Индэр    
2019 оны 8 сарын 31
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 27: Амьдрах алгоритмууд

Зураг

"Unlock" подкастын бичмэл тэмдэглэлд хөрвүүлж буй ээлжит номоороо "Algorithms to Live By" буюу "Xүний амьдралын шийдвэрүүдийг алгоритмаар тайлбарлахуй" хэмээх 2016 онд хэвлэгдсэн нэгэн гайхалтай номыг хүргэж байна.

Алгоритм гэдэг нь компьютер, математикийн шинжлэх ухаанд хэрэглэгддэг аливаа үйлдлийн заавар зааварчилгааг хэлдэг.

Гэвч бид өдөр тутмын амьдралдаа тэр бүр компьютер шиг сэтгэж, тооцоолж, шийдвэр гаргаад байдаггүй. Энэ нь заримдаа ухаалаг бус шийдвэр гаргахад хүргэж ч болох юм. 

Энэхүү номыг уншсанаар, хэдэн насандаа хүнтэй суувал тохиромжтой, чөлөөт цагаа сайн найзуудтайгаа өнгөрүүлэх үү эсвэл шинээр хүмүүстэй танилцахад зарцуулах ёстой юу, юмаа яаж эмхэлж, цэгцлэх вэ гэх зэрэг хүний амьдралд тулгардаг олон асуудлыг алгоритмаар хэрхэн шийдэж болохыг мэдэх боломжтой.  

 

Тус номыг компьютерын шинжлэх ухааны мэргэжилтэн Брайн Кристиан, математикийн шинжлэх ухааны профессор Том Гриффитс нар хамтран бичсэн нь уншигч танд илүү итгэл төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

 

 

НОМЫН ТУХАЙ #UNLOCK ПОДКАСТЫГ ШУУД СОНСОХ: ДУГААР 28

"Algorithms to Live By" номын гол санааг дараах бүлгүүдэд хуваан хүргэж байна.

Нэг. Хэзээ хайхаа зогсоож, шийдвэр гаргахдаа бэлэн болох вэ?

Тамаш их өрсөлдөөн дундаас хотын төвд байр сонгох хүндхэн шийдвэртэй тулгарсан гэж бодъё. Ердөө 100 байрнаас сонголтоо хийж орох ёстой тул эхний хэдэн байрыг үзээд хурдхан сонголтоо хийхгүй бол та байргүй ч болж мэдэх юм. 

Хэрвээ хэтэрхий яарч шийдвэр гаргавал илүү сайн байр алдах эрсдэлтэй, харин сайныг сонгох гэж үзэж явсаар 100 дахь байраа үзээд муу ч сайн ч авахгүй л бол болохгүй нөхцөл байдалтай тулгарна.

Тэр үед танд хэд дэх байраа үзээд шийдвэрээ гаргах хэрэгтэй вэ гэж бодогдох байх. Харин энэхүү номонд өгүүлж буйгаар 38 дахь байраа үзэхдээ шийдвэрээ гарга гэжээ. 

Өөрөөр хэлбэл, 37 дахь байраа үзчихээд 38 дахь байрнаасаа эхлээд өмнө үзсэн байруудтайгаа харьцуулж, сайн байр гарч ирлээ гэвэл шууд л авъя гэж шийдэх нь хамгийн оновчтой шийдвэр гэв. 

Энэ аргыг гэрлэлт дээр хэрэглэж болохыг зөвлөсөн нь бас сонирхолтой. Тухайлбал, 18-40 насанд хүмүүс хоорондоо үерхдэг гэж бодвол 22 жилийн 37 хувийг 18 насан дээр нэмэхэд 26 нас гарч байх жишээний. 

Нэг ёсондоо 26 нас хүртлээ хүмүүстэй үерхэж үзээд хүмүүсийн сайн мууг мэдсэнийхээ дараа өмнө нь үерхэж байсан хүмүүсээс илүү сайн хүн гарч ирвэл шууд гэрлэх санал тавих нь хамгийн зөв сонголт байх магадлалтай аж. / бодит амьдрал дээр хэрэгжихгүй байж ч болно. Энэ бол тооцоолол/

Хоёр. Шинэ эсвэл хуучин?

Аливаа зүйлд шийдвэр гаргахдаа өмнөх зүйлээ хийх үү эсхүл шинэ зүйл туршиж үзэх үү гэх хоёр асуулттай тулгарах үе гардаг. Тэгвэл ямар үед шинэ зүйлээ туршиж, ямар үед хуучин зүйлээ хийх ёстой вэ гэдэгт Оксфордын их сургуулийн математикч Гастингс дараах хариултыг өгчээ.

