Индэр    
2019 оны 10 сарын 26
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 35: Стивен Хокингийн сүүлчийн бүтээл - "Том асуултуудад өгөх товч хариулт"

Зураг

Нэрт эрдэмтэн Стивен Хокингийн амьдралынхаа сүүлийн хэсэгт бичиж эхлүүлсэн "Brief answers to big questions" буюу "Том асуултуудад өгөх товч хариулт" номыг UNLOCK подкасттай хамтран танилцуулж байна.

Хэдийгээр Стивен Хокинг номоо дуусгаж амжилгүй хорвоог орхисон ч хамтран ажиллагсад гэр бүлийнхэн нь түүний өмнө өгч байсан ярилцлага, материалд үндэслэн эмхэтгэснээр нас барснаас нь хойш долоон сарын дараа хэвлүүлжээ.

Бурхан байдаг уу, Цаг хугацаагаар аялах боломжтой юу, Харь гарагийнхан байдаг уу зэрэг хүн төрөлхтний сонирхлыг татдаг 10 том асуултад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрхэн хариулсныг та номын тэмдэглэлээс хүлээн аваарай. "Томоохон асуултуудад өгөх товч хариулт" номыг шинжлэх ухааныг сонирхдог хэн бүхний унших ёстой ном хэмээдэг аж.

"Brief answers to big questions" номыг сонсох: 

Стивен Хокинг гэж хэн бэ? Тэрбээр 1942 оны нэгдүгээр сарын 8-нд Англид мэндэлжээ. Энэ нь Одон орон судлалын эцэг хэмээгддэг Галилеогийн мэндэлсэнээс хойш 300 жилийн дараах он цаг юм. Стивен Хокинг нь багаасаа томоохон асуултын хариуг олохыг мөрөөддөг, сониуч нэгэн байв.

Гэвч 21 насандаа булчингийн мэдрэлийн өвчин тусаж, хөмсөг хэсгийнхээсээ бусад булчингаа хянах чадамжгүй болжээ.

 

Тухайн үедээ сэтгэлээр унаж байсан ч хожмоо энэ талаараа дурсахдаа "Миний өвчин надад маш олон зүйлийг ухааруулсан. Амьдрал ямар үнэ цэнэтэйг ойлгуулж, судалгаа шинжилгээнийхээ ажилд улам их цаг зарцуулах хөшүүрэг болсон" гэсэн байдаг.

Стивен Хокингийг хүн төрөлхтний түүхэн дэх сүүлийн 100 жилд төрсөн хамгийн гайхалтай эрдэмтэн хэмээн дэлхий нийтэд хүлээн зөвшөөрдөг билээ. 

НЭГ. Бурхан байдаг уу?

Шинжлэх ухаан хөгжөөгүй байсан эрт дээр үед хүмүүс аянга буух, газар хөдлөх гэх мэт байгаль, цаг агаартай холбоотой тайлбарлаж чадахгүй зүйлсээ бурхан үүнийг хийсэн гэж ойлгодог байжээ. 

Харин шинжлэх ухаан сүүлийн 300 жилд хурдацтай хөгжиж чадсанаар эдгээр нь байгалийн хуулиар зохицуулагддаг үзэгдэл хэмээн баталсан байдаг. "Байгалийн хуулийг олж тогтоон, баталсан нь хүн төрөлхтний хамгийн том гавьяа" гэж Стивен Хокинг дүгнэсэн байна. Түүнчлэн хорвоо ертөнцийн бүх зүйл байгалийн хуулийг л дагадаг тул логикийн хувьд бурхан байх боломжгүй гэсэн байна.

Бурхан гэж байхгүй тул там, диваажин ч гэж үгүй хэмээжээ. 

ХОЁР. Орчлон ертөнц хэрхэн үүссэн бэ?

 

15 тэрбум жилийн тэртээ Их тэсрэлт болохоос өмнө орчлон ертөнц маш хатуу, нягт бөгөөд халуун цэг байв. Харин Их тэсрэлт болсноор тэлж, орон зайтай болжээ.

