Индэр    
Байгаа онож буй “сум” буюу Абэ Шинзогийн зурагласан шинэ Япон
Зураг
2019 оны 8 сарын 15
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Байгаа онож буй “сум” буюу Абэ Шинзогийн зурагласан шинэ Япон

Абэ Шинзо 2012 онд Засгийн эрхэнд гарсныхаа дараа унтаа байдалд удаан явсан Японы эдийн засгийн цусыг сэлбэж, иргэдийн итгэлийг сэргээх Абэномикс хэмээх цоо шинэ жороо танилцуулсан билээ.

Гурван сумт бодлого, эдийн засгийн шинэ хэллэгийг дэлхийн хэвлэлүүд өлгөн авч, өвөрмөц нэртэй тэр бодлого олон улсын анхаарлыг татаж байв. Харин зургаан жилийн өмнө түүний тавьсан тэрхүү "СУМ" байгаа оносныг эдийн засгийн үзүүлэлтүүдийг илэрхийлэгч тоонууд өдгөө нотолж байна. Яг одоогийн нөхцөл байдлаа Засгийн газар нь “Экспортын хэмжээ буурсаар байгаа хэдий ч эдийн засаг аажмаар сэргэж байна” хэмээн тодорхойлж буй ажээ.


Япон улсын Гадаад хэргийн яамны урилгаар Гадаадын хэвлэл мэдээллийн ажилтныг урих хөтөлбөрт хамрагдан Их Наран улсад анх удаа хөл тавьсан би тус улсын эдийн засаг, аюулгүй байдал, хүн хоорондын харилцаа, түүх соёлтой бага ч болов танилцах боломж олдсон нь энэ юм. 

Олон жил үргэлжилсэн Япон улсын эдийн засгийн зогсонги байдлыг сөрсөн Ерөнхий сайд Абэ Шинзогийн гурван сумт бодлогын үр дүнд арлын оронд шинэ салхи сэвэлзэж байна. Шинэчлэлийг түүчээлсэн тэрхүү гурван сум нь 

  1. Идэвхтэй мөнгөний бодлого /Aggressive monetary policy/
  2. Санхүүгийн уян хатан бодлого /Flexible fiscal policy/
  3. Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх стратегийн бодлого /Growth strategy/. 

Энэ гурван бодлогын хүчээр өнөөдөр Японы эдийн засагт чухам ямар эерэг өөрчлөлтүүд гараад байгаа талаар сонирхуулъя. 

  • Ажил эрхлэлт нэмэгдэж байна

Хүн амд эзлэх идэвхтэй хөдөлмөр эрхлэгчдийн тоо буурч байгаа ч эмэгтэйчүүд болон өндөр настай иргэдийн ажил эрхлэлт нэмэгдсэнээр нийт ажил эрхлэлтийн хэмжээ өссөн үзүүлэлттэй байна. 

Зураг. Хөдөлмөр эрхлэлт (сая хүн)

 
Эх сурвалж: Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

Түүнээс гадна ААН-үүдийн ашгийн хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ хөдөлмөрийн хүч дутагдалтай байгаа нь цалин өсөх нөхцөл бүрдүүлжээ. Үүнийг дагаад хөдөлмөр эрхлэгчдийн орлогын хэмжээ нэмэгдэж, хэрэглээг өсгөх гэсэн Засгийн газрын зорилтод хөшүүрэг болсон аж. 

  • Дотоодын хөрөнгө оруулалт өсөж байна 

ААН-үүдийн ашгийн хэмжээ нэмэгдэж байгаа болон хөдөлмөрийн хүч дутагдалтай байгаа байдлаас үүдэж ААН-үүдийн бизнесийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байна.

Өөрөөр хэлбэл, ажил эрхлэлт, хэрэглээ, дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа нь дээр дурдсан эдийн засаг аажмаар сэргэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл ажээ.

