Индэр    
2019 оны 6 сарын 19
Зураг
Мэдээллийн технологи

Үл хөдлөх хөрөнгийн салбар дахь AR технологийн хэрэглээ

Энэ удаа сонирхолтой технологиудын нэг болох Augmented Reality (AR) технологийн талаар хуваалцахыг зорилоо. Мөн уг технологийн ач холбогдол болон үл хөдлөх хөрөнгийн салбарт хэрхэн ашиглагдаж байгаа талаар бодит жишээгээр авч үзье.

Анх 2016 онд Augmented Reality (AR) технологи дээр суурилсан “Pokémon Go” тоглоом зах зээлд гарч хоёрхон сарын дотор 45-н сая идэвхтэй хэрэглэгчтэй болсноор уг технололги зах зээлд хүчтэй нэвтэрч эхэлжээ.  Түүнээс хойш AR технологи нь жижиглэн худалдаа, эрүүл мэндийн үйлчилгээ, шинжлэх ухаан, боловсрол, үл хөдлөх хөрөнгийн гэх мэт салбаруудад амжилттай ашиглагдаж эхэлжээ.  

 
Зургийг https://datafloq.com сайтаас ашиглав.

AUGMENTED REALITY (AR) ТЕХНОЛОГИ ГЭЖ ЮУ ВЭ?

Юуны өмнө AR-ийг ойлгохын тулд та өөрийгөө бодит болон виртуал орчны зааг дээр байна хэмээн төсөөлөөд үзээрэй. Үндсэндээ AR технологи нь бодит орчин дээр нэмэлтээр компьютерийн аргаар үүсгэсэн график, дүрс, видео, текст, дуу чимээг хослуулан холимог дүрслэл үүсгэх технологи гэж ойлгож болно. Хэрэглэгчдийн хувь энэхүү дижитал дүрслэлүүдтэй ажиллахын тулд гар утас болон таблет-нд зориулсан мобайл аппликэйшн ашиглана.

AUGMENTED REALITY (AR) ТЕХНОЛОГИЙН ДАВУУ ТАЛУУД

Хамгийн гол давуу тал нь хоёр хэмжээст харагдаж байгаа орчинг гурван хэмжээстээр харах боломжийг бий болгодог. Жишээлбэл хот төлөвлөлт, барилга архитектурын зургууд ихэвчлэн хоёр хэмжээст зургууд байдаг. Гэтэл AR технологийг ашигласнаар ирээдүйд барихаар төлөвлөж байгаа барилга байгууламж дотроо орж, дуртай өнцгөөсөө харж, интерьер дизайн болон дотор зохион байгуулалтанд өөрсдийн санаагаа оруулах зэрэг боломжийг бий болдог. Хэрэглэгчид AR технологийг ашигласнаар тухайн барилга, байгууламж, хаусыг илүү хялбар аргаар хурдан ойлгож, дотоод зохион байгуулалт, хийц болон загвар дизайн дээр олон сонирхолтой туршилт хийх боломж бий болжээ.

Үүний зэрэгцээ AR технологи нь хэрэглэгчдэд тухайн бүтээгдэхүүнийг зөвхөн өөртөө тохируулан сонгох, өөрчлөх боломжийг бий болгосноор харилцагчтайгаа илүү ойр байх боломжийг олгож байна. Тухайлбал хувцас, гоёл чимэглэл авахдаа өмсөж үзэхгүйгээр бүх барааг өөр дээрээ виртуалаар туршиж үзэн сонголт хийх, тавилга авахдаа тухайн дэлгүүрт байгаа бүх тавилгыг өөрсдийн дотоод интерьер болон зай талбайдаа тохируулан виртуалаар туршиж үзэж байгаад сонголтоо хийх зэрэг боломжууд бүрджээ. Ийм олон ач холбогдол байгаа учраас Google, Apple, Snapchat зэрэг компаниуд AR аппликэйшн хөгжүүлэгч нарт зориулан ARCore (https://developers.google.com/ar/discover/), ARKit (https://developer.apple.com/augmented-reality/) болон Lens Studio (https://lensstudio.snapchat.com/) зэрэг өөрсдийн AR платформуудаа танилцуулжээ.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРТ АШИГЛАГДАЖ БУЙ ТОМООХОН ЖИШЭЭНҮҮД

Үл хөдлөх хөрөнгийн салбарт амжилттай хэрэгжсэн 3 жишээг энд авч үзье. Эдгээр бодит төслүүд нь AR технологи дээр суурилан дотоод дизайн төлөвлөлт хийх, тавилга сонгох, маркетинг болон борлуулалтын үйл ажиллагаа зэрэгт зориулагдсан мобайл аппликэйшнууд юм.

