нэг хүчин зүйл болдог.  

Тэгвэл гэр хорооллын 220 мянган айлаас гарах үнсийг хэрхэх вэ?

Үнс гэдэг нь нүүрсэнд агуулагдах шатдаггүй нэгдэл юм. Нүүрсэнд агуулагддаг дэгдэмхий хэсэг нь дэгдэж гараад шатдаггүй хэсэг буюу үнс үлддэг. 

Одоо хэрэглэж буй сайжруулсан түлшний нийт жингийнх нь 20 гаруй хувьд шатдаггүй органик бус нэгдэл бий гэх тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, шахмал түлшний 20 гаруй хувь үнс гэсэн үг.

Монгол дахь нүүрснүүдийн хувьд 10-20 хувийн шатдаггүй органик бус нэгдлийг агуулдаг байна. Иймд шахмал түлшнээс гарах үнсний хэмжээ ердийн нүүрс түлснээс бага зэрэг илүү байдаг хэрэг. 

Судалгаанаас харвал нэг айл өрх жилд дунджаар 3-5 тонн нүүрс түлдэг ба шаталтын үлдэгдлийг дээрх агууламжаар нь тооцоод үзвэл 100-160 мянган тонн үнс хаягдал болон гардаг байна. 

Тэгвэл шахмал түлш хэрэглэсэн тохиолдолд 140-170 мянган тонн хаягдал үнс гарахаар байгаа юм. 

Өнгөрсөн наймдугаар сард нийслэлийн ИТХ, ЗДТГ, Байгаль орчны газраас “Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл” төсөл, судалгааны уралдаан зарлаж байв. Тус уралдааны судалгааны төрөлд тэргүүн байр эзэлсэн “Гэр хорооллын хаягдал - нүүрсний үнсийг ашиглан гарган авсан шингээгч материал” судалгааг ахалсан Эрдэм шинжилгээний тэрүүлэх ажилтан,  академич Ж.Тэмүүжингээс үнсийг дахин ашиглах аргын талаар зарим зүйлийг тодруулсан юм.

Үнсийг шингээгч материал болгон ашигласнаар эдийн засгийн хувьд хэмнэлттэй, хямд өртөг бүхий бүтээгдэхүүн гарган авах боломж бидэнд байгаа
 

Тэрбээр "Айлуудаас гарч байгаа үнс нь хаягдал болох төдийгүй хөрс, агаар, орчны бохирдлыг үүсгэж байна. Ингэж их хэмжээгээр хаягдал болон гарч байгаа үнсийг шингээгч материал болгон ашигласнаар эдийн засгийн хувьд хэмнэлттэй, хямд өртөг бүхий бүтээгдэхүүн бий болгох боломж бидэнд байгаа. 

Монгол Улсад жилээс жилд их хэмжээгээр хуримтлагдан, байгаль орчныг бохирдуулж байгаа үйлдвэрлэлийн хаягдал түүхий эдийн (гэр хорооллын үнс) шинж чанар, найрлага, үзүүлэлтүүдийг нарийвчлан судалсны үндсэн дээр байгальд ээлтэй, дэвшилтэт аргаар дахин боловсруулан, шинэ төрлийн шингээгч материалыг гарган авсан.

Үйлдвэрлэлийн хаягдлыг боловсруулж, шинэ төрлийн материал гарган авснаар байгаль орчны бохирдлыг багасгах, тэр дундаа зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа шинэ төрлийн материалыг хаягдалд суурилан гарган авах боломжийг анхлан судалснаараа энэ бол шинэлэг ажил байсан.

 “Үнсэн үрэл”

Энэ нь гэр хорооллын нүүрсний үнсийг ашиглан гарган авсан шингээгч материал юм. Тодруулбал, Улаанбаатар хотод хамгийн ихээр хэрэглэгддэг нүүрсний шаталтаас үүссэн гэр хорооллын хаягдал үнсийг тодорхой хэмжээний барьцалдуулагч нэмэн үрэлжүүлж, хаягдал уснаас бохирдлыг нь шүүх шингээгч материал ажээ.

Энэхүү материалыг бэлтгэхдээ 1мм шигшүүрээр шигшин цемент барьцалдуулагч нэмж, усаар үрэлжүүлсэн байна.

