Индэр    
2019 оны 8 сарын 29
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Далайгаар хиллэсэн орны “зовлон” ба Ерөнхий сайд Абэ Шинзогийн зураглаж буй шинэ Япон

Үргэлжлэл...

 

Долдугаар сарын 31. Умард Солонгос Япон тэнгисийг чиглүүлэн дахин нисдэг биет “илгээсэн” талаар тус улсын Гадаад хэргийн яамны ажилтнаас дуулав. 

Дахин гэдгийн учир нь дэлхийн улс орнуудын удирдагчид цөмийн зэвсгээс ангижрахыг удаа дараа сануулж, тэр дундаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай хэлэлцээ хийж, хэд хэдэн удаа уулзсан боловч Умард Солонгос цөмийн зэвсгээс бүрэн татгалзаагүй болох нь үе үе Япон тэнгисийг чиглэсэн нисдэг биетээс (тус улсын холбогдох албаны мэргэжилтнүүд судалгаа хийж, пуужин мөн эсэхийг тогтоох, эсвэл xөөргөсөн туxайн улс орны зүгээс албан ёсоор мэдээллэxээс өмнө нисдэг биет хэмээн нэрийдэж буй) тодорхой харагдаж байна хэмээн Япон улс үзэж байгаа  аж. Умард Солонгосын тал 2017 оны өвөл алсын тусгалтай пуужин харваснаас хойш намжмал байснаа энэ оны тавдугаар сараас дахин харваж эхэлсэн нь үүний нотолгоо гэнэ. 

Ийнхүү Умард Солонгосын барьсан гэнэтийн “бэлэг”-ээс шалтгаалан Японы ГХЯ-н дээр төлөвлөгдсөн уулзалтын маань хуваарьт бага зэрэг өөрчлөлт оров. Япон улсын аюулгүй байдал төсөөлснөөс ч ноцтой хөндөгдөж буйг ГХЯ болон Батлан хамгаалах яаман дээр болсон уулзалтуудаас ойлгосон юм. Харин бодит нөхцөлтэй нь харьцуулахад Япон олон улсын тавцанд үнэхээр хүлээцтэй “нэгэн” ажээ.

Дэлхийн II дайн дууссаны дараа Япон улс шинэ Үндсэн хуулиараа ямар нэгэн зэвсэгт хүчингүй байж, дайнаас татгалзан энх тайвныг эрхэмлэн оршихоо тунхагласан. Гэвч олон улсын, тэр дундаа бүс нутгийн аюулгүй байдал тодорхойгүй болж, их гүрнүүдийн хүчний харьцаа өөрчлөгдөж буй гэхчлэн шинэ тутам үүссэн нөхцөлүүд тус улсыг батлан хамгаалах бодлогоо эргэж харахаас аргагүй байдалд хүргэжээ. Улмаар ҮАБЗ нь 2018 онд Аюулгүй байдал, батлан хамгаалах үзэл баримтлалаа Үндсэн хуулийнхаа хүрээнд шинэчилсэн байна. Үзэл баримтлалын хувьд зөвхөн газар нутаг биш, сансар, кибер орчин, агаарын цаxилгаан соронзон спектр орчин ч чухал гэж үзэн, бодлогодоо тодорхой зүйлсийг тусгажээ.

 
Эх сурвалж: flickr.com

Гэхдээ энэ бүхэн аливаа улсын эсрэг хөдлөхийн тулд биш, зайлшгүй нөхцөлд өөрийгөө хамгаалах эрх зүйн орчин болон ур чадвартай байх л зорилготой гэдгийг албаны хүмүүс тодотгосон билээ.

Япон улсын үндэсний аюулгүй байдалд нь учраад буй хоёр том хүчин зүйлийг товч дурдъя. Үүнд:

  • Өмнөд болон Дорнод Хятадын тэнгис дэх БНХАУ-ын явуулж буй үйл ажиллагаа 
  • БНАСАУ-ын пуужингийн болон цөмийн зэвсгийн үйлдвэрлэл 

БНАСАУ-ын хувьд 1994-2011 онд баллистик пуужин 16 удаа харваж, цөмийн зэвсгийн туршилт хоёр удаа хийж байсан бол 2012 оноос хойш буюу Ким Жон Уны үед баллистик пуужин 50 гаруй удаа харваж, цөмийн зэвсэг 4 удаа туршсан гэсэн статистикийг Японы Батлан хамгаалах яам гаргажээ. Тус улс өмнө нь эх газраас пуужин харвадаг байсан бол одоо шумбагч онгоцноос буюу хөдөлгөөнт байдлаас харвадаг болж, ур чадвар нь дээшилсэн төдийгүй олон төрлийн зайн тусгалтай пуужин турших болсон нь Японы Үндэсний аюулгүй байдлын хүрээнд анхаарахаас аргагүй асуудал аж. 

