Индэр    
2019 оны 6 сарын 10
Зураг
Эдийн засагч, шинжээч

2040 ОНООС ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ: Бид худал хэлэх бүртээ үнэний өмнө өртэй болно

Зураг
Гэрэл зургийг mpa.mn
  • 2040 оны долоодугаар сарын 11-н
  • Их Монгол Улсын 843, Ардын хувьсгалын 119 жилийн ой, үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөв.
  • Сайхан гэдэг нь бөх нь бяртай, морь нь хурдтай, сум нь мэргэнээс гадна энэ онд Монгол Улсын нэг хүнд ногдох орлого 20,000 ам.долларыг давав. 2020 онд энэ үзүүлэлт 2,300 ам.доллар байв.

Энэ боломжтой байсан уу? Мэдээж. Ийм туршлага ч байсан. 1980 оноос Персийн буланд орших жижигхэн Катар хэмээх улс байгалийн баялгаараа, загасчны жижиг тосгоныг худалдааны том төв болгосон Хонг Конг газар зүйн давуу талаараа үсрэнгүй хөгжсөн жишээг дурдаж болно. Эдгээр улс нэг хүнд ногдох орлогоо 40 жилийн дотор(1980-2020 он) 6 дахин өсгөж чадсан. 

Зах зээлийн эдийн засагт шилжээд Монгол Улс 50 жилийг ардаа үджээ. Бид бараг л хүн амынхаа нэг үеэ золиослон байж өнөөдрийн түвшинд хүрсэн. Тэд ажилгүйдэл, ядуурал, авлига, хээл хахууль, тэгш бус байдал, хүчирхийлэл, популизм бүгдийг нь бие, сэтгэлээрээ туулж өнгөрүүлсэн. 

Харин өнөөдөр... 

Эдийн засаг маань зөвхөн уул уурхайн салбараас гадна технологи, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсруулах гэсэн 5 салбар дээр тогтож байна. Технологийн эрин зуунд монгол залуучууд дэлхийн томоохон фирмүүдэд технологийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Их хаадын жуулчлалын цогцолбор, нүүдлийн ахуй амьдралаараа жуулчдыг ихээр татаж, жилдээ л хэдэн зуун тэрбум ам.доллар орж ирж байна. Малын гаралтай эцсийн бүтээгдэхүүнийг Америк, Европ, Хятад, Орос руу экспортолж байна. 

20 жилийн өмнө ядуурлын түвшин 30 хувьтай, инфляц хоёр оронтой тоонд, зээлийн хүү 20 хувьтай байсан бол өнөөдөр ядуурлын түвшин 5%-д хүрч, инфляц 2.0% хувиас хэтрэхгүй болжээ. Тухайн үед бид ипотекийн зээлийг 8%-аар авахдаа хөнгөлөлттэй гэж боддог байсан бол өнөөдөр бизнесийн зээлийн хүү 4.0%-д хүрээд байна. Уул уурхайн экспорт, технологийн үйлчилгээ, аялал жуулчлал, ХАА-н бүтээгдэхүүн гээд бүхий л салбарын бүтээгдэхүүнээр мөнгө олж байгаа болохоор төгрөгийн эсрэг бусад валютын ханш бараг л сулрахаа байсан. Төсвийн алдагдалгүй, төр нь бодлоготой улсын зээлжих зэрэглэл ч өндөр. Монголын маань дурын компани гадаад зах зээлээс мөнгө татаж байна(Тус тоог Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030 –д тулгуурлан бичив). 

Олон улс бидний хөгжлийн нууцын тухай асуудаг. Өнөөдөр дэлхийн их сургуулиудын багш нарын хичээл дээрээ хамгийн их эш татдаг жишээ нь Монгол болсон. Хөгжиж буй орны улстөрчид улс орон ард түмэндээ уриалахдаа авдаг жишээ нь Монгол болсон. Юу гэж үү? Баяллгийн хараалаас өөрсдийгөө чөлөөлж, үсрэнгүй хөгжиж чадсан улс гэдгээр нь... 

