Индэр    
2019 оны 6 сарын 3
Зураг
Хөрөнгийн зах зээл бол баялгийг тэгш хуваарилах, улстөрийг цэвэрлэх хамгийн үр ашигтай систем юм.

Даатгалын салбарын хоёр “Ган”-г харьцуулбал....

Зураг
Монголын Хөрөнгийн Бирж

Монголын хөрөнгийн зах зээлд сүүлийн хоёр жилийн хугацаанд яах аргагүй томоохон өөрчлөлт гарлаа. Тэдгээрээс дурдвал одоо хөрөнгийн биржид 3 ББСБ-ын хувьцаа арилжаалагдаж байна. Мөн хоёр ч даатгалын компани IPO хийжээ. Удахгүй бас нэг компани "төрнө" гэнэ. Нэг үеэ бодвол сонголт арвижиж буйн зэрэгцээ тэднийг харьцуулж үнэлэх боломж олдож байгаа нь хөрөнгө оруулагч бидний хувьд гайхалтай аз завшаан. Харьцуулах боломжтой байна гэдэг хүн өөрөө хичээвэл ашигтайг нь сонгох боломжийг нээж өглөө гэсэн үг. Даатгалын хоёр компанийн хувьд Санхүүгийн зохицуулах хороо хэмээх төрийн байгууллагын зохицуулалтанд оршино. Энэ чинээгээрээ мэдээлэл ил тод, түүний хэрээр хөрөнгө оруулагчид бид шийдвэр гаргахад хялбар болж байна. За ингээд хоёр “Ган”-г харьцуулж харцгаая. 

Энэ хоёр Эрхмийн тухай товч

Миний арав гаруй жилийн алдаж, оносон туршлагаар аливаа компанийн цаана хүмүүс л байдаг. Тэр хүмүүс л тухайн компанийг хааш нь явахыг шийддэг. Компани гэдэг нэг зорилго, алсын хараатай хүмүүс бусдын сайн сайхны төлөө ажиллаж, тэр хүмүүст аз жаргал бэлэглэснийхээ хариуд үр дүнгээ цалин, цэвэр ашиг хэмээх томьёоллоор хүртдэг хүмүүсийн нэгдэл гэж би ойлгодог. Ийм учраас компанийн хувьцаа авахдаа цаана нь хэн байгааг улам их хардаг болсон.

Даатгалын салбарын нэг “Ган” нь Ө.Ганзориг хэмээх эрхэм бөгөөд түүний 2011 онд үүсгэн байгуулсан “Мандал даатгал”, нөгөө “Ган” нь Ч.Ганхуяг хэмээх эрхэм бөгөөд түүний удирддаг “Ард даатгал”-ын тухай товч өгүүлье. Хоёулаа Монголдоо урдаа барьдаг санхүүч, банкирууд. Тэдний давуу талаас бидний үеийн залууст суралцах их ч юм бий.  

Ө.Ганзориг захирлын хувьд банкны салбарт дилерийн ажлаар карьераа эхэлж, удалгүй Улаанбаатар хотын банкны дэд захирал, дараа нь "Тэнгэр даатгал"-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байснаа 2011 онд “Мандал даатгал”-ыг гадаадын хөрөнгө оруулалттайгаар байгуулж, менежментийг нь хийж эхэлсэн. Харин сүүлийн үед гэвэл Голомт банкны гүйцэтгэх захирлаар хоёр жил гаран ажиллаад байгаа. 

Ч.Ганхуяг захирлын хувьд хөрөнгийн зах зээлээр гараагаа эхэлж, яваандаа бичил санхүү рүү орсноор Хас банкийг байгуулах эхлэлээ тавьсан. Үүний дараа буюу хэдхэн жилийн өмнө “Ард санхүүгийн нэгдэл”-ийг босгож, удирдаж байгаа нэгэн билээ.

Зан араншин, бизнес удирдах арга барил, насны зөрүү багагүй энэ эрхмүүдийн залуу насны түүх аль алиных нь гялалзаж буй од мэт байсан. Одоо ч хэн хэн нь гялалзаж яваа. Миний бие "Мандал даатгал"-д ажиллаж байсан болоод Голомт банканд ажиллаж буй хугацаандаа Ө.Ганзориг захирлын удирдлагад байсан билээ. Түүнийг товч тодорхойлбол “Үр дүнд бус, учир шалтгаанд төвлөрөгч, авах бус, өгөхөд чиглэгч нэгэн”. Үүнийхээ хэрээр тэрбээр аливаа зүйлийн гацааг гаргаж, зөв чиглэлд оруулахдаа гаргуун. Харин одоо хоёр “Ган”-гийн хувьцаат компаниудыг харьцуулъя.