Харин Хятад улсын тухайд шууд өнөөдөр тулгараад байгаа асуудал байхгүй. Гэвч тус улсын батлан хамгаалах салбарт зарцуулж буй хөрөнгө 1989 оноос хойш 48 дахин нэмэгдсэн төдийгүй Японы Сенкакү арлын талаар явуулж буй үйл ажиллагаа нь ирээдүйд аюулгүй байх баталгаагүйн илэрхийлэл болж байна хэмээн дүгнэхэд хүргэжээ. 2019 онд л гэхэд Хятад улс судалгаа шинжилгээний ажил, цэргийн зориулалттай тоног төхөөрөмж, хэрэгслийн болон бусад зардлыг оруулахгүйгээр ойролцоогоор 1.19 их наяд юань буюу 170 орчим тэрбум ам.долларыг батлан хамгаалах салбартаа зарцуулж буй аж.

 
Эх сурвалж: Japantimes.com

Үүний зэрэгцээ тус улс Дорнод Хятадын тэнгис дэх далайн цэргийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх болжээ. Тодруулбал, Сенкакү арлын орчимд 2018 оны нэгдүгээр сард Хятадын далайн цэргийн шумбагч онгоц Японы хилийн ойр, далд үйл ажиллагаа явуулж байсан нь тодорхой болсон бол нисэх онгоц тээвэрлэгч дээр байрласан байх магадлалтай сөнөөгч онгоцууд мөн үйл ажиллагаа явуулж байсан нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ил болсон байна. Япон улс энэ байдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байр сууриа хадгалсаар байгаа аж. Уг нь 2008 оны зургаадугаар сард Дорнод Хятадын тэнгисийг энх тайван, хамтын ажиллагааны тэнгис болгон, байгалийн баялгийг хамтран эзэмших гэрээг Хятадтай хийжээ. Харин бодит байдал ийм байгаа аж.

Үнэн хэрэгтээ Сенкакү арлуудын талаар Японы хувьд газар нутгийн ямар ч маргаан байхгүй бөгөөд байх үндэсгүй гэх байр сууриа хатуу хадгалж байна. Учир нь эдгээр арал Япон улсын газар нутагт харьяалагдаж байсан түүх тэртээ 1895 оноос эхтэй бөгөөд тэр үеийн Японы Засгийн газар судалгаа xийж өөр ямар нэг улс эзэмшилдээ оруулаагүй болоxыг тодруулсны үндсэн дээр Окинава мужийн газар нутаг гэж тодорxойлжээ. Харин Хятад улс өөрийн эзэмшил мэт харагдуулах хандлагыг сүүлийн 10-аад жилд идэвхтэй гаргах болсон аж. Тиймээс Япон улсын хувьд угаас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг албаны хүмүүс тайлбарлав. 

Өмнөд Хятадын тэнгис дэх үйл ажиллагаа ч эрчимжих болж, тус тэнгисийн жижиг арлуудыг бааз болгон ашиглах болсон нь бас нэгэн санаа зовоосон асуудал болж буй аж. 

Үнэн хэрэгтээ Сенкакү арлуудын талаар Японы хувьд газар нутгийн ямар ч маргаан байхгүй

Сүүлийн үед БНХАУ Номхон далайд тэнгисийн болон агаарын цэргийн бааз байгуулах яриа гарах болжээ. Хэрэв энэ яриа биеллээ олбол зөвхөн Япон төдийгүй Ази, Номхон далайн бүсийн аюулгүй байдалд хөнөөл бий болох эрсдэлтэй бөгөөд газар нутгаа тэлэх оролдлого гаргаж байна хэмээн үзэхээс аргагүй болно. 

Газар нутгийн энэ маргааныг эс тооцвол 2012 оноос хойш зогсонги байдалд ороод байсан Хятад, Японы харилцаа 2018 оноос эерэг хандлагатай болж, бүх төрлийн хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд үргэлжилж, айлчлалууд сэргэж эхэлснийг ГХЯ-ны албаны хүн дурдав. Тодруулбал, Осака хотноо өнгөрсөн зургаадугаар сард болсон “Их-20”-ийн уулзалтын үеэр Хятадын дарга Ши Жиньпин 2020 оны хавар Японд албан ёсны айлчлал хийх талаар нааштай хандаж буйгаа илэрхийлсэн.

Бүс нутагт нөлөө бүхий эдгээр хоёр том орны харилцаа чухал учраас Япон улс хамтын ажиллагаагаа эрхэмлэж, харилцан ойлголцож, тогтвортой байдлыг чухалчилж байна.

