Зураг
Зураг
Индэр    
2019 оны 9 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

“Монгол тамирчдад “Токио-2020”-ийн медаль хамгийн ойрхон”

 

Шувууны жиргээ юм уу гэхээр арай л өөр, өвөрмөц содон чимээ их хотын хүмүүс, машинууд, тэр ч бүү хэл метро, хурдан галт тэрэгний дууг хүртэл давах аж. 

Урьд өмнө огт сонсож байгаагүй тэр хачин чимээ хаанаас гараад байгаа талаар орчуулагчаасаа сонирхтол “хорхой” гэж байна. Бүр ч гайхаж орхив. Дэлхийн хамгийн том хотуудын нэг Токиогийн бүх чимээг давж дуу гаргах тэр хачин хорхойг сэми гэдэг гэнэ. Токио хотын төвд тасралтгүй шуугих эрэгчин сэми хорхойн дуу Шизүока мужид улам ч чангарсан мэт санагдана. Токио хотоос 180 км зайд байрладаг, харьцангуй ойр мужуудын нэг болох Шизүока илүү халуун байсан болоод тэр байж мэдэх юм.  

Гэхдээ энэ чимээ уг хорхойны амнаас биш, далавчаа гэдсэндээ үрэх үрэлтээс үүсдэг гэнэ. Тэрхүү хорхойн гэдсэнд агаар цуглуулах "өрөө" байх бөгөөд цээжний булчин нь чичирхийлэх үед цуурайтаж, илүү тод чимээ гаргадаг байна. Эрэгчин сэми ид халуу шатаж байх үед модны иш, мөчир дээр суугаад ийн чимээ түгээж, эсрэг хүйстнээ дуудна. Ингээд 7-14 хоногт “гэр бүл” болон, газрын хөрсөн дээр бууж өндөглөөд хоёул үхдэг аж. Харин өндөг нь хөрсөн доор 4-6 жил амьдарсны эцэст халууны улирлаар хөрсөн дээр ийн ил гарч, бөөн дуу шуутай үржилд ороод үхдэг хачирхалтай амьдралтай амьтан ажээ.  

“ШИЗҮОКА МУЖААС УЛААНБААТАР ЛУУ ДОЛОО ХОНОГТ НЭГ ШУУД НИСЛЭГ ЯВДАГ БОЛЧИХВОЛ САЙН”
 

Зургийн тайлбар: Голд сууж буй эмэгтэй - Изүнокүни хотын захирагч Оно Тошико юм.

Ийнхүү сонирхол татсан хорхойны минь талаар дэлгэрүүлэн ярьж өгсөн, Шизүока мужийн Изүнокүни хотын Захирагчийн ажлын албаны Гадаад харилцааны ажилтан С.Мөнхжаргал тус хотод ажиллах болоод хоёр дахь жилтэйгээ золгож байгаа юм байна. Ирэх онд Токио хотноо болох олимпын наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг хүлээн авч, бэлтгэл хангуулахаар Шизүока мужаас гурван хот саналаа өгсний нэг нь Изүнокүни. Олимп, паралимпын бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй “Хост таун” хэмээх уг аянд зориулж тэрхүү гурван хот тус бүрт монгол ажилтнуудыг ийн томилжээ.

 

Зургийн тайлбар: Зүүн гар талаас С.Мөнхжаргал, Сонэхара Хидэо, Кожима Масарү

Изүнокүни хот олимпын баг тамирчдыг хүлээн авагч хот болохоосоо өмнө Сонгинохайрхан дүүрэгтэй хэдийнэ хамтын ажиллагаа эхлүүлсэн байж. С.Мөнхжаргалаас гадна тус хотын Аялал жуулчлал, соёлын хэлтсийн Спортын хөгжлийн албаны дарга Сонэхара Хидэо, тасгийн дарга Кожима Масарү төдийгүй хотын захирагч Оно Тошико нар бүгд монголоор мэндэлж, нэрийн хуудсаа хүртэл монгол хэл дээр хэвлүүлсэн нь хаа холын энэ газар ирсэн надад аргагүй дотно санагдав. Түүгээр зогсохгүй монгол гар зургууд, монгол бичгийн калиграф, Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээ бүхий төрийн далбаа сэлтээр өрөөгөө чимэглэсэн нь ч таалагдав. 

