Индэр    
2019 оны 7 сарын 17
Зураг
iKon.mn сэтгүүлч

Б.Гэсэр: Залуучууд сайхан ирээдүйг хүсэж л байгаа бол улс оронд гарч буй шийдвэрт үзэл бодлоо илэрхийлж, нийгэмдээ идэвхтэй оролцох хэрэгтэй

Зураг

Сурч боловсрохыг эрхэмд тооцдог олон залуучууд бидний дунд амьдардаг.

Тэдний нэгэн төлөөлөл болох АНУ-ын Аляска мужийн Анкориджийн их сургуулийн оюутны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон амжилттай ажиллаж, төгссөн Бат-Эрдэнийн Гэсэртэй ярилцлаа.

- Сайн байна уу. Сургуулиа амжилттай төгссөнд нь баяр хүргэе. Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Би Эрдэнэт хотод төрж, өссөн. Одоо 27 настай. Бага ангиасаа Орос сургуульд сурч байгаад ахлах сургуулиа Япон улсад төгссөн. Харин өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Аляска мужийн Анкориджийн их сургуулийг санхүүгийн мэргэжлээр суралцаж төгслөө. АНУ-д ирснээсээ хойш Аляскад  амьдарч байгаад саяхан Вашингтонд нүүж ирсэн.

- Яагаад заавал Аляска мужийн их сургуульд санхүүгийн мэргэжлээр сонгон суралцахаар болсон бэ?

- Аляска муж нь Эрдэнэт хоттой эгч дүүс хотын гэрээтэй. Гэрээний хүрээнд Аляскийн их сургуульд хөнгөлөлттэй суралцах боломжийг олгодог юм.

Харин мэргэжлээ сонгосон шалтгааныг тайлбарлахын өмнө нэг зүйл хэлэхэд би багаасаа л хэл сурах сонирхолтой хүүхэд байсан. Багадаа орос хэлэнд дурлаж, дараа нь англи хэлийг сурч, ахлах ангидаа япон хэлийг сурсан. Тэгээд хэл судлаач, эсвэл багш болох боломж байсан ч миний хувьд санхүүгийн мэдлэг чухал төдийгүй өгөх үр шим ихтэй болохыг ойлгосон. Иймд санхүүгийн мэргэжлээр суралцахаар шийдсэн. Мөн сая их сургуульдаа туслах мэргэжлээ Франц хэлээр төгссөн. Цаашдаа төрийн удирдлагаар сурах сонирхолтой байгаа. Энэ зорилгодоо хүрэхэд санхүү, хэлний мэдлэг маань тус болно гэдэгт итгэдэг.

- Нэг зүйлийг тодруулж асуух гэсэн юм. Өөрөө 27 настай гэж байна. Ахлах сургуулиа төгсөөд шууд их сургуульд ороогүй юм байна тийм үү. Боломжтой бол хариулж өгөөч?

- Тийм ээ бололгүй яахав. Би үеийнхнээсээ хойно их сургуулиа төгсөж байна. Учир нь ахлах сургуулиа төгсөөд шууд ажиллах шаардлага гарсан юм. Тэгээд  гурван жил ажилласан. Тухайн үед үеийнхнээсээ хоцорч байна даа гээд их ч сэтгэлээр унасан. Бүр их сургуульд явах хэрэг байна уу, үргэлжлүүлээд ажилладаг ч юм билүү гэх эргэлзээ ч төрж байсан.

Үүгээр дамжуулан уншигчдадаа хэлэхийг хүссэн зүйл бол дээд боловсрол чухал гэж бодож байгаа бол оройтсон гэж бодолгүйгээр сурч эхлээрэй.  Сурахад хэзээ ч оройтдоггүй. Би ингээд нэг мэдэхэд сургуулиа төгсчихлөө. 

- Тийм шүү сурахад хэзээ ч оройтохгүй. Одоо ажлаа хайж байгаа юу. Хаана ажиллаж, амьдрахаар төлөвлөж байна вэ? 

- Энд жил бүрийн өдийд сургуулиа төгссөн ихэнх гадаад оюутнууд мэргэжлийн дагуу ажиллах эрхээ авчихсан байдаг юм. Энэ жилийн хувьд улс төрийн уур амьсгал болон бусад олон зүйлээс шалтгаалан удаашралтай байна. Миний хувьд ч мөн адил ажлын байрны эрхээ хүлээж байна. 