 

Энэ бол "Japan passing", бүр "Japan nothing" хэмээн нэрлэгдэж байсан, 2000-аад оноос хойших Японы унтаа эдийн засагт ус, агаар мэт үгүйлэгдэж байсан үзүүлэлтүүд билээ. Олон жил дефляцтай үргэлжилсэн улс орныхоо эдийн засагт иргэд нь итгэхээ больж, бараа, үйлчилгээ улам хямдрахыг хүлээдэг сэтгэлгээ газар авсан байсан үе. Иргэд нь худалдан авалт хийхээ больсноос эдийн засаг нь бүхэлдээ царцанги байдалд орсон байсан тэр үеийг бодоход өдгөө Японы ДНБ-ий 60%-ийг хэрэглээ, 20%-ийг дотоодын бизнесийн хөрөнгө оруулалт эзэлж буй нь байгаа оносон бодлогын үр дүн аж.

График. Япон Улсын ДНБ (Абэномиксоос өмнөх хоёр жил болон зорилтыг тусгав, их наяд иен)

Гэвч Абэ Шинзогийн кабинет үүнд сэтгэл ханаж, өндөр үзүүлэлт хэмээн яаран дүгнэхгүй байгаа аж. Учир нь Япон бол гадаад худалдаанаасаа өндөр хамааралтай орон. “БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах нь Япон улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг мөн” гэдгийг засгийн газрын кабинетын албан ёсны эx сурвалж дурдаж байв. 

Хоёрдугаарт, ухаалаг утас зэрэг мэдээллийн тоног төхөөрөмжийн хэрэглээ дэлхий нийтийн хэмжээнд ханаж буй хандлага нь Японы экспорт нэлээд хэмжээгээр буурах нэг шалтгаан болж буй аж. 

Японы экспортын хэмжээний гол хэсгийг Азийн улс орнууд эзэлдэг ба Хятад улс л дангаараа экспортын 20 гаруй хувийг шингээдэг. Гэтэл экспорт буурснаар үйлдвэрлэлийн ашиг орлого багасаж, энэ нь удаан хугацаандаа нийт эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа аж. 

Тийм ч учраас Японы Засгийн газар Америк, Хятадын худалдааны дайныг анхааралтай ажиглаж байна.  

Хэдий тийм ч “Дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдсэн, ажил эрхлэлт өссөн, орлого нэмэгдэж байгаа байгаа гээд нааштай өөрчлөлтүүд тодорч байгаа тул эдийн засгийн алгуур өсөлт үргэлжилнэ“ гэсэн дүгнэлт давамгайлж буй аж.

Их Наран улсын эдийн засагт тулгарах ойрын сорилтыг гадаад зах зээлийн хүчин зүйл хэмээн Засгийн газар харж байна. Хэрэв бусад улс орны эдийн засгийн өөрчлөлт бодитой нөлөөлж эхэлбэл макро эдийн засгийн уян хатан бодлого яаралтай авч хэрэгжүүлэхээр зэхжээ. 

 

Харин урт хугацааны сорилт нь хүн амын бүтэц ба хандлага. Хүн амын тоогоороо дэлхийд 11-т бичигддэг энэ орны иргэд 2010 оноос хойш тасралтгүй цөөрсөөр 2019 оны наймдугаар сарын байдлаар 127 орчим сая болоод буй. Энэ нь өмнөх оноосоо 0.26% буурсан үзүүлэлт бөгөөд 2050 он гэхэд хүн ам нь 20 орчим саяар цөөрөхөөр байгаа талаар статистик мэдээлэл харуулж байна.  

Энэ үзэгдлийг дагаад хүн амд эзлэх идэвхтэй хөдөлмөр эрхлэгчдийн тоо буурч байгаа ч дээр дурдсанчлан эмэгтэйчүүд болон өндөр настай иргэдийн ажил эрхлэлт нэмэгдэж байгаа нь онгоцны буудалд хөл тавихаас эхлээд анзаарагдсан юм.