Хэрэв энэ захидал биеллээ олж, биднийг ийм ирээдүй угтдаг бол хэчнээн сайхан бэ. 2.7 сая хүн амтай, байгалийн баялагтай Катар шиг яагаад хөгжиж болохгүй гэж? Энэ бүхэнд хүрэхэд бидэнд юу дутаад байна вэ? 

Энэ бүхнийг энгийнээр ойлгохын тулд нэгэн том хөлөг онгоцны жишээг авч үзье. 

ЛУУЖИНГҮЙ ХӨЛӨГ ОНГОЦ

Та өөрийгөө маш том усан онгоц дээр 3 сая хүнтэй хамт явж байна гээд төсөөлөөд үз. Яахав, далайгүй орны хүмүүст далайн жишээ авах нь тохиромжгүй мэт боловч бидний ихэнх нь далайг мэднэ. Ядаж л Титаник киноноос мэднэ. 

Ихэнх хүмүүст усан онгоцон дээрх өдөр тутмын амьдрал чухал байв. Учир нь завин дээр амьдарч байгаа хүмүүс яг л Титаник дээр гардаг шиг олон зэрэглэлтэй. Ихэнх хүмүүс маш тухгүй орчинд ажиллаж, амьдардаг. Бараг 30 орчим хувь нь хоолоо яаж олж идэх тухай бодож өлсдөг бол үлдсэн 60 орчим хувь нь хоолноосоо салахгүйн тулд завин дээр өдөр шөнөгүй ажилладаг. Магадгүй 10 орчим хувь нь хоолондоо санаа зовохгүй амьдарч чаддаг.

Хэдий ихэнх нь ядуу боловч бид дандаа ийм ядуу байх ёстой юу? Энэ завин дээр яг юу болоод байгааг ойлгох хэрэгтэй болно.

Бид дараах асуултыг өөрсдөөсөө, эсвэл хэн нэгнээс асуух хэрэгтэй болно.

  • Тэр завь яг хаашаа явж байна вэ? 
  • Хаана хүрэх вэ? 
  • Буруу газар руу явж байна уу?
  • Хэрвээ замд нь далайн шуурга, дээрэмчдийн халдлага гэх мэт зүйлс болбол яах вэ?
  • Титаник шиг мөсөн уул мөргөчихвөл яах вэ?

Энэ бол бидний толгойд орж ирэх хамгийн эхний асуултууд. Гэвч жинхэнэ сонирхол татах асуултууд цааш хөврөх болно. 

  • Энэ завийг хэн барьж байгаа бол?
  • Тэр завийг жолоодогч хэн нэгнийг хэн сонгох эрхтэй вэ?
  • Тэд төлөвлөгөөтэй юу? Тэдний төлөвлөгөө үнэн зөв, бодитой байсан уу?
  • Цаг агаар муудах үед ямар арга хэмжээ авах гэж байгаа вэ?
  • Далайн дээрэмчид ороод ирвэл яаж өөрсдийгөө хамгаалах вэ?
  • Мөсөн уул мөргөхгүйн тулд яаж залуураа зөв залж, зөв зүгт явах вэ?

Энэ бол таны дараагийн тавих ёстой асуултууд байх болно. Эдгээр асуултад товчхон хариулах гээд оролдоод үзье. 

  • Мэдээж тэр завиудыг удирддаг нөхдүүд байдаг. Гол нь тэд завь хаашаа хүрэх тухай бус завин дээр юу болж байгаад л анхаардаг нөхөд. 
  • Тэр завийг тодорхой заавар, журмын дагуу зөв зүг чигт барьдаг бэлтгэгдсэн мэргэжлийн хүмүүс барих атал бичиг баримтаа ч ашиглаж мэдэхгүй, түүнийг уншиж, ойлгож ухахыг ч хүсдэггүй нөхөд байдаг.

