Зураг
Зураг
Индэр    
2019 оны 6 сарын 26
Зураг
iKon.mn сэтгүүлч

Энэ зун хүүхэдтэйгээ хийхэд тохиромжтой АРВАН ЗҮЙЛ

 

Хүүхдийг номд дуртай болгох аргын талаар болон зуны улиралд эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тохиромжтой зүйлсийн талаар Боловсрол судлаач, "Хөөрхөн шар шувуу" төвийн захирал Г.Төмөрзаяатай ярилцлаа.

- Сайн байна уу. Хүүхдээ номд дуртай болгохыг хүсдэг эцэг, эхчүүд олон болсон харагддаг. Ном уншсанаар хүүхдэд ямар ач тустай вэ?

- Энэ асуултад хариулахаас өмнө нэг зүйлийн талаар ярихыг хүслээ. Манай төвөөс нийслэл, орон нутгийн нэгдүгээр ангид орсон зургаан настнууд дунд гэрийн даалгаврын талаар судалгааг хийсэн. Гэтэл монгол хүүхдүүд олон улсын стандартаас 13 дахин их хугацаанд гэрийн даалгавар хийдэг нь судалгаагаар харагдсан.

Өөрөөр хэлбэл, олон улсын стандартад зургаан настай хүүхэд 10 минут гэрийн даалгавар хийх ёстой байхад монгол зургаан настнууд 130 минут хийж байна.

Энэ нь хүүхдийг шинэ зүйл танин мэдэх, сорьж үзэх, турших, ээж аавтайгаа харилцах, бусадтай тоглох, хэл яриа нь хөгжих гэх мэт хүүхдэд хэрэгтэй олон хөгжлийг нь хязгаарлаж байгаа хэрэг. Энэ судалгааны дүгнэлтийг нийгэмд дэлгэснээс хойш олон эцэг, эх, багш нар судалгааны үр дүнг хүлээн зөвшөөрч хариуцсан газарт нь дуу хоолойгоо хүргэж, холбогдох яам эерэг арга хэмжээ аван ажиллаж, зарим сургуулиудын зуны даалгавар хүүхдийг илүү бүтээлч байлгах тал руугаа чиглэсэн харагдсан.

Хүүхэд номд дуртай болох ном унших дадал нь үсэг сурснаас хойш биш түүнээс өмнө бий болдог. 

Ном бол бүх цаг үеийн хүүхдийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх гол хэрэгсэл 

- Тэгвэл хүүхдийг яаж номд дуртай болгох вэ?

- Орчин үед хүүхдээ олон улсад өрсөлдөхүйц чадамжтай болгохын тулд бага наснаас нь мэдрэмжтэй, харилцааны чадамж, нөхөрлөх, мөрөөдөх, төсөөлөх, хийсвэрлэх сэтгэлгээ, уран сэтгэмжийг хөгжүүлэх чадвартай болгох нь хамгийн чухал болжээ. Эдгээр эрхэм чанар номоор дамжиж хүүхдэд хүрдэг төдийгүй ээж ааваас үлгэрлэж дадал болдог.

Хүүхдийг эхийн хэвлийд байх 27-28 долоо хоногтойгоос нь эхлээд ном уншиж өгөхөд тохиромжтой. Нярай үед нь даавуун болон зузаан хуудастай хүүхдийн гар, ам гэмтээхгүй, тэдний өдөр тутам харж байдаг танил дүрсүүдийг агуулсан ном байвал зүгээр.

Тухайлбал, шидэхээр өнхрөөд явчихдаг бөмбөг ном дотор байдаг, тэгсэн хэр нь шидэхээр өнхрөхгүй. Хазахад гоё амтагддаг алим ном дотор байна. Тэгсэн  хэр  мөн л хазагдахгүй гэж ярьж өгөх. Тийм учраас хүүхэд номоо шидэж, хазаж үздэг. Энэ нь хүүхдийн тархинд асуултын тэмдэг болон очиж төсөөллийн сэтгэхүйг хөгжүүлэх өндөр ач холбогдолтой.

