Зураг
Зураг
Индэр    
2019 оны 6 сарын 10
Зураг
iKon.mn сэтгүүлч

УИХ-ыг байр сууринаасаа буцахад хүргэсэн Ерөнхийлөгчийн хоригууд

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хуульд бүхэлд нь хориг тавиад байсан нь өнгөрөгч долоо хоногт үндсэндээ шийдэгдэв. 

Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ өнгөрөгч Баасан гарагт УИХ хүлээж авсан бол Татварын багц хуульд зохих өөрчлөлт оруулахаар болсон тул уг хуульд бүхэлд нь тавьсан хоригоо буцааж буйгаа Ерөнхийлөгч мэдэгдсэн юм. 

Ийнхүү яам, агентлаг, аймаг, сумын Засаг дарга нар Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гэх нэрийн дор хууль бус шийдвэр гарган, иргэн, хуулийн этгээдийг хохироож болзошгүй нөхцөл үүсгээд байсан Захиргааны ерөнхий хуулийг эргэн харахаар боллоо. 

Уг нь МАН-ын бүлэг, холбогдох байнгын хороод энэхүү хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй хэмээн мэдэгдэж байсан. Гэсэн ч боломжгүй гэгдэж байсан асуудлыг гэнэт хэлэлцэж, өөрсдийн байр суурийн эсрэг шийдвэр гаргасан юм. Татварын багц хуулийн тухайд засаж залруулах зүйл байгааг УИХ хүлээн зөвшөөрсөн тул хоригийг буцааж буйгаа Ерөнхийлөгч албан бичигтээ дурдсан байв. Эрх баригчид өмнөх байр сууринаасаа буцаж, Ерөнхийлөгчийн хоёр хоригийг хүлээж авсан нь тэд ямар нэгэн тохироо хийв үү гэсэн хардалт дагуулж байна. 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан нь өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдлын нэгд зүй ёсоор тооцогдох биз ээ. 1992 онд батлагдсан Үндсэн хуульд 2000 онд өөрчлөлт оруулснаас хойш 19 жилийн дараа ийнхүү өөрчлөлтийн төслийг өргөн барив.

УИХ, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл, орон нутаг гэсэн дөрвөн үндсэн бүлэг өөрчлөлтийг уг төсөлд тусгажээ. Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах тухай асуудлыг тусгайлан бүлэг болгож оруулаагүй ч шүүх, шүүгчтэй холбоотой зарим заалтаар Төрийн тэргүүний Үндсэн хуулиас давсан эрх мэдлийг багасгаж байгааг хуулийн төсөл боловсруулагчид хэлж байсан. 

Эцэг хуульд оруулах өөрчлөлтийг боловсруулах нүсэр ажлыг хоёр жил гаруй удирдсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хэлж буйгаар уг хуулийн төслийг энэ долоо хоногоос хэлэлцэж эхлэх юм байна. Ингэхдээ ард нийтийн санал асуулга явуулж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг батална хэмээсэн. Тэгэхээр УИХ-ын гишүүд энэ зуны турш Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэж, сурталчлан таниулахаар тойрогтоо ажиллахын зэрэгцээ ирэх сонгуулийн сурталчилгаагаа ч давхар амжуулах бололтой.    

Сонгууль чимээлсэн энэ үед хуулийг нь өөрчлөх талаар МАН мэдэгдсэн. Урьдчилсан байдлаар томсгосон мажоритар буюу улс нэг тойрог болох хувилбарыг сонгоод байгаа аж. Гэхдээ тэдний сонголт одоогийн нөхцөл байдалтай нь төдийлөн уялдахгүй, муу хувилбар байж болох талтай. Учир нь УИХ-д сонгогдсон МАН-ын 64 гишүүний 41 нь анх удаа парламентад сонгогдсон. Тэдний дунд олон нийтэд төдийлөн танил болж чадаагүй хүмүүс ч бий. Улс нэг тойрог гэдэг зарчмаар сонгууль явуулбал олонд танигдаагүй хүмүүс гарч чадах нь юу л бол. Тэгээд ч энэ хуулийн өөрчлөлтийн талаар нам дотроо, ялангуяа бүлэг дотроо санал нэгдэж чадаагүй байгаа нь гишүүдийн хандлагаас ажиглагдсан. Тэр дундаа шинээр болон орон нутгаас сонгогдсон гишүүд томсгосон мажоритараас "айж" байгаа нь гарцаагүй. 

Харин АН-ынхны хувьд МАН-ыг дотроо санал нэгдэж чадах эсэхийг ажиглаж, сонгуулийн хуулийн төслөөр байр сууриа илэрхийлэхээс булзсан байдалтай байгаа. 

Гэхдээ улс нэг тойрог хэмээн дуулиан дэгдээж байгаад ганц нэг тойрог хуваах төдийхнөөр өөрчлөөд, сонгуулиа хуучнаар нь явуулах гэж байгаа гэх таамаг ч бий. Угаас Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэхийн хажуугаар Сонгуулийн хуулиа өөрчилж амжих эсэх нь эргэлзээтэй юм.  

Үндсэн хуулийн цэцээс Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов тогтоож, зардлыг баталсан нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан билээ. Уг нь ҮХЦ-ийн дүгнэлтийг чуулганаар хэлэлцээд хүлээгээд авчихвал нөхөн сонгууль болохгүйгээр энэ парламентын хугацааг дуусгаж болно. Гэвч МАН-ынхны хувьд ҮХЦ-д нөлөөлсөн, нөхөн сонгуулийг болиулсан гэх нэр зүүхгүйн тулд Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзах бололтой. Тэгэхээр нөхөн сонгууль болиулсан гэх "лайг" Цэцэд үүрүүлээд дуусгах бололтой.