Индэр    
2019 оны 6 сарын 18
Зураг
iKon.mn сэтгүүлч

Тэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар юу хэлэв

Зураг

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцэх эсэхийг өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. 

Хариуцлага, хяналт-тэнцэл, тогтвортой байдал гэсэн чиглэл баримтлан боловсруулсан уг төслийг хэлэлцүүлж эхлэхэд эрх баригч намынхан нэгдмэл байр сууринд хүрээгүй байна гэх шүүмжлэл дагуулсан. Уг нь МАН-ын 64 гишүүнээс 62 нь буюу Ц.Мөнх-Оргил, Ц.Даваасүрэн хоёроос бусад нь бүгд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж, гарын үсэг зурсан.

Харин сөрөг хүчнийнхэн Ерөнхийлөгчийн саналыг аваагүй, хуулийн дагуу төслийг өргөн бариагүй гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд оролцохгүй хэмээн мэдэгдэж чуулганы танхимыг орхисон юм. 

Үндсэн хуулийн өөрчлөлтөд ард нийтийн болон улс төрийн намуудын саналыг тусгана гэж байгаа ч эцсийн дүндээ 75 гишүүн л энэхүү өөрчлөлтийг батална. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх явц дахь гишүүдийн байр суурийг танилцуулж байна. Харин гишүүдийн асуултад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан хуульч, судлаач, УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийнхэн хариулт өгсөн юм. 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Монгол төрийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгааг зарчмын хувьд дэмжиж байна. Нэг зүйлийг тодруулъя. Эрдэнэт, Дарханыг Засаг захиргааны нэгжийн тухай хуульд аймаг болон хот байна гэж оруулахаар болсон. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг оруулж ирэхдээ хотын тухай асуудлыг дахин өөрчилсөн байна. 

 

Эрдэнэт, Дарханы статусыг шийдэхгүйгээр энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг яриад ч хэрэггүй.

Улсын хэмжээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гээд гуравхан хот байдаг. Гэтэл Эрдэнэтэд давхардсан бүтэцтэй 100 гаруй мянган хүн амтай сум хүртэл байна. Төрийн үйлчилгээ нь иргэдэд хүрдэггүй. Амьдралд болохгүй байгаа зүйлийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шийдэх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтөд томъёоллыг нь өөрчилж Дархан, Эрдэнэт гэсэн хотуудын нэрийг оруулж өгнө үү. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Ажлын хэсгийнхэнд талархалтай байгаа. Хэдий тийм боловч энэхүү өөрчлөлтийг 100 хувь дэмжиж чадахгүй. Заримыг нь ойлгохгүй байгаа учраас гарын үсэг зурахад нэгдээгүй. Гэхдээ энэ чухал хуулийг өөрчилж, сайжруулаад явах байх гэж найдаж байна. 

 

Давхар дээлтэй байх үгүйгээ шийдэж болохгүй байсан юм уу. Засгийн газрын гишүүний дөрөв нь давхар дээлтэй байж болно гээд өөх ч биш булчирхай ч биш болгочихлоо. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө томилж байгаа. УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр дөрвөн гишүүнийг нь сайд болгочихно. Ингэж хоёрын хооронд үлдээх хэрэг байсан юм уу. Ингэхээр УИХ болон Засгийн газрын ажлыг зааглая гэсэн санаа маань хэрэгжихгүй шүү дээ. 

Одоогийн хуулиар Засгийн газар УИХ-ын өмнө ажлаа тайлагнана гэж байгаа. Үүнийг байхгүй болгож байгаа нь зөв юм уу. Дараа нь УИХ яаж Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох юм бэ. 

Одоо бол супер парламенттай байгаа. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ чигээр нь баталбал супер Засгийн газартай болох гээд байна шүү

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 1991 онд нийт ард иргэдийн 30 хувь нь ядуу байна гэж байсан. Өнөөдөр мөн л адилхан 30 хувь нь ядуу хэвээр байна. Дээр нь шударга ёсны байдал бүр дордсон. Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталснаар энэ байдал өөрчлөгдөх үү. 

