Индэр    
2019 оны 8 сарын 30
Зураг
Хөрөнгийн зах зээл бол баялгийг тэгш хуваарилах, улстөрийг цэвэрлэх хамгийн үр ашигтай систем юм.

ЦУВРАЛ 3: Алт дэлхийн зах зээлд гялалзах уу? галзуурах уу?

Зураг

Өнгөрсөн удаад нэг унц алтны ханш 1,410 орчимд байхад “ЦУВРАЛ 2: Алт дэлхийн зах зээлд гялалзах уу?” хэмээх нийтлэлээ хүргэсэн байна. Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл ЭНД дарна уу. Харин энэ удаад зургаадугаар сарын 21-нээс хойш зах зээлийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн талаар шинэчилсэн мэдээлэл, анализыг хүргэе.

Гадаад худалдааны дайн улам хүндрэв

Японы Осака хотод зургаа дугаар сарын 28-29-ны хооронд болсон G20-ийн уулзалтаар хоёр тал хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр болсон ч Трамп төд удалгүй наймдугаар сарын 2-нд БНХАУ-ын 300 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд 10%-ийн тариф ногдуулахаа зарлав. Үүний дараа наймдугаар сарын 23-нд БНХАУ-ын зүгээс АНУ-ын 75 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд ногдуулаад байсан тарифаа өсгөж буйгаа зарласан билээ. Ингэснээр гадаад худалдааны дайн мөддөө шийдэгдэхгүй нь гэсэн хүлээлтийг зах зээлд бий болголоо. Ийнхүү АНУ нь БНХАУ-аас худалдан авч буй 550 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд 15-30 хувийн тариф ногдуулсан бол БНХАУ нь АНУ-аас худалдан авдаг 110 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд 10-25 хувийн тариф ногдуулжээ.

 

Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүгээ бууруулав

 

2019 оны эхээр ХНС бодлогын хүүг энэ онд 2-3 удаа өсгөх талаар ярьж байсан бол зургаан сарын дараа эсрэгээр хүүг 0.25%-иар бууруулж 2.25%-д хүргэв. Тэд энэхүү шийдвэрээ тайлбарлахдаа гадаад худалдааны дайнаас үүдэн АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурд саарч эхэлсэн тул өсөлтийг хадгалахын тулд авч буй арга хэмжээ гэв. Мөн цаашид хүүг удаа дарааллан бууруулахгүй бөгөөд гагцхүү нөхцөл байдалд үндэслэн шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ зарлалаа. Ямартай ч төв банк 2015 оноос хойш бодлогын хүүг 9 удаа өсгөөд байсан бол ийнхүү анх удаа бууруулж буй нь бодлогын чиглэл өөрчлөгдөж буйг илэрхийлж буй дохио байж болох юм. 

БНХАУ болон ОХУ-ын төв банкны алтны нөөц өссөөр байна 

 

Дэлхийн алтны консулаас гаргасан статистикаас харахад БНХАУ болон ОХУ нь сүүлийн жилүүдэд валютын нөөцөө алтаар бүрдүүлэх хэмжээгээ өсгөсөөр байна. Наймдугаар сарын эцсийн байдлаар БНХАУ-ын төв банкны эзэмшиж буй алтны хэмжээ 1,926.5 тн байгаа бол ОХУ-ынх 2,207 байна. Уг үзүүлэлт 2018 оны эхэнд гадаад худалдаан маргаан дэгдэхээс өмнө харгалзан 1,842.6 тн болон 1,838.76 тн байжээ. Ийнхүү алтаар нөөцөө бүрдүүлж буй нь тухайн үедээ алтны ханшид хүчтэй нөлөө үзүүлдэггүй ч томоохон төв банкуудын ирээдүйг харж буй өнцөг “эрсдэлээс зайлсхийх” чиглэлд байгааг илэрхийлж байна. Энэ нь цаашид нөхцөл байдал муудах гэж буйг зах зээлд хэлж буй сигнал байж болох юм. 

