Индэр    
2019 оны 7 сарын 3
Зураг
Эдийн засагч, шинжээч

НАДАД ПАДГҮЙ

Зураг
Төв Азийн цээжинд нэг айл байдаг. Нэр нь Монгол. Энэ айлын жилийн орлого нь 10 их наяд төгрөг, зарлага нь 12 их наяд төгрөг. Эцэст нь 2 их наяд төгрөгийн алдагдалтай. Орлогоосоо давсан зардлаа өрхүүд юугаар нөхдөг байж таарах вэ? Мэдээж өр, зээл. Хөрш айл, эсвэл хаа нэгтээ банкнаас очиж зээл авна. Мэдээж тэд нар нь зүгээр ч нэг өгчихгүй. Баталгаа хэрэгтэй, барьцаа шаардлагатай гэнэ. Харин энэ айл барьцаалах баялаг ихтэй нь давуу биш, сул тал болжээ. 
 
Мань нөхдүүд 2019 оны өрхийн төсвөө алдагдалтай баталчихсан. Одоо 2020 оны төсвийн мэдэгдлээ гаргаж байна гэнэ. Төсөв нь дахиад л 2.1 их наядын алдагдалтай. Яагаад билээ. Сонгууль болохоор тэр. Алдагдлаа яаж нөхөх юм бэ? Өө дотоод, гадаадаас хямдралтай зээл авчихна даа. Тэгээд яах юм бэ? Тэд угаасаа л ингэдэг. Тэнэг улс төрчдийн яах нь надад падгүй ээ гэж үү? 
 
Хятад ардын нэг үлгэр байдаг. Амиа бодсон, хувиа хичээсэн нэг тариачин нөхөр хөршүүддээ ч тусалж, нийгэмдээ ч хувь нэмэр оруулдаггүй. Өөрөө л болж байвал бусад нь надад падгүй гэж боддог. Тиймээс ч хөршүүд нь НАДАД ПАДГҮЙ гэж дуудна. Нэг удаа НАДАД ПАДГҮЙ захаас шош аваад буцаж явав. Цоорхой уутанд хийсэн шош нь асгарч байгааг хөрш нь хараад хэлэх гэтэл НАДАД ПАДГҮЙ “миний хэрэгт бүү оролц” хэмээн ерөөсөө ч үгийг нь гүйцэт сонссонгүй. Харин гэртээ ирээд уутаа дэлгэтэл шош нь үлдээгүйг хараад хөрш рүүгээ уурлан, хашгиртал хөрш нь ‘’надад падгүй ээ’’ гэсэн гэдэг. 
 
Бид ч адил асуудлын суурь шалтгаан биш, илэрч байгаа шинж тэмдэг, тухайн өвдөлт өөрт нь нөлөөлөөд эхлэх тэр үед л дугарч, орилж, чарлаж эхэлдэг. Жишээ нь, татвар нэмэгдэхэд, бензиний үнэ өсөхөд, доллар чангарахад, зээлийн хүү буурахгүй байхад, төрийн албан хаагчийн цалин өсөхгүй байхад... Бусад үед надад падгүй ээ гэж боддог мэт. Гэтэл 
  • Бензиний үнэ юунаас болж өсөв? 
  • Доллар яагаад чангарав? 
  • Зээлийн хүү яагаад буухгүй байна вэ? 
  • Төсвийн цалин юунаас болоод өсөхгүй байна вэ? 
  • Яагаад татвар нэмэгдэв? гэх мэтээр асуудлын суурьтай нь очиж тэмцэж, дуу хоолойгоо хүргэвэл хамгийн үр дүнтэй мэт. 
Үнэндээ бидний огт хамаагүй гэж боддог зүйлс бидний амьдралд хүчтэй нөлөөлж байдаг. Энэ удаад ч тэр улсын төсөв, төсвийн алдагдал гэсэн нэр томьёо өөрсдөөс маань хэт хол сонсогдоод байгаа болохоор хамаагүй юм шиг санагдах байх. Гэвч үнэхээр хамаатай болохыг нь хялбархан жишээн дээр авч үзье л дээ. 
 