 

Хүчтэй Ерөнхий сайдтай болох юм байна. Гэтэл нөгөө талдаа ард нийтээс сонгогдсон Ерөнхийлөгч хэвээр байх юм байна. Сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох юм байна. Ингэхээр иргэд өөрсдийн тогтолцоог шууд сонгоно гэж одоогийн хуульд бий. Сонгуулийн тогтолцоог пропорцианаль гэж шууд оруулж болохгүй юу. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Би энэ хуулийг өргөн барихад гарын үсэг зурсан гишүүний нэг. 2016 оны сонгуулиар ард түмэн МАН-д 65 суудал өгсөн нь Үндсэн хуулийн үнэмлэхүй олонхын эрхийг өгсөн гэж ойлгож байгаа.    

 

Энэ бол ард түмний захиалга. Бид 27 жил суусан шавраасаа гарах хамгийн зөв гарц бол Үндсэн хуулийн өөрчлөлт гэж харж байгаа.

Өнгөрсөн хугацаанд 15 Засгийн газар байгуулагдаж, 300 сайд төрсөн байна. Өнөөдрийнх шиг ийм их талцал хуваагдалтай үеийг мэдэхгүй юм.

Монгол Улс 3.2 сая хүн амтай, 33 улс төрийн намтай. Сонгуулийн насны 2.5 сая хүний 500 мянга нь аль нэг намын харьяалалд байна. Дөрвөн хүн тутмын нэг нь улс төрийн намын гишүүн. Энэ бүх талцал хуваагдлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр арилгах ёстой. 

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллан, ажил хэрэгч олон санал гаргасан боловч төсөлд оруулаагүй байна. Амь, биегүй комисс л энэ хуулийн төсөлд ямар үг үсэг орохыг шийдээд байх шиг байна. Хэний шийдсэн ямар учиртай заалтууд оруулсан юм бэ. 

 

Үндсэн хуулийг аль болох олуулаа хэлэлцэх ёстой. Гэтэл өнөөдөр сөрөг хүчнээ оролцуулахгүй хэлэлцэж байгаа нь зөв юм уу. Хэдийгээр бүлэггүй болсон ч гэсэн сонгуулийн санал авсан дүнгээр Монголын ард түмний нэлээд хэсгийг төлөөлж байгаа хүмүүс. Тэднийг сонсох ёстой. 

УИХ-ын гишүүний гаргасан саналыг хуулийн төсөлдөө оруулахгүй юм бол энд хэлэлцэх ямар хэрэгтэй юм бэ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг явах ёстой. Тэгэхдээ нийт иргэд, улс төрийн намуудын оролцоог хангаж хэлэлцэх ёстой. Бид хүч түрээд батлаад явахад ард иргэдийн сэтгэлийн хангалуун байх нөхцөлийг хангаж чадах уу гэж асуумаар байна

 

Бид ер нь төрөө дээдлэх зарчим руу л орчихоод байна. Ард түмнээ дээдлэх ёс, зарчим руу явмаар байна. Төрийг ард иргэд байгуулж байгаа. Энэ Үндсэн хуулийн өөрчлөлтөд ард иргэдээ дээдэлсэн үг, үсэг байгаа юу. 

УИХ-ын гишүүн О.Батнасан: Би Үндсэн хуулийг зэрэмдэглэж болохгүй гэж үзэж байгаа гишүүдийн нэг. 

 

Гүйцэтгэх засаглалын хувьд Ерөнхий сайд эрх мэдэлтэй болж байгааг ойлгож байна. Гэхдээ хууль хяналтын байгууллагын тухайд асуудал байна. Гүйцэтгэх ажил хийдэг байгууллагуудыг нэг мөр болгох боломж байгаа юм уу. 

Үндсэн хуульд анхан шатны шүүгчийг ард түмнээс сонгодог байж болох уу

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зарчмын хувьд дэмжиж байгаа. Өнөөдөр оруулах гэж байгаа өөрчлөлт нь Үндэсний эв нэгдлийг хангахад чиглэх ёстой. 

 

Ажлын хэсгээс оруулж ирсэн төслөөс бүх зүйлийг Үндсэн хуульд багтаах гэсэн оролдлого харагдаад байгаа. Үндсэн хуулийн хэм хэмжээний биш зүйлүүдийг хасаад явах хэрэгтэй. Юу гэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнтэй байна, тавыг нь УИХ-аас томилно гэдэг ч юм уу. Түүнчлэн улс төрийн нам нь нэг талаас ТББ.

