Индэр    
2019 оны 9 сарын 16
Зураг
Мэдээллийн технологи

500,000 "Замын цагдаа"-тай болцгооё

Зураг

Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бүр замын хөдөлгөөнд хяналт тавих “ТЕХНОЛОГИЙН БОЛОМЖ” болон “ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН”-ыг бүрдүүлж өгвөл дүрэм зөрчигчдөөс үүдэлтэй авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх боломж бий. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот 500,000 замын цагдаатай болох боломж байгааг дурдах гэсэн юм.

Улаанбаатар хотын замын түгжрэл жолооч нарын хариуцлагагүй байдал болон дүрэм зөрчилтөөс шалтгаалж яг хэдэн хувиар нэмэгддэг талаар тодорхой хийгдсэн судалгааны үр дүнг хайгаад олсонгүй. Гэхдээ миний энд хэлэх гэж буй санааг амжилттай хэрэгжүүлсэн гадны орнууд байдаг. Тухайлбал, Англи улс энэ шийдлийг амжилттай нэвтрүүлсэн орнуудын нэг юм.

ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ талаас хийгдэх зүйл нь жолооч нар хямд өртөг бүхий, автомашинд зориулсан хяналтын камерыг өөрсдөө худалдан авч машиндаа суурилуулна. Энэ нь тодорхой хугацааны бичлэгийг өөр дээрээ хадгалдаг, санах ой нь дүүрмэгц хуучин бичлэгээ автоматаар устгадаг, овор багатай камер байх юм.

Харин Замын хөдөлгөөний удирдах төвөөс, эсвэл ЗЦГ-аас иргэдэд бичлэгээ илгээхэд нь зориулсан албан ёсны “Цахим портал”-ыг бий болгох хэрэгтэй. Уг цахим системээр дамжуулан иргэд өөрсдийн авсан фото зураг, видео зэргийг илгээдэг болно.

Харин ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ-ын талаас харвал иргэдийн илгээсэн бичлэгийг баримт нотолгооны хэмжээнд хүлээн зөвшөөрдөг байх зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй. Мөн нотлох баримт илгээсэн иргэнд тухайн торгуулийн орлогоос тодорхой хувийг олгодог зохицуулалтыг шийдэж өгснөөр уг систем маш идэвхтэй ажиллаж эхлэх нөхцөл бүрдэнэ. Ингэснээр жолооч бүр бие биедээ хяналт тавих эрх зүйн орчин бүрдэх юм.

Үүний үр дүнд замын хөдөлгөөний зөрчил асар хурдтай буурч, аюулгүй байдал нэмэгдэж, түгжрэл буурахад тодорхой хэмжээний үр дүн үзүүлнэ.