Хүүхдээ номд дуртай болгоно гээд утга учиргүй олон ном авч өгөх шаардлагагүй.

Ер нь долоо хүртэлх насны хүүхдэд зурагт ном маш чухал. Тиймээс зурагт номыг хүүхдийн аясаар, асуултуудад нь хариулж, дэмжин сонсож, харилцан ярилцаж уншвал хүүхдийн хэл яриа, өөрийгөө илэрхийлэх, төсөөллийн чадамж хөгждөг.

Мөн унтлагын өмнө ном уншиж өгвөл хүүхдийн хийсвэр сэтгэлгээ маш сайн хөгжинө. Учир нь, унтаж байхад тархи үргэлжлүүлэн төсөөлөн ажилладаг юм. Дөнгөж уншиж сурч байх үед ээж аав "ном унш" гэж шахахаас илүүтэй уншиж чадаж байгааг нь урамшуулж, сайн сонсогч, харилцан ярилцагч, хамтран уншигч нь байгаарай. Энэ үеийн номын сонголтод дөрвөөс ихгүй дүртэй, нэг өгүүлбэрт есөөс дээшгүй үгтэй, том үсэгтэй зурагт ном тохиромжтой.

Тогтмол ном уншиж өгснөөр хүүхэд номд дуртай, ном унших дадалтай болдог бөгөөд хүүхдэдээ үлдээх хамгийн үнэт өв тэднийг номд дурлуулах явдал.

 

- Ингэж номд дурлуулахад эцэг, эхийн зүгээс ямар хүчин чармайлт гаргах ёстой байдаг бол?

- Хүүхэд ээж аавтайгаа хамтарч ном унших үед хамгийн дуртай байдаг. Мөн уншсанаа хамтдаа хийж, туршиж, хэрэгжүүлэх нь номыг илүү үр дүнтэй болгодог.

Ном унших болон ойлгох чадварыг хөгжүүлэхэд эцэг, эхчүүд дараах аргуудыг хэрэглэхийг зөвлөж байна.

  1. Ном уншиж өгч байхдаа болон уншиж өгснийхөө дараа хэн, юу, хэзээ, хаана, яагаад, хэрхэн, яаж гэх зэрэг асуултыг асууж байгаарай. Тэгвэл хүүхэд ном уншихдаа илүү гярхай ажиглах, төвлөрөх дадалтай болно. 
  2. Ном уншиж өгч байхдаа эгзэгтэй мөчид зогсоод дараа нь ямар үйл явдал гарч болохыг өөрөөр нь таамаглуулж, бодлыг нь асуугаарай. Ингэснээр хүүхдийн урьдчилан харах, төсөөлөх чадвар, хийсвэр сэтгэлгээ сайжирна. 
  3. Хүүхдэд танил биш, мэдэхгүй үг хэллэг гарч ирвэл тэр үгийн талаар хамтдаа ярилцаж, үгийн баялгийг нь нэмэгдүүлээрэй. 
  4. Заримдаа өмнө нь хамтдаа уншсан номын талаарх асуултуудыг ч бас асуугаарай. Өмнөх номоо сэргээн санаснаараа хүүхдийн ой тогтоолт сайжрах болно. 
  5. Тухайн ном, үлгэрт гарч буй гол дүрийн баатрын үг, үйлдэл, биеэ авч явж буй байдал, өгүүлж буй санаа зэргийн талаар хүүхдийнхээ бодлыг асуугаарай. Ингэснээрээ аливаад дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах зөв дадалтай болно. 

Эдгээр аргыг хэрэглэснийхээ дараа хүүхдээ магтаж, урамшуулахаа мартаж болохгүй. Мөн эдгээр асуулт, аргыг нэг л удаа хэрэглээд өнгөрөх бус, ном унших болгондоо ярилцаж, хүүхдэдээ дээрх дадлуудыг суулгаж, хамтдаа уншсаар, урагшлах хэрэгтэй.