Амьдралынхаа турш асуу, эргэлз, шалга, эргэцүүлж бод. Хэрвээ тэгж чадвал жинхэнэ мэдлэгийг чи олох болно гэж философичид хэлдэг шүү дээ. Дахиад таньд асуулт үүсэх болно. 

  • Ийм бүтэхгүй нөхөдтэй энэ завь сүйрчихвэл яах вэ? 
  • Бид хэнд итгээд энэ завин дээр яваад байгаа юм бэ? 
  • Энэ онгоцыг шатааж буй нүүрс дуусвал яах вэ?
  • Бид далайд хөдлөхгүй зогсох уу? 
  • Тэгээд хаа нэгтээгээс тусламж гуйтал хэн нэгэн ирээд биднийг чирээд явах уу?
  • Титаник шиг мөсөн уул мөргөөд мөнгөтэй, бэлтэй хүмүүс нь завь дуудаж амь гараад, мөнгөгүй хүмүүс нь завьтайгаа хамт сүйрэх үү?  

Одоо бүхнийг ойлгоход хялбар болно. Том ачааны усан онгоц бол МОНГОЛ УЛС. Энэ удаад энэ завийг эрх барьж байгаа хүмүүсийн талаар бус, тэр завь зөв зүг рүү явж байгаа эсэх, түүнийг тооцоолсон төлөвлөгөө нь бодитой эсэх, мөн түүнийгээ дагаж, мөрдөж хэрэгжүүлдэг эсэх тухай ярих болно. 

Ачааны хөлөг онгоц эргэлт хийхдээ шууд машин шиг ч юм уу богинохон эргэчихдэггүй. Алгуураар эргэхдээ их хугацаа шаарддаг. Бид ч мөн адил буруу зүг рүү явж байгаагаа мэдээд эргэх үед 10, 20 магадгүй 50 жил зарцуулна. Тэгэхээр тэр төлөвлөгөө маш чухал болох нь харагдаж байна. Америкийн Ерөнхийлөгч Бенжамин Франклин хүртэл энэ тухай “Бэлтгэхээс татгалзсанаар Та алдахад бэлтгэж байна” гэж хэлсэн байдаг. Тиймээс хувь хүн, компани, улс орон гээд бүхий л түвшинд бидэнд алсын хараа, түүнд хүрэх төлөвлөгөө зайлшгүй байх ёстой. Эрх баригчид хүний толгой эргүүлэхээр олон гоё сайхан нэртэй төлөвлөгөө, хөтөлбөр, бодлого ярьдаг. Ерөнхийд нь базаад ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ гэж нэрлэдэг.

Бид дор бүрнээ жижиг завьтай боловч, өөрсдөө түүнээс ч том нэг завин дээр сууж буй. Бидний амьдарч буй дэлхий хэцүү боллоо. Дэлхийн улсууд хүртэл үүнийг харжээ. Байгаль орчноо их бохирдуулж, тэгш бус байдал гэдэг зүйл газар авчихлаа. Тиймээс дэлхийгээрээ нэг төлөвлөгөө гаргахгүй бол горьгүй ээ гээд 2016-2030 он хүртэлх хугацааны дэлхийн эдийн засгийн хөгжлийн цогц баримт бичгийг тодорхойлсон. НҮБ-ын бүх гишүүн орон дэмжиж, тус хөтөлбөрийн хүрээнд 15 зорилго, 169 зорилттой баримт бичиг батлав. Монгол Улс яаж дутах вэ. НҮБ-ын гишүүн орон учир дагаж мөрдөх ёстой. 2016 онд ХӨГЖЛИЙН БОДЛОГО ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ баталжээ. Том дэвшил. Ямар ч Засгийн газар хуулиас дээгүүр ажиллахгүй. Өмнө нь бол ЗАСГИЙН ГАЗАР нь завийг хааш чиглүүлэх төлөвлөгөө боловсруулдаг байсан бол одоо ХӨГЖЛИЙН БОДЛОГО дор, түүний зарчмын дагуу боловсруулна. 

БИД ДАЛАЙН АЛЬ ХЭСЭГТ ХӨВЖ БАЙНА ВЭ?