Изүнокүни хот жүдогийн спортыг хөгжүүлэх дэд бүтэц сайтай гэдэг нөөц боломждоо тулгуурлан Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авах санал гаргаж, хамтран ажиллах санамж бичгээ 2015 онд байгуулжээ. Гэвч 2016 онд Монголд холбогдох байгууллагуудын удирдлагууд солигдсон тул 2017 онд Биеийн тамир спортын газартай дахин санамж бичиг байгуулж, албан ёсоор Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авах хот болсон байна. Энэ үеэс хойш хэд хэдэн томоохон ажил хийсний заримаас сонирхуулбал,

  • 2018 онд олон улсын стандартын 600 ширхэг жүдогийн татами авч, тамирчдын бэлтгэл хийх орчныг сайжруулах
  • Монголын жүдо академийн хүүхэд багачуудыг зуны бэлтгэл сургуулилалтад хамруулах, өсвөрийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах зэргээр жүдо сонирхогч хоёр орны хүүхдүүдийн харилцааг сайжруулж байна. 
  • Сонгинохайрхан дүүрэгтэй тогтоосон харилцааныхаа хүрээнд жил бүр сурагчдын солилцоо идэвхжиж, игэдийн харилцаа тэлж байгаа аж. 

Тухайлбал, энэ сарын 5-10-нд Изүнокүни хотын Жүдо бөхийн клубийн сурагчид Монголд айлчилж, Монголын Жүдо академийн хүүхдүүдтэй зуны хамтарсан бэлтгэл хийх төлөвлөгөөгөө тухайн үед(наймдугаар сарын 2-нд) Сонэхара Хидэо дуулгав. Мөн ирэх арваннэгдүгээр сард Осакагийн Интек Аренад зохион байгуулагдах “Их дуулга” тэмцээний дараа Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид тус хотод ирж бэлтгэл хийх төлөвлөгөөтэй. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд болдог өсвөрийн Жүдогийн АШТ-нд оролцох манай тамирчдыг бас хүлээн авахаар зэхжээ.

Спортын энэхүү хамтын ажиллагаагаар дамжин Изүнокүни хотод Монголын талаар мэдээлэлтэй, ойлголттой иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тухай хотын захирагч Оно Тошико ярьж байв. “Монголын жүдо бөхийн тамирчдыг хүлээн авагч хот болсон гол зорилго нь иргэд маань Монгол орны талаар сайн мэддэг болоосой гэснийх. Би Монголын тал нутгийн талаар бичсэн Японы нэрт зохиолч Шиба Рёотаро, Кавабата Ясүнари нарын зохиолыг уншаад Монголд очиж үзэх хүсэлд автаж байв. Над шиг ном зохиолоор дамжуулан Монголын талаар мэддэг болсон япон хүн олон байгаа болов уу. Тиймээс дэд бүтэц нь байвал, Шизүока мужаас Улаанбаатар луу долоо хоногт нэг удаа шууд нислэг явдаг болчихвол олон хүн очих боломж байна. Мужийн захирагчид энэ саналаа хэлсэн. Манай мужаас гурван хот олимпод оролцох Монголын баг тамирчдыг хүлээн авагч хот болсонтой холбоотойгоор бид жилдээ нэг удаа захиалгат нислэгээр Монгол явж буй” хэмээн ярилаа. 

Амтат мандарин, гүзээлзгэнийн тариалалтаараа Японд алдаршсан Изүнокүни хотод монгол тамирчид, хүүхдүүд ч ирэх дуртай болжээ. Манай тамирчид энэ хотод ирээд бэлтгэл сургуулилалтаа базаахаас гадна сургуулиудаар зочилж, хүүхдүүдтэй уулзаж, үндэсний тоглоом наадгайгаа зааж өгөх зэргээр соёлын солилцоо эрчимтэй өрнөж буйг тэд онцолж байв. Токио хотын хөл хөдөлгөөн ихтэй, завгүй амьдралыг бодоход орон нутаг харьцангуй нам гүмийн дээр хүмүүс нь ч халуун дотно, найрсаг санагдсаныг нуух юун.

ЯЙЗҮ ХОТЫНХНЫ ХАЙРЫГ ТАТСАН МОНГОЛ ЯЙЧЯН
 

Зургийн тайлбар: Зүүн урд талаас Ивата Читосэ, Онода Сатоши, Б.Янжинлхам, Мацүнага Тошифүми

Яйзү хотын захиргааныхан энэ өглөө(наймдугаар сарын 2)-ний хурлынхаа өмнө “амжилт хүсье”, “баяр хүргэе” гэсэн хоёр монгол үг сурчээ. Долоо хоног бүр ийнхүү хоёр үг сурсаар зарим нь монгол тамирчидтай ойр зуур ярьдаг болоод зогсохгүй хотынхоо иргэдэд мөн монгол хэл заах хэмжээнд хүрсэн тухай тус хотын захиргааны Спортын хэлтсийн Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Б.Янжинлхам сонирхуулав. “Токио 2020” олимпод оролцох монгол тамирчдыг дэмжихээр одооноос бэлтгэж байгаа нь энэ ажээ. 