Гастингсийн индексийн гол санаа нь шинэ зүйлийг туршиж үзсэн нь дээр гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, “харамсах зүйлээ багасгах” гэдэг томьёог хэрэглэх явдал юм. Жишээ нь та ажлаасаа гарах эсэхээ шийдэх гэж эргэлзэж байгаа бол би хөгширсөн хойноо аль шийдвэртээ бага харамсах вэ гэж бодоод гаргасан сонголт чинь зөв гэдгийг хэлж буй юм.   

Хүн хийсэн зүйлдээ биш хийгээгүй зүйлдээ л их харамсдаг

Дараа нь харамсахгүйн тулд шинээр хийхийг хүссэн зүйлээ эхлээд туршиж үзэх хэрэгтэй.

Гурав. Хэрхэн эмх цэгцтэй байх вэ?

Компьютер бол эмхэлж цэгцлэхийн тулд гарч ирсэн эд юм. Харин хүний хувьд шаардлагатай зүйлээ л эмхэлж цэгцлэхэд хангалттай хэмээн уг номд өгүүлжээ. Харин компьютерын аргаар дараах аргыг ашиглан эмхэлж цэгцлэхэд суралцах боломжтой. 

Компьютерын хэрэглэдэг алгоритм бол хамгийн сүүлд хэрэглэгдсэн зүйлийг хамгийн эхэнд гарч ирэхээр байрлуулсан. Харин хэрэглэгдээгүй зүйлүүд нь хамгийн сүүлд байрладаг. Энэ нь компьютерыг илүү эмх цэгцтэй болгоход тусалдаг байна. Компьютерийн алгоритмыг хүний ой санамжтай харьцуулахад адилхан.

Өөрөөр хэлбэл, хүнд хамгийн сүүлд авсан мэдээлэл болон байнга хэрэглэдэг мэдээлэл нь толгойд илүү ойр бас амар санагддаг. Энэхүү алгоритмыг амьдралынхаа бусад зүйл дээр ашиглаж болно.

Тухайлбал, энэ асуултад компьютер бидэнд зааж өгч буй арга бол өдөрт хийх ёстой зүйлсээсээ хамгийн яаралтай, цаг бага үрэх зүйлийг нь түрүүлж хийх арга. Ийнхүү хийхдээ бусад зүйлд анхаарлаа хандуулахгүйгээр хийж буй зүйлдээ төвлөрч хийх нь бас чухал болохыг мартаж болохгүй. 

 
Дөрөв. Ямар үед бодохоо багасгах вэ?

Хэтэрхий олон мэдээлэл цуглуулах нь огт мэдээлэлгүй байхаас ялгаагүй.

Мөн ирээдүйн талаарх мэдээлэл байхгүй байхад заавал олж авах гээд хүчлэх хэрэггүй. Хуурамч мэдээлэл цуглуулж шийдвэр гаргаснаас зөн совиндоо итгээд шийдвэр гаргавал илүү дээр гэдгийг зөвлөж байна.

Ирэх таван жилд та юу хийхээ мэдэхгүй суух үе байдаг байх. Гэтэл мөнгө, хүч чадал, цаг хугацаа гэх мэт зүйлүүд хүний амьдралд хязгаарлалт авч ирдэг. Энэ үед хязгаарлалтаа авч хаяад шийдвэрээ гаргах хэрэгтэй. Шийдвэр гаргахгүйгээр тухайн цагтаа зогссоноос шийдвэр гаргаад урагшилсан нь дээр. 

Тав. Бусдыг бодох нь

Хулгайн хэргээр буруутгагдсан хоёр хүн байв. Цагдаа хэргийг нь хүлээлгэхийн тулд “Бие биенийхээ хэргийг илчилсэн хүнд нь хорих ял өгөхгүй, буруутгагдсан талд нь 10 жил хохир ял өгнө. Хэрвээ хоёр тал нэг нэгнээ буруутгасан тохиолдолд тав таван жил өгнө. Харин хэн нь ч нэг нэгнээ буруутгахгүй байвал нэг нэг жил өгнө” гэх дүрэм зохиожээ.

Энэ дүрмийг сонссон хоёр хүн аргагүйн эрхэнд гэж бодон бие биенээ буруутгаад тав таван жилийн ял авчээ. Хэрвээ энэ хоёр хүн биенээ буруутгаагүй бол нэг жилийн л ял авах байсан.

Үүнээс та шийдвэр гаргахдаа өөрийгөө бодохоос гадна яг ижил тэнцүү түвшинд бусдын сайн сайхны тухай бодож байх ёстойг харж байна.