Индэр    
2019 оны 10 сарын 16
Зураг
iKon.mn сэтгүүлч

Монгол Улсын 400,000 иргэн эрүүл, идэвхтэй амьдрахад хэрэгцээт шим тэжээлээ авч чадахгүй байна

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголд хүүхдийн шим тэжээлийн дутал багассан, сүүлийн 10-аад жилд хүүхдийн дутуу өсөлт, хөгжлийн үзүүлэлт хурдацтай буурсан гэх эерэг үзүүлэлтүүдээр бид Дэлхийн хүнсний өдрийг угтаж байна.

Гэхдээ сайн мэдээ ингээд дуусаж байгааг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа хэлэв.

"Монголд ногоо, жимс элбэг, хямд үед ч хэрэглээ нэмэгдэхгүй байгаа"
 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн "Дэлхийн улс орнууд итгэл найдвар, өөдрөг үзлээр нэгдэн Тогтвортой хөгжлийн зорилгуудыг 2015 онд баталсан. Өмнөө тавьсан бусад зорилго болон өлсгөлөн, ядуурлыг 2030 он гэхэд арилгахыг зорин улс орон бүр хүчин чармайлт гаргаж байна.

Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн 2-р зорилго болох ӨЛСГӨЛӨНГ ЗОГСООХ, түүний үзүүлэлтүүдээрээ ард хоцорчээ. Монголын нийт хүн амын 12 хувь буюу 400,000 хүн эрүүл, идэвхтэй амьдрахад хангалттай, хэрэгцээт калори, шим тэжээлээ авч чадахгүй байгаа бөгөөд сүүлийн таван жилийн турш ахиц гараагүй.

Таваас доош насныхны жингийн илүүдэл 2006 онд 7-оос бага хувь эзэлж байсан бол 2016 он гэхэд 12 хувь болтлоо өсжээ. Насанд хүрэгчдийн 16 хувь нь жингийн илүүдэлтэй байсан бол 2016 он гэхэд 20 гаруй хувь болтлоо мөн нэмэгдсэн байна. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн цус багадалт 2012 онд 16 орчим хувь байсан бол 2016 он гэхэд 20 хувьд хүрсэн.

Шим тэжээлийн дутал, цус багадалт зэрэг нь шаардлагатай шим тэжээлээ хүнснээс авч чадахгүй байгаагаас үүдэлтэй. Монголын хувьд хүнсний төрөл зүйл нь цөөн, ногоо, жимс бага хэрэглэдэг. Ногоо, жимсний хэрэглээ бага байгааг үнэ болон дадалтай холбон тайлбарлаж болно.

Өвлийн улиралд шинэ ногоо, жимс идэх боломж бага, үнэтэй байдаг гэдгээс гадна ногоо, жимс хүнсэндээ тогтмол хэрэглэх дадал хэвшил алга. Ногоо, жимсний ургац хураалтын үе буюу зун, намарт элбэг, хямд байхад ч хэрэглээ нэмэгдэхгүй байгааг судалгаанаас харж болохоор байгаа" гэдгийг Винод Ахужа хэлж байна.

Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн улс орнуудад хүнсний зөв дадал хэвшлийг нэвтрүүлэх төслүүд хэрэгжүүлэх болжээ. Тухайлбал, БНСУ хүнсний бүтээгдэхүүнд "Ухаалаг хүнс" гэх батламж олгох болсон бөгөөд шим тэжээл ихтэй, транс тос агуулаагүй гэх мэт шаардлага хангасан бүтээгдэхүүнд уг батламжийг олгож байна. Харин Филиппинд хэрхэн шим тэжээлтэй хүнс бэлдэх тухай хөтөлбөрийг сургуулийн хүүхдүүдэд хүргэж эхэлжээ. Мөн Бангладеш улсад хэрэглэгчдийн хүнсний талаарх мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой "Эрүүл таваг" хөтөлбөрийг хэрэгжүүлж байжээ.

Хотын иргэдээ хэрхэн хооллох вэ?
Гэрэл зургийг mpa.mn

Нийгмийн эрүүл мэндийн салбарт, ялангуяа, шим тэжээлийн байдалд эрсдэл нэмэгдэж байгаа тухай мэдээлсээр байна.