Номыг их унших, хурдан унших нь чухал биш тогтмол унших, зөв унших дадалтай болгох нь чухал

Номтой хэдий чинээ багаасаа нөхөрлөнө төдий чинээ хүүхдийн хэл яриа, сэтгэхүй, анхаарал төвлөрөлт нь хурдан хөгждөг гэдгийг дахин хэлмээр байна.

- Нөгөө талд эцэг, эхчүүд хүүхдэдээ ямар ном авч уншуулах вэ гэдэг нь асуудалтай санагддаг. Манайд шаардлагад нийцэхээр ном байгаа эсэх нь эргэлзээтэй шүү дээ?

 - Тийм ээ үнэн. Мэдээж ямар ном сонгох вэ гэдэг нь маш чухал. Эцэг, эхчүүд хүүхдэдээ ном сонгохоосоо өмнө өөрөө нэг уншаад үзчих хэрэгтэй.
Өнөөдөр хүүхдүүдийн өсч буй нийгэм нь дэндүү даяарчлагдсан тул хамгийн үнэтэй зүйлийн нэг нь эх орон гэдгийг ойлгуулах нь чухал болсон. Ийнхүү ойлгуулахын тулд монгол орноороо аялж, монгол тоглоомоор тоглож, монгол ахуйтайгаа танилцах нь зүйтэй болов уу.

- Эдгээрийг цогцлоосон өөрөөр хэлбэл монгол ахуйг тусгасан ном хэр олон байдаг юм бол?

- Хөөрхөн номууд гарч байна. Бумбардай, Ач тусын тухай үлгэрүүд, Ногун гээд агуулга сайтай чанартай бүтээлүүд гардаг болжээ. Ялангуяа Бумбардайн үйл явдалд суралцагч хүүхдүүд маань төдийгүй би өөрөө ч татагдан орчихоод байгаа.

- Ярилцлагын төгсгөлд энэ зун эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хийхэд тохиромжтой санал болгох зүйлс байвал хэлж өгөөч?

- Сайхан санаа байна. Бумбардай номын цувралыг уншиж байхдаа би хүүхэд насаа их санасан. Хүүхэд насны минь зун цаг, өвөө, эмээ дээрээ адуу малын дэргэд өссөн минь намайг олон зүйлд сургасан санагддаг. Тиймээс би Бумбардайгаасаа санаа аваад гэр бүлээрээ аз жаргалтай, үнэ цэнтэй дурсамж үлдээж болох арван  жишээг хэлье.

Эцэг эхчүүд маань хүүхэдтэйгээ хамт номоо уншиж үзээд хэлсэн санаануудыг хэрэгжүүлж үзэхийг зөвлөмөөр байна.