Зураг 1. Гэр хорооллын нүүрсний үнсний гэрлийн микроскоп болон үрэлжүүлсэн үнс

 

Гэр хорооллоос гарч буй үнсний үндсэн талст нэгдлүүдэд ангидрит болон шохой ордог. Гэрийн зууханд харьцангуй нам температурт шаталт явагдахад эдгээр нэгдэл нь идэвхжин нүх сүвэрхэг болдог. Кальци агуулсан талст нэгдэл бүхий нүх сүвэрхэг бүтэцтэй, гэрийн зуухны үнс нь будагч бодисыг өөртөө шингээх чадвартай.

Тиймээс үнсийг ашиглан үйлдвэрлэлийн хаягдал усны бохирдлыг багасгах шинэ төрлийн шингээгч материал гарган авах нь эдийн засгийн үр ашигтай технологи юм. Үүний үр дүнд хүрээлэн буй орчны хог хаягдал багасаж, хямд өртгөөр усны чанарыг сайжруулах боломжтой гэдгийг академич, Ж.Тэмүүжин тайлбарласан юм. 

Манай улсад үйлдвэрлэж буй цемент нэг кг нь 200 ба түүнээс доош төгрөгийн үнэтэй. Харин нэг тонн үнсээр шингээгч материал гарган авахад 70 кг цемент буюу 14,000 төгрөг зарцуулагдана хэмээн тооцоолжээ. Улмаар гаргаж авсан маттериалаа "Харгиа" ус цэвэрлэх байгууламжийн хаягдал усан дээр туршиж үзсэн нь амжилттай болсон байна. 

Энэ нь химийн гаралтай шингээгч материалаас хавьгүй хямд буюу нэг тонн шингээгчийн түүхий эдийн зардал нь зургаан ам.долларт багтаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, их хэмжээний валют хэмнэх боломж олгох юм.

Тиймээс хаягдал үнсийг ашиглах нь байгаль орчиндоо ч, эдийн засагтаа ч олон талын ач тустай хэмээн үзэж байна" гэв. 

Нарийн ширхэгтэй үнс хогийн цэг дээр хаягдсанаар агаарын тоосжилт, хөрсний бохирдлын нэг эх үүсвэр болдог. Харин хаягдал үнсийг дахин ашиглаж, бохир ус шингээсний дараа ширхэглэгийн хэмжээ томордог тул агаарт дэгдэх тоосжилтын хэмжээг нэмэгдүүлдэггүй ажээ. 

Түүнчлэн Тавантолгойн нүүрс цацрагийн агууламж багатай. Карбонат, сульфат болон элс, шаварлаг эрдэс зонхилсон бол цацраг бүр бага гэсэн үг. Сульфатын хүхэр өндөр температурт задрах учир хүхэрлэг хий ч ялгаруулахгүй. Пиритийн хүхэр бол гэрийн зууханд задарч эхлэх байх. Гэхдээ 700 градусаас өндөрт бүрэн задрах учир хоргүй. Шахмал түлшний үнсний хими, эрдэс зүйн найрлагыг судлаагүй учир шууд хэлэх боломжгүй байна. Гэсэн хэдий ч ашиглаж буй нүүрсний ордод тулгуурлан саналаа хэлэхэд уг шахмал түлшний үнсийг ашиглах боломжтой. Хамгийн гол нь нийтээрээ нэг үйлдвэрийн нүүрс хэрэглэж байгаа нь том боломж гэдгийг ч Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Академич, Ж.Тэмүүжин тодотгосон юм. 

Нийтээрээ нэг үйлдвэрийн нүүрс хэрэглэж байгаа нь том боломж
 
Гэрэл зургийг mpa.mn

Гэр хорооллын өрхүүдийн зуух нь 600-700 ба түүнээс хэтрэхгүй градуст шаталт явагддаг байна. Ийм тохиолдолд нүүрсэнд агуулагдах эрдэс бүрэн өөрчлөлтөд оролгүйгээр, харьцангуй идэвхтэй төлөвт ордог аж. 

