Индэр    
2019 оны 7 сарын 19
Зураг
Freelance journalist

Утга учиртай амьдрахад туслах ГУРВАН асуулт

Зураг
www.weforum.org

Eр нь юу болоод байна, яах билээ, юуны төлөө гэж хүн өөрөөсөө асуудаг ч хариулт нь бэлэн байдаггүй үе байдаг.

Энэ нийтлэл дээр бичсэн гурван асуултыг яагаад өөрөөсөө асууж болохгүй гэж. “World Economic Forum” дээр нийтлэгдсэн өгүүллийг орчуулан хүргүүлж байна.

Аав минь ихэр эгч бид хоёрын сургуульд орох анхны өдөр заавал ирнэ гэж амласан. Аав Бразилд ажилладаг, гэртээ (Италид) жилд хоёрхон удаа ирдэг байлаа. Хүсэн хүлээсэн өдөр ирж, эгч бид хоёр өглөө сэрэхэд аав байхгүй байв. Бидний урам хугарч гунигтай байсан ч сургуулийн эхний өдөр байсан тул догдлон сургуульдаа явлаа. Эхний өдөр харвасан сум шиг өнгөрч хичээл тарах хонх дуугарахад аав минь сургуулийн урд хүлээж байв. Түүнийг харсандаа эгч бид хоёр баярлаж, аавдаа тэврүүлэн хөөрч баяслаа. Гэртээ харих замдаа бид түүнд эхний өдөр ямар байсан, юу хийсэн, ангийн хүүхдүүд, багшийнхаа тухай, самбар шохой, ханан дээр өлгөөтэй байсан газрын зураг гэх мэт олон зүйлсийн талаар зогсоо зайгүй ярьж өгөв.

Бидний яриа гэрт ирээд ч үргэлжиллээ. Өдрийн хоолны дараа аав миний нүд рүү харж байгаад ингэж хэлэв: “Маргаашаас эхлээд, юу хийсэн тухайгаа битгий ярьж бай, түүний оронд юу сурсан бэ гэж өөрөөсөө асуу, хүмүүст тусалж чадсан уу гэж асуу, хийж байгаа зүйлдээ үнэхээр дуртай байна уу гэж асуу. Энэ бүгдээс бусад нь ямар ч хамаагүй”. 

Тэр миний мөрөн дээр гараа тавиад нүд рүү харж байгаад яг л том хүнтэй харьцаж байгаа мэт хэлсэн. Аав бидэнтэй зургаан цагийг өнгөрөөхийн тулд гурван өдрийг туулж Бразилаас ирээд амлалтаа биелүүлээд буцав.

Олон жилийн турш уншсан олон сая үгнүүдээс 1969 оны аравдугаар сарын 1-нд хэлсэн аавын минь үг хамгийн их миний амьдралд нөлөөлсөн.

Аавын үгнээс би юу сурсан бэ?

Зөв асуултаа олоогүй бол зөв хариултын талаар бодоод ч хэрэггүй.

Хийж байгаа зүйлдээ би чин сэтгэлээсээ дуртай юу?

Би ямар нэг юм сурч байгаа юу?

Би хэн нэгэнд тусалж байгаа юу?

Бусад нь хамаагүй.

Нэгдэх асуулт: Би ямар нэг шинэ зүйл сурсан уу?

200 жилийн өмнө, дундаж наслалт 40 байсан. Түүнээс хойш жил бүр хоёр жилээр өссөөр байгаа. 2060 он гэхэд дундаж наслалт 100 хүрнэ. Бидний нийгэм диплом авах, ажиллах, тэтгэвэрт гарах гэсэн нэгэн хэвийн байдлаас салж, зогсолтгүй сурах руу шилжих хэрэгтэй болжээ. Танд одоо байгаа туршлага, мэдлэг, ур чадварууд амьдрал дуусах хүртэл хангалттай гэж бодож байна уу?

Бидний ихэнх нь л байнгын суралцахыг хүсдэг. Гэхдээ хэрхэн яаж гэдгээ мэддэггүй. Тиймээс хэдэн санаа хэлье.

  • Сониуч бай

Хэрвээ та Leonardo da Vinci-н тухай бодвол юу орж ирж байна. Зураач? Эрдэмтэн? Зохиолч? Зохион бүтээгч? Архитектор? Тэр энэ бүхний нэгдэл “Сэргэн мандалтын эр хүн” байсан. Хэт нэг зүйлд мэргэших нь бидний эргэн тойронд байгаа гайхалтай нарийн төвөгтэй зүйлийг ойлгохыг зогсоодог гэж үзэн, зайлсхийх хэрэгтэй. 

 
www.weforum.org

Та хэзээ хамгийн сүүлд шинээр ямар нэгэн зүйлийг хийж, туршиж үзсэн бэ?