Борооны улирал дуусахтай залган эхэлсэн цельсийн 35-36 хэмд хүрэх бүгчим халуунтай нүүр тулахынхаа өмнө тэтгэврийн насны эмээ, өвөө нар Наритагийн нисэх онгоцны буудалд автомат төхөөрөмж ашиглан шаламгай ажиллаж буй нь нүдэнд хамгийн түрүүнд туссан билээ. Ахмад голдуу ажилтнууд Японд хөл тавьсан гийчдийг угтан, чиглүүлж, нэг хэсэг нь автомат машинаар гадаад паспорт шалган, хурууны хээ уншуулж, хилийн ажилтнуудын хөдөлмөрийг хөнгөвчилж, цаг хэмнэх чухал үүрэг гүйцэтгэж байв.

Аливааг ямар ч төвөггүй, эмх цэгцтэй, хялбар болгож, бүх зүйлийг төгс гүйцэтгэдэг ард түмэн гэдгээ үүгээр мэдрүүлэхийн зэрэгцээ эдийн засагтаа хувь нэмрээ оруулж буй тэр буурлууд ирсэн зочдод анхны сэтгэгдлийг ийнхүү төрүүлж байсан юм. 

Зураг. Хөдөлмөрийн зах зээл дэх өөрчлөлт

 

Төрөлт багасаж, нийт хүн амын тоо буурч байгаа болон хүн амд эзлэх өндөр настны жин нэмэгдэж буй нийгмийн тэрхүү үзэгдлийг даван туулахын тулд Японы Засгийн газар цаашид Society 5.0 бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь аж үйлдвэрийн IV хувьсгалын ололт болох техник технологийг ард иргэдийн өдөр тутмын амьдралд нэвтрүүлж, илүү тохиромжтой ухаалаг нийгмийн орчныг бүрдүүлэх зорилт аж. Society 5.0 нийгмийг бий болгосноор эдийн засгийн өндөр өсөлтийг хангах, ард түмний өдөр тутмын амьдралыг улам баялаг болгоно хэмээн тооцоолжээ.  

 

Society 5.0 бодлого нь эдийн засаг, нийгэм гэхчлэн асар өргөн цар хүрээг хамарч буй. Япон улс 

  • 1.0 Ан агнуур эрхэлдэг нийгэм
  • 2.0 Газар тариалан эрхэлдэг нийгэм
  • 3.0 Аж үйлдвэржсэн нийгэм
  • 4.0 Мэдээллийн нийгэм гэсэн үечлэлээр хөгжиж ирсэн бол Society 5.0 шинэ Наран улсыг бий болгох хөгжлийн цогц бодлого юм.

Энэ бодлогоороо дамжуулан хүрэх эцсийн цэг нь 

  • Бүтээмжтэй иргэн, нийгмийг бүрдүүлэх
  • Хууль эрх зүйн ухаалаг зохицуулалт
  • Олон улсын сонирхол татахуйц боломжууд
  • Илүү өрсөлдөх чадвартай бизнесүүд

Ерөнхий сайд Абэ Шинзо шинэ Япон улсыг цогцлоох Society 5.0 бодлогоо хэрэгжүүлэх хууль эрх зүйн суурийг хэдийн тавиад эхэлжээ. Нийгмийн салбар бүрийг нарийн тодорхойлж, хэрэгжүүлэх бодлого авах арга хэмжээгээ тодотгоод явж байгаа аж. 2018 онд л гэхэд үндсэн бус ажилчдыг шударгаар үнэлэх, ажлын уян хатан нөхцөлийг дэмжих хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлсэн байна.

Түүнчлэн боловсролын салбарт хийх шинэчлэлийн хүрээнд л гэхэд 3-5 настай хүүхдийн боловсролын зардлыг энэ оны аравдугаар сараас үнэ төлбөргүй болгохоор шийджээ.  Шинжлэх ухаан технологи бол Японы эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх чухал салбар гэж үздэг тул улс болон орон нутгийн шинжлэx уxаан технологийн хөгжлийг дэмжихэд улсаас анхаарч байгааг албаныхан мөн онцолсон. Тиймээс энэ салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг ДНБ-ий 4%-д хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ мэт олон талбар руу Абэ Шинзо сумаа онилжээ.

