Зураг
Зураг
Индэр    
2019 оны 6 сарын 8
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 15: Дэлхий ертөнцийг буруугаар ойлгодог 10 шалтгаан

Зураг

Миний уншиж байсан хамгийн чухал ном бөгөөд дэлхий ертөнцийн тухай тод томруунаар харах хөтөч.

-Билл Гейтс

Дэлхийн нөлөө бүхий эрхмээр нэрлэгдэж асан Ханс Рослинг 2015 онд "Factfulness"номоо бичиж эхэлсэн бөгөөд үүнээс хэдхэн сарын дараа хорт хавдартайгаа мэдсэн гэдэг. Гэвч өөрийн өвчинтэйгөө тэмцэлдэх цаг хугацаандаа ч номоо үргэлжлүүлэн бичсээр 2017 онд буюу амьдралынхаа сүүлийн мөчүүдэд номынхоо эцсийн хувилбарыг хянаж дуусгасан байна. 

2018 онд хэвлэгдэн гарсан даруйдаа уншигчдыг байлдан дагуулж, өдгөө 24 орны хэл дээр хэвлэгдээд буй тус номыг UNLOCK подкаст, iKon.mn хамтран танилцуулж байна.

Зохиогчид энэхүү номдоо дэлхий ертөнцөд болж буй үйл явдлыг хүмүүс яагаад буруугаар ойлгодог 10 шалтгааныг бүлэг тус бүрээр тайлбарласан байдаг. Түүнчлэн Барак Обама, Билл Гейтс зэрэг өнөө цагийн амжилттай яваа эрхмүүд уг номыг уншиж байсан хамгийн шилдэг номоороо нэрлэсэн нь бий.

Эмч, статистикч мэргэжилтэй Ханс Рослинг энэхүү номоо өөрийн хүү Ола Рослинг, бэр Анна Рослинг нарынхаа хамтаар бичжээ. 

FACTFULNESS ШУУД СОНСОХ:

1.Хоёр зүйлийн хооронд асар их ялгаа бий гэж ойлгодог

Хэрэв улс орнуудын хооронд орлогын ялгаа хэр байгааг судалбал тийм ч их ялгаагүй байх аж. Ханс Рослингийн үзэж буйгаар хүмүүсийн орлогын түвшнийг дөрвөн түвшинд хувааж болох бөгөөд аль ч улсын хүн амд эдгээр нь оршиж байдаг тухай номдоо өгүүлжээ.

Орлогын түвшний ангилал:

  1. Өрхийн орлого нь өдрийн хоёроос бага ам.доллар. Дэлхий дээр нэг тэрбум хүн энэ түвшинд хамаарагддаг. Нийтлэг шинж нь гуталгүй, хоолоо ил гал дээр хийдэг, гудасгүйгээр шалан дээр унтдаг.
  2. 2-8 ам.долларын орлоготой. Унадаг дугуйтай, зуухтай, гудсан дээр унтдаг, гуталтай.
  3. 8-32 ам.долларын орлоготой. Энэ түвшинд нийт хүн амын хоёр тэрбум нь хамаарна. Тэд гэрэл цахилгаанд холбогдсон, цахилгаан бараатай. 10 жилийн боловсролтой, хүнсний хомсдолгүй. 
  4. 32-оос дээш ам.долларын орлоготой. Хувийн байшин, машинтай, боловсролын түвшин хамгийн багадаа 12 жил. Уг ангилалд нэг тэрбум хүн багтдаг.

200-аад жилийн өмнө буурай ангиллын хүмүүс нийт хүн амын 85 хувийг эзэлж байсан бол одоо ердөө есөн хувийг эзэлж байна. Хэдийгээр байдал ийнхүү сайжирсан ч хүмүүс ядуу буурай орон гэж ярьсаар байгаа бөгөөд ингэж аливааг хоёр туйлд хуваахаас сэргийлэхийн тулд дунджийг харахаас илүү цаана нь байгаа сайныг нь олж харах нь чухал гэжээ.

2. Сөрөг хандлага

Хүн ямар нэгэн зүйлээс сөрөг талыг нь илүү олж хардаг нь дэлхий дээр болж буй үйл явдлыг буруугаар ойлгоход хүргэдэг. Түүнчлэн мэдээгээр голчлон хүний анхаарал татах муу зүйлийг гаргах нь нийтлэг байна. Учир нь хар мэдээ хамгийн хурдан тардаг тухай номд дурдсан байдаг. Энэ нь хүмүүсийг дэлхий дахинд болж бүтэх зүйл огт алга гэж бодоход хүргэнэ. Гэтэл тэрхүү мэдээлж буй муу тохиолдлууд нь бидний амьдарч буй орчинд өрнөсөн олон үйл явдлын нэгхэн хэсэг болохоос бус нийт дүр зураг биш гэдгийг бодох ёстой.

