Индэр    
2019 оны 7 сарын 24
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Галт сумаас Массачусетс хүртэлх зам

Зураг

С.Сумьяажав өглөөдөө үхэртээ явж, өдөр нь физик, математикийн хичээлээ давтана.

Үүний хажуугаар англи номууд уншиж, гадаад хэлний дүрэм, үгсийн сангаа нэмж, зав зайгаар нь YouTube-ээр төрөл бүрийн бичлэгийг англи хэл дээр үзэж дуудлага, сонсголоо сайжруулдаг.

Тэрбээр 2019 оны хавар аавтайгаа зөвлөлдсөний дагуу өөрийн төрсөн нутаг болох Хөвсгөл аймгийн Галт сумын ерөнхий боловсролын сургуулийн 7-9-р ангийн сурагчдад физикийн хичээлээр давтлага өгч эхэлсэн байна.

С.Сумьяажав яг ийм давтамжаар сүүлийн жил гаруй хугацаанд уйгагүй бэлдсээр дэлхийн топ түвшний Массачусетсийн Технологийн Их сургуульд (MIT) 100 хувийн тэтгэлэгтэй сурах эрхийг өвөртөлжээ.

Монголын хөдөөгөөс MIT-д элссэн анхны тохиолдол
 
https://www.trolleytours.com/boston/mit

MIT жил бүр бакалаврын түвшинд 1,000 орчим оюутан элсүүлдэг бөгөөд үүний 10 орчим хувь нь олон улсын буюу гадаад орны оюутнууд байдаг аж. Тус сургуульд Монголоос жилдээ 1-2 оюутан зарим жил огт оюутан элсэж чадахгүй өнгөрч байна. 2003 онд MIT-д Монголоос бакалаврын түвшинд анх удаа элсэж төгссөн хүн бол "Сант" сургуулийн захирал З.Энхмөнх юм. Өнөөдрийн байдлаар 18 монгол хүн MIT-ийн бакалаврын түвшинд амжилттай элсжээ.

Тодруулбал, Дэлхийн шилдэг их сургуулийн нэгт жагсаж буй MIT-д элсэж чадсан 17 монгол залуугийн төгссөн сургуульд:

  • 6 нь 1-р сургууль,
  • 6 нь Сант сургууль,
  • 1 нь Орчлон сургууль,
  • 1 нь Шинэ Монгол,
  • 1 нь Монтурк сургууль,
  • 1 нь Олонлог сургууль,
  • 1 нь Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн төгсөгч байна.

Харин 18 дахь нь болж MIT-д элссэн С.Сумьяажав улсын тэргүүний 1-р сургуулийн сурагч ч биш, аль нэг хувийн сайн сургуулийн сурагч ч биш юм. Тэрбээр 11-р анги хүртлээ Улаанбаатараас 1,000 километрийн алсад, Хөвсгөл аймгийн төвөөсөө 167 км-ийн зайд орших Галт сумынхаа сургуульд сурч, сүүлийн нэг жилд аймгийн төвийн буюу Мөрөн хотын Ирээдүй цогцолборт сурч, дүүргэжээ.

Энэ бол баяртай мэдээ. Гэхдээ бас гунигтай.

Монголд өнөөдөр боловсролын тэгш бус хүртээмж гаарсны зөвхөн нэг жишээг MIT-д элсэж буй сурагчдын харьцаанаас харж болно.

Ikon.mn Боловсролын тэгш БУС хүртээмж байгааг өнөөдрийн бидний ганц хэмжиж чадаж буй элсэлтийн ерөнхий шалтгалтын дүнгээр харьцуулан харуулсаар ирсэн.

Тухайн хүүхэд хаана, аль сургуульд сурч байгаагаас сурлагын амжилт харьцангуй зөрүүтэй байна. Зөвхөн 2018 оны ЭЕШ-ын үзүүлэлтээр математикийн хичээлээр төрийн болон хувийн сургуулийн төгсөгчдийн онооны зөрүү дунджаар 80 оноо (800 хэмжээст онооны үзүүлэлтээр) байгаа юм.

Үүнд бид хувийн сургуулийн амжилтыг үгүйсгэхгүй бөгөөд хүүхдүүдэд байх ёстой боломжийг хүртээж чадвал ямар үр дүн гардаг вэ гэдгийг харьцуулан харуулж буй.

Галтаас Массачусетс хүртэлх С.Сумьяажавын зам тийм ч дардан байсангүй.

Түүний маш их хөдөлмөр, зүтгэлийн дүнд бий болжээ.