Өнгөрсөн хугацаанд завийг зөв чигт нь залах, зөв жолоодох бодлогын баримт бичиг 470 гаруй байдгаас ердөө 230 орчим нь хэрэгждэг гэсэн байна. Эндээс хамгийн том бодлогын баримт бичиг нь ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО бөгөөд 2008 онд батлагдсан. Цагаан дээр хараар бичээд улаанаар тамгалчихсан. Гэхдээ хууль бол биш. Хэн ч мөрдөхгүй. Зүгээр л цаас төдий болсон. Биелэлт муу байдаг шалтгаан нь худал хэлж, хулгай хийх, завин дээрх эрх мэдлээ хадгалах, завин дээр байгаа хүмүүст таалагдах гэсэнтэй холбоотой. 

Өнөөдрийг хүртэл завиа хэрхэн удирдаж байсан үр дүнг нь дараах зургаас харах боломжтой. Өөрөөр хэлбэл, ХӨГЖЛИЙН БОДЛОГО энэ тэрээ олон юмтай байсан. Гэхдээ мөрдөхгүй байсны үр дүн гэсэн үг. Бид тухайн зурагны доод талын хоёр хэсэгт ээлжлэн оршиж байна. Ашигт малтмалын эрэлт их, бага үеүдэд ямар ч бодлогогүй, харалган явсаар ирсэн. Харин 2020–2030 оны хооронд дээд талын хоёр хэсэгт шилжих хэрэгтэй. Энэ хэсэг рүү шилжүүлж чадах зүйл нь бэлэг тэмдэг төдий ашиглагддаг байсан төлөвлөлт, хөгжлийн хөтөлбөр нь амьдралд бууж, бодитоор хэрэгжүүлж, хяналт тавих явдал юм.

 

Эх үүсвэр: Судлаачийн тооцоолол

Манайд одоогоор богино хугацааны бодлого л хүчтэй хэрэгжиж байна. Дунд хугацааны бодлого байхгүй. Учир нь 1.5 жилийн настай Засгийн газар 4-10 жилийг төлөвлөж чадахгүй нь ойлгомжтой. Урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөгч байгууллага нь ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР. Ямар ч хүчгүй, эрх мэдэлгүй, нөлөөгүй газар. 2009 оноос хойш дундаж нас нь 2.5 жил. Өөрөө ийм тогтворгүй хэрнээ яаж 10, 20, 30 жилийн төлөвлөгөө гаргах билээ дээ. 

Хугацаа

Хөтөлбөр

Хариуцагч байгууллага

Тогтвортой эсэх

Урт хугацаа (15-20 жил)

Монгол Улсын хөгжлийн баримт бичиг

Үндэсний хөгжлийн газар

 

2009 оноос хойш дундаж орших хугацаа нь 2.5 жил болсон.

Дунд хугацаа (4-10 жил)

8-10 жил төрөөс баримтлах бодлого, төсвийн хүрээний мэдэгдэл 3 жил, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, үндэсний хөтөлбөр

Засгийн газар

1.5 –хан жилийн настай ЗАСГИЙН ГАЗАР.

Богино хугацаа (1 жил)

Төсвийн тухай хууль, төрөөс мөнгөний бодлого, улсын эдийн засаг хөгжүүлэх бодлого

УИХ, Засгийн газар

1.5 –хан жилийн настай ЗАСГИЙН ГАЗАР.