3. Өсөлт, хөгжлийг шулуун шугамаар үргэлжилнэ гэж боддог

Одоо гарч буй өсөлт нь ирээдүйд ч тэр хэвээр үргэлжилнэ гэх нь буруу ойлголт юм.

Жишээ асуулт: Одоогоор дэлхийд хоёр тэрбум хүүхэд амьдарч байгаа бол 2100 онд хэдэн тэрбум болно гэж бодож байна вэ?

А.Дөрвөн тэрбум 
В.Гурван тэрбум
С.Хоёр тэрбум

Үүний зөв хариулт нь С буюу хоёр тэрбум юм. Энэ асуултад хариулсан хүмүүсийн 85 хувь нь буруу хариулжээ. 

Яагаад хүүхдийн тоо өсөхгүй байх учир нь эмэгтэйчүүдийн орлого нь өсөх тусам хүүхдийн тоо нь буурах хандлагатай байдаг. Тухайлбал, орлогын түвшин нь 2-4 хүртэлх ангиллын эмэгтэйчүүд дунджаар 2.5 хүүхэдтэй байдаг. Харин орлогын түвшин доогуур хүмүүс дунджаар таван хүүхэдтэй байгаа юм.

4. Айдас

Айдас нь хувьслын явцад генд шингэсэн зүйл. Тиймээс л өөрийгөө хамгаалдаг. Гэвч жижиг зүйлээс айх нь буруу шийдвэр гаргахад нөлөөлдөг. 

2016 онд 40 сая онгоц газардсан. Харин 10 онгоц нь дэлбэрсэн бөгөөд эдгээр нь бүгд мэдээ болж гарчээ. Түүнээс болж хүмүүс онгоцоор нисэхээс айдаг. Үүнээс гадна терроризмын талаар мэдээ бүрт гардаг. Үүнийг статистик талаас нь харвал терроризмд өртөх нь зам гарахдаа машин даруулахаас хэд дахин бага байдаг. Тиймээс энэ туйлшралаасаа салах хэрэгтэй. 

Мөн бодит эрсдэл үү, эсвэл толгой дахь айдас уу гэдгээ ялгаж шийдвэр гаргах нь зөв.

5. Нэг л зүйлээр бүхнийг төсөөлөх нь буруу

Нэг ба хоёрдугаар түвшний орлоготой орнуудад эмч, эмнэлгийн тоо бага байдаг. Түүгээр нь тухайн улсын эрүүл мэндийн үйлчилгээний чанар муу гэж дүгнэх нь буруу.

2016 онд нэгээс бага насны 4.2 сая хүүхэд нас баржээ. Хэдийгээр энэ тоо их харагдаж байгаа боловч өмнөх жилүүдтэй нь харьцуулахад бага тоо аж. Тиймээс өмнөх онуудых нь тоог хараагүй байж дүгнэж болохгүй. Түүнчлэн тоо баримтыг бүхлээр нь үзэх биш, нэг хүнд ногдох байдлаар нь авч үзвэл бодит байдлыг мэдэж болно.

6. Ерөнхий утгаар нь ойлгох

Аливааг хэт ерөнхийлж ойлгодог нэг жишээ нь Африк. Африк гээд ярихад халдварт өвчин тархсан зэрэг олон зүйл хүмүүсийн толгойд бууж магадгүй. Гэхдээ тус тивд 54 улсын нийт нэг тэрбум хүн амьдарч байгаа. Тэнд орлогын түвшнээрээ ялгаатай, эрс ялгаатай олон улс байдаг. 

Түүнчлэн олонх гэж ярьж байгаа нь буруу буюу 51 ба 99 хувийг адилхан хэмээж болохгүй. 

7. Энэ бол хувь заяа гэж бодох

Хувь заяа гэж бодох нь нөхцөл байдлаа бодитоор харах мэлмийг хаадаг. Мөн соёлын үнэт зүйл өөрчлөгдөхгүй гэж үзэх нь ташаа ойлголт аж. Ямар ч улсын хувьд соёл гэхээс илүү орлогын түвшин нь чиг хандлага, үнэт зүйлийг тодорхойлдог. Эцгийн эрхт ёсыг Азийн үнэт зүйл гэж зарим хүн ойлгодог. Тэгвэл энэ нь зөвхөн Азид байгаагүй бөгөөд орлогын түвшин хоёр ба гуравдугаар түвшинд байхад Америк, Европт байжээ. Харин орлогын түвшин өсөж, дөрөвдүгээр ангилалд орсны дараагаар өөрчлөгдөж, тэгш эрхийн тухай ярих болсон байдаг. 