С.Сумьяажав наймдугаар ангиасаа физикийн хичээл үзэж, маш их дур сонирхолтой болж, орон нутгийн олимпиадуудад амжилт үзүүлэн 11-р ангиасаа улсын, 12-р ангидаа олон улсын Физикийн олимпиадуудад оролцсон байна. Ингэж хотын хүүхдүүдтэй найзалж, хамтдаа олимпиадад оролцож явахдаа Монголоос MIT-д тэнцсэн залуус байдаг тухай сонсоод итгээгүй гэж хуучилж байсан юм.

Тэрбээр “Би дунд ангид байхдаа “City Hunter” гэж солонгос олон ангит киног гэр бүлээрээ үзээд анх MIT-ийн тухай мэдэж авсан ч энэ сургуульд монгол хүн, тэр дундаа өөрийгөө элсэх боломжтой гэж 11-р анги хүртлээ төсөөлөөгүй явсан" гэв.

Орон нутгаасаа тодрон олон улсын олимпиадад оролцох болсон С.Сумьяажавын чадварыг анзаарсан МУИС-ийн багш Д.Улам-Оргих түүнийг сайн сургуульд элсэхэд туслахыг "Сант" сургуулийн захирал З.Энхмөнхөд санал болгосон байна.

Улмаар З.Энхмөнх түүнд Монголын өнөөгийн дунд сургуульд дутагдалтай байгаа School Counselor буюу ахлах ангийн сурагчдад их, дээд сургуульд элсэх, мэргэжлээ сонгох, шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж, бэлтгэх зэрэгт нь зөвлөж, MIT-д элсэхэд нь тус болжээ. 

С.Сумьяажавын амжилтыг хэрхэн "үржүүлэх" вэ?
 

Сумьяа багаасаа ном унших дуртай, бүр ном хэтэрхий олон цаг уншдгаасаа болж аав, ээжээсээ зэмлэл хүртэл хүртэж байжээ. Номоо нууж, нуугдаж хүртэл уншсаар ирсэн дадал зуршил нь сүүлд физик, тооны хичээлээ бие даан сурах, англи хэлээ сайжруулахад нь чухал түлхэц болжээ.

Тэрбээр “12-р анги төгстлөө англи хэл маань ерөөсөө сайжрахгүй байсан ч MIT-д орох зорилго өвөртлөөд англи номууд уншиж эхэлсэн маань надад англи хэлний оноогоо ахиулахад их дэм болсон.

Уг нь би 12-р ангид байхдаа MIT-д элсэх шалгалт өгч, өргөдөл бөглөж байсан ч амжилт олоогүй. Тиймээс төгсөөд дахиад жил гаруй бие даан бэлдээд SAT, TOEFL –ийн оноогоо хүссэн хэмжээндээ хүртэл нэмэгдүүлж чадсан. Ер нь сурах гэдгийг зовлон биш, өөрийн дур сонирхлоор хийж ирсэн нь шилдэг сургуульд тэнцэхэд нэмэр болсон болов уу. Жишээ нь, зарим хүн англи хэл сурч байгаагаа ял мэт хүлээж аваад нэг л давагдашгүй зүйл шиг саначихдаг” гэж байлаа.

Сумьяажавын бүтээсэн амжилт ганц түүнийх мэдээж биш.

Ерөөс түүний бие даан суралцах чадвар, математик, физикийн хичээлд дур сонирхолтой болох, хэцүү бодлого давааг даван гарахад түүний аав, Галт сумын ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш П.Сарангэрэл,  хайр халамжаар дутаагаагүй ээж Д.Сайнбуян нар хамгийн их хүчин зүтгэлийг гаргажээ. С.Сумьяажав багаасаа л математикийн хичээлд дур сонирхолтой байсаар наймдугаар ангиасаа физикт татагдаж, нэмэлт хичээлүүдийг бие даан сурч эхлэн, улмаар аав нь түүнийг анги ахиулан физикийн хичээлүүдэд хамруулж эхэлсэн байна.

С.Бидъяа буюу Сумьяажавын ах ч бас физикийн дотоодын олимпиадуудад үзүүлсэн амжилтаараа олон улсын физикийн олимпиадад дүүтэйгээ хамт оролцож байсан нь тэдний аав П.Сарангэрэл багшийн амжилт ажээ. П.Сарангэрэл багш одоо ч Галт сумын сургуульдаа ажиллаж байгаа бөгөөд түүний шавь нараас нэлээд хэд нь орон нутагтаа физикийн олимпиадуудад амжилт үзүүлж, улсын, олон улсын чанартай олимпиадад оролцож, өөрт гарсан цаг заваа сурагчдаа олимпиадад бэлдэхэд зарцуулдаг тухай С.Сумьяажав хуучилж байлаа.