Хэн нь манлайлагч вэ?

Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 2019 оны I улирлын даатгалын салбарын тайлангаас ердийн даатгалын компаниудын үзүүлэлтэд бага зэргийн анализ хийлээ. Мандал ба Ард даатгалууд нь ердийн даатгалын компаниуд учраас зөвхөн ижил төрлийн компаниудын үзүүлэлтүүдийг ашиглалаа.

 

Ердийн даатгалын компаниудын нийт хөрөнгө 2019 оны I улирлын эцэст 248.73 тэрбумд хүрсэн байна. Үүний 15.6 хувь буюу 38.89 тэрбум нь Мандал даатгал бөгөөд уг үзүүлэлтээрээ салбартаа нэгдүгээрт бичигдэж байна. Гэвч их хөрөнгөтэй байлаа гээд зөв менежмент хийхгүй бол компани орлого, ашиг олохгүй. Эсрэгээрээ мөнгийг гарын салаагаараа урсгагч болж магадгүй. Иймээс орлого, ашгийн үзүүлэлт рүү шилжье.

 

Ердийн даатгалын компаниудын нийт хураамжийн орлого 2019 оны I улиралд 37.89 тэрбум төгрөгт хүрсэн бол Мандал даатгал 9.97 тэрбум төгрөгөөр 26.3 хувийг эзэлж буй нь мөн л салбартаа нэгдүгээрт бичигдэх үзүүлэлт болжээ. Харин цэвэр хураамжийн орлогыг харвал салбарын хэмжээнд 24.17 тэрбум төгрөг байгаа бол Мандал даатгалынх 3.04 тэрбум буюу 12.6 хувиар хоёрдугаарт бичигдэж байна. Орлого олохдоо ямар хэмжээний зардал гаргаж байгаа нь чухал. Орлого гайхалтай өссөн ч зарлага аймшигтай өсчихсөн байвал компанид ашиг үлдэхгүй. Хувьцааны ханш өсөхгүй.

Тэгвэл одоо үр ашгийн үзүүлэлтүүд ямар байгааг харцгаая.

 

Салбарын дундаж нөхөн төлбөр ба цэвэр хураамжийн орлогын харьцаа (100 төгрөгийн цэвэр орлогын хэд нь нөхөн төлбөрт буцан гарч буй илэрхийдэг) 51% байхад Мандал даатгалых 36% байна. Энэ харьцаа Мандалын хувьд яагаад бага байгаа талаар маргаан ихээхэн өрнөдөг. Мандалын удирдлагууд “бид харилцагчдынхаа эрсдлийн үнэлгээг сайн хийдэг учраас бага байдаг” гэж тайлбарладаг бол нөхөн төлбөр авч чадаагүй харилцагчдын хувьд “Мандал шударга бус, нөхөн төлбөр өгдөггүй” гэсэн яриа гадуур мэр сэр бий. 

Харин үйл ажиллагааны зардал ба цэвэр хураамжийн орлогын харьцаа Мандалын хувьд 55% байгаа бол салбарын дундаж нь 71% байна. Өөрөөр хэлбэл, бага зардлаар салбараасаа өндөр бүтээмж гаргажээ гэсэн үг. Ийнхүү нэгдсэн харьцааг харвал Мандал 100 төгрөгийн цэвэр орлогынхоо 90 төгрөгийг нөхөн төлбөр болон үйл ажиллагааны зардалд гаргадаг бол салбарын хувьд 123 төгрөгийг зардал гаргаж байна. Энэхүү илүү гаргаж буй 23 төгрөгийн зардлыг даатгалын компаниуд мөнгөн хөрөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж олсон ашгаараа нөхдөг. Тодруулбал, даатгал нь даатгалын бизнесээсээ орлого олох зэрэгцээ хөрөнгө оруулалт хийж бас орлого олдгоороо маш онцлог юм. Тиймээс даатгалын компанийн хувьцаа авсан хөрөнгө оруулагчдын хувьд өөрийн мөнгөө даатгалын бизнесийн ашиг болон компанийн хөрөнгө оруулалтын ашгаар давхар өсгөж байна гэсэн үг. 

 
 

Дээрхээс харахад Мандал нь 24 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийж, түүнээсээ орлого олсноор эцсийн дүндээ компанийн цэвэр ашиг нь 2 тэрбум төгрөгт хүрчээ. Үр дүнд нь цэвэр ашиг, цэвэр хураамжийн орлогын харьцаа 66.27 хувьд хүрсэн нь салбарын дундаж болох 19.16%-иас 3 дахин өндөр байна. Уг үзүүлэлтээрээ Мандал даатгал нь салбартаа мөн л нэгдүгээрт бичигдэж байна.