Суралцана гэдэг зөвхөн сургууль, ажил мэргэжлийн суралцах орчинд явагддаг зүйл биш.

Бидний чөлөө цагаараа хийсэн зүйлс бидэнд эрч хүч өгч бидний ажлыг тэтгэж туслан чадавхжуулж байдаг. Жишээ нь, Та сонирхогчдын спортын багийг дасгалжуулж байсан уу. Хэрэв та ийм зүйл хийвэл багийг хэрхэн зохицуулж, удирддаг талаар сурна. Ер нь сурагчдад давтлага өгч байсан удаа бий юу. Тэгвэл та хүнд урам зориг хэрхэн өгдгийг сурна.

Ямар нэг зүйл e Bay дээр зарах ч юм уу, мөнгө олохын тулд сонин ажил хийж байсан уу?

Энэ үед та худалдан авагчийн сэтгэлзүйн тухайд суралцах болно.

Улс төрийн идэвхтэй байж, аль нэг зөвлөлийн гишүүнээр ажиллаж, сайн дураараа өөрийнхөө дэмждэг компанит ажилд тусалж байсан уу? Энэ үед та нарийн төвөгтэй байдал, бүлэг хүмүүсийн ялгаатай байдлыг ойлгох болно.

Та гадны зочдыг музей үзүүлж хотоор зугаалуулж байсан уу? Үүнээс та хүний анхаарлыг яаж татдагт суралцана. 

Энэ бүхнээс харвал аар саар ердийн ажлуудыг хийснээр өөрийгөө улам туршлагажуулж, чадавхжуулах бүрэн боломжтой гэдгийг харж болно.

Би л хувьдаа орон гэргүй хүмүүсийн төвд сайн дурын ажилтан хийснээрээ ядуурлын тухай ямар ч тайлан уншсанаас илүү мэдэж авсан.

  • Бусдаас суралцах

Таны амьдралд тааралдах бүх хүн тэр сэдэв дээр танаас илүү мэднэ гээд бодчихвол амар. Тэгвэл бид хэнээс ч суралцаж болно гэсэн үг. Дэлхийн хамгийн сайн багш нар бол хүүхдүүд байдаг. Би дөрвөн настай охиноосоо гайхалтай зүйлийг сурсан. Ажлаа хийж байхад охин минь намайг үнсэхээр ирэхэд нь би “Одоо биш ээ, би завгүй ажилтай байна” гэв. Тэр над руу нухацтай харснаа “Аав аа, танд хайртай хэн нэгний үнсэлтээс хэзээ ч битгий татгалзаж бай!” гэв.

  • Алдах, буруутах талаар ойлголтоо дахин нэг цэгнэ

Амжилтын нөгөө тал нь алдах гэдгийг би хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Харин ч эсрэгээрээ амжилтын гол түлхүүрийг алдаа гэж боддог. Бид бүгдээрээ алдаа хийж байж, буруутаж байж суралцдаг. Анх хөлд орж байсан, хүүхдээ хөлд орох гээд унаж бүдэрч байгааг дахин нэг сана. Амьдрал яг л ийм байдаг. Бид унасан ч гэсэн өөрийгөө босгоод аваад явахаар цаанаасаа зохион бүтээгдсэн. Nelson Mandela-гийн хэлснээр “Би хэзээ ч хожигддоггүй, нэг бол ялна, нэг бол суралцана” гэсэн үгийг санаарай.

 
www.weforum.org

Хоёрдох асуулт: Та хэн нэгэнд тусалж байгаа юу?

Ливан гаралтай Sabine Choucair гэх эмэгтэйтэй би дандаа CEO, ерөнхийлөгч, дарга захирлууд цугласан нэгэн чухал хурал дээр танилцаж байлаа.

Тэр юу хийдэг байсан бэ гэвэл алиалагч. Алиалагч байхад зоригтой байх хэрэгтэй тул түүний түүх миний сонирхлыг татсан. Тэрбээр өөр шигээ адил бусад гайхалтай хүмүүстэй нийлэн Грекийн нэгэн жижигхэн арал дээр хэдэн долоо хоног Сирийн дүрвэгчдийг хүлээн авч өнгөрүүлжээ. Дүрвэгчдэд хэдхэн хормын инээмсэглэл болон хүн хоорондын харилцаа холбоо бэлэглэхийг л хүссэн гэнэ. Энэ амжилттай ямар хамаатай юм бэ гэж та асууж магадгүй.

