Индэр    
2019 оны 11 сарын 4
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Дунд болон ахлах ангийн багш нар дохиогоор сайн ярьдаг байж бид сайн сурч чадна"

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Мэдээж манай сургуульд дохиогоор сайн ярьдаг багш нар байгаа ч амаараа ярих нь элбэг. Ийм байдал нь огт сонсож чадахгүй хүүхдэд хичээлээ ойлгоход хүндрэлтэй байдаг" хэмээн тусгай 29 дүгээр сургуулийн сурагч У.Э ярилаа.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 онд яг энэ асуудлаар Сонсгол, хэл, ярианы бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн сурагчид эсэргүүцлээ илэрхийлж, жагсаж байв.

Харин өнгөрсөн хоёр жилд энэ байдалд дээрдсэн эсэхийг бид нэхэн сурвалжилсан юм.

Шинээр ирж байгаа багш нар ч дохионы хэлээр сайн ярьдаг байх хэрэгтэй

2018 оны байдлаар улсын хэмжээнд 0-18 насны, хөгжлийн бэрхшээлтэй 10,663 хүүхэд байдгаас 6,518 нь Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа гэх тоо баримт бий.

Үүнээс сонсголын бэрхшээлтэй 712 хүүхэд байгаагаас 29 дүгээр тусгай сургуульд 300 орчим хүүхэд сурч байна.

Хүүхдүүдийн хичээл үдээс өмнө ордог учраас биднийг очиход хичээллэж байгаа анги цөөхөн байв.

Гэсэн ч тус сургуулийн сурагч Н.Б ачаар сургууль дотроо бужигнах хэсэг хүүхэдтэй түр ярилцах боломж олдсон. Тэр дохионы хэлээр сайн ярьдаг тул хүүхдүүдийн санааг надад ойлгуулахад тусалсан юм.

Хүүхдүүдийн сонсох, ярих чадвар харилцан адилгүй байсан гэдгийг энд дурдах нь зүйтэй болов уу.

Тэд сургалтын явцад гардаг хүндрэлүүдийн талаар “Бага ангийн туслах багш нар дохиогоор сайн ярьдаг байсан. Харин дунд ангид ороход багш нар дохиогоор ярих нь багассанд сэтгэл дундуур байдаг” гэдгийг ам нэгтэй хэлж байв.

Мөн "Шинээр ирж байгаа багш нар ч дохионы хэлээр сайн ярьдаг байх хэрэгтэй. Зарим багшаас "Дохиогоор яриач" гэж хүсдэг боловч "За" гэчихээд амаараа л яриад байдаг нь маш муу сонсдог хүүхдүүдийн хувьд хүндрэлтэй байдаг" гэцгээж байлаа.

Энэ талаар хэлэхдээ сурагч Л.Г “Би Англи хэл, Монгол бичгийн хичээлдээ дуртай. Заримдаа багш амаараа ярихаар шинэ үгээ ойлгоход бага зэрэг хэцүү болдог. Гэхдээ мэдэхгүй үгээ багш нараасаа асуудаг” гэсэн юм.

Дохиогоор сайн ярьдаг, тайлбарлаж өгдөг байсан зарим багш нь тэтгэвэрт гарч, оронд нь шинэ багш нар сургалт явуулж байгаа тухай эмэгтэй сурагч хэлэв.

Түүнчлэн "Дунд болон ахлах ангийн багш нар дохиогоор сайн ярьдаг байж байж бид сайн боловсорч чадна" хэмээн бодлоо хуваалцсан юм.

Сонсгол, хэл, ярианы бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуульд нийт 82 багш ажилладаг аж.

Өнгөрсөн хичээлийн жилд тус сургуулийн зургаан багш тэтгэвэрт гарсан бөгөөд энэ хичээлийн жилд долоон шинэ багш орж ирснээс тавыг нь сонгон шалгаруулалтаар авжээ.