Олон улсын санхүүгийн байгууллагууд эдийн засгийн өсөлтийг гутрангиар харж байна.

Гадаад худалдааны дайн эхэлснээс хойш АНУ, БНХАУ болон Европын өсөлтүүд саарч эхэлсэн нь энэ онд улам хүчтэй мэдрэгдэж байна. Цаашдын эдийн засгийн төлвийг олон улсын санхүүгийн байгууллагууд өөдрөгөөр харахгүй байна. Өнгөрсөн жил хагасын хугацаанд эдгээр таамаглал дэвшүүлж буй байгууллагууд өөрсдийн таамаглалаа 2-3 удаа буруулсан. Цаашид ч эдийн засгийн өсөлтийн талаарх таамаглалаа бууруулахгүй гэсэн баталгаа байхгүй.

Алтны ханшийн төлөв

 

2011 оноос хойш тасралтгүй буурч 2015 онд ёроолдоо хүрч эргээд бага зэрэг сэргээд байсан алтны ханшийг гадаад худалдааны дайн галзууруулж орхилоо. Сүүлийн нэг жилийн хугацаанд алтны ханш 1,200-аас 1,545 хүртэл 28%-иар огцом өсчээ. Ийм хурдацтай өсөлт хамгийн сүүлд 2016 онд тохиож байсан бөгөөд тухайн үед ханш 1,050-аас 1,350 хүртэл өссөн байна.

Тэгвэл олон улсын банк санхүүгийн байгууллагууд ирэх 12 сарын хугацааны ханшийг дараах байдлаар таамаглаж байна. Таамаглалыг харвал 2020 оны IV улиралд ханшийг 1,400-1,550-ийн хооронд байхаар тооцоолсон боловч өнөөдрийн ханш 1,540 орчимд хэлбэлзэж байна.  
 
Цаашид алтны ханшид гадаад худалдааны дайны өрнөл болоод АНУ-ын ХНС-гийн мөнгөний бодлогын чиглэл чухал нөлөө үзүүлэхүйц байна. Есдүгээр сард их гүрнүүд хэлэлцээрийн ширээний ард суухаар төлөвлөсөн. Хэлэлцээрийн үр дүн ямар гарахыг урьдчилан хэлэхэд маш хэцүү байгаа ч уг хэлэлцээрийн талаар багахан ч болов таатай мэдээлэл гарахад л алтны ханш 1,480-руу огцом унах эрсдэлтэйг анхааруулж байна. Харин муу үр дүн гарвал ханш эхний ээлжинд 1,590 орчимд ирэх магадлал өндөр байна. 

Мөн ХНС-гийн есдүгээр сарын хурлын шийдвэр хэрхэн гарах нь ханшийн дунд хугацааны чиглэлд хүчтэй нөлөөлөл үзүүлнэ. Хэрэв тус сангаас гадаад худалдааны дайнтай холбоотойгоор мөнгөний дунд хугацааны зөөлөн бодлого хэрэгжүүлэхээ зарлавал ханш 1,600-ийн босгыг давах магадлал маш өндөр. Харин бодлогын хувьд огцом өөрчлөлт хийгдэхгүй бол ханш 1,500-гийн шалыг доош нэвтлэх магадлалтай. 

Энэ бүхнээс Монгол хүн та хэрхэн ашиг хүртэх вэ?

Аливаа үйл явдал бүхэн хоёр талтай. Гадаад худалдааны дайнаас үүдэн Хятадын эдийн засаг унаж түүхий эдийн үнэ буурах нь Монголын эдийн засагт цохилт болох ч гэлээ Монгол хүн таны халаасанд цохилт өгөхгүй ч байж болно. Учир нь бид хавтай дэлхийд амьдарч байна. Гадаад зах зээлийн талаар илүү их мэдээлэл, мэдлэгтэй болохыг хүсвэл 99664477 утсаар холбогдож жагсаалтанд бүртгүүлээрэй. Ингэснээр та тогтмол мэдээлэл, судалгааг хүлээн авч зах зээлтэй хөл нийлүүлэн алхах болно.