Мөн одоо хэр нь орчлон ертөнц тэлсээр байгааг 100-гаад жилийн өмнө Эдвин Хабл хэмээх эрдэмтэн нотолсон юм. Тэрбээр тодорхойнд хугацаанд одноос ирж буйг хэмжиж үзсэн байна. Ингэхэд яг ижил однуудаас ирж буй гэрэл нь жил өнгөрөх тусам бүдгэрсээр байсан аж. Энэ нь однууд хурдацтайгаар цааш холдож байгаагийн баталгаа болжээ.

Стивен Хокингийн өгүүлснээр орчлон ертөнц ЦЭГ байх үед орон зай гэх ойлголт байгаагүй. Цаг хугацаа нь орон зайг дагаж бий болдог тул тухайн үед цаг хугацаа гэх ойлголт ч байгаагүй гэжээ.

Мөн орон зай дотор цаг хугацаа харилцан адилгүй мэдрэгддэг. Үүнийг Алберьт Эйнштейн Харьцангуйн онолоор батлахдаа ажиглагдаж буй биет нь хаана байгаа болон хэр хурдтай хөдөлж байгаагаасаа хамаарч цаг хугацаа өөр өөр мэдрэгдэнэ хэмээсэн байна.

ГУРАВ: Харь гарагийнхан байдаг уу?

Бидний амьдарч буй галактик 200 тэрбум од, гараг эрхэстэй. Үүний 20 хувьд нь дэлхийтэй төстэй орчин нөхцөл бүрдсэн байх боломжтой аж.

Галактик үүсээд 10 тэрбум жил болж байгаа бол эх дэлхий үүсээд дөрвөн тэрбум жил болжээ. Харин дэлхий дээр амьдрал үүссэнээс хойш хагас тэрбум жил улирч буй. Дэлхий дээрх амьд ертөнцийн бүх зүйл ДНК-аас гаралтай. Нэг эст организмаас олон эст, олон эстээс хөхтөн амьтан үүссэн хэмээн номд өгүүлжээ. Харин хөх амьтнаас хүн төрөлхтөн үүсэх хүртэл 100 сая жилийн хугацаа шаардагдсан байна. Хүн төрөлхтөн үүсэхэд гол мэдээлэл зөвхөн ДНК-д хадгалагдаж байв. Харин хэл яриа бий болж, мэдээллийг номд тэмдэглэн үлдээх болсноор хүн төрөлхтний хөгжлийн явц улам түргэсчээ.

Тэгвэл өөр гараг дээр амьдрал үүссэн байх боломж хэр байна вэ? Нарны амьдрах хугацаа 10 тэрбум жил. Энэ хугацаанд багтаж л тухайн гарагт амьдрал үүсэх ёстой аж. Тиймээс өөр гараг дээр ухаант төрөлхтөн үүсэх цаг хугацааны боломж, түүнчлэн үүсээд хөгжих явцад нь өөр гараг, солир мөргөсөн байх эрсдэл өндөр тул харь гарагийнхан байх магадлал тун бага хэмээн Стивен Хокинг хариулжээ.

Галактикт олон сая гараг эрхэс үргэлжийн хөдөлгөөн оршдог тул нэгнээ мөргөх, устгах эрсдэл хэзээд бий. Тухайлбал, дэлхийг том солир хүчтэй мөргөснөөс хойш 60 сая жил өнгөрчээ.

ДӨРӨВ. Бид ирээдүйг таамаглаж чадах уу?

“Амьдрал асар олон хувьсагчаас бүрддэг тэгшитгэл” хэмээн Хокинг тодорхойлсон байна. Санамсаргүй, дахин давтагдашгүй тохиолдлуудаас шалтгаалдаг тул урьдчилан яв цав тодорхойлох боломжгүй. Нэг удаад болсон зүйл дараа дахин тэр хэвээр тохиолдоно гэж байдаггүйг номд өгүүлжээ.

Түүнчлэн ирээдүйг таамаглах боломжгүй өөр нэг шалтгаан нь одоо байгаа нөхцөл байдлыг 100 хувь зөвөөр ажиглаж, тодорхойлох боломжгүй. Жишээлэхэд, хөдөлж байгаа жижигхэн зүйлийн хурдын хэмжихийн тулд гэрэл тусгах шаардлагатай. Харин хамгийн бүдэг гэрэл тусгалаа ч тэр биетийн хөдлөх хурдад нөлөөлөх ажиглах боломжгүй юм. 