Өмнөх жилүүдэд Улаанбаатар хотын айл өрхүүд өөр өөр уурхайн нүүрс хольж хэрэглэдэг байсан учраас хаягдах үнсний найрлага нь харилцан адилгүй, тэр хэмжээгээр үнсийг ялгах боломжгүй байжээ. Тэгвэл одоо гэр хорооллын айл өрхүүд нийтээрээ нэг уурхайн нүүрс ашигласан шахмал түлш хэрэглэж байгаа учраас үнсийг хуримтлуулж ашиглахад илүү давуу талтай болж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь үнсийг үйлдвэрлэлийн хэмжээнд ашиглахад хамаагүй хялбар болж буй хэрэг.  

Мөн химийн найрлага, эрдсийн найрлага, гадаад хэлбэр дээр үндэслэн үнсийг ямар салбарт, юунд хэрхэн ашиглах вэ гэдэг нь тодорхойлогддог аж. 

Тухайлбал,

  1. Цахилгаан станцад /1,400 градусаас дээш температурт шатаалт явуулдаг учраас үнсний шинж чанар нь гэр хорооллын үнснээс өөр шинжтэй болсон байдаг/. Үүнийг голчлон цемент, бетоны үйлдвэрлэлд ашигладаг.
  2. Гэр хорооллын үнс нь 600-700 градуст шатаж үүсдэг учраас үнсийг аваад шууд барилгын материалд (цемент, бетонд) ашиглах боломжгүй юм.

Гэр хорооллын үнсийг барилгын материалд ашиглах боломжгүй бөгөөд стандартын шаардлага хангадаггүй болохыг судлаачид хэлдэг.

Харин манайд хэрэглэгддэг үнсэн блокийг цахилгаан станцын үнсэн сангийн үнсээр хийдэг ба барилгын материалд хэрэглэх боломжтой ч бат бөхийн үзүүлэлтэд нь сайн хяналт тавих шаардлагатай гэж үздэг.

Олон улсад бетонд ашиглаж буй цементийн 50 хүртэлх хувьд нь үнсийг орлуулагч болгон хэрэглэж буй туршлага байгаа бөгөөд үнсний шинж чанар цементийг хэд хүртэлх хувиар орлох боломжтойг нарийн тооцдог байна.

Манай улсад мөрдөгдөж буй стандартаар бетон дахь цементийн 20 хүртэлх хувийг цахилгаан станцын шүүлтүүрийн үнсээр орлуулах боломжтой юм байна. 

Үүнээс гадна бетон үйлдвэрлэхэд дандаа цемент ашиглаж байсан бол цементийн оронд дан үнсээ шүлтээр идэвхжүүлэн холбогч болгоод /дэлхий даяар сонирхол татаж буй судалгааны сэдэв / ашиглах боломжтой гэдгийг судлаачид онцолдог. 

Шахмал түлштэй холбоотой асуудлаар нэмж сануулахад ОХУ-ын лабораторийн шинжилгээний дүнгээр “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлшний техникийн шинжилгээний үзүүлэлт нь сайжруулсан хатуу түлш 5679:2019 стандартын шаардлагыг хангасан гэсэн хариу гарсан. Мөн шинжилгээгээр чөлөөт хөөлтийн зэрэг "1" гэсэн үзүүлэлттэй гарсан нь коксжих зэрэг багатай эрчим хүчний нүүрс тул ахуйд хэрэглэж болно гэх дүгнэлтийг гаргах үндэс болжээ. Өөрөөр хэлбэл, шахмал түлшээ үргэлжлүүлэн ашиглахад хавар гэхэд 170 мянган тонн үнс агаар хөрсний бохирдлыг нэмэгдүүлэх нь.

Иймд шахмал түлшний үнсийг хэрхэн ашиглах талаар анхаарч, үнсээ яаж цуглуулах тухай санаа тавих цаг болжээ. Хэрэв энэ хаягдлыг шингээгч материал болгон ашиглаж чадвал Туул голын гол бохирдуулагч болж буй "Харгиа" цэвэрлэх байгууламжийн усаа тодорхой хэмжээнд шүүж, бохирдлын томоохон асуудлуудаа давхар шийдэх боломжтойг судлаачид хэлж байна.