Зураг
Зураг
Индэр    
2019 оны 7 сарын 24
Зураг
Эрүүл амьдралын хэв маягийг түгээгч, Зүрх судлалын эмч

Unsick podcast #5: Элэгний В вирусийн вакцин хийлгэх нь элэгний эмгэг, хатуурал, хавдраас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой

Зураг

Эрт дээр үед хүн төрөлхтний маш том заналт аюул бол халдварт өвчин (тахал, томуу, ДОХ гэх мэт) байлаа.

Энэ том аюулаас сэргийлж аварч чадсан зүйл бол вакцин юм. Хүн төрөлхтөн вакцин ашиглан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж чадсанаар гайхамшигтай үр дүнд хүрч чадсан. Тэгвэл Unsick подкаст энэ удаагийн дугаараар элэгний В вирусийн (HBV) вакцины элэгний эмгэгээс урьдчилан сэргийлэх ач холбогдолын талаар ярилцав. 

Монгол орон элэгний хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлдэг болоод удаж байна. Элэгний эмгэг, хатуурал, хавдрын гол шалтгааны нэг бол элэгний В, С вирус (HBV, HCV) юм. Аз болж манай улсад элэгний В вирусийн эсрэг вакцин, элэгний С вирусийг устгах эм орж ирээд багагүй үр дүн авч ирж байна. HBV вакцин хийлгэх нь элэгний эмгэг, хатуурал, хавдар, хүндрэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой болохыг дэлхий дахин хүлээн зөвшөөрч байна. 

Вакцин гэдэг бол тухайн вирус бактерын хоруу чанаргүй (эмгэг төрүүлэхгүй) бүтцийн хэсгийг ашиглаж хүний биед зохиомлоор дархлаа тогтоох биологийн идэвхит бэлдмэл юм. Дархлаа тогтсон үед гаднаас тухайн төрлийн вирус бактерын халдвар орж ирэхэд дархлаа тогтолцоо таньж устгадаг. Улмаар тухайн үүсгэгч биед халдварлахгүй байх, халдварласан ч хүндрэхгүй байх ач холбогдолтой. Тэгвэл судалгаагаар HBV-ын (элэгний В вирус) вакцин хийхэд хүний биед дархлаа тогтож, халдвараас 15-30 жил хамгаалах боломжтой байдаг.

Нийгэмд зарим нэг буруу ойлголт цацагдаж байна. Тухайлбал, HBV вакцин хийлгэхэд гаж нөлөө ихтэй, харшил үүсгэдэг, аутоиммуни эмгэгийг сэдрээдэг зэрэг ямар ч нотолгоогүй, эх сурвалж хангалтгүй мэдээлэл мэр сэр гарч байна.

HBV вакцины гаж нөлөө ховор тохиолдолд гардаг. Бидний сонгож ярилцсан судалгаанд вакцин хийлгэсэн нийт хүмүүсийн 3-29%-д вакцин хийсэн хэсэг газар улайх, 1-6%-д бага зэрэг халуурах гаж нөлөө гардаг. Аюултай хүндрэл болох анафилаксийн шок 1.100.000 тохиолдолд 1 бүртгэгдсэн байна. 

Эх сурвалж болгож ярилцсан судалгаа нь 2005-2017 оны хооронд HBV вакцины талаар хийгдсэн судалгаа, удирдамжийг нэгтгэж хэд хэдэн зөвлөмж боловсруулсан нийтлэл юм. Үүнд чухалчлан өгүүлсэн зүйл бол элэгний В вирусийн халдваргүй хүн HBV вакциныг хийлгэх нь элэгний эмгэг, хатуурал, хавдраас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой хэмээн дүгнэсэн байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах unsick подкастыг сонсож бусдад түгээгээрэй.

 

Эх сурвалж: www.unsick.me/?p=527

Unsick podcast:
Apple podcast
Google podcast
Spotify
Podbean
Stitcher
Anchor
Castbox
Radiopublic
Breaker