2016 онд хийсэн судалгаагаар хоол хүнсний хүчин зүйлээс улбаатай зүрх судасны өвчлөлөөр нас барсан хүний тоогоор Монгол Улс дэлхийд хоёрдугаарт орж байв.

Энэ нь уламжлалаа дагаад малын гаралтай хүнсний хэрэглээ өндөр, түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын сул хөгжлөөс үүдэлтэй байж болохыг НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хэлж байлаа.

Түүнчлэн одоогийн байдлаар Монгол Улсын хүн амын 70 хувь нь хот суурин газарт суурьшсан байгаа бол 2050 он гэхэд хүн амын 85 хувь нь хотод суурьшина гэсэн тооцоолол гарчээ. Тиймээс суурин газрыг дагасан хүнсний үйлдвэрлэл, тэр дундаа өвлийн улиралд ургац хураадаг хүлэмжийн аж ахуйг бодлогоор дэмжих, үүнд залуу боловсон хүчнийг татан оролцуулах шаардлагатай.

Хөдөө орон нутаг болон жижиг сууринтай харьцуулахад нийслэл хотод хүнсний баталгаат байдал алдагдах эрсдэл их байна. Хүмүүс арай илүү орлогын их үүсвэр, ажлын байр эрэлхийлж хөдөө орон нутгаас хот суурин газар луу шилжин суурьших боловч тэд улирлын чанартай, албан бус ажил эрхэлж, хүнсний хэрэгцээгээ зах дээрээс ханган зах зээлийн цочролд өртдөг эмзэг давхаргын хүрээг тэлэгчид болон хувирч байгааг Суурин төлөөлөгч хэлж байв.

Дараагийн нэг чухал асуудал бол хүнсний алдагдал болох хаягдал юм. Дэлхийн нийт хүнсний гуравны нэг нь үйлдвэрлэх явц/ургац хураалтын явцад/ болон үйлдвэрлэгдээд гарсан ч хэрэглэгчид хүрэхээсээ өмнө хугацаа нь дуусаж хаягдахад хүрч байна. Хүнсийг үйлдвэрлэх үед алдагдах нь хөгжил буурай орнуудад өндөр хувьтай байдаг бол хөгжингүй орнуудад хүнсний хаягдал их гарч байгаа нь орлого өндөр байгаатай холбоотой ажээ. Ийнхүү дэлхий дахин хэрэглэж болох нийт хүнснийхээ гуравны нэгийг алдсаар байхад 820 сая хүн өлсгөлөн, есөн хүн тутмын нэг нь шим тэжээлийн архаг дутагдалтай байна. Үүний хажуугаар хоёр тэрбум хүн жингийн илүүдэл юм уу таргалалттай байгааг НҮБ-ын ХХААБ-ын Даян дэлхийн хүнсний аюулгүй байдлын тайланд дурджээ.

Харин манай улсын хувьд хүнсний алдагдал, хаягдал ямар хэмжээтэй байгаа талаар судалгаа огт хийгдээгүй байгаа юм. Тиймээс НҮБ-ын ХХААБ-аас Үндэсний статистикийн хороотой хамтран хүнсний чиглэлээрх судалгааг цогцоор хийх, шийдвэр гаргагчдад зөвлөмж өгөх зэрэгт анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага нь 1945 оны аравдугаар сарын 16-ны өдөр Дэлхийн II дайны хөлд нэрвэгдэж, туйлдаж ядарсан хүн олныг өлсгөлөн гуйланчлалаас гаргахад олон улсын хамтын нөхөрлөлийн хүчийг нэгтгэх зорилгоор байгуулагджээ. 

ХХААБ-ын 1979 онд хуралдсан 20 дугаар ерөнхий хуралдаанаар аравдугаар сарын 16-н буюу тус байгууллага байгуулагдсан өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” (ДХӨ) болгон тэмдэглэхээр шийдвэрлэж, НҮБ-ын гишүүн 150 орон жил бүр тухайн жилийн онцлогийг тусган нэгдсэн нэг уриан дор энэ өдрийг тэмдэглэж иржээ.  

2019 онд Дэлхийн хүнсний өдрийг "Бидний үйлдэл, Бидний ирээдүй: Эрүүл хүнс-Зөв хооллолт, Өлсгөлөнгүй дэлхий" уриан дор тэмдэглэж байна.