 

Эх үүсвэр: Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар

САЙХАН ИРЭЭДҮЙД ХҮРЭХИЙН ТУЛД ЗАВИН ДЭЭРХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ МӨРДӨХ НЬ ЧУХАЛ
ЗАВИЙГ ЗӨВХӨН ЗАВЬ МЭДДЭГ ХҮМҮҮСЭЭР ЗАЛУУЛЪЯ

Бүх орон хөгжлийн асуудлуудад нухацтай ханддаг. Манайхан бол хэн нэгний завины төлөвлөгөөг хуулдаг, шууд орчуулаад ашигладаг муу зуршилтай. Өөрсдийн онцлогоо мэдэж ойлгох нь чухал. Үүнд манай СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГА-ууд маш чухал үүрэгтэй. Тухайлбал, АНУ-д Бодлогын судалгааны байгууллага 1,828, Германд зөвхөн эдийн засгийн чиглэлээрх байгууллага нь 150 байдаг. Энэ байгууллагууд нь зөвхөн хөгжлийн бодлого төлөвлөлтөд зориулан судалгаа, шинжилгээ, шүүмж өгдөг. Солонгос улсад л гэхэд  ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭЛЭН Засгийн газрын дэргэд ХОЁР, УИХ-ынх нь дэргэд НЭГ байдаг. Айлын хүүхдүүд ингэж л явдаг байна. Харин манай ХӨГЖЛИЙН БОДЛОГО тодорхойлогч байгууллага нь өнөөх ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР. Энэ байгууллага нь хүчтэй, хараат бус, хянадаг байх хэрэгтэй. Гол санхүүжилтийг нь олгодог Сангийн яаманд бөө, удган, хурдан морь сонирхогч нарыг томилохгүй, мэргэжлийн хүн нь байх хэрэгтэй. 

Их сургуулийн багш нар нь үгээ хэлэх эрхгүй. Захирлаас нь эхлээд улс төрийн дарамт шахалт үзүүлээд эхэлнэ. Хэдэн судалгааны байгууллага нь түүвэр судалгаа, намын рэйтинг тогтоох судалгаанаас хэтрэхгүй. Арга ч үгүй биз. Ашгийнх юм чинь мөнгө хаана байна тийш л явна. 

Намын хөтөлбөрүүд нь ХӨГЖЛИЙН БОДЛОГОТОЙ уялдаж байгаа эсэхийг хянадаг байх

Юутай ч ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТУХАЙ хуультай болсон нь сайшаалтай. Гол нь тус хуулиа дагаж мөрдөх нь чухал шүү дээ. Дагаж мөрдөхийн тулд хяналт чухал. Тэгсэн 4 жилд 1 удаа хяналт хийх юм гэнэ. Тэгэхээр нөгөө хариуцагч нөхөр нь дахин сонгогдохгүй бол хяналт гэдэг зүйл байхгүй, өнгөрсөн борооны араас цув нөмрөхтэй л адил юм болно. Ядаж хөндлөнгийн аудит жил тутам орж байж үндэсний бодлого төлөвлөлттэй нийцэж байгаа эсэхийг хянаад явах боломжтой болно гэсэн үг. Хөгжлийн хөтөлбөрийг урт хугацаагаар гаргаж, намууд сонгуульд оролцохдоо энэхүү хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийдэг байя. 

Эцэст нь хэлэхэд, энэ олон утгагүй, худал хуурмаг, популист амлалт, өнөө маргаашаа аргацаасан бодлого, хөтөлбөрөө зогсоогоод жинхэнэ ХӨГЖЛИЙН БОДЛОГО төлөвлөлт хийж, урт хугацаагаа харах нь чухал болжээ.  БИД ХУДАЛ ХЭЛЭХ БҮРТЭЭ ҮНЭНИЙ ӨМНӨ ӨРТЭЙ БОЛНО. Бид хэн нэгэнд мөнгөний өртэй, өөр нэгэнд сэтгэлийн өртэй байж болно. Мөнгийг нь эргүүлж өгөөд өрөө төлж чадна. Хэн нэгнээс уучлал гуйх эсвэл туслаад сэтгэлээ цагаатгаж болно. Гэвч худал хэлснийхээ өрийг үнэнд төлж чадахгүй. Үнэн хэзээ ч биднээс өр нэхэхгүй. Тэгэх ч шаардлагагүй. Үнэн асуухгүйгээр шийтгэдэг. Амьдралаар нь, хэдэн үеэр нь, улс үндэстнээр нь үйлийн үрийг нь эдлүүлдэг.