Гэхдээ урт хугацааны зорилго маань Монголдоо ажиллаж, амьдрах хүсэл дүүрэн бий. Эх орноо ч маш их санаж байна. Буцаж очтолоо мэдлэг, туршлагаа хангалттай хэмжээнд хуримтлуулчихаад очно. Ер нь маш олон залуу боловсон хүчнүүд эх орондоо очиж амьдрахыг хүсдэг.

 
Photo courtesy of Geser Bat-Erdene

- Их сургуулийнхаа оюутны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм билээ. Энэ тухайгаа хуваалцаач. Гадаад оюутан тэр дундаа Монгол оюутан Аляскийн их сургуулийн оюутны холбооны ерөнхийлөгч болсон нь бахархмаар хэрэг?

- Баярлалаа. Сүүлийн гурван жил сургуулийнхаа оюутны холбоонд сонгогдон, төгсөх жилээ тус холбооны ерөнхийлөгчөөр ажилласан юм. Анкориджийн их сургууль нийт 16 мянга гаруй оюутантай. Эдгээр оюутнуудынхаа төлөөлөл болж, өөрөөсөө гадна 20 гаруй хүнтэй баг болон хамтран ажилласан нь миний амьдралд маш их зүйлийг суралцах, бүтээх боломжийг олгосон. 

- Ер нь танай сургуульд монгол оюутан хэр олон байдаг вэ?

- 10 хүрэхгүй монгол оюутан байсан.

- Хичээлийнхээ хажуугаар оюутнуудын асуудлыг хариуцаж, чиглүүлээд явахад цаг хугацаанаас авахуулаад олон зүйлийг зориулсан байх. Тийм ч амар зүйл биш шүү дээ?

- Тийм ээ. Маш их цагийг зарцуулсан. Үндсэн хичээлийнхээ хажуугаар сургуульдаа цагийн ажил хийдэг байсан учраас үлдсэн цагаа зохицуулж, олон нийтийн арга хэмжээнд ч их оролцсон. Гэхдээ дуртай зүйлээ хийсэн тул бүх зүйл маань үр дүнгээ өгсөн.

Мөн холбоондоо их цаг зарцуулсан ч хичээлээ хийж амжаагүй, цалгардсан гэх асуудалд огт хүрээгүй. Төлөөлж буй оюутнуудынхаа юу хүсэж байгааг ойлгож, дуу хоолой нь болох гэж их хичээсэн. Жилийн хугацаанд зөвхөн оюутнуудтай харилцахаас гадна сургуулийн захиргаа, мужийнхаа улс төрчидтэй ч ойрхон ажилладаг байсан. Америкт оюутны төлөөллийг улс төрчид нь цааргалахгүйгээр хүлээн авч уулзан, үзэл бодлыг нь сонсож чаддаг нь үнэхээр таалагддаг.

Гадаад оюутан анх удаа оюутны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон нь зөв цагтаа зөв газраа байсан учраас тэр байх

 
Photo courtesy of James Evans, UAA Advancement

- Монголын оюутны холбоо, Америкийн оюутны холбоо хоёр юугаараа ялгаатай санагдсан бэ?

-Үнэнийг хэлэхэд би Монголынхоо оюутны холбооны талаар мэддэггүй. Бас нүдээр хараагүй болохоор ийм тийм ялгаатай гээд хэлж чадахгүй байна. Сүүлд оюутны холбооны ерөнхийлөгч байх хугацаандаа МУИС-ийн мини парламент  клубын даргатай нь холбоо тогтоох боломж гарсан. Тэр үед яриа хийж байхдаа сонсоход америкийн их сургуулийн оюутны холбооноос бүтцийн ялгаатай зүйл нэлээд байдаг нь ажиглагдсан.

-Америк оюутнуудын нийгэмд оролцох оролцоо хэр байдаг вэ?

-Надад хамгийн их таалагдсан зүйл нь ямар ч өндөр албан тушаалтан байсан оюутан залуусаа үл тоолгүйгээр үзэл бодлыг нь хүндэтгэж, сонсож байсан явдал. Өөрөөр хэлбэл, ардчиллын амин сүнсийг оюутан наснаас нь эхлүүлэн суулгаж буй хэрэг. Ер нь оюутны холбооны зорилго, итгэл үнэмшил урт хугацаанд  төлөвлөгдсөн байх шаардлагатай юм билээ. Тэгэхгүйгээр жил болгон сонгогдсон ерөнхийлөгч нь өөрсдийн бодлоороо асуудалд хандаад байвал олон  эрсдлийг  дагуулдаг. 