Хувьцааны үнэлгээний харьцаа

Хувьцааны үнэлгээ хийхэд хамгийн өргөн ашиглагддаг, ойлгоход хялбар хоёр үзүүлэлт байгаа нь P/E болон P/B харьцаанууд юм. P/E нь компанийн хувьцааны үнийг ашигтай нь уялдуулан тооцож байгаа бол P/B нь ханшийг компанийн эздийн өмчтэй нь уялдуулан тооцдог.

Суурь үзүүлэлтүүд

Мандал

Ард

 Энгийн хувьцааны тоо

6,243,016

25,000,000

 Эздийн өмч - 2018

15,574,550,728

10,719,410,461

 Цэвэр ашиг - 2018

3,868,257,249

1,263,403,496

 Earnings Per Share = E

619.61

50.54

 Book Value = B

2,494.72

428.78

 

Үнэлгээний харьцаа

 

Price = P (Хаалтын ханш - 31/05/2019)

5,240

630

 

P/E = Price / Earnings Per Share

8.46

12.47

 

P/B = Price / Book Value

2.10

1.47

 

Тайлбар

P/E харьцаа 10-аас бага байх үед хувьцааг "багаар үнэлэгдсэн" гэж үзэх ба ханш ирээдүйд өсөх боломжтой гэж таамагладаг.

 
 

P/B харьцаа 2-оос бага байх үед хувьцааг "багаар үнэлэгдсэн" гэж үзэх ба ханш ирээдүйд өсөх боломжтой гэж таамагладаг.

 
 

Дүгнэлт: Даатгалын салбар тэлнэ гэдэгт эргэлзэж буй хүн байхгүй болов уу. Хөгжсөн орны түвшинд биш юм гэхэд хөгжиж буй орнуудтай харьцуулахад даатгалын нэвтрэлт манай улсад 6 дахин бага байгаа. Тэгэхээр хэн энэ зах зээлд манлайлах чадвартай вэ, тэр компани одоогийнхоос дор хаяж 10 дахин томрох юм. Түүний хэрээр хувьцааны ханш хэдэн арав дахин өснө.

2019 оны I улирлын үзүүлэлтийг харвал Мандал даатгал яах аргагүй нэгдүгээрт бичигдэж байна. Тоо худал хэлэхгүй. Тэр тусмаа зохицуулагч байгууллагын тоо. Гэвч өнөөдөр нэгдүгээрт байгаа нь үргэлж нэгт байна гэсэн үг огт биш юм. Хүчтэй өрсөлдөгч бусдыгаа хэрхэн зах зээлээс шахаж чаддагийг Нокиа компанийн гүйцэтгэх захирал нулимс дуслуулан мэдэгдэл хийж буйг харах тэр үед зүрхэнд орж билээ. Хэн өөрчлөлтөд түрүүлж ороод тэсэж гараад амжилтад хүрнэ, тэр хүн, компани өсөж дэвждэг нь байгалийн хууль аж. 

Иймээс аливаа хувьцааны хөрөнгө оруулалт хийхдээ өнгөрсөн хугацааны хөгжлийн түүх болон ирээдүйн төлөвлөгөөг нь сайтар шинжилсний дараа шийдвэрээ гаргах хэрэгтэй. Энэхүү шинжилгээ нь зөвхөн компани санхүү, зах зээлийн боломж, макро эдийн засгаар зогсохгүй компанийн эздүүд, удирдлага руу нэвтэрч гэмээнэ бүрэн бүтэн, чанартай болно.  

Энэ удаад миний бие зөвхөн 2019 оны I улирлын үзүүлэлтэд үндэслэсэн учир үүнээс илүүг дүгнэх боломжгүй юм. Хөрөнгө оруулагч танд даатгалын салбарын хамгийн сүүлийн үеийн бодит мэдээллийг хүргэж чадсан гэж найдаж байна. Мөн өөрийн хөрөнгө оруулалтын зарчмаасаа бага сагыг хуваалцлаа.

Миний бие цаашид улирал бүр анализаа улам өргөжүүлэн хүргэж байх болно. 

 

Мэдэгдэл: Энэхүү нийтлэл нь хөрөнгийн зах зээлд оролцогчдод мэргэжлийн шинжээчдийн боловсруулсан дүгнэлтийг хүргэх мэдээллийн зорилготой бөгөөд ямар нэгэн арилжаа, хөрөнгө оруулалтын зөвлөмж биш болно. Хэрэв та арилжаа, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах гэж байгаа бол илүү дэлгэрэнгүй бүрэн хэмжээний мэдээлэл, анализтай танилцсаны дараа шийдвэрээ гаргахыг зөвлөж байна.