Индэр    
2019 оны 5 сарын 15
Зураг
Эдийн засагч, шинжээч

ХЭРВЭЭ НАДАД ИТГЭЭД 20 САЯ ТӨГРӨГ ӨГВӨЛ...

Зураг
Гэрэл зургийг mpa.mn
  • Хэрвээ надад итгээд 20 сая төгрөгийн ИТГЭЛИЙН ЗЭЭЛЭЭ өгвөл хяналтгүй байдлыг нь ашиглаад 13 хувийн хүүтэй хадгаламжинд хийгээд хүүг нь идээд хэвтэж байдаг юм бил үү? Цэвэр 10 хувийн хүүнээс нь сар бүр 150 мянган төгрөг надад орж ирээд л ...
  • Хэрвээ надад итгээд 20 сая төгрөг өгвөл хяналтгүй байдлыг нь ашиглаад хэсэг ломбардад хөрөнгө оруулаад хэд дахин өсгөөд авах ч боломжтой. Яахав бичил бизнес маань явж л байг.
  • Хэн нэгэнд хувиараа зээлдүүлээд мөнгөө өсгөчих ч боломжтой. Яахав бичил бизнес маань явж л байна биз дээ.

Хяналтгүй, бодлогогүй, судалгаагүй, хүмүүсийн санал авах гэсэн зүйлд хүмүүс ингэж л хандана. Хэдийгээр буруу гэдгийг нь мэдэж байгаа ч энэ бүхэн хэрэгжвэл бүгд л боломжоос хоцрохгүй байхыг хичээнэ. Гэхдээ хэрэгжиж буй хөтөлбөр нь хүссэн бүлэгтээ хүрдэггүй, үр дүнгүй болдог гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Тиймээс удаа дараа хийдэг ийм зүйлд бид хууртах хэрэггүй. 

БИДЭНД ИТГЭЭЧ

Хавар ч болж байна. Сонгууль ч дөхөж байна. Тэд хэдийн хайр зарлаад эхэлж. ИТГЭЛИЙН ЗЭЭЛ нэртэй зүсээ хувилгасан бас нэгэн ЖДҮ-г санаачилжээ. Сонгуулийн өмнөх жилд нь бидэнд ИТГЭЭЧ гэж үзнэ. Харин сонгуулийн үеэрээ ХАЙР зарлаад эхэлнэ. 

2016 онд итгээч, хайртай хэмээн гуйж байхдаа ашигласан ХҮСЛИЙН ЖАГСААЛТ – аа эргэн нэг харсан бололтой. Өө хөөрхий. АРД ТҮМЭНД БАРЬЦААГҮЙ ЗЭЭЛ ОЛГОНО гээд хэлчихсэн юм байна шүү дээ. Энийг биелүүлэх хэрэгтэй гэж ярилцав бололтой. Бүлэг дэмжвэл тэгээд л УИХ-д олонхи юм чинь гэрлийн хурдаар л үүнийгээ баталчих байх даа. Өнгөтэй өөдтэйг нь өөрсдөө авчихаад мөлжсөн махныхаа ясан дээр нь ядуу ард түмнээ алалцуулаад яах нь вэ дээ. Далимаар нь "ЖДҮ-тэй Засгийн газар" гэсэн муу нэрээ сонгуулиас өмнө тархинаас хусчих гээд үзэж тарж байна уу? 4 жил тутам ой санамж хуссаар байгаад одоо ч бараг тогтоох зай байхгүй болжээ. 

ЮУТАЙ Ч ТА ХЭД СУДАЛЖЭЭ

Монголын 869,000 өрхийн 22 хувь нь ядуу амьдарч байгаа учир энэ зээл зайлшгүй шаардлагатай гэжээ. Ядуу өрх гэдэг нь хүнсний болон хүнсний бус хэрэгцээгээ хангаж чадахгүй өрхүүдийг хэлдэг. Тэднийг дэмжих гээд байна уу? эсвэл өрхийн үйлдвэрлэлтэй, сайн зээлдэгч, бичил бизнес эрхэлдэг, тогтмол орлоготой өрхүүдийг дэмжих гээд байна уу? Санаа нь ч үл ойлгогдоно. 