Монголын чөлөөт бөх болон Паралимпын хөнгөн атлетикийн тамирчдыг энэ хот хүлээн авч, тэмцээний өмнөх бэлтгэлийг хангуулж буй. Яйзү хотоос төрөн гарсан чөлөөт бөхийн тамирчин Мацүнага Томохиро Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртэж байсан бол мөн чөлөөт бөхийн тамирчин Хасэгава Коохэй Лондоны олимпод эх орноо төлөөлөн оролцож байсан түүхтэй, чөлөөт бөх түлхүү хөгжсөн тул Монголын чөлөөт бөхийн багийнхныг хүлээн авахаар шийджээ. Улмаар 2017 оны дөрөвдүгээр сард Яйзү хотын 35 байгууллагаас бүрдсэн “Яйзү хотын хост тауныг дэмжих зөвлөл” байгуулсан бол өдгөө тус зөвлөлд нэгдсэн байгууллагын тоо энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 47 болсон тухай Яйзү хотын Спортын хэлтсийн дарга Мацүнага Тошифүми ярилаа.

Ийнхүү тус хотынхон 2015 оноос хойш олимпод оролцох манай чөлөөт бөх, паралимпын хөнгөн атлетикийн тамирчдын бэлтгэлийг хангуулах чиглэлээр тасралтгүй ажиллахын зэрэгцээ Монгол орныг сурталчлан таниулах ажлыг идэвхтэй зохион байгуулж иржээ. Тухайлбал, Яйзү бэсрэг наадам, Монголын тухай ном унших хөдөлгөөнийг сурагчдын дунд тогмол явуулах, монгол бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Монгол одот тэнгэр, морин хуурын аялгуу” тоглолт зэргийг уламжлал болгон зохион байгуулж байгаа тухай Яйзү хотын Соёлын харилцааны хэлтсийн ахлах ажилтан Ивата Читосэ сонирхуулсан юм. Паралимпын 6-8 тамирчид л гэхэд 30-45 хоногийн бэлтгэлийг дөрвөн ч удаа Яйзүд ирж хийжээ. Энэ үеэр тамирчдыг анхаарч, бэлтгэлд нь хүргэж, буцааж хоолны газар авчрах зэргээр туслахад хотын захиргаанаас 26 хүн томилон ажилладаг байна. 

Тус хот мөн нийслэлийн Чингэлтэй дүүрэгтэй хамтын ажиллагаа эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд охидын софт теннис, хөвгүүдийн сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр тамирчдаа харилцан хөгжүүлж, уралдаан тэмцээн зохиож, харилцаагаа тэлж байгааг Спортын хэлтсийн хэсгийн дарга Онода Сатоши ярив.

Хамтын ажиллагааны хүрээнд хийж буй ажлуудаас хамгийн хайр татсан нь Яйчян. Түүнийг онцлон танилцуулъя. Яйзү хотын бэлгэ тэмдэг нь тус хотын нэрийн хуудас болсон кацүо хэмээх загас. Хамгийн их олборлодог энэ загасаар дүрсэлсэн хүүхэлдэйг тус хотын бэлгэ тэмдгээ тэд Монгол Улстай тогтоосон дотно харилцаагаа бэлгэдэж, монгол маягийн Яйчяны дүрийг бий болгожээ. Үүний тулд хотын захиргаа дунд сургуулийн хүүхдүүдийнхээ дунд уралдаан зарласан ба нийт 580 бүтээл ирснээс тавыг нь шалгаруулсан аж. 

Ийнхүү монгол үндэсний дээл, малгай, гуталтай, морин хуур барьсан Яйчян Яйзү хотынхны хамгийн хайр татсан хүүхэлдэй болж чаджээ. Ялангуяа, хүүхдүүд түүнд маш их хайртай, тойроод бүччихдэг тухай Б.Янжинлхам ярилаа. 

Өхөөрдөм хөөрхөн Яйчян мөнхийн гурван настай. Наймдугаар сарын 12-нд түүний төрсөн өдрийг тэмдэглэдэг. Яйчяны гол ажил нь ирэх олимпод оролцох Монголын баг тамирчдыг дэмжих, монгол соёлыг сурталчлах үйл ажиллагаа бүрт идэвхтэй оролцож, хүүхэд багачуудыг баярлуулж, иргэдийг хөгжөөх ажээ. 

