Индэр    
2019 оны 5 сарын 27
Зураг
iKon.mn сэтгүүлч

Болох эсэх нь тодорхойгүй нөхөн сонгуульд нэр дэвшигчид тодорч эхэллээ

Зураг
mpa.mn

Ирэх сонгуулийн өнгийг тодорхойлох Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчид өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр тодорч эхэллээ. 

Сонгууль чимээлэхээс эхлээд нэр нь дуулдаж байсан эрхмүүдийг намууд нь сойж байгаа аж. МАХН-ын Бага чуулганаас намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхийг ярс хийтэл гар өргөн баталсан. Тэрбээр “Хэдийгээр энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад бага хугацаа үлдсэн ч 42 дугаар тойргийн иргэдийг дуу хоолойгоо төрд хүргэх эрхийг нь эдлүүлэх ёстой гэж үзэн миний бие нэр дэвшиж байна” хэмээсэн юм. 

Баасан гарагийн орой Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж тус намаас Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэх тухай шийдвэрийг Үндэсний бодлогын хороондоо хүргүүлж, баталж өгөхийг хүссэн байна. 

Харин МАН-ын тухайд Бага хурлаа энэ сарын 28-нд хуралдуулж нэр дэвшигчээ тодруулах юм. Магадгүй орон нутагт ажиллахын зэрэгцээ намынхаа, “өөрийнхөө” сурталчилгааг хэдийнэ гүйцэлдүүлээд ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ удаагийн нөхөн сонгуульд нэр дэвших биз ээ. Гэхдээ МАН хугацааны хувьд ялимгүй аажуурч, Бага хурлаа хуралдуулж байгаа нь МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэнчлэн гишүүн асан Д.Гантулгын асуудлаар Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэн, нөхөн сонгуулийг болиулах гэж байгаа хэмээсэнтэй холбоотой ч байж магад. 

Нөхөн сонгуулийн процесс цаашид хууль журмын дагуу үргэлжлэх эсэх нь өнөөдөр хуралдаж буй Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс хамаарна. Хэрэв ҮХЦ гишүүн асан Д.Гантулгатай холбоотой асуудал Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэвэл тус дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхээ шийднэ. Магадгүй УИХ уг дүгнэлтийг хүлээгээд авчихвал нөхөн сонгуулийн ажил бүхэлдээ зогсох юм.   

Ийнхүү нөхөн сонгуультай зэрэгцэн 2020 оны УИХ-ын сонгуулийг угтсан их улс төр идэвхжиж эхэллээ. Эрүүл мэнд, хууль зүйн сайд нарыг эсэргүүцсэн жагсаал гэхчлэн ойр ойрхон зохион байгуулагдах болсон жагсаал цуглааныг харвал энэ зуны турш улс төрийн халуун уур амьсгалтай байх нь ээ. 

Улс төрийн намууд нөхөн сонгууль, нэр дэвшигчтэйгээ зууралдаж байх зуур Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы индэр дээрээс УИХ-ыг өөрөө тар хэмээн “загнав”. Тэрбээр концесс, ждү, 60 тэрбум, хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн зэрэг гишүүдийн холбогдсон асуудлуудыг тоочин, УИХ ёс зүй, хариуцлагагүй болсныг дахин сануулсан. 

Хэдийгээр төрийн тэргүүний шүүмжлэл үнэн боловч, Ерөнхийлөгчид “загнуулаад” УИХ тарах нь юу л бол. Харин төрийн тэргүүний энэхүү үйлдэл нь УИХ, Засгийн газрыг ашиглан хууль тогтоомжийг өөрчлүүлээд, өөрөө хаан болох гэсэн санаархлын илрэл хэмээн харах хүн ч бий. 

Засгийн газраас Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэрт хийсэн шалгалтын тайланг сайд нар ээлж дараалан танилцуулав.

Энхүү танилцуулгатай давхцан Д.Эрдэнэбилэг нарыг цагдан хорих саналыг АТГ-аас шүүхэд хүргүүлсэн юм. Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин, О.Орхон, Б.Мөнхбаатар нарыг цагдан хорих эсэхийг шүүхээр хэлэлцэх гэсэн ч тэдний өмгөөлөгч хоёр ч удаа шүүгчээс татгалзсан. 

Ингэснээр Д.Эрдэнэбилэг нарыг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх ажиллагаа зогсонги байдалд орчихоод байна

Хэдийгээр дээр дурдсан дөрвөн хүнийг цагдан хорихыг шийдэж чадаагүй байгаа ч Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан асуудалд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайд асан Б.Болор, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан одоогийн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарыг яллагдагчаар татсан. Зарим нь ч яллагдагчаар татагдсанаа хүлээн зөвшөөрч хэвлэлийн бага хурал хийв.  

Ийнхүү саалийн ганц үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын эзэмшиж байсан хувийг Монголд худалдан авсан асуудалд цаашид хэдэн хүн холбогдож, уг хэрэг хэр удаан үргэлжлэхийг таашгүй болоод байна.