Зураг. Монгол Улсын төсвийн алдагдал (их наяд төгрөг) 
 
 
Эх үүсвэр: Төсвийн хүрээний мэдэгдэл

Ядуу байхад хэтэрхий үнэтэй биш үү? 

 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол өрхийн дундаж орлого 1.2 сая төгрөг. Эндээс татвараа бодоод эхэлбэл сард 228 мянган төгрөг, жилд 2.7 сая төгрөг зөвхөн татварт өгчихөж байна. Энэ мөнгийг бид тийм ч амар олчихдоггүй билээ. Түүнээс гадна хэрэглэгч болон ААН-д нь шууд болон шууд бус нөлөөгөөр гаалийн татвар, онцгой албан татвар гэх мэт маш олон төрлийн татварууд ч төлж буй.

Жишээ нь, дурын "Приус 20"-ийг 10 сая төгрөгөөр Японоос авлаа гэхэд гаалийн татвар, НӨАТ-н татвар нь л 2.1 сая төгрөг болчихно. 70 саяын үнэтэй хуучин орон сууцаа худалдсан гэж бодвол 1.4 сая төгрөг улсад төлнө. Ингээд тооцоод байвал шаггүй их мөнгө улсад жилдээ төлдөг байх нь. Тэгэхээр энэ бүх хөлс хүчээ урсган байж олсон мөнгө зүгээр л үр ашиггүй зарцуулагдан салхинд хийсээд барахгүй ирээдүйд төлнө гэсэн барьцаатай өр төлбөр, зээлд зарцуулагдаж байна гэхээр харамсалтай. Тэр зээлээс нь дундаж монгол өрх хүртээгүй нь лавтай. 
 
Төсвийн зарцуулалт дээрээ хяналт тавихгүй бол бид цалингаа өсгөх, сургууль цэцэрлэг бариулах боломжуудаа алдсаар л байна. 2018 онд олсон орлогынхоо 37 хувийг өмнө нь тавьсан өр, зээлэндээ төлсөн байна шүү дээ. 
 
Өмнөх сонгуульд ч гэсэн алдагдалтай гарган үүсгэсэн өр төлбөр, зээлд нийтдээ 3.7 их наяд төгрөгийг өгсөн байна. Яалтай билээ. Төрийн албаны 190 мянган албан хаагчийн цалин нийтдээ 1.8 их наяд төгрөг. Тэдний цалинг бараг 2 дахин нэмэхээр их мөнгө.

Гаднаас авсан зээлийнхээ хүүгийн төлбөрт нь л 1 их наяд төгрөг төлж байх жишээний. Гэтэл талбай дээр багш, эмч нарын цалинг өсгөх хэрэгтэй гэж хэчнээн их бослого болов. За тэгээд нөхдүүдийн байнга ярьдаг сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ хангамжийн талаар дурьдаад ч илүүц биз.

Бензиний үнэ, долларын ханшийн өсөлтөө ЗОГСОО гэж биш, төсвийн алдагдлаа бууруул гэж тэмцдэг болохсон.
 
Бензиний үнэ өсөөд, доллар чангараад ирэх үед орлого өсөөгүй ард иргэдийн худалдан авах чадвар буурдаг. Манайд барагтаа л цалин өсдөг биш дээ. Бид дэмий л "Бензиний үнээ буулгаач, долларын өсөлтөө зогсоогооч" гэж төрөөс шаардаж бухимдлаа илэрхийлдэг. Гэвч энэ нь тэдний хүч хүрэх, чадах зүйл угаасаа биш. Тэдэнд ямар хадгалсан ам.доллар, хав дарсан бензиний нөөц байгаа биш. Огтхон ч барахгүй.
 
Тэгэхээр бид тэдний чадах зүйлийг нь нэхэж, шаардах ёстой. Төсвөө битгий алдагдалтай батал! Төсвийн сахилга батаа сайжруул! Ингэж нэхэж чадвал харин үр дүнтэй болно. Угаас төсвийн алдагдал нь өөрөө инфляцы түвшинг нэмэгдүүлж, ам.долларын ханш чангаруулж, зээлийн хүүг өсгөх шалтгаан болдог.