  1. Майхантай аялал хийх. Ингэж аялангаа шөнийн тэнгэр ажиглаж долоон бурхан, алтан гадас одыг хүүхдүүддээ заан таниулж зүг чигээ олох аргыг зааж өгөөрэй. Бумбардай төөрчихөөд алтан гадсаар баримжаалан харьж байсан удаатай.
  2. Аргал түүх ухаанд суралцуулах. Аргал түүх нь хүүхдийг орон зайн баримжаатай, тэсвэр хатуужилтай, авхаалжтай байхад тусалдаг. Бага насны хүүхэд бол шээзгий үүрээд явж болно.
  3. Аавууд хүүхдэдээ түүх, домог ярьж өгөх. Аавын ярьж өгсөн зүйл хүүхдэд хамгийн их бодогдож, хадгалагдаж үлддэг. Магадгүй дийлэнх аав ээжээс цөөн үгтэй, хамт байх хугацаа бага байдагтай холбоотой ч байж магадгүй. Зайсан толгойнхоо үүх түүх, усанд сүү хийдээгүйн учир, наадам хийдэг болсны шалтгаан гээд хэлж ярих зүйл их бий. Бумбардайгаас л гэхэд би шувууны өндөгөнд сүүдрээ тусгаж болдоггүй гэдгийн шинжлэх ухаанч тайлбарыг нь мэдэж аваад их баярлаж байсан.
  4. Хүүхэдтэйгээ хамт ямар нэгэн шинэ зүйлийг хийж үзэх.  Бумбардай нэг цуврал дээрээ ээжийнхээ аавынх нь араас сүү өргөдөг цацлын халбагыг хугалчихаад маш их гэмшиж, мужаан өвөөтэй хичээнгүйлэн сууж байгаад шинэ халбага ээждээ хийж өгдөг. Түүндээ өөрөө ч их урамшдаг. 
  5. Нүүдлийн соёлыг тайлбарлан ярилцах. Монголчууд бидний ёс заншил, өв соёл, түүх бүх зүйл л энэ нүдлийн соёл иргэншилтэй холбоотой. Бумбардайн гуравдугаар цувралыг уншвал нүүх суух, ачаа татах, гэр барих, намаржаа, өвөлжөө гээд бүхнийг мэдээд авах юм билээ.
  6. Хайр бол хуваалцах сэтгэл гэдгийг ойлгуулах. Бумбардайн “Борцны хулгайч” цувралд нь үнэхээр хайр татам өөрөө борцоо алдчихаад борцыг нь хулгайлсан доргоны ганьснуудыг өрөвдөөд тал хагасыг нь тэдэнд өгч буй хүүхдийн сэтгэл. Үүнийг уншаад хүүхэдтэйгээ хамт тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслах тусламжийн аян өрнүүлээрэй. Гэр бүлийн тань мартагдашгүй дурсамж болон үлдэх болно байх. Хүүхэд өөрт байгаа зүйлээ бусадтай хуваалцаж чаддаг байх чанар маш чухал. Томчууд бид ч өөрийнхөө хүүхдэд хүсдэг зүйлийг бусдын хүүхдэд хүсэх сэтгэлтэй байх хэрэгтэй. 
  7. Монгол ахуйгаас эрүүл хооллолтыг суралцуулах. Зун хүүхдээ аль болох сүү, сүүн бүтээгдэхүүнээр хооллож, өөрсдөөр нь айраг бүлүүлж, тараг бүрүүлж, өрөм загсаалгаж үзээрэй. Малын ашиг шимийг хүүхдүүддээ ойлгуулж, Монголчуудын улиралдаа тохируулан хооллох ухаан, борц хийх арга, хүнсээ намартаа бэлддэг учир шалтгааныг ярьж өгөөрэй. Магадгүй залуу аав ээжүүд мартсан бол Бумбардайгаасаа асуугаарай.
  8.  Мал, ан амьтантай ойрхон харилцах. Бид бүгд байгаль дэлхийтэйгээ цогц нэгэн. Тиймээс хэрээ хар муухай, хун цагаан гоё, аалз бохир гэж ялгадаг битгий байгаасай. Ан амьтан, ургамал ногоогоо хэдий чинээ танин мэднэ төдий чинээ тэднийгээ хайрлах ухаан ургана. Хэрээ хэдий хар ч хамгийн ухаантай, урт насалдаг шувуу гэгддэг.
  9. Ямар нэг бохир орчныг сонгож аваад хамтдаа цэвэрлэх. Хүүхэд өөрөө бохирдуулаагүй ч байгаль дэлхийгээ хайрлаж цэвэрлэж өгөх ёстойг тайлбарлан өгөөрэй. Өөрийн биеэр мэдрэх нь байгаль дэлхийтэйгээ үргэлжид зөв харилцах ухаанд суралцуулна. Өөрөөр хэлбэл өөрөө бүтээж, хөдөлмөрлөж олсон мэдлэг илүү үнэ цэнтэй үлддэг шүү дээ. 
  10. Гэр бүлийнхээ ургийн модыг бүтээж, угийн бичгээ хөтлөх. Гэртээ байдаг садан төрлийнхөө зураг, бичиг баримт, хуучны дурсгалын зүйлсийг хаяж гээлгүй тэмдэглэн хадгалах аргыг хүүхдүүдээ зааж, танихгүй мэдэхгүй хүний зураг байвал өвөө, эмээ болон бусад ахмадуудаасаа лавлаж тэмдэглэж аван модоо баяжуулахыг сургах. 

- Үнэтэй зөвлөгөө хуваалцаж, ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.