“ТОКИО-2020” ТАМИРЧДЫГ 36-37 ХЭМИЙН ХАЛУУН УГТАНА 
 

Зургийн тайлбар: Сүзүки Гакү, Озава Казүхиса, Сүгимүра Гон Эрдэнэхатан 

Шизүока бол Дорноговь болон Сэлэнгэ аймагтай хамтын ажиллагаатай муж. Найман жилийн өмнө л Дорноговь аймагтай холбоо тогтоожээ. Харин энэ удаа дээр дурдсан хоёр хотоос гадна бас нэг хот монгол тамирчдыг хүлээн авахаар бэлтгэж байна. Тэр хот нь Шимада хот бөгөөд Монгол Улсын боксын тамирчдыг хүлээн авах аж. Тус хот мөн Баянгол дүүрэгтэй хамтран ажилладөг бөгөөд спортын хамтын ажиллагаанаас гадна япон сурагчдын хичээлийн цүнх цуглуулж, монгол хүүхдүүдэд хандивлахаас эхлээд олон ажил хийж байгаа талаар Шизүока мужийн Соёл, аялал жуулчлал, спортын газрын Олимп, паралимпын үйл ажиллагааг дэмжих хэлтсийн дарга Сүзүки Гакү сонирхуулав. 

Шизүока мужийн хувьд Монгол тамирчдыг байрлуулах ажилд ийнхүү идэвх санаачилгатай оролцож, төсөв мөнгөө харамгүй зарцуулж байна. 

 

Шизүока мужийнхан Монгол Улстай тогтоосон хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн зохион байгуулах, манай ЖДҮ эрхлэгчдэд Японы зах зээлд гарах талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг сүүлийн таван жил өрнүүлж буй тухай Шизүока мужийн захиргааны Гадаад харилцааны газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Озава Казүхиса ярьсан юм. Олимпын дараа ч гэсэн энэ мэт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, мужийнхаа олон хотыг Монгол Улстай харилцаа тогтоох чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байгааг Шизүока мужийн захиргааны Гадаад харилцаа, стратегийн албаны ажилтан Сүгимүра Гон Эрдэнэхатан тодотгосон. 

Дунджаар 36 хэмийн аагим халуун өдрүүд Японд үргэлжилсээр. Өргөн уудам талбайг хамарсан хотжилт, барилгажилт, далайн чийг тэр их халууныг бүр ч өрдөнө. 
Сүүлийн жилүүдэд халууны улирал улам аагим, бүгчим болсоор байгаа бөгөөд япончууд өөрсдөө ч тэсэхэд бэрх байгаагаа нуугаагүй. Ялангуяа, Яйзү хотынхон хурдан Монгол явмаар байгаа тухайгаа хөөрөлдөж, мужийн захиргаанаас гадна монгол тамирчдыг хүлээн авагч гурван хот, ЖДҮ эрхлэгчд, бизнесийн төлөөлөл болсон 150 гаруй хүн наймдугаар сарын 5-нд захиалгат нислэгээрээ Монгол явахаар зэхэж байгаагаа дуулгасан юм.   

Ирэх жилийн яг өдийд “Токио-2020” олимпын наадам болно. Тамирчид маань 35-аас дээш хэмийн чийглэг халуун уур амьсгалд бөмбөрцгийн шилдгүүдтэй хүч самбаа сорин тэмцэлдэх нь. Барилдаж, уралдах битгий хэл алхахад ч хүнд тэр их халуунд ийнхүү хүч сорих биеийн хийгээд сэтгэлийн бэлтгэлтэй ирэхгүй бол олимпын амжилтад нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Аагим халууны хажуугаар шуугилдах сэмиг ч мартаж болохгүй. 

Нөгөө талаар хамгийн том давуу тал монгол тамирчдад байгааг Сүзүки Гакү онцолсон нь бэдлгэдэлтэй санагдсан юм. Тэрбээр “Шизүока муж бол Токиогоос 180 км зайтай, нийслэлд ойрхон оршдог тул тамирчдын хувьд ирж, очиход хүндрэл гарахгүй бөгөөд Токиогийн цаг агаартай адилхан, бүгчим орчинд урьдчилсан бэлтгэлээ хийж, биеэ дасгах боломж бүрдсэн. Мөн сая танилцуулсанчлан манай гурван хотын захиргааны ажилтнууд, иргэдийн дэмжлэг туслалцаа маш их байх тул монгол тамирчдад "Токио-2020"-ийн медаль хамгийн ойрхон байгаа” хэмээн хэлсэн билээ. 

Дараагийн нийтлэлээрээ “Токио-2020” олимпын наадмын бэлтгэл ажлын талаар хүргэх болно.