Түүний ярьснаар хөдөөгийн сурагчдад ахлах ангиасаа аль хичээлээ түлхүү судлах, гадна, дотны сайн сургуульд элсэхэд боломжтой байдаг тухай, юу шаардлагатай, хэрхэн бэлдэх тухай зөвлөөд туслаад өгөх хүнгүй учраас сурагчдын зорилго, төлөвлөгөө маш ерөнхий, ойлгомжгүй байдаг гэж байв.

С.Сумьяажавд тусалсан Сант сургуулийн захирал З.Энхмөнх “Уг нь ерөнхий боловсролын сургуулиудад School Counselor буюу зөвлөн туслах зорилготой хүмүүс байх ёстой. Үүнийг хийхийн тулд заавал бүтэн цагийн ажилтан байх шаардлагагүй, аль нэг багш нь эсвэл сургуулийн менежер нь өнөөгийн нөхцөлд орлон гүйцэтгэх боломжтой.

Сант сургуулийн хувьд мөн бусад хувийн сургуульд ч сурагчдыг зарим тохиолдолд дунд ангиас, ихэнх тохиолдолд ахлах ангиас нь аль их, дээд сургуульд элсэн суралцах тухай нь ярилцаж, шаардлагатай шалгалтуудад бэлдээд ур чадварыг сайжруулаад явдаг. Улмаар сурагчид 9-12-р ангидаа ямар их, дээд сургуульд элсэх вэ гэдгээ шийдчихсэн, 12-р ангидаа бүр сургуулийнхаа урилгыг хүлээгээд авчихсан байдаг. Гэтэл С.Сумьяажавын хувьд энэ тухай мэдээлэл байхгүй байсаар өөрийгөө MIT-д элсэх боломжтой гэдгээ 11-р ангиа төгсөж байхдаа бараг 12-р ангидаа ойлгож сургуулиа төгссөнөөс хойш бэлдсээр хугацаа алдсан байгаа юм” гэж байлаа.

School Counselor буюу сурагчдад зөвлөн туслах, чансаа өндөр их, дээд сургуульд элсэхэд зориулсан үйлчилгээ өнөөдөр Монголд төлбөртэйгээр, бизнесийн байгууллагууд л гүйцэтгэж байгаагаас өнөөх төрийн өмчийн сургуульд сурч буй, амьдралын боломж, бололцоо муухан айлын хүүхдүүд мэдээллээс, сонголтоос, боломжоос хоцорсоор байна. 

Нөгөө талаар, хэрэв сурагчид, хүүхэд, багачууд Сумьяажав шиг бие даан суралцах чадвартай л бол дэлхийн хаана ч амьдарч байсан интернэт, ямар нэг сүлжээнд нэвтэрдэг төхөөрөмжтэй л бол олон улсын жишиг боловсролыг хүртэх боломжийг нээлттэй боловсрол олгож буй.

2013 онд Монголоос М.Баттүшиг гэж 15 настай хүү MIT-ийн анхны нээлттэй онлайн сургалтыг (MOOC – Massive Open Online Course) дүүргэж, хамгийн өндөр оноо авснаар MIT-д элсэж чадсаныг дэлхий нийтээрээ шагшиж байсан. М.Баттүшиг нь хотын хүүхэд, "Сант" сургуулийн сурагч.

Харин С.Сумьяажав бол хөдөөгийн малчин айлын хүүхэд.

Энэ дундаас юу харагдаж байна вэ гэвэл Монгол шиг өргөн уудам нутагт тархан суурьшсан, хөдөөгийн сургуулиуд дахь боловсролын тэгш бус байдлыг бууруулах нэг шийдэл нь нээлттэй боловсролын систем гэдгийг С.Сумьяажав нотолж байна.

 

Бүр тодорхой хэлбэл, хотын төвийн Нэгдүгээр сургуульд сурч байгаа Бат ч, Хөвсгөлийн Галтад сурч байгаа Сувд ч яг адилхан чанартай, сайн боловсрол авах боломжийг нээлттэй боловсрол олгож буй. Нээлттэй боловсрол нээлттэйгээр үлдвэл Баттүшиг шиг сургууль, эцэг, эх нь зөвлөчих хүнтэй, эсвэл Сумьяажав шиг хичээл, зүтгэлээрээ цойлоод гараад ирсэн нь энэ боломжийг ашиглаад дуусдгаараа үлдэнэ.