Монголд үйл ажиллагаа эрхэлдэг 83,000 аж ахуйн нэгж байдаг. Монголбанкны түүвэр судалгаагаар ЖДҮ-н 36% нь 10-49 сая төгрөгийн, 12% нь 9.9 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой. Санхүүгийн хэрэгцээ шаардлагатай ЖДҮ эрхлэгчдийн 30% нь 1-20 сая хүртэлх төгрөгийн зээл хүсчээ. Тус зээлээ эргэлтийн хөрөнгө, машин тоног төхөөрөмж, барилга өргөжүүлэхэд зарцуулна гэж үзжээ.

Дээрх судалгаагаар бол 83 мянган ААН-н 30 хувь буюу ойролцоогоор 25 мянга нь 1-20 сая төгрөг хүртэлх зээл хүссэн гэсэн үг. Нэг ААН дунджаар 10 сая төгрөгийн зээл авбал нийтдээ МАН-ын тооцсон 250 орчим тэрбум төгрөг гарч ирнэ.

Доржийн бичил бизнес 10 сая төгрөгийн зээл шаардлагатай гэвэл 3 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр сард 300 мянган төгрөгийг л зээлдээ төлөөд байна гэсэн үг. Тус зээлээ эргэлтийн хөрөнгө эсвэл машин тоног төхөөрөмж, барилгаа өргөжүүлэхэд зарцуулж болно. Яахав 20 хүртэлх сая төгрөгийн зээлээр эдгээр бичил бизнесүүд овоож оцойтлоо ашиг хийж, томорч чадахгүй ч тодорхой дэмжлэг болж чадна. Тэдний хэлсэн шиг ажлын байр нэмэгдэж, айл өрхийн амьжиргаа тодорхой хэмжээнд ч болов сайжирч чадна. Гэвч үеийн үед тэр их олон сангууд байгуулаад, хичнээн тэрбумаар нь дэмжээд ч зорилтот бүлэгтээ очихгүй байгаа асуудлыг яах вэ?

ӨЛСГӨЛӨН БЭЛТРЭГЭЭ ХООЛЛОХ НЬ УУ?

Та хэд минь итгэлийг маань хэдэнтээ хугалж байсан юм чинь би ч гэсэн та хэдийн итгэлийг ганц хугалчихдаг ч юм бил үү. Өгөх чинь угаас өөрсдийн чинь халааснаас гарахгүй юм чинь... Та хэд ч хотойхгүй л дээ. Тэг тэг харин саналаа бидэнд өгөөрэй л гэнэ. Өөрсдийн чинь мөнгө биш.

Гэхдээ огтхон ч итгэл төрдөггүй ээ. Зүсээ хувилгасан ЖДҮ -ийн жижиг хувилбар юм шиг санагдаад... Тэр нь тэгээд мань мэтэд хүрэх үү? Хяналт хэн тавьж чадах вэ? Захын би энэ мөнгөний талаар бодоод эхэлсэн байхад дэргэд нь байгаа танай хурганууд яаж хөдөлж байгаа нь төсөөлөгдөж л байна. Том ЖДҮ-чид тэрбумаар нь иддэг болохоор сонирхохгүй.

Харин шат шатны жижиг нөхдүүд чинь сонгуулийн өмнө жаахан ч атугай гэдэс гарах гээд бүгдээр отож байгаа биз.. Эхний шалгуурыг нь хангах хэцүүхэн. Дээр нь тэр өлсгөлөн нөхдийн өмнө оочирлож орно гэдэг худал болов уу. Тэд чинь угаас сонгох, сонгогдохгүй нь үл мэдэгдэх тодорхойгүй ирээдүйгээрээ дэнчин тавихыг хүсэхгүй. Тиймээс танил тал, хамаатан садныхаа бичил бизнестэй хэн нэгнийг олоод хэрхэх тухай ярилцана. Гол нь ах хүү сайн зээлдэгч, тогтвортой орлоготой эсэх нь эргэлзээтэй. Тэр нь хамаагүй. 20 саяд нь тулгаад зээлийн материалыг зүтгүүлээд үзнэ. Ингээд л барьцаа байхгүй, хүү багатай зээл авчихна. Тэд эргэж ч харахгүй. Угаас төлж чадахгүй бол АХ НАР нь дахиад баталгаа гаргачихсан юм чинь... дараа нь хэн нэгэн хариуцлага тооцох тухай ярьсан ч журмаараа хуссан ч төр арыг нь даана гээд хэлчихсэн хойно яаж ч чадахгүй.