"Эдийн засгийг сэргээхгүйгээр санхүүгийн тогтолцоог дахин сэргээж чадахгүй" хэмээн Японы Засгийн газар үзэж буй тул “Эдийн засаг, санхүүг сэргээх шинэ төлөвлөгөө”-г мөн 2018 оны зургаадугаар сард баталж гаргасан байна. 

Хүн амд эзлэх хэт олон өндөр настны нийгмийн халамж төсөвт дарамт болох хэмжээнд хүрч буй тул өмнө нь хоёр удаа санаачлаад хэрэгжиж чадалгүй бүдэрсэн хэрэглээний татварын шинэчлэлийг удахгүй хийхээр зоригложээ. Өдгөө 8.0%-тай байгаа хэрэглээний татварыг ийнхүү зайлшгүй шаардлагаар 10%-д хүргэснээр иргэдийн нуруун дээрх ачаа тодорхой хэмжээнд нэмэгдэх ч үүсэж болох сөрөг үр дагаврыг урьдчилан тооцоолж, эрсдэлийг бууруулахын төлөө тодорхой бодлогууд ч боловсруулаад амжсан аж.

Улмаар 2020 оны санхүүгийн жилд багтааж нийгмийн хамгааллын салбарын бодит зардлын хэмжээг өндөр настны зардлын өсөлтийн хэмжээнд барих гэнэ. Өөрөөр хэлбэл, өндөр настнуудын зардлаас бусад нийгмийн хамгааллын салбарын зардлыг өсгөхгүй гэсэн үг. Харин нийгмийн хамгааллаас бусад зардлын хувьд Абэгийн Засгийн газар урьд нь зарласанчлан төсвийн зардлыг хэмнэх бодлогоо үргэлжлүүлэх нь.

Эдийн засаг, санхүүг сэргээх шинэ төлөвлөгөөний хамгийн гол зорилго нь ч тэр аж. ДНБ-нд эзлэх төсвийн алдагдлыг тогтвортой бууруулж, 2025 оны санхүүгийн жилд багтаан орлого, зарлагаа тэнцвэржүүлж, алдагдалгүй төсөв батлах нь хамгийн олон жил засгийн эрхийг баригч болон түүхэнд бичигдэж буй Ерөнхий сайд Абэ Шинзогийн нэгэн том зорилт. Энэ бол Монгол Улсад ус агаар мэт дутагдаж буй бодлого гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.

 
Гэрэл зургийг MPA.mn

"Би Японы эдийн засгийн өмнө тулгараад байгаа бүх ханыг нурааж, өсөлтийн шинэ замыг харуулна. Энэ бол Абэномиксийн гол зорилго" хэмээн Абэ Шинзо нэгэнт хэлжээ.


Наймдугаар сарын 1. Арлын Япон улсад борооны улирал дуусахтай залган халуун өдрүүд үргэлжилж, чийглэг бүгчим уур амьсгалд нь дасаж ядна. 

Хоёр хоногийн өмнө Наритагийн олон улсын нисэх онгоцны буудлаас Лимузин автобус хөлөглөн Токио хотын төв хэсэгт байрлах зочид буудал хүртлээ хурдны замаар хоёр цаг орчим явах зуураа далайгаар хүрээлэгдсэн арлын орны нийслэлийн бүтээн байгуулалтад нүд унаган шунаж явсан билээ. Хэдийгээр эдийн засаг нь тэлж хөгжиж байгаа ч нөгөө талаас, далайгаар хүрээлэгдсэн арлын энэ орны аюулгүй байдлын асуудлууд хөндөгдсөөр байгаа ажээ. 

Энэ тухай дараагийн нийтлэлдээ өгүүлэх болно.