Гэтэл энэ төрийн биш байгууллага дээр тусгайлан зүйл заалт нэмж, төрөөс санхүүждэг болно гэж байгаа нь улс төрийн намыг Үндсэн хуулийн байгууллага болгож харагдуулах гээд байна. Энэ мэт Үндсэн хуульд оруулах шаардлагагүй асуудлуудыг оруулсан гэж харж байна

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Эрдэс баялгын ашиглалтын хүрээнд гарч байгаа авилгал, популист улс төр хийх хандлага зэрэг нь улс төрийн зөрчлийг шийдвэрлэх шинэ шаардлага бий болгож байна. 

 

Үндсэн хуульд эрдэс баялгын нөөц ашигласны орлогыг хуваарилах зарчмын заалт байхгүй. Бусад орнуудад энэ төрлийн зохицуулалтын Үндсэн хуульдаа оруулсан байдаг юм байна. Тиймээс үндэсний баялгийн сантай болох зохицуулалтыг Үндсэн хуульд тусгах хэрэгтэй байна. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Монголын ард түмэн МАН-д 65 суудал өгч, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийгээд өгөөч гэж сонгосон гэж ойлгож байгаа. Бидэнд энэ өөрчлөлтийг хийх эрх байгаа.

 

ЗХЖШ, Батлан хамгаалах яам гээд хоёр тусдаа бүтэц байгаа. Батлан хамгаалахын сайдын эрх хэмжээнд өөрөө ЗХЖШ-ын даргаа томилдог болгож болохгүй юу

Яамдын нэрийг Үндсэн хуульд тодорхой зааж өгч болдоггүй юм уу. Зарим яамыг татан буулгаж, заримыг нь нэгтгэдэгээ зогсоомоор байна. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Үндсэн хуульд оруулах өөрчлөлт наад зах нь гурван шалгуур давсан байх ёстой.

 

Монгол Улсын эрх ашигт нийцсэн, ард түмний дэмжлэгийг авсан, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа юм байна гэж харагдана. Энэ удаагийн хуулийн төсөл дээрх гурван шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. 

Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насыг 55 гэж оруулж ирснийг буруу гэж бодож байна. Эмэгтэй, залуу чадварлаг хүний боломжийг хязгаарласан заалт орж ирж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Дэлхийн жишигт Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн дундаж нас 40 байдаг юм байна. Тиймээс энэ заалтыг эргэж харах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Хоёр том гүрний дунд байдаг Монгол шиг орны хувьд парламентаа улам бэхжүүлсэн Үндсэн хууль оруулж ирсэн бол их зүгээр байх байсан болов уу гэж бодож байна

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Бид юунаас бол Үндсэн хуулийг өөрчлөх асуудал руу оров оо. Яг нарийндаа бид хуулиа хэрэгжүүлж чадахгүй байгаагаас Үндсэн хууль рүү хошуу дүрэх болсон.   

Өнөөдрийн байдлаар 48 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн байдаг юм байна. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээсээ өмнө энэ 48 хуулийн авч үзсэн бол өнөөдрийн асуудал тодорхой хэмжээнд гарахгүй байх байсан. 

 

Нэгэнт хууль байгаа бол мөрдөж ажиллах ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхдээ наад зах нь энэ ордонд байгаа улс төрийн намууд нэг шийдэлд хүрсэн байх ёстой гэдэг зарчмыг баримтлах ёстой. 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Шүүрхий багатай өөрчлөлт Үндсэн хуульд ороосой гэж найдаж байна. Бид ард иргэдээ сонсох ёстой. Нэгэнт эцэг хууль руугаа орж байгаагийх Монгол үндэсний дархлааг нэмсэн, тусгаар тогтнолыг баталгаажуулсан өөрчлөлт ороосой гэж бодож байсан. 

 

Ялангуяа төрийн сүлд, далбаагаа анхаарсан бол зөв зүйтэй байсан болов уу. 1990-ээд онд төрийн сүлдний талаар нэлээд ярьж байж баталсан. Төрийн сүлд, соёмбо хаа сайгүй явж байна. Тэгэхээр ийм өөрчлөлтийн энэ цаг үед хийсэн бол гэсэн бодолтой байна.