"Сүүлийн хоёр жил дохионы хэлээр ярьдаг багш нарын тоо нэмэгдсэн"

Энэ талаар Сонсгол, хэл, ярианы бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийн захирал М.Сарантуяа тайлбар хэлэхдээ "Сүүлийн хоёр жилд дохионы хэлээр ярьдаг багш нарын тоо нэмэгдсэн. Улаанбаатар хотын хэмжээнд согог зүйн нийт 21 багш байгаагаас ес нь манай сургуульд ажилладаг.

Мөн манайд нийт 14 туслах багш байгаагийн 11 нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй. Түүнээс гадна өөрсдөө сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй 20 орчим багш ажиллаж байна.

Бүгд дохионы хэлний болон заах арга зүйн чадвар эзэмшсэн багш нар. Гэхдээ хүн бүрийн заах арга зүйн онцлог харилцан адилгүй учраас багш нарын чадвартай холбоотой асуудлаар сэтгэл дундуур явдаг хүүхэд байгааг би үгүйсгэхгүй.

Бид аль болох л багш нараа чадавхжуулах, чадваржуулах үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд залуу багш нартаа хурууны үсэг сайн сурахыг шаардаж, тусгай хэрэгцээт боловсролын чадварыг нь нэмэгдүүлэхээр ажиллаж байна" гэсэн юм.

Мөн өнгөрсөн хичээлийн жилд тус сургуулийн найман багш Япон улсад мэргэжил дээшлүүлээд иржээ. Энэ хичээлийн жилд шинээр орсон багш нараа сурагчдын амралтаар дохионы хэлний сургалтад явуулахаар төлөвлөсөн тухайгаа нэмж хэлэв.

"Хэрэв үнэхээр асуудал байгаа бол багш нарын ур чадварыг дахин шалгах хэрэгтэй"

Салбарын яам энэ тал дээр хэрхэн анхаарч байгааг бид мөн сонирхсон юм. БСШУСЯ-ны Боловсролд тэгш хамруулан суралцуулах бодлого хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Гэрэлтуяа "2017 онд тухайн сургууль дээр багш нартай холбоотой асуудал үүсэж байсан.

Тэр үедээ БСШУСЯ-наас 29 дүгээр тусгай сургууль дээр ажлын хэсэг гарч, бүх багшийн дохионы хэлний түвшинг тогтоож, сургалтад хамруулаад дохионы хэлээр сургалтаа цааш явуулах боломжтой гэж үзсэн.

Зөвхөн Хүүхдүүдийн яриагаар шууд дүгнэлт хийж болохгүй. Хэрэв үнэхээр асуудал байгаа бол Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон Багшийн мэргэжил дээшлүүлэх газар, Боловсролын хүрээлэн гэх мэт газар нийлээд тэдгээр багшийн ур чадварыг дахиад шалгаж, сайжруулах хэрэгтэй" гэлээ.

Манай улсад тусгай хэрэгцээт боловсролын багш бэлдэж байгаа ганц газар нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим. 2018 оноос хойш тэнхим болж өргөжсөнөөс хойш одоогийн байдлаар 100 гаруй оюутан сурган бэлтгэсэн аж.

"Монголд тусгай хэрэгцээт боловсролын багш бэлдэх бүхэл бүтэн тэнхим нээгдээд ажиллаж байна. Тэнд сурч байгаа оюутнууд бүгд л сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг эзэмшиж буй.

Түүнчлэн 29 дүгээр тусгай сургууль одоо багш авахдаа дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй хүнийг л ажиллуулж байгаа. Тийм ч учраас энэ жил тэр сургуульд ажилд орохоор очсон Химийн багшийг дохионы хэл мэдэхгүй гээд аваагүй тухайгаа бидэнд мэдэгдсэн" хэмээн учирлав.

29 дүгээр тусгай сургуулийг төссөн хүүхдийн ес нь их, дээд сургуульд элсжээ

Надтай ярилцсан хүүхдүүдийн ихэнх нь Биеийн тамир, Англи хэлний багш болох хүсэлтэй. Зарим нь энэ сургуульдаа багшилна гэж боддогоо ч нуусангүй.