8. Хэт нэг талыг барих, нэг талаас харах

Хүн ойлгоход хялбар зүйлсэд тун дуртай. Гэтэл дэлхий дээр болж буй үйл явдал олон төрлийн талтай тул нэг өнцгөөс харах боломжгүй. Номд өгүүлсэн сонирхолтой жишээг дурдахад, 2002 онд Ханс Рослинг 1994-2004 онд Мозамбик улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхэмтэй уулзжээ. Энэ үедээ эдийн засгаа хөгжиж байгаа эсэхийг яаж хэмждэг талаар нь асуухад статистик тоог хардаг ч зөвхөн түүгээр хөгжлөө хэмжихэд өрөөсгөл тул тавдугаар сард болдог баярын парад дээр иргэд нь ямар гутал өмсөж байгааг хардаг гэж хариулжээ.

Тус баярын жагсаалд оролцож буй хүмүүс нь хамгийн гоё гутлаа өмсдөг учраас ямар гутал өмсөх чадвартай байгаагаар нь иргэдийнхээ амьдралыг тодорхойлдог гэсэн хариултыг өгсөн байна.

9. Буруутгах

Аливаа зүйл буруутлаа гээд хэн нэгнийг буруутгах нь үр дүнд хүрэхгүй. Оронд нь тогтолцооноос алдааг хайх хэрэгтэй. Хэрэв хэн нэгнийг буруутгавал алдааг яаж засах вэ, дахин давтахгүйн тулд хэрхэх талаар огт боддоггүй. Тогтолцоонд алдаа байвал дахин давтагдсаар л байх болно. 

Мөн амжилт гарахад тэр хүн л сайн ажиллалаа гэж нэг хүнийг магтах хэрэггүй, яагаад гэвэл ард нь мөн л тогтолцоонд учир бий.

10. Хэт яарч сандрах

"Одоо л хийхгүй бол хэзээ ч бүтэхгүй", "Яг одоо л авахгүй бол бүгд дууслаа" гэх мэт үгс нь хүний хэт яарсандаа шийдвэр гаргадаг хандлага дээр түшиглэсэн маркетинг юм. 

Харин хүн хэт яарсан сандарснаасаа болоод буруу шийдвэр гаргах магадлал өндөр байдаг. Ханс Рослингийн хэлж буйгаар:

Дэлхийд тохиолдож болох хамгийн том ТАВАН эрсдэл

  1. Халдварт өвчин
  2. Санхүүгийн хямрал
  3. Дэлхийн дайн
  4. Дэлхийн дулааралтай холбоотой өөрчлөлтүүд
  5. Хэт ядуурал

11.Боловсролын салбар

Үр хүүхдүүддээ дэлхий ертөнцийн үндсэн, чухал ойлголтыг тайлбарлаж өгөх. Зан суртахууны хувьд даруухан бөгөөд сониуч занг төлөвшүүлэх хэрэгтэй. Миний мэдлэг хуучирсан байж магадгүй хэмээн даруугаар харж, буруу байвал зөв нь юу вэ гэж сонирхаж байх хэрэгтэй. Мөн бизнесийн байгууллагад ажиллаж буй хүмүүс ажилтнуудаасаа дэлхийн талаар хамгийн энгийн зүйлсээр сорил авч, шалгаж үзэх хэрэгтэй. Түүнчлэн дотоодынхоо макро үзүүлэлтүүдийг сайтар мэдээлж байх нь зүйтэй хэмээн зөвлөжээ.

Дэлхийн ертөнц дээрх үйл явдлын талаар мэдлэгээ шалгахыг хүсвэл энд дарж, Ханс Рослинг боловсруулсан 13 асуултад хариулах боломжтой. Нэг асуултад хариулах хугацаа нь 45 секунд байх бөгөөд алдсан асуултын зөв хариултыг сорилын эцэст харуулдгаараа онцлогтой.

Дурдагдаж буй 13 асуултыг Ханс Рослинг 14 улсын 12 мянган хүнээс асуухад тэд ихэвчлэн 2 асуултад л зөв хариулж байжээ. Ташрамд дурдахад, асуултад хариулсан хүмүүсийн дунд жирийн оюутнаас эхлээд томоохон компанийн захирлууд төдийгүй Нобелийн шагналтнууд ч байсан аж.

"Factfulness" номыг яагаад бичсэн бэ: