Индэр    
2019 оны 8 сарын 12
Зураг
Харвард & Оксфордын Их сургуулийг төгсөгч

30 нас хүртлээ уншсан хамгийн чухал 30 ном: 21–30 нас

Зураг

30 нас хүртлээ уншсан хамгийн чухал 30 ном цувралын гуравдугаар хэсэг, 21–30 насандаа уншсан чухал 10 номууд.

(Жич: номуудыг ерөнхийд нь ямар дараалалтай уншсанаар жагсаасан байгаа, харин тоо нь хэдэн насандаа уншсан эсвэл хамгийн чухал/ дуртай гэдгээр эрэмбэлээгүй юм шүү)

Их сургуулиа төгссөнөөс хойш миний уран зохиолын ном унших багасаж, илүү намтар, түүх, бизнесийн ном уншдаг болсон.

Учир нь хэчнээн жил сурсан бай, “жинхэнэ амьдрал” эхлэхэд бэлэн санагддаггүй юм байна.

Ерөнхий боловсролын сургуульд байхад үзэх хичээлүүд нь тодорхой, их сургуульд орно гэсэн зорилго нь тодорхой байсан бол, их сургуульд ороод дараагийн ажил мэргэжлээ сонгох гэж нэг л том асуулт байдаг бол, сургуулиа төгссөн хойно хаанаас нь эхлэх нь ч тодорхойгүй олон асуултууд тулгардаг.

Жишээ нь ажилд орсон компанидаа хэдэн жил ажиллах уу, ямар чиглэлээр ажиллах уу, хэзээ магистраар суралцах уу, гэх мэт. Ажлаас гадна хувийн маш олон асуултууд: хаана амьдрах уу, мөнгөө хэрхэн зарцуулах уу (анх удаа өөрийн гэсэн тогтсон цалинтай болж байна даа), чөлөөт цагаа хэрхэн зарцуулах уу (олон цаг ажилладаг ч бай, ажлаа тараад л хичээлээ хийх хэрэгтэй гэсэн дарамт байхгүй жинхэнэ чөлөөт цагийг анх мэдэрнэ).

Тэр болгоныг зохицуулж өөрийгөө чиглүүлэхийн тулд хүмүүстэй ярилцах мөн хэрэгтэй ном унших нь л хамгийн зохимжтой алхмууд шиг санагдаад илүү бодит амьдралтай ойрхон, ажил төрөлтэй холбоотой ном уншдаг болсон.

21–30 нас

21. Genghis Khan and the Making of the Modern World, Jack Weatherford

 

Би Монголд 5, 6-р ангидаа сурчихаад Америк явсан болохоор яг Монгол түүх зааж эхлэхээс өмнө яваад өгсөн, тийм учраас өөрөө ном уншиж судлах болсон.

Монголын түүх хичнээн сонирхолтой ч, ер нь би түүхийн ном уншихдаа сонирхол муу байдаг, ёстой л хүчээр уншдаг бол, сүүлд энэ номыг уншсан чинь яг л уран зохиолын ном шиг уншихад эвтэйхэн санагдаж байсан.

Чингис Хааны түүхийг дэлхийн түүхэн маш олон нээлтүүдтэй холбож бичсэн нь гадаад хүнд түүнийг хэрцгий зэрлэг нэгэн биш шинэ өнцгөөс харах боломж нээж, Монгол хүнд ч зөвхөн дэлхийн томоохон хэсгийг эзэгнэж байснаас нь гадна дэлхийн орчин үеийн соёл, боловсрол, эдийн засаг гэх мэт олон салбарт том хувь нэмэр оруулж байсан хүн гэж харуулсан нь онцлог байсан.

Ер нь түүх гэдэг нь цорын ганц үнэний өгүүлэл биш өнгөрсөн цаг үеийг л төсөөлөх нэгэн өнцөг - зохиолч Жак Уэтерфорд нь Монголын түүхийг маш сонирхолтой өнцгөөс харуулж чаддаг нь их сонирхолтой.

22. Steve Jobs, Walter Isaacson

 

Стив Жобсын нас барсан өдрийг сайн санадаг, 2011 оны намар би Австралийн Брисбани хотод Рио Тинто компанид ажилд ороод удаагүй байсан.

Хуралд орчихоод гарч ирээд утсан дээрээ (iPhone утсан дээрээ шүү) мэдээг хараад эргэн тойрныхонтойгоо ярилцаж байсан юм - тийм мундаг хүнийг арай ч нас барчихна гэж төсөөлөөгүй гэж мөн Apple компани одоо яана аа, дараагийн хүн нь байнгын дэлхийг гайхшруулсан шинэлэг бүтээгдэхүүнүүд ар араас нь сэтгэж чадах болов уу, гэх мэт.

Тун удалгүй энэ намтар нь хэвлэгдэхэд iPad дээрээ шууд татан авч уншиж байсан - Стив Жобсын талаарх мэдээллийг маш нарийн нягт судалж бичсэн байсан.

Олон сайн ч талыг нь тусгасан байсан мөн олон хэцүү талыг нь ч нуулгүй илчилсэн байсан. Зохиолч нь тухайн үед ярилцлага өгөхдөө хэлсэн байсан - Стив өөрөө захихдаа өөрийнх нь талаар юм нууж даралгүй бодитоор бичээрэй гэж байсан гэж.

Жинхэнэ намтар яг л тийм байх ёстой юм шиг санагдаж байсан, тэр хүнийг өөрийнх нь болон амьдралынх нь турш эргэн тойронд нь харьцаж байсан хүмүүсээс судалж бодитой дүгнэлт гаргах. Тэгснээр мундаг хүн угаас ийм л тусдаа хувь тавилан, чадвартай байдаг гэхээс илүү том амжилтад хүрэх нь том золиосууд шаарддагийг харуулж чадсан.

23. Freakonomics, Steven D. Levitt and Stephen J. Dubner

 

Би их сургуульд эдийн засгаар сурч байсан.

Сэдэв нь хэчнээн сонирхолтой ч сурахад хэт онолын санагддаг байсан - ялангуяа эхний хоёр жилд үзсэн суурь хичээлүүд.

Мэдээж оюутан байхад хичээлийн бус цагаар ч дандаа л хийх ёстой хичээлүүд бодогдоод чөлөөт сэдвээр ном унших боломжгүй байдаг байсан. Харин сургуулиа төгсөөд энэ алдартай номыг унших зав гарч, статистик болон эдийн засаг чинь ийм сонирхолтой, бодит амьдралтай ийм энгийн хэлбэрээр уялддаг билүү гэж санагдуулсан.

Харин ч арай эрт, оюутан юм уу сурагч байхдаа уншихад их сонирхолтой, энгийн, юмыг өөрөөр харах өнцгийг нээж өгөх байжээ гэж бодогдсон.

24. Liar’s Poker, Michael Lewis

 

Миний хамгийн дуртай номын төрлүүд бол уран зохиол болон намтар, тийм болохоор энэ ном нь бодит амьдралд болсон явдлыг зохиомжтойгоор бичсэн нь маш их таалагдсан.

Зохиолч нь өөрийнхөө амьдралын бодит үйл явдлуудыг ашиглан 80-аад оны Нью Йоркийн Wall Street-ийн алтан үеийг маш нарийн харуулж чадсан.

Манай их сургуулийн найзуудын нэлээд том хэсэг нь Wall Street-ээс ажлын гараагаа эхлүүлж, сургуульд байхдаа л тэнд ажиллах зорилгынхоо төлөө шаргуу зүтгэж байсан болохоор тэр талаар илүүг мэдэж авах нь нэг л ойрхон бууж байсан.

Уул нь энэ ном нь Wall Street-ийн амьдралыг бодитоор харуулж байгаа нь нэг их сайхан биш гэдгийг нь харуулах зорилготой байсан байх - тэндхийн ажлын соёл (ялангуяа тухайн үед одоогийнх шиг арай илүү санхүүгийн хянан зохицуулалт байгаагүй үед) нь их дарамттай, “ажил хэрэгч” бус байсан ч хүмүүс тийшээ зүтгэсээр л байдаг. Тэр нь аливаа соёл хүчтэй байхын чадварыг харуулна - тогтсон соёл байна гэдэг нь юунаас ч хүчтэй (сайн ч бай, муу ч бай).

25. Lean In: Women, Work, and the Will to Lead, Sheryl Sandberg

 

Lean In (Монголоор Өөдөө тэмүүл) номыг мэдэхгүй хүн, тэр тусмаа ажил хэрэгч бүсгүй байхгүй байх.

Номын агуулга нь энгийн хэр нь уриа нь хүчтэй, дэлхий даяар эмэгтэйчүүдийг ажил дээрх байр сууриа дүгнэж, өөрийнхөө хандлагыг илүү өөрийн болон бусад эмэгтэйчүүдийн төлөө болгох хөдөлгөөнийг өрнүүлсэн гэж болно.

Маш олон жижиг сажиг өөрийн болон бусдын хандлага, тэгш бус байдлуудыг илүү тодоор олж харахаас гадна нэг том үнэнийг ойлгосон. Тэр нь өөрчлөлт зүгээр л өөрөө аажмаар ирдэггүй харин зорьж, чиглүүлж зүтгэсний үр дүнд л ирдэг.

Номон дахь жишээ нь бол эмэгтэйчүүдийн тэгш эрхийн хөдөлгөөн 20 дугаар зууны эхний талд эд мандаж, 1960–70 онд эд бужигнасан бол, тэрнээс хойш асуудлууд ар араасаа жигдрээд явна гэсэн ойлголт байсан бол хэдэн арван жил өнгөрөхөд тийм байж чадаагүй.

Түүнтэй адилхан бид нийгмийн ямар ч асуудлыг аяндаа л өөрчлөгдөнө, сайжирна гэж хаяж огт болохгүй.

26. Open, Andre Agassi

 

Газрын теннис бол миний хамгийн үзэх дуртай спортын төрлүүдийн нэг (уран сайхны гимнастик, уран гулгалт бас үзэх дуртай), багаасаа зурагтаар Уимблдон үзэж өссөн болохоор манай найз надад Андре Агассигийн өөрийн бичсэн намтрыг өгөхөд би тэр дор нь уншиж билээ.

Жаахан байхаас л түүнийг их ширүүн, дураараа зантай гэж хэвлэлээр бичдэг байсан ч, түүнийг намтардаа тэр бүгдийн талаар тэгтлээ шударга шулуун, илэн далангүй бичнэ гэж төсөөлөөгүй.

Түүхэн амжилт гаргасан тамирчин хүн мөртлөө тэр нэг санааг л дахин дахин давтсан - тэр теннисийг үзэн яддаг.

Тэр нээрээ л багаасаа теннисийг үзэн ядаж явсаар 30 гаруй жил тоглож, тэргүүлэгчдийн нэг байсан. Түүний эхнэр Стефи Граф (эгч дүү Уиллиамс гарч ирэхээс өмнө миний хамгийн дуртай тоглогч байсан) өөртэй нь мөн адил теннисийг үзэн ядсаар тэр спортыг ноёлж байсан гэсэн нь надад их сонирхолтой санагдсан.

Учир нь одоо үед залуучуудад “inspiration” болсон юм л сонирхолтой болж, хаа сайгүй л сонирхлоо нээх, тууштай байх талаар зөвлөдөг ч юмны оргилд хүрнэ гэдэг нь хэчнээн их авьяас, хөдөлмөр, золиос (тухайн хүнээс болон эргэн тойрны маш олон хүнээс нь) шаарддагийг хүмүүс бодитоор хуваалцдаггүй.

Хэцүү байна, зовно гэж хэлсэн ч тэр нь яг юу гэсэн үгийг төсөөлөхийн ч аргагүй бол Андре Агасси маш яруу тодоор харуулж чадсан.

27. Elon Musk, Ashlee Vance

 

Илон Маск нь манай орчин үеийн хамгийн күүл бизнесменүүдийн нэг болсон, учир нь тэр байнгын хүний сэтгэхүйд бүрэн багтахааргүй санаануудыг ажил болгон хийхийг эрэлхийлж байдаг.

Тэр анх цахим төлбөрийн системд том өөрчлөлт оруулсан PayPal-ийг хамтран үүсгэн байгуулснаас хойш сансрын аялал (SpaceX) болон цахилгаан машиныг (Tesla) түгээмэл, аль болох олон хүмүүст хүртээмжтэй хэрнээ шинэлэг болгох тал дээр асар их хувь нэмэр оруулж байгаа.

Яг үнэндээ энэхүү салбарууд нь маш их судалгаа, тэрний тулд маш их хөрөнгө шаардсан салбарууд байтал тэр жинхэнэ бор зүрхээрээ зүтгээд гэхчээр өөрийн босгосон хувийн хөрөнгөөр л NASA гэх зэрэг туршлага болон хөрөнгөөр тэргүүлдэг байгууллага, компаниудтай өрсөлдөхүйц ахилтууд гаргаж чаддаг нь биширмээр.

Түүний гол зарчмуудын нэг нь юмыг төгс болохыг хүлээхгүй дор дор нь хийгээд, туршаад, үзэж алдаад, суралцаад, засаад явдаг юм. Өнөөдрийн өөрчлөлт л цорын ганц мөн чанар болсон цаг үед амьдарч байгаа бидэнд энэ зарчимд суралцах нь зайлшгүй чухал.

28. The Tipping Point: How Little Things Can Make a Big Difference, Malcolm Gladwell

 

Малком Гладвеллийн олон алдартай номуудын анхных нь энэ.

Тэр маш энгийн, ойлгоход хялбар, уншихад сонирхолтой жишээнүүдээр сэтгэл болон нийгмийн судлалын ухаан агуулсан санаануудаа тайлбарладаг.

Энэ номын гол санаа нь аливаа зүйл олон нийтэд түгээгдэхэд нэг л өөрчлөлт дагуулсан мөч байдаг - тэр нь гурван зүйлээс хамааралтай: түгээгч хүмүүс, наалдацтай санаа, орчин тойрон. Энэ санаа нь мэдээж сонирхолтой ч, тэрнээс илүү Гладвеллийн бичгийн хэв маяг их таалагддаг.

Ямар ч санааг зохиомжтой тайлбарладаг нь илүү ойлгомжтой, наалдацтай болгож, магадгүй илүү академик байж болох байсан сэдвийг нийтлэг болгодог.

Бид мэдээллийн эрин үед амьдарч байгаа, түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй их хэмжээний мэдээлэл байнга цацагдаж байдаг боловч тэр мэдээллийн ихэнх нь чанар муутай байдаг - жишээ нь сошиал медиа дээрх үзэхэд хялбархан хэр нь агуулга муутай контент. Тэгвэл хэрэгтэй мэдээллийг агуулгаар баялаг хэр нь уншиж/ үзэхэд таатай болгоно гэдэг нь орчин үеийн контент түгээгчдэд хамгийн чухал асуудал шиг санагддаг.

29. The Snowball: Warren Buffett and the Business of Life, Alice Schroeder

 

Уоррен Баффет бол дэлхийн хамгийн баян хөрөнгөтнүүдийн нэг, түүхэн дэх хамгийн амжилттай хөрөнгө оруулагчдын ч нэг, тэгсэн хэр нь маш эгэл жирийн хээгүй амьдралын хэв маягтай гэдгээрээ ч танигдсан нэгэн.

Түүний тухай аль багаасаа л зөндөө ихийг энд тэндээс сонсож, уншиж байсан боловч яг чанартай, цэгцтэй мэдээлэл авч байгаагүй юм шиг санагддаг байж байгаад энэ номыг олж уншсан юм.

Энэ хүний тухай уншаад хамгийн тод тусгаж авсан санаа бол хүний амьдрал бол ерөөсөө хэв маягаас л бүрддэг — өдөр тутам юу бодно, юу хийнэ, тэр л нийлээд хүний амьдрал юм. Баффетийн хувьд тэр багаасаа л яаж мөнгийг үржүүлэх вэ гэдгийг байнга боддог, тэрнийхээ дагуу уйгагүй хөдөлмөрлөдөг байсан, одоо ч тийм хэвээрээ байгаа.

Мөнгийг үржүүлнэ гэдэг нь хэрэглээгээ тэлэхийн тулд биш, буруу аргаар мөнгө олох биш. Ерөөсөө л тэр хүний хувьд мөнгийг зүгээр байлгахгүй хөдөлгөж л байвал үржээд байдаг гэсэн санаа нь их агуу санагдаж хүүхэд байхад нь байсан хэдхэн доллараа л насан туршдаа үржүүлсээр яваад одоогийн байгаа олон тэрбум доллар болгосон.

30. The Moment of Lift, Melinda Gates

 

Мелинда ба Билл Гейтс хоёр миний хувьд маш үлгэр жишээ хос - тэр нь миний хувьд хоёр хүн тус бүр амжилттай, өөрийн зорилго мөрөөдлөө бүтээхээс гадна хамтдаа нэгэн зорилгын төлөө хүчээ нэгтгэн ажилладаг хүмүүс.

Тэр хоёр Гэйтс Санг үүсгэн байгуулаад 19 жил болж байгаа бөгөөд сан нь 50 гаран ам.доллартай, дэлхийн хамгийн баян хувийн сан болсон юм (тэд өөрсдөө ихэнх хөрөнгөө хандивлаж тэдний сайн найз Уоррен Баффет мөн ихэнх хөрөнгөө хандивлаж байсан юм).

Тэдний ажил нь дэлхий даяар эрүүл мэндийн хүнд асуудлуудыг шийдэж, ядуурлыг бууруулах зорилготой бөгөөд тэд олон улсын байгууллагууд, төр болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилласаар маш олон дэвшилтүүд гаргаж чадсан.

Энэ ном нь харин Мелиндагийн зүгээс энэ ажлаа хийж байхдаа ойлгосон хамгийн чухал асуудлуудын нэгийн тухай - тэр нь эмэгтэйчүүдэд тулгарсан асуудлуудыг шийдэж байж л аливаа гэр бүл, нийгмийн бүлэг, улс орны асуудлыг шийдэж хөгжлийн замд нь хөтөлнө.

Тэр 20-оод жил дэлхийн олон улсаар явж ажиллахдаа харсан асуудлууд, болсон шийдлүүдээ их дотноор хуваалцсан нь их хүчтэй санагдсан. Жендерийн тэгш байдлын асуудал их яригддаг болсон санагддаг ч зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй хүн бүр бодит ач холбогдлыг нь ойлгож чадвал бид бүгдээрээ хөгжинө гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.