Харин сурагч Д.Б “Би барилгын инженер болохыг хүсдэг учраас Технологийн хичээлдээ илүү дуртай” хэмээн ярьсан юм.

Энэ жил тус сургуулийг нийт 23 хүүхэд төгсөж бүрэн дунд боловсролын гэрчилгээ авжээ.

Үүнээс одоогийн байдлаар ес нь буюу 39.1 хувь нь их, дээд сургуульд орж, тав буюу 21.7 хувь нь коллежид, харин дөрөв буюу 17.4 хувь нь ажилд орсон байгаа аж.

Энэ нь өмнөх жилүүдийн их, дээд сургуульд орсон сурагчдаас нэмэгдсэн үзүүлэлт гэж захирал М.Сарантуяа хэлсэн юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн тэрбээр "Их, дээд сургуульд орсон төгсөгчдөөс Монгол Улсын Боловсролын их сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын ангид гурав нь орсон. 

Өнгөрсөн хичээлийн жилд Тусгай хэрэгцээт боловсролын ангийг 21 оюутан төгссөнөөс нэг нь манай сургуулийн сурагч байсан. Энэ байдлаас харахад хүүхдүүд Тусгай хэрэгцээт боловсролын ангийг төгсвөл эргээд энэ сургуульдаа ажиллах хүсэлтэй байгааг илтгэж байна.

Түүнчлэн тэгш хамруулан суралцуулах журам хэрэгжсэнээр хөдөө, орон нутагт ч үндсэн эсвэл туслах багшаар ажиллах боломж нээгдсэн гэж бодож байгаа.

Зарим ажлын байрны шаардлагаас болж сургууль төссөн ч ажилаж чадахгүй тохиолдол гарч болох ч дээд боловсрол эзэмшинэ гэдэг нь л чухал" гэж байлаа.

"Монгол Улсын ажил, мэргэжлийн жагсаалтад дохионы хэлний хэлмэрч, орчуулагч гэж байхгүй"

Хүүхдүүдээс сургуулиасаа өөр газар, ямар нэг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхэд хүндрэлтэй байдаг эсэх талаар асуухад "Эмнэлэгт очиход ч дохионы хэл хэрэгтэй. Зарим үед бичгээр бичиж өгсөн ч ойлгохгүй байх тохиолдол гардаг" гэж Э хэлсэн юм.

"Дохиогоор ярьдаг хүмүүс Монголд маш олон бий. Төрийн бус зарим байгууллагын дамжаанд сурсан хүмүүс дохионы хэлний орчуулагч хийж байгаа.

Уг нь бид дохионы хэлний орчуулагчийн журам гэж боловсруулсан ч одоог хүртэл батлагдаагүй. Учир нь Монгол Улсын ажил, мэргэжлийн жагсаалтад дохионы хэлний хэлмэрч, орчуулагч гэсэн ажил мэргэжил байхгүй.

Дээрээс нь, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд энгийн сургуульд сурахад багш нар нь дохионы хэл мэдэхгүй учраас хүндрэл үүсэж болно. 

Тухайлбал, Хөвсгөл аймгийн "Ирээдүй" цогцолбор сургуульд сонсголын бэрхшээлтэй хүүхэд сурдаг. Тэр хүүхдийн ангийнхан нь дохионы хэл сураад бусад багш нартаа орчуулж өгдөг сайн жишээ бий.

НҮБ-ын конвенцид тусгайлж сургахыг дэмждэггүй. Тэгэхээр дохионы хэлний багш биш ч гэсэн дохионы хэлний орчуулагч гэдэг мэргэжил хаана ч чухлаар тавигдана.

Дохионы хэл гэдэг бол нэг ёсны шинжлэх ухаан. Энэ шинжлэх ухааныг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байна" гэж БСШУСЯ-ны Боловсролд тэгш хамруулан суралцуулах бодлого хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Гэрэлтуяа тайлбарласан юм.