Мөн миний сурч, ажигласнаар, АНУ-ын боловсролын системд хувь хүн, багийн ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн маш олон боломж байдаг. Тухайлбал, оюутнууд сонирхлоо дагаад хүссэн оюутны байгууллага, нийгмийн хөдөлгөөн, хэрвээ хүсвэл өөрийн шинэ байгууллага байгуулаад явахад бэрхшээл бараг тулгардаггүй.

Өөрөөр хэлбэл, хүн бүр ижил зүйл хийх албагүй, эхлэхийг хүссэн зүйлээ хийхэд тэр сонголт нь нээлттэй гэсэн үг. Ингэж үзэл бодол, хүсэл эрмэлзлээ чөлөөтэй илэрхийлэх боломж байгаа нь нийгэмдээ урт хугацаагаар идэвхтэй оролцох үндэслэл болдог байх. Энэ зүйл нь манай улсад дутагдаж, залуучууд, оюутнууд нь улс орны талаар яриад эхлэхээр үгүйсгэх хандлагатай байдаг. 

Нэгэн судалгаанаас харахад, оюутны амьдралдаа идэвхтэй оролцох нь олон хүмүүстэй харилцаж, хамтын ажиллагаа хөгжүүлэх, сургуулиа амжилттай төгсөх, олон талын мэдлэг туршлага хуримтлуулах, болон хувь хүний сэтгэл ханамжтай байдлыг олж авах гэх мэт олон давуу талтай гэж гаргасан байсан.

Мөн ямар ч хөгжилтэй улс оронд бэрхшээлд баригдалгүйгээр шинийг эрэлхийлэн, тэмцэх чадвараа нэмэгдүүлж, сэтгэлгээгээ хөгжүүлэх нь дотоод болон гадаад зах зээл дээр ямар ч салбарт өрсөлдөх боловсон хүчин ихэснэ.

Тиймээс энд ирээд оюутны оролцоо гэдэг улс оронд ямар их чухал нөлөө үзүүлдэг болохыг мэдэрсэн.

 
Photo courtesy of James Evans, UAA Advancement

- Залуу хүнийхээ хувьд ямар үзэл бодлыг эрхэмлэж амьдрахыг хичээдэг вэ?

- Аль болох бүх зүйлийг эерэгээр бодож, мэдээлэлтэй ойр байх гэж хичээдэг. Тухайлбал, улс хоорондын баримтад суурилсан мэдээллүүдийг харьцуулж, анализ хийх их дуртай. Том гүрнүүд үргэлж мэдээллийн өрсөлдөөнтэй байдаг учраас тэр хэмжээгээрээ сэтгүүл зүйн салбар нь өрсөлдөөнтэй санагддаг юм. Үүнээс гадна бусдаас үргэлж суралцан, харилцан хүндэтгэлтэйгээр амьдрахыг эрмэлзэдэг.

Хүн болгонд өөрийн гэсэн гайхалтай түүх байдаг

- Төгсгөлд нь залуучууддаа хандаж юуг хэлж, уриалахыг хүсэж байна вэ?

- Үнэхээр мундаг, суралцмаар залуучууд олон болсныг харахад сайхан байна. Нөгөө талаар залуучууд бүх зүйл дээр улс төрийг битгий буруутгаасай гэж хүсдэг. Ардчиллыг авч үлдэхэд сонгогчдын идэвх хамгийн үнэ цэнэтэй зүйл шүү дээ. Тэр утгаараа залуучууд идэвхтэйгээр сонгуульд болон нийгмийн асуудалд оролцож, хэрсүү байх хэрэгтэй болов уу. Ингэж гар бие оролцсоны үр дүнд залуучууд бид өөрсдөө шинэ соёлыг бий болгож чадна. 

Үнэхээр л аюулгүй амьдрал, амьдралын баталгаатай орчин, эрх тэгш боловсролын систем, зөв эрүүл мэндийн тогтолцоог хүсэж байгаа бол залуучууд улс оронд гарч буй шийдвэрт үзэл бодлоо илэрхийлж, нийгэмдээ идэвхтэй оролцохыг уриалмаар байна.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.