ТАВ. Хар нүх гэж юу вэ?

 

Хар нүх хэмээх нэршлийг 1967 онд Жон Вилер танилцуулахаас өмнө "Frozen star" гэж нэрлэдэг байжээ. 

Хар нүх нь маш хурдан бөгөөд хүчтэйгээр бүгдийг өөртөө сордог, гэрэл ч зугтаж үүнээс чадахгүй. Цаг хугацаа ч Хар нүхэд оршдоггүй аж. Эрдэмтэд Хар нүхэнд орсон мэдээлэл устдаг уу, эсвэл хадгалагддаг уу гэх асуултад хариулахаар олон жил судалж буй ч өнөөг хүртэл хариулж чадаагүй байгаа юм. 

Хэдийгээр олон эрдэмтэн алга болдоггүй гэж итгэдэг боловч яаж хадгалагддаг тухай нотлогоо одоог хүртэл байдаггүй.

Сонирхуулахад, Сүүн замын дунд орших нэгэн Хар нүх нарнаас 4 сая дахин том хэмжээтэй.

ЗУРГАА. Цаг хугацаагаар аялах боломжтой юу?

Онолын физикт боломжтой.

Гэрлийн хурдтай ойролцоо хурдтай хөлөгт суухад цаг хугацаа удааширдаг. Харин гэрлээс илүү хурдтай хөлөгт суувал цаг хугацаа ухардаг хэмээн "Томоохон асуултуудад өгөх товч хариулт" номд өгүүлжээ. Хэрвээ хүн төрөлхтөн гэрлээс хурдан явдаг хөлөг бүтээж, түүнийгээ эрчим хүчээр хангаж чадвал цаг хугацаагаар аялах боломжтой гэдгийг Эйнштэйн өөрийн онолын үр дүнд баталсан. 

Тэгвэл Стивен Хокинг цаг хугацаагаар аялах нь боломжтой юм бол үүнд логикийн алдаа гарч байгааг дэвшүүлсэн байдаг. 

Мөн “М” онолоор орчлон 11 хэмжээстэй гэж үздэг. Эдгээр нь орон зайн гурав ба цаг хугацаа хэмээх дөрвөн хэмжээс дээр бидэнд мэдрэгдэхгүй долоон хэмжээс оршдог аж. Тэрхүү долоон хэмжээс нь бидний мэдэх дөрвөн хэмжээстэй огтлолцвол цаг хугацаагаар аялах боломжтой байдаг хэмээн дээрх онолоор тайлбарладаг.

ДОЛОО. Бид эх дэлхийдээ амьд оршин тогтносоор байх уу?

 

Хүн төрөлхтний хувьд тулгарч буй томоохон аюул байдгаас биднээс хамаарахгүй нэг аюул нь солир юм. Шинжлэх ухааны хуулиар солир дэлхийг мөргөж, манай гарагийг сөнөөх эсвэл амьд биетүүдийг устгах аюул нь хэзээ нэгэн цагт тохиохыг нэрт эрдэмтэн сануулсан юм.

Хамгийн сүүлд 60 сая жилийн өмнө томоохон солир дэлхийг мөргөснөөр үлэг гүрвэлийг мөхөөсөн билээ. 

Үүнээс гадна биднээс хамаарах нэг аюул нь цаг уурын өөрчлөлт. Дэлхийн нөөц баялаг хурдтайгаар багасаж, дэлхийн дулаарал нь хүн амьдрахад улам хүнд болох хандлагатай байна. Хэрвээ байдал энэ хэвээр үргэлжилсээр байвал дэлхийн дулаарал нь амьдрах боломжгүй нөхцөлд хүргэнэ гэжээ.

Түүнчлэн бид дэлхийдээ оршин тогтносоор байхад саад болох бас нэг зүйл нь цөмийн зэвсгийн дайн. Стивен Хокингийн таамагласнаар дараагийн 1,000 жилд хүн төрөлхтөн өөрсдийгөө хөнөөх нь бараг л гарцаагүй аж.