Дорнод Азийн зүрхэнд, дэлхийн хоёр том гүрний дунд хавчигдан орших манай жижигхэн оронд алс холын, арлын том гүрний аюулгүй байдал ямар хамаатай вэ гэсэн асуулт яах аргагүй аман дээр гарч ирнэ. “Хамаатай, хамгийн их хамаатай” гэгчээр хэдий бид жижиг улс боловч геополитикийн хувьд ч тэр, бүс нутгийн энх тайвны хувьд ч “том” аж. Монгол Улс Умард Солонгостой найрсаг дотно харилцаатай бөгөөд шууд харилцах боломжтой. БНХАУ-тай ч бид стратегийн харилцаатай. Нээлттэй энэ сувгаа ашиглан Монгол Улс бүс нутгийн энх тайван, аюулгүй буюу тогтвортой байдалд хувь нэмрээ оруулах боломжтой гэдэг санааг ч Японы холбогдох албаны хүмүүс цухас дурдаж байв. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Тус улс Монгол Улсын батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байна. 2012 онд санамж бичиг байгуулснаар эхэлсэн хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд манай зэвсэгт хүчнийхнээс цэргийн эмч, цэргийн барилга байгууламжийн инженерийн чиглэлээр сурч боловсорсон хүн цөөнгүй. Цэргийн барилга байгууламжийн инженерийн ур чадварыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд манай зэвсэгт хүчин бие даан зам барих, хаягдал усны шугам байгуулах зэрэгт суралцаж буй аж. 

Бас нэг том ажил нь “Хааны эрэлд”. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааны хээрийн энэхүү сургуулилалтад Япон улс 2006 онд ажиглагчийн байр сууринаас орж байсан бол 2009 оноос албан ёсны оролцогч болж, энэ жил 60 хүнтэй өргөн бүрэлдэхүүн хүрэлцэн иржээ. Тус улсын Батлан хамгаалах яамны сургуулиудад 1998 оноос хойш Монголын 76 сонсогч суралцсан талаар сонсох таатай байв. 

Энэ өдрийн сэдэв миний хувьд бага зэрэг хүнд байлаа. Гэсэн ч энэ бол Ази, Номхон далайн бүс нутагт харьяалагдаж буй Монгол Улсын хувьд яалт ч үгүй чухал бөгөөд хамаатай сэдэв юм.

Хэдийгээр далайгаар хүрээлэгдсэн Япон улсын дотоод асуудал бүс нутгийн хэмжээнд хальсан, өмнөх нийтлэлд дурдсанчлан төсвийн алдагдал өндөртэй ч Монгол Улсад тусламж үзүүлэхээс хэзээ ч гар татаж байгаагүйтэй хүн бүр санал нийлэх болов уу. Тус улсын татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлсэн төслүүд монголчуудад ямар өгөөжтэй байгааг тайлбарлах нь илүүц биз. Нарны зам, Нарны гүүрээр овоглодог Японы хөрөнгө оруулалт Шинэ нисэх онгоцны буудал, ДЦС IVАШУҮИС-ийн эмнэлгээр үргэлжилж, агаарын бохирдлыг бууруулахад ч тэд санаа тавьж байгаа билээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

2022 онд Монгол Улс Япон улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. 1990 оноос илүү эрчимжих болсон хоёр орны харилцааны түвшин өдгөө “стратегийн түншлэл”-д хүртлээ хөгжжээ. Дөнгөж ардчилсан нийгэмд шилжиж, өнгө төрхөө олох гэж хичээж явсан шинэ Монгол Улсад тухайн үеийн Барууны гэгддэг өндөр хөгжилтэй орнуудаас Японы Ерөнхий сайд Т.Кайфү 1991 онд хамгийн анх хөл тавьсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд, Ерөнхий сайд Абэ Шинзо л гэхэд Засгийн газраа 2012 оны эцэст байгуулсныхаа дараа хамгийн түрүүнд манай улсад айлчилсан төдийгүй Монголд гурван удаа хүрэлцэн ирсэн Японы Засгийн газрын анхны тэргүүнд тооцогдож байгаа бол Монгол Улсаас ч мөн Ерөнхийлөгчийн түвшинд гурван удаа айлчилсан орон нь Япон улс гэдгийг тус улсын ГХЯ онцолдог. 

Монгол Улс ч анх удаа Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан гээд энэ оронтой хамтран ажиллаж буй, тэр дундаа авч буй тус нэмрийг тоочоод барахгүй.

Өдөр бүр 2 сая гаруй хүн Токио хотын төвд байрлах ажилдаа тал бүрээс цуглан ирнэ. Дэд бүтцээ тултал хөгжүүлж, төмөр замын сүлжээг муж бүртэйгээ холбож чадсан учраас хурдны галт тэргээр ажил, гэрийнхээ хооронд нэг цаг явж ирэх нь иргэдийн хувьд хүндрэлтэй асуудал огт биш.

 

Ажлын цаг эхлэх 08.00-09.00, эсвэл ажил тарах үе буюу 17.00-18.00 цагт Токио хотын метроны буудлууд шоргоолжны үүр мэт, түм түжигнэж, бум бужигнана. Харин Акасака орчим нь залуус болоод жуулчдын хамгийн очих дуртай Шибүяа гудамжтай харьцуулахад их хотын гудамж гэмээргүй тайван.

Наран улсын иргэд нар мандахыг магадгүй хамгийн түрүүнд хардаг байх. Харин хамгаас “эртэч” эндхийн нар шоргоолж шиг ажиллах иргэдээ хараад ядардаг юм болов уу, 18.30 цагтай уралдан, жаргах гэж яарах ажээ. Гэвч гадаа цельсийн 32 хэмийн халуун үргэлжилсэн хэвээр.

 

 

Үргэлжлэл бий.