Харин Монголын ерөнхий боловсролын хөтөлбөрт нээлттэй боловсролын аргачлалыг нэр бүхий хичээлүүдэд албан байдлаар оруулах, тухайн багш зөвлөн туслагч, чиглүүлэгч болгох боломж байсаар байгаа юм.

Энэ тухай эдийн засагч Ө.Ганзориг “Финландад багшийн гол үүрэг сурагч өөрөө хүсэж мэдлэг боловсрол эзэмшдэг процессыг хөнгөвчилдөг, чиглүүлдэг хүн болж хувирч байна. Дэлхий даяараа шилжиж байгаа боловсролын систем сэтгэл зүйд суурилж байна. Учир нь хүүхэд болгоны сэтгэл зүй өөр. Тэгэхээр тэдгээр өөр өөр сэтгэл зүйн шинж чанартай хүүхдүүдэд зарим онц сайн сурдаг хүүхдийн хурд, аргаар хичээл заачихаар аливаа зүйлийг илүү нухацтай, олон талаас нь хардаг, эсвэл удаан хүүхдүүд нь хаягдаад "муу сурлагатан" гэж цоллуулж, нийгмийн гологдол мэт тэднийг алдсаар байна. 

Эрдэнэт хүнийг л алдаад байна гэсэн үг.

Гэтэл тэдгээр хүүхэд юмыг өвөрмөцөөр сэтгэдэг, нухацтай боддог нэгэн байж магадгүй. Тиймээс хүүхэд болгонд тохирсон арга гэдэг нь хүүхэд өөрөө сурна, багш чиглүүлж өгнө гэсэн үг.  Багш өөрөө заахаар нэг л хурдаар заана. Тэгвэл онлайн, дижитал сургалт гэдэг бол хүн болгон өөрийн хурдаар сурах боломжийг олгож байгаа нь агуу юм.

Жишээ нь, хурдан сэтгэдэг, хурдан сурдаг хүүхдүүд нь программчлалын хэлийг нэг сарын дотор сурчихна гэсэн үг. Гэтэл удаан сурдаг хүүхэд бол түүнийгээ жил үзэж болж байна. Үр дүн нь юу вэ гэвэл хоёулаа л программист болно” гэж тайлбарласан байдаг.

Нөгөө талаар нээлттэй боловсролын хичээлийг албан боловсролд оруулснаар хүүхдүүдийн бие даан суралцах чадварыг буюу насан туршдаа суралцах дадал зуршилд суралцуулах гол зорилгыг мартаж болохгүй.

Монголын хүүхэд, багачуудад бие даан суралцах чадварыг суулгаж, ингэж суралцах явцад нь туслан дэмжих сайн багш, эцэг, эх байгаад зогсохгүй мэргэжил, сургуулиа сонгож, бэлдэхэд зөвлөн тусалдаг хүмүүс нь байвал хэчнээн олон Сумьяажав Монголд бий болох боломж байна.

 “Хүний хөгжлийн үндэс бол сонголт гэсэн үг.

Сонголтын цаана юу хэлэх гээд байна вэ гэхээр боломжуудыг бий болгох. Хязгаарлагдмал зүйлийг тулгах биш. Харин хүн өөрийнхөө эрхээр сонгосон боломж бол тухайн хүний хар толгойгоор хариуцах зам байх ба эрх чөлөөний хүнд нь энэ юм” гэж хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан боловсролын тухай ярилцлагадаа дурдсан байдаг.

Тэрбээр “Боловсролын зорилгыг базаад томьёолбол, нэгдүгээрт тухайн хүний нөөц боломжийг нээх, хоёрдугаарт үнэт зүйлийг нь бий болгох гэж ойлгож болно.

Өөрөөр хэлбэл, боловсролын зорилго нь тухайн хувь хүн хэн байхаас үл хамаарч нөөц боломжийг нь нээх тухай юм.

Боловсрол, тэгш байдлыг холбож тайлбарлавал хүн бүрийг адил, тэгш харахаас илүүтэй хүн бүрт боловсролын дээр дурдсан үндсэн зорилго хүрч чадсан уу, үгүй юу гэдгээр хэмжих ёстой” гэж байлаа.

Сумьяажавын хувьд элдэв уралдаан, олимпиадад оролцож байж буюу ёстой л өөрөө цойлон гарч ирж, олон хүний анхааралд өртөж байж MIT-ийн боломжийг мэдэж авсан байна.

Өөрөөр хэлбэл, Монголд ийм сонголт, боломж байгааг мэдэхгүй хэчнээн олон авьяас, эрмэлзэл гэрийн босгоо давалгүй унтарч, бөхөж байгаа бол.