Тиймээс хүн төрөлхтөн өөрсдийгөө аврахын тулд амьдрах боломжтой гарагийг нээж олох хэрэгтэй гэжээ. 

НАЙМ. Шинэ гараг эзлэх шаардлагатай юу?

Шаардлагатай. Харин үүний тулд сансар судлалд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулах хэрэгтэйг онцолсон байдаг. Одоогийн байдлаар АНУ дотоодын нийт бүтээгдэхүүний 0.1 хувийг сансар судлалд зарцуулдаг. Энэ 1970 онтой харьцуулахад гурав дахин багассан хэмжээ боловч бусад улстай харьцуулахад хамгийн их хэмжээний төсөв юм.

Сансрын аяллыг хийж, дорвитой үр дүнд хүрэхийг хүсвэл сансар судлалд зарцуулж буй төсвөө 20 дахин нэмэгдүүлэх хэрэгтэйг тэрбээр зөвлөсөн байна.

Түүний тооцоолсноор 2050 онд хүн төрөлхтөн саран дээр, 2070 онд Ангараг гараг дээр колонио байгуулах боломжтой. Харин ирэх 200 жилийн хугацаанд Санчир, Бархасвадь гарагуудын дагуул саран дээр колонио байгуулах боломжтой аж.

Сарны өмнө болон хойд туйл дээр мөс байх магадлатай учир тэрхүү мөснөөс хүчилтөрөгч, усаа гаргаж амьдрах боломжтой гэж тэрбээр үзжээ.

Харин өөр гарагууд нь маш хол оршдог. Одоогийн техник төхөөрөмжийн хүчин чадлаар Ангараг гараг руу 260 хоног хүрэх бол дэлхийтэй ойролцоох өөр гарагт очихын тулд гурван сая жилийн зарцуулахаар байгаа юм.

ЕС. Хиймэл оюун ухаан биднээс илүү ухаантай болох уу?

 

Стивен Хокинг энэ асуултад боломжтой гэж хариулжээ. Ингэхдээ дараагийн 100 жилд компьютерууд хүний оюун ухаанаас давж гарна гэсэн байна.

Хиймэл оюун ухааныг хөгжүүлснээр тулгарч буй олон асуудлыг шийдэх боломжтой. Гэвч хиймэл оюун ухаан нь хүнээс илүү ухаантай болж, хүн төрөлхтний эсрэг зүйлийг хийж эхэлбэл биднийг устгах магадлалтай. Тиймээс анхнаас нь зөвхөн хүний төлөө үйлчилж байхаар зохицуулж, эрсдлийг хаахгүй бол алдагдаж мэдэхийг тэрбээр анхааруулжээ.

АРАВ. Бид ирээдүйг хэрхэн бүтээх вэ?

Одоогийн эрин үе нь технологи, байгалийн шинжлэх ухаанаас хамаарч байна. Гэтэл хүн төрөлхтний өчүүхэн хэсэг нь байгалийн шинжлэх ухааныг сонирхож байгаад Стивен Хокинг санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байдаг. "Хүмүүс суурь ойлголтыг мэддэг, энэ талаар сонирхдог байх ёстой. Тэгэхгүй бол цөөн хэдэн мэддэг хүн нь бидний өмнөөс шийдвэр гаргана. 

Хэрвээ өөрийн хувь заяаг тэрхүү цөөн хэдэн элитэд найдахыг хүсэхгүй байвал шинжлэх ухаан, технологийн талаар судалж, мэдэж аваарай" гэж Хокинг захижээ. 

 

Түүнчлэн номын төгсгөлд:

“Залуу хүмүүс доошоо биш өөдөө дээш од эрхэс рүү харж байх ёстой. Тэнгэр рүү ширтээд энэ гараг ертөнц яаж оршин тогтнодог, орчлон ертөнц хэрхэн бүтсэн тухай том асуултыг өөрөөсөө асууж, сониуч байх хэрэгтэй. Ямар ч зовлон зүдгүүртэй амьдралд чиний хийж чадах зүйл бий” хэмээсэн байдаг.