Хэн нь хамгийн амжилттай хүмүүс вэ: өгөгч, авагч, тэнцүүлэгчид?

Авч байдаг хүмүүс үргэлж чамаас нэг юм хүсч байдаг. Тэнцүүлж байдаг хүмүүс авбал өгнө гэдэг. Өгдөг хүмүүс чамд туслахыг, ямар нэг юм өгөхийг хүсдэг. Жишээлбэл өөрийн цаг зав, энерги, холбоо сүлбээ, мэдлэг, хариу үйлдэл, зөвлөгөө гэх мэт. Зөв хариулт бол өгөгч хүмүүс юм.

Гол нь бусдад туслах, бусдад таалагдахын тулд туслах хоёрын ялгааг л мэддэг байх хэрэгтэй.

Нэтворк хийнэ гэдэг нь хэрэгцээтэй үедээ хэн нэгэн рүү ярихыг хэлэхгүй, харин өөрийн цаг хугацаа энерги, хүндлэлийг харилцаандаа зарцуулахыг хэлнэ. Хэн хамгийн их ажлын санал авдаг вэ? Энэ бол гоё СV-тэй байх хэрэг биш, учир утгатай харилцааг арчилж ургуулахын нэр юм.

Гуравдахь асуулт: Та ажилдаа дуртай юу?

Олон жилийн дараа Mark Twain-ны хэлсэн үгнээс би аавынхаа хэлсэн үгний цаад учир утгыг ойлгосон.

“Чиний амьдралын хамгийн чухал хоёр өдөр бол чиний хорвоод мэндэлсэн өдөр, нөгөөдөх нь яагаад төрснөө ойлгосон өдөр"

Өөрийн дуртай юмаа олох гэхээсээ илүү өөрийн зорилгоо олох гэсэн утга санааг аав минь хэлж ойлгуулж өгчээ. Чи яагаад энд байна, хийж байгаа юм чинь ямар утга учиртай, яагаад яг одоо гэж? Юуны төлөө?

Миний амьдралын хоёр дахь чухал өдөр хэзээ байсан бэ?

Сургуулиа төгссөний дараа би хөрөнгө оруулалтын банканд ажиллаж байгаад дараа нь Дэлхийн банканд оров. Эхний зургаан сар Дэлхийн банканд ажилласны дараа би маш том алдаа хийлээ гэж бодож байв. Урамшуулал, хувьцаа,  компанийн машин гээд бүх зүйлээсээ татгалзсандаа харамссаар байлаа. Ядаж байхад найз охиндоо хаягдав.

Уйтгар гунигаар дүүрсэн хэдэн сарын дараа би эхний албан томилолтоор алс холын баруун Камеруны тосгоныг зорилоо.  Хөдөө аж ахуйн төсөл үзүүлэхээр жолооч Жорж намайг олон км-н шороо тоостой замаар авч явав. Тэрбээр худгийн өмнө зогсоод дээр үед худаг баригдахаас өмнө түүний ээж зургаан км гол руу алхаж ус зөөдөг байсан талаар хуучлав. Дэлхийн Банк, НҮБ-тэй нийлэн түүний амьдардаг газраас хэдэн зуун метрийн цаана худгийг барьж түүний амьдрал өөрчлөгджээ. Хэдийгээр би энэ ажилтай ямар ч хамаагүй ч гэсэн Жорж надад талархлаа илэрхийлэхийг хүсэж намайг тосгондоо авчирч ээжтэйгээ танилцуулав. Түүний ээж үнэхээр гайхмаар эрхэм нандин хүн байсан бөгөөд бид удаан тэврэлдэв. Дараа нь би энэ мартагдсан тосгонд өнгөрүүлсэн өдөр бол миний амьдралын хоёр дахь хамгийн чухал өдөр байсныг ойлгосон юм.

48 жилийн өмнө аавын минь асууж байсан асуултыг би дахин бодлоо. Чи хийж буй ажилдаа дуртай юу, чи бусдад тусалж чадаж байгаа юу, чи ямар нэг зүйлд суралцаж байгаа юу? Аав минь надад гурван чухал асуултыг зүрхэнд минь үлдээжээ. Энэ гурван асуулт миний амжилтын луужин байсаар ирсэн.

Магадгүй та энэ гурван асуултыг мартсан ч гэсэн, маш энгийн нэг зүйлийг байнга санаж яваарай. Танд хайртай хэн нэгний үнсэлтээс хэзээ ч бүү татгалзаарай.

 

Эх сурвалж: weforum.org