  1. Commercial Real Estate AR мобайл аппликэйшн

Commercial Real Estate AR аппликэйшн нь Австралийн Macquarie их сургуулийн виртуал орчны лаборатори болон “Commercial Real Estate” үл хөдлөх хөрөнгийн компани хамтран AR технологи дээр суурилан хөгжүүлсэн мобайл аппликэйшн юм. Хэрэглэгчид энэхүү аппликэйшныг ашиглан оффисын болон үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг QR код уншуулж байгаа юм шиг уншуулснаар тухайн байгууламж дахь сул зай талбай, барилга доторх үзвэр үйлчилгээ зэрэг бүхий л төрлийн мэдээллийг авах боломжтой. Түүнчлэн уг аппликэйшнээ ашиглан тухайн барилгыг хариуцсан үл хөдлөхийн агентлагтай холбогдож нэмэлт мэдээлэл авах боломжтой. Уг аппликэйшн хэрхэн ажилладаг талаар энэхүү видео бичлэгээс үзнэ үү.

  1. Realar Places мобайл аппликэйшн

Энэхүү аппликэйшн нь 2017 онд хэрэглээнд нэвтэрсэн. Шинээр бариулахаар төлөвлөж буй, эсвэл өөрснөө барихаар төлөвлөж байгаа хаус эсвэл барилга байгууламжийнхаа загварыг сонгоод гурван хэмжээст дүрслэл ашиглан тухайн барилгынхаа виртуал хувилбар дотор орж алхан хүссэн өрөөрүүгээ орж, цонхоор харагдах бодит орчныг тольдон харах зэрэг боломжуудыг олгодог. Уг аппликэйшныг ашиглан үл хөдлөх хөрөнгийн агентлагууд болон барилгын компаниуд дуусаагүй барилгын орон зай, тав тух, амьдрах орчин зэргийг бодит мэтээр ирээдүйн худалдан авагчдын хэрэгцээ шаардлагад тохируулан танилцуулах боломжтой гэсэн үг юм.

Жишээлбэл хэрэглэгч хаус барих газар дээрээ очиж газрынхаа орчин, онцлог, хэмжээ зэрэгт тохируулан хаусныхаа загварыг 3 хэмжээст байдлаар сонгоод өрөө бүртэйгээ дотор нь орж танилцан, дотоод интерьер, дизайнаа төлөвлөх, цонхоор харагдах орчноо тооцоолох зэрэг маш олон давуу талыг олгоно. Уг аппликэйшн хэрхэн ажилладаг талаар энэхүү видео бичлэгээс үзнэ үү (https://vimeo.com/258187763 )

  1. IKEA Place мобайл аппликэйшн

Уг жишээ нь Швед улсын тавилга үйлдвэрлэгч IKEA компани хэрхэн AR технологийг ашигласан талаар юм. Тэд 2017 онд уг аппликэйшныг  амжилттай нэвтрүүлжээ. Уг аппликэйшныг хэрэглэгчид ашиглан IKEA компаний бүтээгдэхүүнийг өөрийн тохижуулах гэж байгаа өрөөний орон зай, онцлог, дизайн зэрэгт тохируулан бодит мэтээр гурван хэмжээст виртуал байдлаар туршиж, уг тавилгыхаа харагдацыг тал бүрээс нь харж сонголтоо зөв зүйтэй хийх боломжтой ажээ. Уг аппликэйшн яг хэрхэн ажилладаг талаар энэхүү видео бичлэгээс үзнэ үү. 

Эдгээр жишээнээс санаа авч энэхүү технологи дээр суурилан манай мэдээллийн технологийн компаниуд, үл хөдлөх хөрөнгийн компаниуд, тавилга үйлдвэрлэгч болон борлуулагч нар өөрсдийн гэсэн мобайл аппликэйшн хөгжүүлж үйлчилгээгээ улам бүр сайжруулж, хэрэглэгчидтэйгээ илүү ойр хамтарч ажиллах боломж бий болжээ.

 
Графикийг https://www.digi-capital.com/ сайтаас ашиглав.

Энэхүү дижитал стратегийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хэрэглэгчдэд хүргэх үнээ цэнээ улам нэмэгдүүлж түүнээс олох ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж мөн  харагдаж байна. Зах зээлийн чиг хандлага, өнөөгийн байдлыг судалсан судалгааны үр дүнгээс харахад энэхүү технологи нь хөгжлийн эхэн үе дээрээ явж байгаа бөгөөд цаашид зах зээл нь улам томорч 2021 он гэхэд 108 тэрбум долларын хэмжээнд хүрнэ хэмээн Digi-Capital компаний судалгаанд дурджээ.